КАМИЛА ВАЛИЕВА ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕГИЙН БАГТ ЭРГЭН ИРЛЭЭ

Admin
3 цагийн өмнө

Уран гулгалтын  од Камила Валиева дөнгөж 20 настай. Допингийн асуудлын улмаас тэмцээнд оролцох эрхээ хасуулсан түүний өнөөгийн гол зорилго бол дэлхий дахинд өөрийгөө дахин тодоор харуулах явдал юм.

Уран гулгалтыг хамгийн их «зүрх дэлсүүлдэг» спорт гэж нэрлэдэг нь зөвхөн нэн хүнд үсрэлт, эргэлттэй  холбоотой биш. Орост шилдэг уран гулгагчдыг жинхэнэ оддын адил анхааралтай ажигладаг бөгөөд тэд ч шүтэн бишрэгчдээ нэг баярлуулж, нэг түгшээж байдаг. 

Камила Валиева төвийг сахисан тамирчны статус авч, маш удаан завсарласны эцэст олон улсын тавцанд дахин гарахаар бэлтгэж байтал эрх нь цуцлагдсан. Уран гулгагчийн дасгалжуулагчдын баг энэ шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байгаа. 

Улирал ийнхүү түгшүүртэй эхэлсэн ч Камила Валиева бууж өгөх бодолгүй байна. Тэр Казаньд болох Гран-пригийн шатны тэмцээнд оролцохоо зарласан байв. Нийгмийн сүлжээндээ бэлтгэлийн үеэр дөрвөн эргэлттэй тулуп үсрэлт хийж буй бичлэгээ нийтэлсэн ч эцсийн мөчид тэмцээнээс гэнэт нэрээ татжээ. Шалтгаан нь өвчин гэж тайлбарласан бөгөөд Камила тун удахгүй формоо сэргээж, шинэ хөтөлбөрүүдээрээ шүтэн бишрэгчдээ дахин баярлуулахаа амласан юм. 

Камила Валиева Этери Тутберидзегийн багт эргэн очихоор шийдсэн нь өчигдөр /2026.10.19/ тодорхой болов. Тэр албан ёсоор 2025 оны дөрөвдүгээр сард тус багийг орхисон ч үнэндээ түүнээс хамаагүй өмнө буюу допингийн дуулиан, түүний дараах эрх хасуулалтын үеэс Тутберидзегийн удирдлага дор бэлтгэл хийхээ больсон байжээ. Үүний дараа Валиева Татьяна Навкагийн сургуульд ажилладаг Светлана Соколовскаягийн багт орж, мөсөн талбайдаа эргэн гарсан юм. Хүнд үед нь дэмжиж тусалсан Навкад уран гулгагч онцгойлон талархдгаа олонтоо илэрхийлж байв.

Эрхээ хасуулсан Валиева хэсэг хугацаанд улсын төсвөөс санхүүждэг, холбооны дэмжлэгтэй мөсөн шоунд оролцох боломжгүй байсан ч Навкагийн арилжааны төслүүдэд эдгээр хязгаарлалт хамаардаггүй байжээ. Тухайн үед Олимпын аварга Навка өөрийн мөсөн дээрх "жүжгүүд"-д түүнд дүр өгсөн юм. Чухам ийм учраас Камила эргэн ирэхдээ Навкагийн сургуулийн дэргэд ажилладаг Светлана Соколовскаягийн багийг сонгосон байна. Гэвч энэ хамтын ажиллагаа бүтэмжтэй болсонгүй. Одоо Валиева Тутберидзетэй "хамтрах"  бөгөөд үүнээсээ өмнө нийгмийн сүлжээнд Соколовская, Навка хоёрыг дагахаа больсон талаар бичигдэж байна. 

Камила Валиева, Этери Тутберидзе хоёрын хамтын ажиллагааны түүх урт бөгөөд амар хялбар байгаагүй. Камила дөрвөн настайдаа төрөлх Казань хотдоо уран гулгалтаар хичээллэж эхэлсэн ч энэ хотод ур чадвараа цааш ахиулах боломжийнхоо хязгаарт удалгүй хүрчээ. Дасгалжуулагчид нь түүнийг ер бусын авьяастай хүүхэд гэдгийг олж хараад аль болох хурдан Москвад шилжүүлэхийг ээжид нь зөвлөсөн байна. Ээж нь Камилаг ганцаараа өсгөж байсан тул ийм алхам хийхээс эмээж байсан ч охиныхоо ирээдүйн төлөө эцэст нь зориг гаргасан юм. Москвад Камила Валиева хэд хэдэн дасгалжуулагчтай хичээллэсэн бөгөөд тэд бүгд түүний авьяас, ирээдүйг онцолж байв. Гэвч тамирчинд хамгийн чухал чанар болох тогтвортой сайн гүйцэтгэл дутагдаж байлаа. Тэр үед аль хэдийн Оросын шилдэг дасгалжуулагч гэж үздэг болсон Этери Тутберид Камила Валиева ур чадвараа шалгуулж, багт нь элсэхээр очжээ.

Тутберидзегийн багт орохдоо Камила 12 настай байв. "Тамирчны авьяас, боломжийг олж харахын тулд ихэвчлэн дор хаяж хэд хэдэн удаагийн бэлтгэлийг нь үзэх шаардлагатай болдог. Харин Камила мөсөн дээр хэдхэн элемент гүйцэтгэсний дараа л бүх зүйл тодорхой болсон" гэж Этери хожим дурссан байдаг. Тутберидзе Камилатай хамтран ажиллахаа больсныхоо дараа ч түүнийг эмэгтэй шавь нарынхаа дундаас хамгийн авьяастай нь хэмээн нэрлэсээр байв. 

Шинэ дасгалжуулагчдын багтай ажилласан анхны улиралдаа л Камила Валиева хүн бүрийг гайхшруулжээ. Түүнд Пабло Пикассогийн зургаас сэдэвлэсэн «Бөмбөлөг дээрх охин» хөтөлбөрийг дэглэж өгсөн бөгөөд хожим нь домогт зураачийн ач охин Диана Пикассо хүртэл уг үзүүлбэрийг биширсэн юм.

2020 онд Камила Валиева дэлхийн дээд амжилт тогтоон өсвөрийн дэлхийн аварга болж, 2021 оны өвөл Бээжингийн 2022 оны Олимпын үндэсний сонгон шалгаруулалт болсон Оросын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ. Тэр үед Камила дөнгөж 15 настай байсан бөгөөд түүнийг Оросын шигшээ багийн гол хүч хэмээн нэрлэж байв. Гэвч Олимпын наадмын үеэр урьд хожид байгаагүй дуулиан дэгдсэн юм. Камила Валиева багийн тэмцээнд оролцож, шигшээ багтаа алтан медаль авахад нь тусалсны дараа түүний допингийн шинжилгээний хариу эерэг гарсан нь мэдэгджээ.

Дараа нь багийн тэмцээний дүнг дахин хянаж, Оросын шигшээ баг гуравдугаар байр руу ухарсан байна. Сэтгэл санааны асар их дарамтан дор ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Камила Валиева олон ноцтой алдаа гаргаж, медалийн тавцанд гарч чадсангүй. Тамирчны өмгөөлөгчид хориглосон бодис түүний биед санамсаргүй байдлаар орсныг нотлохыг оролдсон ч шүүх тэдний тайлбарыг үнэмшилгүй гэж үзэж, уран гулгагчийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан юм. Түүнчлэн зарим цолыг нь хурааж, шагналын мөнгөө буцаан төлөхийг үүрэг болгожээ.

Допингийн хэрэг явдлын дараа Камила Валиева руу чиглэсэн доромжлол, дайралтын давалгаа үүссэн ч үнэнч шүтэн бишрэгчид нь түүнийг бүх талаар дэмжихийг хичээж байлаа. Шүүхийн маргаан үргэлжилж байх хугацаанд Камила дасгалжуулагчдын багаасаа хангалттай дэмжлэг аваагүй, Этери Тутберидзе бүр хэдэн жилийн турш энэ хэргийн талаар огт тайлбар өгөөгүйг тэд мөн онцолж байв. Дасгалжуулагч, шавь хоёрын харилцаа бүрмөсөн муудсан гэх цуурхал тархаж байсан бөгөөд Валиева спортын замналаа сэргээхдээ өөр дасгалжуулагч сонгосныг үүнтэй холбож байлаа. Олон хүн уран гулгагчид амжилт хүсэхийн зэрэгцээ Тутберидзегээс явсан эмэгтэй тамирчдын хэн нь ч түүний удирдлага дор хүрсэн шигээ өндөр түвшинд дахин гарч чадаагүйг онцолж байв.

Мөсөн талбайд эргэн ирсэн Камила Валиева шинэ улирлын бэлтгэлийн үеэр гайхалтай үр дүн үзүүлж байсан ч есдүгээр сард болсон Оросын шигшээ багийн хяналтын гулгалт түүний хувьд тийм ч амжилттай болсонгүй. Тэр хэд хэдэн чухал элементийг амжилттай гүйцэтгэж чадаагүй бөгөөд тухайн үед Этери Тутберидзе түүний гулгалтыг анхааралтай ажиглаж байсныг олон хүн анзаарчээ. Цуу яриагаар бол Валиева хяналтын гулгалтын дараахан баг солих талаар хэлэлцэж эхэлсэн ч бүх нөхцөлийг ердөө долоо хоногийн өмнө эцэслэн тохиролцож чадсан байна. «Тэнд түүнд илүү дээр байх болно» гэж Светлана Соколовская шавь нь багаас явсныг баталжээ.

Камила Валиева одоо төвийг сахисан тамирчны статус авахын төлөө тэмцэж, олон улсын тавцанд эргэн гарахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь амаргүй байх нь тодорхой ч уран гулгалтын одын цаашдын ирээдүйд олон хүн найдаж байгаа юм. Этери Тутберидзегийн багийн гол од нь хүүхдээ төрүүлсний дараа мөсөн талбайд эргэн ирсэн Александра Трусова байгаа. Гэхдээ энэ өрсөлдөөн хоёр уран гулгагчид хоёуланд нь тустай байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.МАНДХАЙ ТӨВ АЙМГИЙН БОРНУУР, ЖАРГАЛАНТ СУМЫН Т… 15 минутын өмнө
КАМИЛА ВАЛИЕВА ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕГИЙН БАГТ ЭРГЭН ИРЛЭЭ 3 цагийн өмнө
АНУ-Д ЗОРЧИХДОО ЗӨВШӨӨРӨГДСӨН ХУГАЦААГАА ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨВ 4 цагийн өмнө
МОНГОЛБАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН-ДЭЛХИЙН БАНКНЫ НАМРЫН УУЛ… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ХҮЙТЭН 6 цагийн өмнө
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 20 цагийн өмнө
ШАТАХУУН ХҮЛЭЭН АВСАН ХУГАЦАА, ДАРААЛАЛ, ЧАНАРТ ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ МЭ… Өчигдөр
КАЗАХСТАНТАЙ ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН КАРТУУДЫГ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ ТАЛААР… Өчигдөр
​ УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАНА Өчигдөр
МИАТ-ЫН ЗОРЧИГЧ БНСУ-ЫН GANGNAM GRAND EYE ЭМНЭЛЭГТ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛ… Өчигдөр
ТОГТОХБАЯРЫН СУВД-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА Өчигдөр
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ИЛОН МАСК САЯ ДОЛЛАРЫН ХОНЖВОРТ СУГАЛААТАЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ЭВЛЭРЛЭ… 2026/10/18
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО, 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА 2026/10/17
АХМАД АЛЬ-ФЕРГАНИЙН НЭРЭМЖИТ ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, … 2026/10/16
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ Өчигдөр
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТАРХИЙГ ГЭРЛЭЭР УДИРДАХ НЭЭЛТ АНАГААХ УХААН, ФИЗИОЛОГИЙН САЛБАРЫН НОБЕ… 2026/10/06
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН, Х.БАТСҮРЭН, А.ДОРЖГОТОВ НАР ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ХҮРТЛ… 2026/10/09
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД, СЭЛЭНГИЙН ЗАРИМ НУТГААР ХУР ТУНАД… 2026/10/08
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ИНЧОНЫ НИСЭХ БУУДАЛД CITY DUTY FREE ДЭЛГҮҮРЭЭС ХӨНГ… 2026/10/06
СУУРЬШЛЫН БҮСЭД БААВГАЙ ОРЖ ИРСЭН МЭДЭЭЛЭЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 754 БҮРТГЭГД… 2026/10/08
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
ЭЗБХ:ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААРХ АСУУЛГЫН ХА… 2026/10/09