ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА


Уран гулгалтын од Камила Валиева болон Марк Кондратюк нарт олгосон төвийг сахисан тамирчны статусыг цуцалсан асуудлаар тамирчид давж заалдсан ч Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Мөн Оросын уран гулгагч Александра Степанова, Иван Букин нарт анхнаасаа нейтрал статус олгоогүй байна. Энэ талаар Олон улсын тэшүүрийн холбооны албан ёсны сайтад дараах мэдэгдлийг нийтэлжээ.

“Тамирчин бүрийн шаардлага хангаж байгаа эсэхийг тус тусад нь үнэлсний үндсэн дээр Олон улсын тэшүүрийн холбоо Марк Кондратюк болон Камила Валиева нарыг тусгай төвийг сахисан тамирчин буюу AIN статусаар оролцох шаардлагыг цаашид хангахгүй болсон гэж тогтоосон. 

Мөн Александра Степанова, Иван Букин нар тусгай төвийг сахисан тамирчны шаардлагыг хангахгүй бөгөөд ISU-гийн тэмцээнүүд болон олон улсын тэмцээнд AIN статусаар оролцох эрхгүй гэж үзсэн. Эдгээр шийдвэр бүрийг ISU-гийн Үндсэн хууль болон дүрэм, журмын дагуу давж заалдах боломжтой. Давж заалдах хугацаа дуусахаас өмнө тухайн хэргүүдийн талаар нэмэлт тайлбар хийхгүй” гэж мэдэгдэлд дурджээ.

Төвийг сахисан статусыг цуцалсан тохиолдолд тамирчид шийдвэрийг тав хоногийн дотор давж заалдах эрхтэй бөгөөд Кондратюк болон Валиева энэ эрхээ ашигласан боловч үр дүнд хүрсэнгүй. Одоогийн байдлаар тэд олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхгүй хэвээр үлдэж байна. 

Тэдний хувьд олон улсын тэмцээнд улс төрийн ялгаварлалгүйгээр оролцох эрхээ шүүхээр хамгаалах боломж л үлдэж байна.

Уран гулгагчид Спортын арбитрын шүүхэд (CAS) хандаж, ISU-гийн шийдвэрийг эсэргүүцэхээр төлөвлөж байгаа талаар ОХУ-ын Спортын сайд бөгөөд Оросын Олимпын хорооны тэргүүн Михаил Дегтярёв мэдээлжээ.

Тэрээр “Оросын уран гулгалтын холбоо болон ISU-гийн ивээл дор зохион байгуулагддаг олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхээ шударга бусаар хасуулсан манай уран гулгагчид ойрын хугацаанд ISU-гийн эсрэг Спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргана. Манай тамирчид болон холбоонд хууль зүйн дэмжлэг үзүүлж, тэр дундаа мэргэшсэн өмгөөлөгчөөр хангана” гэж хэлснийг ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

ОХУ-ын Спортын сайд өөрөө уг асуудалд оролцож байгаа нь тамирчдын хувьд эерэг дохио, өнөөг хүртэл Дегтярёв идэвхтэй оролцсон хэргүүд Оросын талд ашигтайгаар шийдэгдэж байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. 

ISU-гийн эцсийн хариуг хүлээн авснаас хойш CAS-д 21 хоногийн хугацаанд хандах зохицуулалттай аж.  Спортын арбитрын шүүхийн журмын хэргийг ердийн горимоор хянан шийдвэрлэхэд ихэвчлэн 3–6 сар шаардагддаг. Гэхдээ үйл явцыг түргэтгэх боломжтой. Хэрэв ISU зөвшөөрвөл хэргийг түргэвчилсэн буюу “fast-track” журмаар 2-4 долоо хоногийн дотор хэлэлцэж болно.

Оросын уран гулгалтын холбоо Валиева, Кондратюк, Степанова, Букин нарын статусын асуудлаар тайлбар хийж, тамирчдад шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгдэв.

Түүнчлэн тамирчид болон тэдний өмгөөлөгчдийн зөвшөөрөлгүйгээр уг асуудлын талаар цаашид дэлгэрэнгүй тайлбар хийх нь хамгаалалтын стратегид сөргөөр нөлөөлж болзошгүй гэж холбоо үзжээ.

Оросын уран гулгалтын холбооны хэвлэлийн албаны мэдэгдэлд “Камила Валиева, Марк Кондратюк, Александра Степанова, Иван Букин нарын тамирчны статустай холбоотой нөхцөл байдлын талаар Оросын уран гулгалтын холбоо мэдээлэл авсан. Олон улсын тэшүүрийн холбооны шийдвэрийн дагуу Оросын уран гулгагчид нейтрал статусаар оролцож байгаа хэдий ч манай холбоо тамирчдад шаардлагатай бүхий л дэмжлэгийг байнга үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч үзүүлэх болно.

Бид үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд боломжтой бүх арга хэмжээг ашиглаж байна. Мөн тамирчдад туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бүх байгууллагад талархаж байна. Үүний зэрэгцээ тамирчид болон тэдний өмгөөлөгчдийн зөвшөөрөлгүйгээр уг нөхцөл байдлын талаар цаашид тайлбар өгөх нь хамгаалалтын стратегид сөргөөр нөлөөлж болзошгүй тул үүнийг боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

Оросын нэрт бүжиг дэглээч, мөсөн шоуны продюсер Илья Авербух одоогийн нөхцөл байдал Александра Степанова, Иван Букин нарын спортын замналд ноцтой хохирол учруулж байна гэж үзсэн байна.

Тэрээр “Харамсалтай нь Саша Степанова, Ваня Букин хоёрт бүр төвийг сахисан статус ч олгоогүй. Тиймээс найдвар маш бага байсан. Энэ шийдвэр ч үндэслэлгүй. Тэд бол ямар ч эргэлзээгүй маш авьяаслаг уран гулгагчид. Олон улсын тэмцээнд оролцож чадахгүй байгаа нь тэдний спортын замналд асар их хохирол учруулж байна. Түүгээр ч барахгүй тэд олон жилийн турш ISU-гийн шийдвэрүүдийн хохирогч болсоор ирсэн. Тухайлбал, энэ хосыг 2018 оны Олимпын наадамд оролцуулаагүй” гэж ТАСС-д ярьжээ.

Спортын нэрт тайлбарлагч, телевизийн хөтлөгч Дмитрий Губерниев ч Спортын арбитрын шүүхэд хандаж, эрхээ хамгаалах ёстой гэж үзэж байна.

Тэрээр “Чемпионат” сайтын сурвалжлагч Егор Кабактай ярилцахдаа “Тэднийг аль хэдийн тэмцээнээс хасчихсан. Шаардлага хангахгүй гэж үзсэн нь тодорхой байна. Одоо яах ёстой вэ? Шүүхэд хандаж, нотлох баримтаа гаргаж, давж заалдах хэрэгтэй. Уран гулгагчдыг хасчихсан. Тэгэхээр давж заалдаж, шүүхдэх ёстой. Тэд ямар шаардлагыг хангахгүй байгаа юм бэ? Өөр юуг нь хангахгүй гэж үзээд байгаа юм? Шударга ёсыг тогтоолгохын төлөө тэмцэх хэрэгтэй. Энд найдварын тухай яриад байх шаардлагагүй. Хийх ёстой зүйлээ хий, дараа нь юу болохыг харна. Хууль зүйн хүрээнд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглан шүүхэд хандаж, манай тамирчдыг тэмцээнд оролцуулах шийдвэр гаргуулахын төлөө тэмцэх ёстой” гэжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг шийдвэрийг Украины уран гулгалтын холбооноос гаргасан гомдолтой холбоотой байх магадлалтай гэж мэдээлж байгаа юм. Украины холбооны мэдэгдэлд Камила Валиева нь Татьяна Навкагийн сургуульд бэлтгэл хийдэг болохыг онцолжээ. Татьяна Навка нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын эхнэр юм. Навка 2022 оноос хойш Европын Холбооны хориг арга хэмжээнд багтсан бөгөөд хоригийн үндэслэлд “Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг алдагдуулах буюу түүнд заналхийлсэн үйл ажиллагаатай холбоотой” гэж дурдсан байдаг.

Сануулахад, энэ оны наймдугаар сард Камила Валиева олон улсын тэмцээнд төвийг сахисан тамирчны статусаар оролцох зөвшөөрөл авсан нь тодорхой болсон юм.

Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) түүнийг холбогдох шалгуур, дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалгасан. Тухайн шалгуурын дагуу тамирчин нь Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-г олон нийтэд дэмждэггүй байх, мөн ОХУ-ын Зэвсэгт хүчинд алба хаадаггүй байх шаардлагатай байв. Тэр үед Валиева эдгээр шалгуурыг хангаж байсан. Гэвч Валиевагийн оролцох ёстой байсан “Challenger” цувралын Kinoshita Group Cup олон улсын тэмцээн эхлэхийн өмнөхөн түүний төвийг сахисан статусыг цуцалжээ.

Түүнтэй хамт Оросын өөр нэг уран гулгагч Марк Кондратюкийн төвийг сахисан статусыг мөн цуцалсан байна.

Уран гулгалтын од,  20 настай  Камила Валиева Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) түүний төвийг сахисан тамирчны статусыг цуцалсан шийдвэрийг сэтгэлзүйн хувьд хүндээр хүлээн авч байгаа ажээ. 

“Мash на спорте” Telegram сувгийн мэдээлснээр Валиева болсон явдалд “маш хүндээр шаналж байгаа” гэнэ. Одоогоор уран гулгагч бүсгүйд түүний найз залуу 33 настай хоккейчин Никита Нестеров дэмжлэг үзүүлж байгаа аж.

Уран гулгалтын алдарт од Камила Валиеваг эрхийг нь зөрчиж, албаар тэмцээнд оролцуулахгүй байна, түүн шиг авьяаслаг уран гулгагч үгүй хэмээн шүтэн бишрэгчид нь санал бодлоо илэрхийлж байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23