Франц даяар олон зуун мянган хүн боловсролын салбарын нөхцөл байдал болон цагдаагийн үйл ажиллагааг эсэргүүцэн жагслаа.
Парис хотод цагдаа нар жагсагчдын цугласан хэсэг рүү дайран орж, хотын төв рүү нэвтрэхийг оролдсон жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглан, бараг 1000 хүнийг баривчилжээ.
Франц даяар олон зуун мянган хүн жагсаж, Макроны засаг захиргааг эсэргүүцэв
Францын хотуудад бямба гарагт олон зуун мянган хүн жагсаж, багшийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хуучирч муудсан сургуулийн барилгуудыг засварлахыг шаардсан сурагчдыг дэмжлээ. Жагсаалын дийлэнх нь тайван өрнөсөн ч Ерөнхийлөгч Эммануэль Макрон бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн саруудад нийгэм, улс төрийн гүн хямралтай нүүр тулж байна.
Засгийн газрын тооцоогоор Парис хотын зүүн хэсгээр дор хаяж 110 мянган хүн жагсжээ. Жагсагчид ахлах сургуулийн сурагчдын шаардлагыг дэмжихийн зэрэгцээ амьжиргааны өртөг өндөр байгааг, мөн Засгийн газраас жагсаал цуглааны эсрэг цагдаагийн хатуу арга хэмжээ авч байгааг шүүмжилсэн байна.
Тэдний үзэж буйгаар, Засгийн газар өнгөрсөн нэг сарын хугацаанд сургуулийн сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөнд улс төрийн шийдэл санал болгохын оронд үймээн самуунтай тэмцэх тусгай хүчнийг илгээж, жагсагчдыг онилжээ.
Бямба гарагийн үдээс хойш Парист болсон жагсаал ерөнхийдөө тайван уур амьсгалд өрнөсөн байна. Үлээвэр хөгжмийн хамтлагууд хөгжим тоглож, жагсаалд оролцогчид хүүхэд, ач зээ нараа дагуулан иржээ. Зарим жагсагчид Засгийн газрын цагдаагийн арга хэмжээг шүүмжилсэн уриа лоозон барьсан байв. Тэдгээр дээр “Дарангуйлал эсэргүүцлийг төрүүлдэг”, “Жагсаал хийх эрх” хэмээн бичжээ.
Гэвч Парисын зүүн зах дахь Порт-де-Венсенн дүүрэгт жагсаал өндөрлөх үеэр тайван жагсаалд оролцоогүй, хар хувцастай, нүүрээ халхалсан эрчүүдийн хэд хэдэн бүлэг гарч иржээ.

Тэдний зарим нь цагдаа нар руу шилэн лонх, чулуу шидсэн бөгөөд цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий, усан буу, дуу, гэрлийн хүчтэй цочроох гранат ашигласан байна. Залуус нэгэн хогийн савыг галдан шатааж, цагдаа нарын зүг салют бууджээ.
Парисын жагсаалын төгсгөлд үймээн самуунтай тэмцэх цагдаа нар жагсагчдын томоохон бүлэг рүү дайран орж, бороохой ашигласан байна.
Францын бусад хотуудад ч мөргөлдөөн гарчээ
Лион, Лилль, Монпелье, Нант, Тулуз хотуудад жагсагчдыг хотын төвд нэвтрүүлэхгүйн тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Марсель хотод цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарах үеэр хэд хэдэн хогийн савыг галдан шатаажээ. Наад зах нь хоёр хүн хүнд гэмтсэн бөгөөд нэг нь Клермон-Ферран, нөгөө нь Тулуз хотод гэмтсэн байна. Тэдний гарын хуруунууд дэлбэрэлтийн улмаас тасарсан гэж мэдээлж байна.
Францын Засгийн газрын тооцоогоор улс даяар дор хаяж 400 мянган хүн жагссан бол Үйлдвэрчний эвлэлүүд энэ тоог хоёр дахин их буюу 800 мянга орчим гэж тооцжээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр бараг 1000 хүнийг баривчилсан байна.
Дотоод хэргийн сайд Лоран Нуньесийн хэлснээр Франц даяар болсон жагсаалын үеэр түүний тодорхойлсноор “өндөр эрсдэлтэй бүлгүүд” үндсэн жагсаалаас салж, хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийхийг оролдсон аж. Францын хотуудын гудамжинд 70 мянга гаруй цагдаа ажиллаж, дэлгүүрүүд цонх, хаалгаа хамгаалалтын хавтангаар хааж, олон музей үйл ажиллагаагаа зогсоожээ.

Засгийн газар өмнөх бямба гарагт болсон үйл явдал дахин давтагдахаас болгоомжилж байв. Өнгөрсөн долоо хоногт тайван жагсаалууд зохион байгуулагдсан хэдий ч Франц улс сүүлийн жилүүдийн хамгийн хүчирхийлэлтэй эмх замбараагүй байдлын нэгтэй нүүр тулсан юм.
Тухайн үед төрийн байгууллагуудын барилгыг галдан шатааж, олон зуун дэлгүүрийг эвдэн сүйтгэж, тонон дээрэмдсэн бөгөөд улс даяар багадаа 2700 хүнийг баривчилсан.
Жагсаалд оролцогчид Макроны шийдвэрүүдэд өргөн хүрээнд дургүйцлээ илэрхийлжээ. Тухайлбал, түүний Засгийн газрыг “хууль ёсны бус” гэж үзэж, үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулаагүй жагсаалуудыг хориглож, бүх жагсагчийг хотын төв хэсгүүдээс хол байлгаж байгааг эсэргүүцсэн байна.
“Бид эрхээ хамгаалан үлдэх ёстой”
Парисын жагсаалд оролцсон, харилцаа холбооны салбарт ажилладаг 43 настай Надеж өнгөрсөн амралтын өдрүүдэд тайван жагсаалд оролцож байхдаа нулимс асгаруулагч хийнд өртсөн тухайгаа ярьжээ.
“Өнөөдөр би жагсах зориг гаргасан хүн бүрийг дэмжихийн тулд дахин тайван жагсаалд оролцож байна. Үүнд үнэхээр зориг хэрэгтэй. Одоо хүмүүс айдаг болсон. Бид эрхээ хамгаалан хадгалж үлдэх ёстой. Францад гудамжинд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэх нь хуулиар олгогдсон эрх. Би энэ эрхийг хамгаалахын тулд энд ирсэн” гэж тэрээр хэлэв.
Жагсагчдын бүслэлтэд орж, үйл ажиллагаа нь саатсан Парисын нэгэн шинжлэх ухааны факультетын 21 настай оюутан “Францад бид гудамжинд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэх ардчилсан эрхийг маань хязгаарлахыг оролдож буй улам бүр авторитар дэглэмийн дор амьдарч байгаа мэт санагдаж байна” хэмээн ярьжээ.

Парисын жагсаалд оролцсон радикал зүүний үзэл баримтлалтай ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жан-Люк Меланшон Макрон буулт хийж, Францын нийгэмд хуримтлагдсан бухимдал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх ёстой, эс бөгөөс жагсаал цуглаан дахин дахин үргэлжилнэ гэж мэдэгдэв. “Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл ийм зүйл долоо хоног бүр давтагдана гэдгийг тэр эцэст нь ойлгоно гэж би бодож байна” хэмээн Меланшон хэлжээ.
Сурагчдын эсэргүүцлээс эхэлсэн хөдөлгөөн
Францын Засгийн газар есдүгээр сарын дунд үеэс эхэлсэн ахлах сургуулийн сурагчдын жагсаалаас хойш хямралтай тулгарч байгаа юм. Тухайн үед 15–18 насны сурагчид сургуулиудын багш, ажилтны хүрэлцээ муу, барилгуудын дээврээс ус гоождог, хана, тааз нь нурж эвдэрч байгаа, мөн хэт олон хүүхэдтэй ангиудад сандал хүрэлцдэггүй зэрэг асуудлыг эсэргүүцэн жагсаж эхэлжээ.
Улмаар энэ хөдөлгөөн сүүлийн жилүүдийн хамгийн том залуучуудын эсэргүүцлийн хөдөлгөөн болон өргөжиж, үйлдвэрчний эвлэлүүд, багш нар, эцэг эхчүүд нэгдэн оролцсон байна.
Цагдаагийн хэрэглэсэн тэсрэх үйлчилгээтэй тусгай хэрэгслийн улмаас зарим хүүхэд, жагсагчид хүнд гэмтсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Өчигдрийн /2026.10.24/ жагсаалд 2018–2019 онд өрнөсөн Засгийн газрын эсрэг “Шар хантаазтан” (gilets jaunes) хөдөлгөөнд оролцож байсан зарим хүн шар хантааз өмсөн иржээ.
Тус хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг Жером Родригес жагсагчдын дунд зогсож байхдаа “Өнөөдөр Засгийн газар айж байна. Тийм учраас жагсагчдыг эрх мэдлийн байгууллагууд байрладаг газраас холдуулж, хотын зах руу шахаж байгаа юм. Амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй байгаа францчуудын асуудлыг цагдаагийн бамбай шийдэж чадахгүй” гэж хэлжээ. Тэрээр жагсаал цаашид үргэлжлэх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
“Би ач охиноо илүү гэрэлтэй ирээдүйтэй байгаасай гэж хүсэж байна”
Банкны зөвлөхөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, 60 настай Пьер сургуулийн сурагчдыг дэмжихийн тулд жагсаалд ирсэн гэжээ.
“Би найман настай ач охинтой. Өнөөдрийн бидний туулж буй энэ бараан цаг үеэс илүү гэрэлтэй ирээдүй түүнийг угтаасай гэж хүсэж байна. Засгийн газар хүмүүсийн шаардлагыг сонсохоос бүрэн татгалзаж байна” хэмээн тэрээр ярьсан байна.
Парисын хойд хэсэгт амьдардаг, буяны байгууллагын 40 настай ажилтан Жесси “Үнэгүй тэврэлт” гэсэн бичигтэй самбар барин жагсаалд оролцжээ. “Би маш их ууртай байна. Сургуулийн нөхцөл байдлыг сайжруулахыг шаардсан сурагчдыг дэмжихийн тулд энд ирсэн. Би тэднээр маш их бахархаж байна. Бид эв санааны нэгдэлтэй байх ёстой” гэж тэрээр хэлжээ. Мөн “Би дайнд биш тайван жагсаалд оролцохоор гарч ирсэн. Гэхдээ заримдаа үнэхээр дайнд оролцож байгаа юм шиг санагддаг. Тайван жагсаалд оролцохын тулд ийм нарийн бэлдэж байгаа минь анхны тохиолдол. Нулимс асгаруулагч хийнд өртөх, эсвэл хувцсаа уруулах эрсдэлтэй учраас хуучин хувцас өмсөж ирсэн” гэсэн байна.
Францын Орлеан хотод олон мянган хүн фашизмыг эсэргүүцсэн уриа лоозон хашхиран жагсаж, цагаачлалыг эсэргүүцдэг, хэт барууны үзэлтэй Марин Ле Пенийн “Үндэсний нэгдэл” намын их хурлыг эсэргүүцсэн байна.
Жагсагчид ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжтой нэр дэвшигчдийн нэгээр тооцогдож буй Ле Пен болон ирэх онд бүрэн эрхийн хугацаа нь дуусах Ерөнхийлөгч Макрон нарыг хоёуланг нь шүүмжилжээ. Тэд: “Макрон огцор! Ле Пен шоронд ор!” гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна