Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар БНХАУ-ын “Bank of China” -аас 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Юанийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форумд оролцов. Тус форум нь хоёр орны санхүү, эдийн засгийн хамтын ажиллагаа, юанийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломж, хил дамнасан төлбөр тооцооны асуудлыг хэлэлцсэн юм. Тэрээр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч Цао Линий хамт форумыг нээж үг хэлсэн бөгөөд Монголбанк болон Ардын банк хоорондын урт хугацааны хамтын ажиллагаа нь хоёр улсын санхүүгийн харилцааг бэхжүүлэх чухал үндэс болохыг онцоллоо.


Түүнчлэн энэ онд үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх төлбөр тооцоо, хил дамнасан төлбөрийн систем болон санхүүгийн зах зээлийн хөгжлийн асуудлаар нягт харилцан яриа өрнүүлж ирснийг тэмдэглэв. Мөн юаниар илэрхийлэгдсэн бонд нь хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах боломжтой бөгөөд юанийн санхүүжилтийн сонголтыг нэмэгдүүлж, БНХАУ болон бүс нутгийн бусад зах зээлээс хөрөнгө оруулалт татах нь Монголын бизнесийн өсөлтийг дэмжих, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх боломжтой болохыг онцлов.

Форумд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын банк, санхүүгийн байгууллагууд, Монгол, Хятадын томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бүхий 100 орчим зочин оролцож, БНХАУ-ын макро эдийн засгийн төлөв, бондын зах зээл, юанийн олон улсын хэрэглээ, хил дамнасан юанийн гүйлгээ, төлбөр тооцоо, БНХАУ-ын хил дамнасан банк хоорондын төлбөрийн CIPS системийн талаар илтгэлүүд танилцууллаа. Оролцогчид эдгээр сэдвийн хүрээнд хоёр улсын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагаа, юанийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.


Монгол Хятадын худалдаа сүүлийн 15 жилд тав дахин нэмэгдсэн бөгөөд 2026 оны есдүгээр сарын байдлаар хоёр орны нийт гадаад худалдааны эргэлтийн 74 орчим хувь, экспортын 93 хувь, импортын 41 хувийг тус тус эзэлж байна. Худалдааны харилцаа өргөжихийн хэрээр юанийн хэрэглээ нэмэгдэж, Монголын банкны системээр дамжих хил дамнасан гүйлгээнд юанийн эзлэх хувь 2011 онтой харьцуулахад 27 хувиар өсжээ. Харин тус улстай хийх өндөр дүнтэй хил дамнасан төлбөр тооцоонд юанийн эзлэх хувь 67 хувьд хүрсэн байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна