2026 оны Утга зохиолын Нобелийн шагналыг Канадын зохиолч Энн Карсон хүртлээ.
Энн Карсон бол орчин үеийн дэлхийн утга зохиолд өөрийн өвөрмөц байр суурийг эзэлсэн зохиолч, яруу найрагч, эрдэмтэн юм. Тэрээр эртний Грекийн домог, гүн ухаан, сонгодог уран зохиолыг орчин үеийн хүний хайр дурлал, ганцаардал, хүсэл тэмүүлэл, уй гашуу, амьдралын утга учрын эрэл хайгуултай холбон бичдэгээрээ алдартай.
Түүнд Нобелийн шагнал олгохдоо яруу найраг, үргэлжилсэн үг, орчуулга, жүжгийн хэлбэрийг зоримгоор нэгтгэн шинэчилсэн бүтээлүүдийг онцгойлон үнэлжээ.
Энн Карсоны зохиолыг нэг төрөлд ангилахад төвөгтэй бөгөөд яруу найраг, эсээ, роман, эрдэм шинжилгээний тайлбар, жүжиг, орчуулга зэрэг хэлбэрийг хооронд нь нэгтгэдэг. Гол онцлог нь эртний ба орчин үеийн ертөнцийг холбодог. Эртний Грекийн домгийн дүрүүдийг өнөөгийн хүний сэтгэл зүй, харилцааны асуудлуудаар дахин амилуулдаг. Уран зохиолын уламжлалт хэлбэрийг эвдэж, шүлгийг эсээтэй, жүжгийг философитой, өгүүлэмжийг дүрслэх урлагтай хослуулдаг. Хайр, хүсэл, хагацлыг гүн ухааны асуудал болгон авч үздэг бөгөөд зөвхөн мэдрэмж бус, хүний мөн чанарыг танин мэдэх туршлага болдог. Бичлэгийн хэлбэрийн хувьд заримдаа туйлын товч, заримдаа эрдэм шинжилгээний нарийн тайлбар шиг өргөн хүрээтэй байдаг. Зөрчил, нууцлаг байдал, утгын олон боломжийг хадгалсан зохиолууд нь уншигчдад бэлэн хариулт бус, эргэцүүлэхэд хүргэдэг.
Шинэхэн Нобелийн шагналтны талаар зарим зохиолчид сэтгэгдлээ хуваалцжээ.
Маргарет Этвүүд "Энн Карсоны уран бүтээл олон орны яруу найрагчдын дунд аль эртнээс өндөр үнэлэгдэж ирсэн. Түүний бүтээлийг анх удаа унших гэж буй хүмүүст би The Beauty of the Husband номыг санал болгоно. Энэ бол шууд бөгөөд сэтгэлийн гүнд хүчтэй хүрдэг, инээдэмтэй атлаа уур хилэн, гуниг харууслаар дүүрэн бүтээл юм. Эсвэл Men in the Off Hours номыг уншихыг зөвлөе." гэсэн байна.
Эмили Уилсон "Энн Карсонд зүй ёсоор хүртсэн Нобелийн шагналд нь халуун баяр хүргэе. Энэ бол орчуулга, сонгодог судлал, яруу найраг төдийгүй утга зохиолын төрөл зүйл болон эрдэм шинжилгээний салбар хоорондын тогтсон хил хязгаарыг эвдэн шинэчлэх үйл хэрэгт зориулсан гайхалтай мэдээ юм. Түүнчлэн гайхамшигтай, амжилттай уран бүтээлч болохын тулд заавал өмнө нь тогтсон хэв загварт нийцэх шаардлагагүй гэдгийг харуулсан сайхан үйл явдал боллоо." гэжээ.
Оушен Вуонг "Утга зохиолын үйл хэрэг, түүний мөн чанар, үнэт зүйлс урьд өмнөхөөсөө илүү хүчтэй сорилттой тулгарч буй энэ цаг үед Нобелийн хороо оюун ухаан, оюун санааны асар их чадавх, тууштай эрэл хайгуулыг өөртөө шингээсэн уран бүтээлчийг алдаршуулж байгааг харах нь утга зохиолын ертөнцийн ирээдүйд итгэх итгэлийг минь сэргээж байна. Энн Карсон олон арван жилийн турш гүн гүнзгий мэдлэг, судалгаанд тулгуурласан уран бүтээлээрээ ер бусын, тайлагдашгүй, нууцлаг зүйлсийг хүний мөн чанарыг нээн илрүүлэх арга зам болгон ашиглаж ирсэн. Түүний хэлбэр, зохиомжийн хувьд олон янз, үргэлж шинэчлэгдэж байдаг бүтээлүүд үе үеийн зохиолчдод уран бүтээлээ чөлөөтэй туурвих, тогтсон хязгаарыг даван гарах хэмжээлшгүй их урам зориг, боломж олгосон юм. Шилдэг уран бүтээлүүдийн нэгэн адил түүний зохиолууд өөрсдөө оршихуй, сэтгэлгээний шинэ арга замыг бүтээхийн зэрэгцээ бусад уран бүтээлчийг өсөж хөгжихөд нөлөөлдөг. Түүний нээсэн зам мөрөөр уран бүтээлээ туурвиж яваадаа би өөрийгөө азтайд тооцдог." гэсэн байна.
Ребекка Перри "2013 онд би Энн Карсоны Их Британийн Яруу найргийн нийгэмлэгээс зохион байгуулдаг жил тутмын лекцийг сонсохоор очсон юм. Тухайн үед миний таньдаг бараг бүх зохиолч тэнд цугласан байлаа. Тэр бидний анхаарлыг бүрэн татсан нь мэдээж. Карсон өгөөмөр сэтгэлтэй, ухаалаг, хурц сэтгэдэг нэгэн байв. Ковбой гутал, хослол өмссөн нь түүнд өөлөхийн аргагүй зохиж байлаа. Түүний биеэ авч яваа байдал хүртэл бусдын анхаарлыг өөртөө бүрэн төвлөрүүлэх хүчтэй.
Лекцийн төгсгөлд асуулт, хариултын хэсэг болоход нэгэн эр өөрийгөө дөвийлгөсөн, нуршуу урт асуулт тавив. Харин Карсон түүнд ердөө л “Үгүй.” гэж хариулсан юм.
Танхимд цугласан хүмүүс түүнийг хариултаа дэлгэрүүлнэ гэж хэсэгхэн зуур хүлээлээ. Гэвч тэр юу ч нэмж хэлсэнгүй.
Энн Карсоны ид шид чухам үүнд оршдог. Тэр нэгэн зэрэг тоглоомтой, хөнгөн хошин атлаа туйлын нухацтай хүн. Нэг үгээр илэрхийлж болох зүйлийг тэр хэзээ ч олон үгээр нуршдаггүй. Уран бүтээл туурвиж ирсэн амьдралынхаа ихэнх хугацаанд би ямар ч хэрэгцээ, эрэл хайгуул тулгарахад Энн Карсоны бүтээлд эргэн ханддаг байлаа. The Beauty of the Husband номыг сөхөх бүрдээ би яруу найрагт дахин дурладаг. Float бүтээлийнх нь жижиг дэвтрүүдийг дэлгэн уншихдаа уран бүтээлийн том хүсэл эрмэлзэл, ер бусын содон сэтгэлгээ гэдэг сайн зүйл болохыг дахин санадаг.
Харин The Glass Essay-г шавь нартаа заах бүрдээ уран зохиолын хэлбэр, төрөл зүйлийн хооронд хатуу зааг тогтоох гэсэн ойлголт ямар утгагүй болохыг улам тодорхой ухаардаг.
Энн Карсон бидэнд уран бүтээлд эрсдэл гаргах, алсын хараатай байх, өөрийн үзэл санаа, уран сайхны зарчимдаа үнэнч үлдэх орон зай үргэлж байдаг, цаашид ч заавал байх ёстойг харуулдаг." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна