2026 оны Физикийн салбарын Нобелийн шагналыг Бельгийн нэрт астрофизикч Фрэнсис Халзенд олголоо. Тэрээр Антарктидад асар том ажиглалтын байгууламж байгуулж, сансрын “сүнслэг” хэмээн нэрлэгддэг бөөмсийг илрүүлэх чиглэлээр хийсэн анхдагч ажлаараа “астрономийн цоо шинэ төрлийн” үндсийг тавьсан юм.
Сансраас ирдэг, нейтрино хэмээн нэрлэгддэг эдгээр маш жижиг, өндөр энергитэй бөөмс нь алс холын галактикууд болон дэлбэрч буй оддыг илүү сайн ойлгоход эрдэмтдэд туслах мэдээллийг дамжуулдаг гэж Нобелийн хорооны гишүүн Эва Олссон Стокгольм дахь Шведийн Хааны Шинжлэх Ухааны Академид өчигдөр /2026.10.07/ болсон шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгдэв.
“Фрэнсис Халзен судлаач, инженерүүдээс бүрдсэн олон улсын багийг удирдан, бидэнд гайхамшигтай судалгааны төхөөрөмжийг бий болгож өгсөн” гэж Нобелийн хорооны дарга Марк Пирс мэдэгдэлдээ дурджээ. Түүний тууштай байдал, шинжлэх ухааны алсын хараа нь астрономийн шинэ төрлийг хөгжүүлэх замыг нээснийг мөн онцолсон байна.
Өдгөө 82 настай Халзен Италид байхдаа Нобелийн шагналын хэвлэлийн бага хуралд утсаар оролцож, энэхүү шагналыг хүртсэн нь түүний хувьд “маш том гэнэтийн мэдээ”, мөн “их баяр баясал” байлаа хэмээн хэлжээ.
“Бид төслийг эхлүүлэх үед энэ нь сайн санаа гэдгийг хүмүүс ойлгож байсан. Гэхдээ үнэхээр ажиллана гэж итгэж байсан хүн маш цөөхөн, тэр дундаа би өөрөө ч бүрэн итгэлтэй байгаагүй” гэж тэр хэлсэн байна. “Тиймээс энэ бол амжилт нь огт баталгаатай бус нэгэн төрлийн адал явдал байсан.” гэж Халзен онцолжээ.
Wisconsin–Madison-ийн их сургуульд ажилладаг профессор Халзен 1988 онд IceCube нейтрино ажиглалтын төвийн төлөвлөгөөг анх танилцуулсан. Тэрээр Антарктидын мөсөнд нейтрино бөөмсийг илрүүлэх чадвартай асар өргөн мэдрэгчийн сүлжээ байрлуулах санааг дэвшүүлсэн юм.
Ажиглалтын төв нь нейтриногийн нэг чухал шинж чанарыг ашигладаг. Нейтрино атомын цөмтэй мөргөлдөх үед маш богино хугацааны гэрлийн гялбаа үүсгэдэг бөгөөд тунгалаг мөсөнд суурилуулсан мэдрэгчүүд энэ гэрлийг илрүүлж, бүртгэн авах боломжтой.
Орчлон ертөнцийн алс хязгаараас дэлхийд ирдэг нейтриног ихэвчлэн “сүнслэг бөөм” гэж нэрлэдэг. Учир нь тэд бодистой бараг харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд ямар ч төрлийн бодисыг бараг өөрчлөгдөхгүйгээр нэвтлэн өнгөрч чадна. Нейтрино бараг массгүй бөгөөд цахилгаан цэнэггүй.
Тэд од, гараг, бүр бүхэл бүтэн галактик зэрэг туйлын эрс тэс орчноор дамжин аялсан ч үндсэн шинж чанараа хадгалсаар байдаг.
Америкийн Физикийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Physics Today сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Фицжеральд “Нобелийн шагналыг ганц хүнд олгоод нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ нь түүний алсын хараа ямар онцгой байсныг харуулж байна” хэмээгээд “Энэ байгууламжийг барихад хэдэн зуун хүний баг оролцсон ч бүх зүйл анх нэг хүний санаанаас эхэлсэн” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна