Хиймэл оюун ухааны технологийн Anthropic компанийн хувьцаа АНУ-ын хөрөнгийн биржид анх удаа арилжаалагдсан өдрөө олон нийтэд санал болгосон анхны үнээсээ 17 орчим хувиар өсөж, арилжаагаа өндөрлүүллээ.
Арилжаа хаагдах үед Anthropic компанийн нэгж хувьцааны ханш 97 ам.долларыг ялимгүй давж, компанийн зах зээлийн нийт үнэлгээ бараг 1.3 их наяд ам.долларт, харин бүрэн шингэрүүлсэн хувьцааны тоогоор тооцсон үнэлгээ нь 1.75 их наяд ам.долларт хүрчээ.
Хэдийгээр хувьцааны эцсийн ханш нь анхдагч зах зээлд санал болгосон 83 ам.долларын үнээс өндөр байсан ч арилжааны эхэн үед хүрсэн 111.5 ам.долларын дээд ханшаас буурсан үзүүлэлт юм.
Тус компанийн хувьцаа өчигдөр /2026.11.19/ АНУ-ын хөрөнгийн биржид анх арилжаалагдаж эхлэхдээ 34 хувиар огцом өсөж, компанийн үнэлгээ 2 их наяд ам.долларыг давсан байна.
Гэсэн хэдий ч Anthropic-ийн хувьцааг олон нийтэд анх санал болгосон үйл явдал нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO-уудын нэг болжээ. 2021 онд байгуулагдсан хиймэл оюун ухааны технологийн гарааны компани ийнхүү дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй, хувьцаа нь нийтэд нээлттэй арилжаалагддаг компаниудын нэг болсон байна.
Anthropic компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей Nasdaq хөрөнгийн биржийн арилжаа эхлүүлэх хонхыг цохих үеэрээ “Өнөөдрийн үйл явдал манай компанийн санхүүгийн байр суурийг улам бэхжүүлж байна. Ингэснээр зөв зүйлийг хийх гэсэн бидний тууштай эрмэлзэл улам хүчтэй болж байгаа юм” хэмээн мэдэгджээ.
Anthropic компани 2026 оны 11 дүгээр сарын 18-ны лхагва гарагийн орой анх төлөвлөснөөсөө өргөжүүлсэн хувьцааны санал болгож буй багцын хүрээнд андеррайтер байгууллагуудад 980 сая ширхэг хувьцаа худалдаж, 81.3 тэрбум ам.долларын хөрөнгө босгосноо зарласан байна. Энэ нь өнгөрсөн зургаадугаар сард SpaceX компанийн анхдагч зах зээлээс босгосон 75 тэрбум ам.долларын өмнөх дээд амжилтыг давсан үзүүлэлт болжээ.
Anthropic-ийн IPO хиймэл оюун ухааны салбарын ирээдүйг тодорхойлох чухал шалгуур болж байна
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд арилжааны төгсгөлд буурчээ. Энэ нь Anthropic компанийн асар том IPO хиймэл оюун ухааны салбарын тогтворгүй байдлын талаарх хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг бүрэн арилгаж чадаагүй байж болзошгүйг харуулж байна.
Хагас дамжуулагч, чип үйлдвэрлэгч томоохон компаниудын ихэнхийнх нь хувьцааны ханш өдрийн арилжааны эхэн үеийн түвшнээс буурч хаагджээ.
Тухайлбал, Nvidia компанийн хувьцаа санхүүгийн хамгийн сүүлийн тайлангаа танилцуулснаас хойш зургаа дахь өдрөө дараалан унасан бол Micron, Broadcom зэрэг компанийн хувьцааны ханш мөн буурсан байна.
Anthropic-ийн хөрөнгийн бирж дэх анхны арилжаа нь олон их наяд ам.доллароор хэмжигдэх хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох чухал үзүүлэлт болж байна. Учир нь тус компани хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны загвар хөгжүүлэгч компаниудын дундаас хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалсан анхны байгууллага болж байгаа юм.
Уолл Стритийн хөрөнгө оруулагчид төдийгүй дэлхийн технологийн салбарынхан Anthropic-ийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр цаашид хэрхэн арилжаалагдахыг анхааралтай ажиглаж байна. Yorkville Ives компанийн шинжээчдийн үзэж буйгаар Anthropic нь зар сурталчилгааны бизнес эсвэл сансрын пуужингийн үйлдвэрлэл зэрэг өөр чиглэлийн үйл ажиллагаатай холилдоогүй, зөвхөн хиймэл оюун ухаанд төвлөрсөн, хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны томоохон компани болжээ.
Тус байгууллагын шинжээчид судалгааны тэмдэглэлдээ “Anthropic-ийн IPO нь технологийн салбарын хувьд ойрын хугацаанд томоохон амжилт болж, хиймэл оюун ухааны хувьсгалын өсөлт саараагүй гэдэгт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг тодорхой хэмжээгээр сэргээх ёстой” гэж бичсэн байна.
Орлого нь асар хурдацтай өссөн ч алдагдал нь мөн нэмэгджээ
Аравдугаар сарын сүүлчээр нийтэлсэн хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгад дурдсанаар Anthropic компанийн орлого байгуулагдсан цагаасаа хойш жил бүр огцом өсөж, зарим жилд 1000 хувиас ч давсан өсөлт үзүүлжээ. Тус компани 2025 оны турш нийт 4.6 тэрбум ам.долларын орлого олсон бол 2026 оны эхний зургаан сарын дотор 16.2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн байна.
Хөрөнгийн биржид бүртгэлтэй венчур хөрөнгө оруулалтын Neostellar компанийн удирдах албан тушаалтан Эван Шлоссман “Компанийн нийт орлогын өсөлт үнэхээр санаанд багтамгүй өндөр байна. Харин хөрөнгө оруулагчдын анхаарах гол асуудал нь IPO-гийн өмнө болон хувьцаа нь биржид гарсны дараа энэ өсөлтийн хурд хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэгт оршино” хэмээн онцолжээ.
Гэвч Anthropic компани асар их хэмжээний алдагдал хүлээсэн байна. 2026 оны эхний хагаст тус компани 80 тэрбум ам.долларын алдагдал тайлагнасан бөгөөд үүний дийлэнх нь нэг удаагийн санхүүгийн зардалтай холбоотой байжээ. Харин 2026 оны эхний есөн сарын байдлаар нийт алдагдал нь 104 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хиймэл оюун ухааны загваруудаа улам боловсронгуй болгохын тулд тооцоолох хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай тул компанийн зардал цаашид ч огцом өсөх төлөвтэй байна.
Тооцоолох хүчин чадал гэдэг нь ихэвчлэн дата төвүүдэд байрладаг олон тооны хагас дамжуулагч чипийн тусламжтайгаар мэдээлэл боловсруулах, нарийн төвөгтэй тооцоолол гүйцэтгэх хүчин чадлыг хэлдэг байна. Энэ нь үүсгэгч хиймэл оюун ухааны технологийн үндсэн нөөц бөгөөд Anthropic компанийн хамгийн том зардлын эх үүсвэр юм. Тооцоолох хүчин чадалтай холбоотой зардал нь 2026 оны эхний есөн сард ойролцоогоор 18.8 тэрбум ам.долларт хүрчээ.
Компанийн удирдлагууд хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгадаа “Хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны загваруудыг хөгжүүлэхийн тулд тооцоолох нөөц, хөрөнгө санхүү болон хүний нөөцөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Том хэмжээний загвар сургах үйл явц хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сар үргэлжилж, олон сая ам.долларын зардал шаардаж болзошгүй” хэмээн тайлбарлажээ.
Хиймэл оюун ухааны аюулгүй байдал болон салбарын тогтворгүй байдал
Anthropic компани өөрийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны загварууд хүн төрөлхтөнд ямар эрсдэл учруулж болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтэлсэн байна. Эдгээр эрсдэлд хиймэл оюун ухааныг биологийн зэвсэг бүтээхэд ашиглах, дэлхийн улс орнуудад иргэдийг хянах, дарангуйлах тогтолцоог улам бэхжүүлэх зэрэг аюул багтаж байна.
Компанийн ажилтнууд хиймэл оюун ухааны компаниуд хамгийн хүчирхэг загваруудаа хариуцлагагүй байдлаар хөгжүүлж байгаа талаар санаа зовниж буйгаа илэрхийлсний дараа гүйцэтгэх захирал Дарио Амодей хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны загваруудын хөгжүүлэлтийн хурдыг сааруулахыг уриалж байжээ.
Anthropic компани OpenAI зэрэг өрсөлдөгчдөөсөө түрүүлж АНУ-ын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан. Гэхдээ тус компанийн IPO нь хиймэл оюун ухааны салбарт тодорхойгүй байдал нэмэгдсэн цаг үед болжээ.
Тухайлбал, Nvidia компанитай холбоотой саяхны дуулиан, үүний улмаас тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Женсен Хуан албан тушаалаасаа огцорсон явдлын цаашдын үр дагавар салбарт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.
Эван Шлоссман энэ талаар “Зах зээлд маш өндөр хэлбэлзэл ажиглагдаж байна. Хөрөнгө оруулагчид тус компанийн хиймэл оюун ухааны бизнесийн өсөлт хэр тогтвортой үргэлжлэх боломжтойг анхааралтай ажиглана” гэжээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчид Anthropic компани хиймэл оюун ухааны өргөн хүрээтэй экосистемд хэр чухал байр суурь эзлэхийг сонирхож байна.
Anthropic нь хувь хэрэглэгчдээс илүүтэйгээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд гол анхаарлаа хандуулж иржээ. Тус компанийн хөгжүүлсэн Claude Code бүтээгдэхүүн программ хангамжийн инженер, хөгжүүлэгчдийн дунд ихээхэн түгсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна