Автомат жолоодлоготой, хоёр суудалтай нисэх хэрэгсэл үйлдвэрлэгч компанийн мэдээлснээр Хятадад ирэх зунаас «нисдэг машин» хэмээн нэрлэж буй тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэж магадгүй байна.
Хятадын нисдэг машин үйлдвэрлэгч XPeng компанийн гүйцэтгэх захирал Дэли Жао 300 мянган ам.долларын буюу 225 мянган фунт стерлингийн үнэтэй, нам өндөрт нисдэг уг төхөөрөмжийг 2027 оны хоёрдугаар хагаст хөдөө орон нутагт амралт, зугаалгын зориулалтаар болон онцгой байдлын албад ашиглахад бэлэн болно гэж мэдэгджээ. Тус компани Гуанжоу дахь бааздаа нисдэг мотоцикл турших зэрэг ажлыг багтаасан арван жилийн хөгжүүлэлтийн эцэст Хятадын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас уг төхөөрөмжийг хязгаарлагдмал хүрээнд ашиглах зөвшөөрөл авсан байна.
Машины жижигхэн бүхээг нь Fiat 500 автомашинтай ойролцоо хэмжээтэй. Зай хураагуураар ажилладаг, дроныхтой төстэй зургаан сэнс төхөөрөмжийг агаарт хөөргөх бөгөөд энгийн удирдлагын бариулаар жолоодно. Мөн урьдчилан тохируулсан газарт бие даан нисэж очих боломжтой. Өөрөө нисгэгчийн сургалтад хамрагдсан Жао хэнийг ч тавхан минутад уг төхөөрөмжийг жолоодож сургаж чадна хэмээн мэдэгджээ.
Үнэд Ford Transit-тай ойролцоо хэмжээтэй, зургаан дугуйтай фургон машин багтана. Жаогийн тайлбарласнаар, нисэх төхөөрөмж нь фургоны арын хэсгээс яг л трансформерс буюу хэлбэрээ хувиргадаг робот шиг дэлгэгдэн гарч ирдэг. Тэрээр бараг арван жилийн турш нисдэг машин бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд «Харри Поттер»-ын зохиолуудад хүмүүсийн унан нисдэг амьтад, мөн «Хүн аалз»-ын комик дахь Ногоон Гоблины нисдэг скейтборд түүнд тодорхой хэмжээгээр санаа өгсөн гэж ярьжээ.
«Хүн бүр нисгэгч болох боломжтой цаг айсуй» гэж тэр мягмар гарагт Лиссабонд болсон Web Summit чуулганы үеэр хэлсэн байна. Тэнд дэлгэсэн төхөөрөмжийн туршилтын загварыг олон хүн цуглан сонирхжээ. Жаогийн хэлснээр уг төхөөрөмжийг ашиглах явцад одоогоор гэмтэж бэртсэн хүн гараагүй байна. Хэдийгээр «машин» гэж нэрлэж байгаа ч дугуйгүй тул үүнийг нисдэг тэрэг маягийн дрон гэж тодорхойлбол илүү тохирно. Анхны зорилтот хэрэглэгчид нь «шумбах, серфингээр хичээллэх, бартаат замаар машин жолоодох, нисэх сонирхолтой хүмүүс» гэж тэр ярьсан байна.
Элон Маск өнгөрсөн сард хүчтэй хийн тийрэлт ашиглан агаарт эргэлдэж, тонгорох чадвартай «нисдэг Tesla» загвараа танилцуулсан. Цахилгаан автомашин болон дроны технологийн хөгжүүлэлтээр АНУ, Хятад ширүүн өрсөлдөж буй энэ үед Жао Маскийн туршилтын загварыг «үнэндээ үсэрч, дэвхэрч л байгаа болохоос жинхэнэ утгаараа нисэж байгаа юм биш» гэжээ.
XPeng-ийн төхөөрөмж газрын гадаргаас нэг километр хүртэл өндөрт нисэж чадна. Энэ нь Cessna зэрэг бүхээгийг нь даралтжуулдаггүй хөнгөн онгоцны нисэх өндрөөс хавьгүй нам юм.
«Цаашдаа үнэхээр нисэж чаддаг шинэ үеийн загвар гарч ирэхийг харахсан гэж хүлээж байна» хэмээн тэр хэлжээ. Илон Маскийн үзүүлбэр циркийн үзүүлбэртэй төстэй эсэхийг асуухад тэр санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
Гэхдээ XPeng-ийн «нисдэг машин»-ы хэрэглээний хүрээ мөн хязгаартай. Үүнийг Хятадад нислэг үйлдэхийг зөвшөөрсөн паркийн бүсүүдэд, мөн онцгой байдлын албад хүрэхэд бэрх газарт очихдоо л ашиглах боломжтой юм. Нислэгийн зай нь 30 км буюу 18.6 миль. Харин зай хураагуурын энергийн нягтыг килограмм тутамд 400 киловатт болгон нэмэгдүүлснээр энэ зайг удахгүй хоёр дахин өсгөх аж.
Хятадын эрх баригчид дрон, нисдэг машин зэрэг нам өндөрт нисэх төхөөрөмжид түшиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхээр ажиллаж буй бөгөөд энэ төхөөрөмж ч уг бодлогын нэг хэсэг юм. Уг нисдэг машинаар эхлээд ачаа, дараа нь зорчигч тээвэрлэж, хөдөө орон нутгаас эхлэн хотуудад нэвтрүүлэхээр зорьж байна. Жаогийн хэлснээр Хятадад нисдэг тээврийн хэрэгсэл бүтээхээр ажиллаж буй 20 орчим компанийн нэг нь түүний компани аж.
«Ирээдүйд бүх машин далавчтай болж, тээвэр бүхэлдээ хоёр хэмжээсээс гурван хэмжээс рүү шилжинэ» гэж Жао ярьжээ. Тэрээр нисдэг машины хэрэглээг хөгжүүлэхээр Арабын Нэгдсэн Эмират Улс болон Зүүн Өмнөд Азийн орнуудтай хэлэлцээр байгуулсан гэж мэдэгдээд «Бид Европын зах зээлд аль болох хурдан нэвтрэхийг зорьж байна» гэсэн байна.
The Guardian
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна