Олимпын таван удаагийн аварга, Францын алдарт тамирчин Тедди Ринер ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр өөрийгөө зүүний ч, барууны ч үзэл баримтлалд хамаарахгүй, харин «хүмүүсийг нэгтгэхийг» эрмэлзэх хүн хэмээн тодорхойлов.
Эммануэль Макроныг залгамжлах ерөнхийлөгчийг тодруулах дөрөв, тавдугаар сарын санал хураалт хүртэл таван сар гаруйн хугацаа үлдээд байхад сонгуулийн өрсөлдөөн улс төрийн хоёр туйлын хүчний халз тулаан болох шинжтэй байна. Санал асуулгууд улс төрийн төвийн хүчнүүдийн дэмжлэг хумигдаж буйг харуулж байна. Түүнчлэн цагаачлалын эсрэг байр суурьтай «Үндэсний нэгдэл» намын удирдагч Марин Ле Пен тэргүүлэх магадлалтай, харин радикал зүүний удирдагч Жан-Люк Меланшон түүний араас явж байгааг илтгэжээ.
Ринер олон нэр дэвшигчтэй өрсөлдөөнд оролцохоо мэдэгдэв. эвч улс төрийн туршлагагүй, намын дэмжлэггүй учраас түүний ялах магадлал бага гэж шинжээчид үзэж байна.
Даваа гарагт тэрбээр хүмүүсийг нэгтгэж, Францад «эрүүл саруул ухаан, тууштай байдал, шударга ёс» авчрах хүн гэдгээ харуулахыг зорьжээ.
«Хүмүүс миний талаар юу гэхийг би мэдэж байна. “Тэр солиотой. Улс төрийн тогтсон хүрээний хүн биш. Тэндхийн бичигдээгүй дүрмийг мэдэхгүй. Хэзээ ч улс төр хийж үзээгүй” гэж хэлнэ» хэмээн Ринер олон нийтийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгтээ ярьсан байна.
Тэрбээр улсын өр огцом өсөж, хүнсний үнэ нэмэгдэж буйгаас эхлээд танил тал, овог нэр, арьсны өнгөөрөө давуу байдал эдэлдэггүй хүмүүсийн ирээдүй баталгаагүй байгаа зэрэг улс орныхоо өмнө тулгарсан асуудлуудыг дурджээ.
«Толгой гудайлгахаас татгалзаж, эмх замбараагүй байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг минь солиотой гэж үзвэл, тийм ээ, би бүрэн солиотой» гэж тэр хэлсэн байна.
Францын хамгийн хайр хүндэтгэл хүлээсэн тамирчнаар олон удаа шалгарч байсан Ринер арьс өнгөөр ялгаварласан доромжлол, цахим дарамтын давалгаанд өртсөнөөс хойш зургаан долоо хоног орчмын дараа энэ мэдэгдлийг хийв. Тэрбээр телевизийн спортын нэвтрүүлэгт оролцохдоо Францад хэт барууны хүчнүүдийн нөлөө өсөн нэмэгдэж буйд «түгшиж» байгаагаа хэлсний дараа ийм дайралтад өртсөн юм.
Түүнчлэн амьжиргааны өртгийг эсэргүүцсэн жагсаал цуглаан улс орныг донсолгож буй энэ үед тэрбээр нэр дэвшихээ зарлалаа. Жагсаал нь эвдэрч муудсан, хэт олон сурагчтай анги танхимынхаа нөхцөлийг эсэргүүцэн үргэлжилж буй сургуулийн сурагчдын тэмцлийг улам эрчимжүүлж байна.
Өдгөө 37 настай Ринер Францын Карибын тэнгис дэх нутаг дэвсгэр болох Гваделупт төрж, Парист өсжээ. Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдоход тохирох хүн гэдгээ тайлбарлахдаа татамид өрсөлдөгчдөө шидэж, даралт хийж ирсэн олон жилийн туршлагаа онцолсон байна.
«Тэмцэл миний амьдралын салшгүй хэсэг байсаар ирсэн. Тэмцэх, унах, тэгээд үргэлж босож ирэх гэж юу болохыг би мэднэ. Францад цээжилсэн үгээ давтаж, өдөржин хэрэлдэж суудаг мэргэжлийн улстөрч хэрэггүй" гэж тэр хэлжээ.
Даваа гарагт «Ле Паризьен» сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа тэрбээр өөрийгөө барууны ч, зүүний ч үзэлтэй хүн биш хэмээн тодорхойлсон байна.
Харин Францын хамгийн олонд танигдсан, нэр хүндтэй тамирчдын нэг Ринер илүү өргөн хүрээний асуудлуудад анхаарал хандуулжээ. «Улс орон маань одоо гүн гүнзгий хуваагдалд орчихоод байна. Өөрсдийгөө хуурах хэрэггүй» гэж тэр хэлэв. «Гэтэл ийм нөхцөлд францчуудыг хагалан бутаргахын оронд нэгтгэж чадах, үнэмшилтэй, шударга алсын хараа дэвшүүлж буй ганц ч нэр дэвшигчийг би олж харахгүй байна. Өнөөдөр хүмүүст жинхэнэ, чин сэтгэлийн итгэл найдвар өгч буй хүн алга. Байнга л нэг тал нь нөгөөгийнхөө эсрэг зогсож байна.» гэж тэр ярьжээ.
Францын хуульд заасны дагуу сонгогдсон албан тушаалтнуудаас нэр дэвшихийг нь дэмжсэн 500 гарын үсэг цуглуулахаар Ринер бэлтгэж байна. Өөрсдийн ирээдүйг төсөөлөхөд ч бэрх болсон залуу, ахмад хүмүүсийн нөхцөл байдал нэр дэвшихээр шийдэх сэдлийнх нь нэг болсон гэж тэрбээр ярьжээ.
«Хүсэл эрмэлзлээ алдаж, томыг зорихоо больсон хүмүүсийн уур бухимдлыг би сонсож байна. Зарим хүн тэр бухимдлыг үг яриандаа туйлын сөрөг өнгө аясаар давтан илэрхийлж байна. Гэтэл Франц бол агуу улс. Өнөөдрийн энэ хүн болж төлөвших, томоор мөрөөдөх боломжийг энэ улс надад олгосон. Яг тэр зүйл өнөөдөр дутагдаж байна. Тэр тэмүүлэл ч, тэр итгэл найдвар ч үгүй болжээ.» гэж тэр онцолсон байна.
Хэрэв сонгогдвол ерөнхийлөгчийн ажил, тамирчны замналаа зохицуулан 2028 оны Лос-Анжелесийн олимпод оролцох боломжтой гэж найдаж буйгаа ч хэлжээ.
Ринер Францын улс төрд хөл тавьсан анхны жүдоч болохгүй. Давид Дуйе жүдогоос зодог тайлснаас хэдэн жилийн дараа буюу 2009 онд Францын парламентад сонгогдож, улмаар 2011 оны есдүгээр сараас 2012 оны тавдугаар сар хүртэл спортын сайдаар ажиллаж байв.
Eurasia Group-ийн шинжээч Дани Подгорецкая Ринерийг бодит өрсөлдөгч гэж үзэх магадлал тун бага хэмээн хэлжээ. «Ерөнхийлөгчийн албан тушаал асар их эрх мэдэлтэй учраас францчууд ерөнхийлөгчийн сонгуульд маш нухацтай ханддаг. Түүнд сонгуульт албан тушаал хашиж байсан туршлага байхгүй, нам байхгүй, одоогоор нарийвчилсан мөрийн хөтөлбөр ч алга» гэж тэр Франс Пресс агентлагт ярьсан байна. «Популизмыг эсэргүүцэгчдийн саналыг нэгтгэж чадах, хүнд үед итгэл найдвар төрүүлэх нэгэн гарч ирэх боломжийг би одоо ч үгүйсгэхгүй. Гэхдээ тэр хүн нь Ринер мөн гэдэгт эргэлзэж байна.» гэж мөн хэлжээ.
Олон улсын тавцанд юуг тэргүүлэх зорилтоо болгох талаар асуухад Ринер АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж магадгүй тухай хошигножээ.
«Ойр тойрны маань олон хүн Дональд Трамптай анх удаа гар барих тухай минь ярьж байгаа» гээд инээмсэглэн «Хэнийх нь атгалт илүү чанга байхыг харъя даа» хэмээсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна