1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Калуга хотноо нэгэн хар арьст хүү мэндэлжээ. Хачирхалтай нь хар хүүгийн аав, ээж хоёр нь хоёулаа оросууд. Өөрөөр хэлбэл, цагаан арьстнууд. Тэгтэл хүү нь хар!
Эхлээд содон арьстай хүүгийн аав ээж хоёрын нэрийг танд цээжлүүлье. Аавыг нь Игорь Юрьев, ээжийг нь Марина Юрьева гэнэ. Цаашид их олон үйл явдал өрнөх тул цээжлүүлж буй юм шүү.
За ингээд хав хархан хүүтэй болсныхоо дараа Игорь уурлаж, бухимдаж, цамнаж гарчээ. Ихэнх эрчүүд тэгэх л байсан байх. Эхнэрийгээ худалч хуурмаг амьтан гээд харааж зүхээд, үзэн яджээ. Харин эхнэр Марина нь хар хүнтэй “юу яасан” удаагүй тул мэл гайхаж цэл хөхөрч байна л гэж. Гэнэт юун хар хүүхэд хаанаас гараад ирэв?
Амаржих газраас асуутал эх барьж авсан эмч, сувилагч хоёр мөрөө хавчаад “Бүү мэд. Ийм хүүхэд төрсөн” гээд өнгөрчээ. Гэр бүл дотор дайн болсон юм байгаа биз дээ. Игорь цамнаж цамнаж байгаад эхнэрээ өнөөх хар хүүтэй хамт орхиод явчихлаа.
Харин Марина хүүхдээ тэрэг дээр түрээд, бусад эхчүүдээс зайдуухан явж байгаад өндөр чулуун шатнаас унаад, ухаан алдчихсан байхыг нэгэн хүн олж, түргэн тусламж дууджээ. Хар хүү харин зүв зүгээр гэнэ. Марина эмнэлэгт ухаангүй хэвтэж байх зуур мөрдөн байцаагч иймэрхүү хэрэгт нөхрийг нь эхэлж сэжиглэдгийн дагуу сэжиглэжээ.
Эхлээд Маринаг амиа хорлох гэсэн байж болзошгүй гэж үзэв. Гэтэл хэрэг явдлын гэрч гэх нэгэн гарч ирлээ. “Тэр бүсгүйг нэг мотоциклтой нөхөр дайраад унагаачихсан” гэж гэрч хэлжээ. Нөхөр Игорь нь мотоцикл унадаг тул мөрдөн байцаагч шууд л нөхрийг нь баривчлахаар яаран замдаа гарчээ.
Игорийн байгаа газар яваад очтол байдаггүй гэнэ. Гэтэл цагдаагийн лавлах утсанд нэгэн мэдээлэл ирэв. “Нэг хар арьстай эрийг хүн хөөгөөд, алах гээд байна!” гэжээ. Ингээд цагдаагийн бие бүрэлдэхүүн тийш хар хурдаараа яваад очтол Игорь Юрьев нэгэн хар арьстай эрийг элдэж хөөгөөд байж байх юм гэнэ.
Игорийг баривчлаад, мэдүүлэг авахад “Хүүхэд өнгөт арьстай гарсанд бухимдсан” гээд ярьж өгчээ. Харин тэр өнгөт арьстай нөхөр бол Калуга хотын комбинатад гэрээгээр ажиллаж буй Францын химич байж. Хотод нь бараг ганц л хар арьстан байх тул гарцаагүй тэр л эхнэртэй нь явалдсан хэрэг. Ингэж л Игорь сэтгэж, элдэж эхэлсэн байна. Мөрдөн байцаагч мэдүүлгийг нь сонсоод эр хүний хувиар ойлговч, эрүүгийн хэрэг нээхээс өөр аргагүйд хүрлээ. Эрүүгийн хэрэг нээдэг нь хар нөхрийг зодох гэж дайрсанд биш харин эхнэрийгээ мотоциклоор дайрч, амийг нь хөнөөх гэсэнд. Гэвч Игорь “Би биш” гээд хэргээ хүлээдэггүй гэнэ дээ. Гэлээ ч хэрэг гарах өдөр хаана, хэнтэй байснаа баталж чадаагүй тул шууд хорьжээ.
Гэтэл маргааш нь Коммунист намын салбар хорооны томоохон албан тушаалтан Наталья Рудинская гэх авгай мөрдөн байцаагчийн өрөөнд морилон очиж, тун найрсгаар “Игорь Юрьев бол миний жолооч. Хэрэг гарах өдөр цагт ажлынхаа байранд байсан. Би түүнийг машиныхаа дэргэд уйтгарлан зогсоог цонхоороо харж байсан” гэжээ. Коммунист намын том дарга ингэж нотолгоо хэлсэн тул Юрьевийг тэр дорхноо суллалаа.
Мөрдөн байцаагчийн сонирхол одоо хар нөхөр дээр буув. Фабьен гэх тэр залуухан францтай уулзахад яриа хөөрөөтэй эр байж таарчээ. “Би тэр эмэгтэйн тухай хүмүүсээс сонсоод өрөвдсөн юм. Тэгээд л очиж уулзсан. Нэг л удаа. Хэцүү байхад нь тусалж болно шүү л гэсэн. Гэвч тэр надаас ямар ч тус авахгүй гэсэн” хэмээн Фабьен мэдүүлжээ.
Мөрдөгчид өөр сэжүүр гарч ирсэнгүй. Одоо Маринаг ухаан орохыг л хүлээх үлджээ. Марина ч ухаан орлоо. Тэр даруй хэн дайрсныг нь асуухад “Миний нөхөр лав биш шүү!” гэжээ. Ингэснээр Игорь хэрэгтэн болох аюулаас бүрэн аврагдав.
Үүнээс хойш Игорь хэдэн хоног бодолхийлсний дараагаар эхнэртэйгээ эвлэрэхээр шийдэж, өнөөх хар хүүгийнхээ аав ээж болж амьдаръя гэжээ. Гэхдээ эхлээд удамшлын шинжилгээ, судалгаа өгье гэсэн байна. Тухайн үед ДНХ-гийн шинжилгээ гэж байсангүй. Удамд нь хар арьстай хүн байсан эсэхийг судлуулья гэсэн хэрэг. Ингээд судалгаа өрнөж байх зуур үйл явдлууд зогсолтгүй үргэлжиллээ.
Амаржих газрын эх барих эмч Евгений Барышников гэнэтийн ослоор өөд болчихов. Ачааны машинд дайруулчихаж. Дайрсан ачааны машины жолоочийг баривчлаад мэдүүлэг автал “Тэгэхэд би гэртээ байсан. Машиныг хэн хулгайлж унасныг ёстой мэдэхгүй” гэжээ. Хамгийн гол нь хар хүүг эх барьж авсан эмч нь Барышников байж таарав. Хачин тохиолдол биз? Ингээд эх барихад хамт байсан сувилагч Ирина Соничеваг дуудаж, мэдүүлэг авчээ. Сувилагч эмэгтэй төрөлт ердийн болсон, тэр хүүхэд гарцаагүй Маринагийнх гэснээс өөр юм хэлсэнгүй. Гэхдээ хашир туршлагатай мөрдөгч Соничевад түгшүүр сандрал байгааг анзаарчээ. Энэ нь ямар нэг юм нууж байна гэсэн үг гэж таав.
Гэлээ ч Соничеваг эрх чөлөөнд нь орхиод, хэргийн өөр ул мөр хайх болжээ. Энэ зуур Соничевагийн цогцос эмнэлгийн зоориноос олдож, байдал улам хүндрэв. Эмнэлгийн ажилтнуудаас сэжигтэй хүн харсан, анзаарсан эсэхийг асуухад “Дадлага хийж байгаа гээд нэг эрэгтэй байсан. Дадлага хийж байгаа гэхэд нас нь нэлээн явчихсан санагдсан учраас би санаж байна” гэж эмнэлгийн нэгэн ажилтан хэлжээ.
Юрьевийн гэр бүлийн судалгааны хариу энэ хооронд ирж, тэдний удамд өнгөт арьстай хүн байгаагүйг архивын баримтаар нотлов. Энэ нотолгоо нь Амаржих газарт л учир байна гэсэн чиг рүү эргэлт буцалтгүй хөтөллөө.
Хэргийг өмнө нь ял үүрч байсан хүнээр захиалан хийлгэсэн байна гэж мөрдөгч тааварлажээ. Ингээд хотынхоо ял сонсон этгээдүүдийн зургуудыг эмнэлгийн ажилтнуудад харуулсан байна. Тэгтэл нэг нь дадлагажигч мөн байна гэлээ. Тэр этгээд бол Фёдор Шаповал гэгч. Хэд хэдэн хэрэг үйлдэж, ял эдэлж явсан нөхөр.
Шаповалыг яаралтай эрэн сурвалжилж, байгаа газраас нь баривчилжээ. Хэрэгтэн захиалагчаа тэр дорхноо зааж өгсөн байна. Харин хэнийг заасан нь мөрдөгчийг бүр алмайруулж орхижээ. Захиалагч нь түүний албан өрөөнд орж ирсэн Коммунист намын салбар хорооны томоохон албан тушаалтан авхай Наталья Рудинская байлаа...
Рудинскаяг удаж төдөлгүй баривчиллаа. Баривчлагдсан авхай гэм буруугаа хаацайлах ч гэсэнгүй. Бардам, хүйтэн өнгөөр хийсэн хэргээ ний нуугүй ярьж эхэлсэн байна. Наталья жолооч залуу Юрьевт жаахан охин шиг дурлачихаж. Хэзээ нэгэн цагт өөрийн болгоно доо гэж харж явтал эхнэр нь жирэмсэн болсон сураг сонсогджээ. Тэгмэгц дурласан эрээ үүрд алдаж буйгаа мэдрээд, элдвийн арга бодох болжээ. Ингээд бодож бодож олсон зүйл нь их хорон. Хүүхдийг нь төрмөгц өөр дээрээ аваад, харин эхнэр Маринад нь өөр хүний гологдсон хүүхдийг өгчихье гэж шийдсэн байна. Өшөөгөө авч байгаа санаа нь л тэр байх даа. Эсвэл хүүхдийг нь авчихвал Юрьевийн ядаж нэг хэсэг өөртэй нь хамт байна ч гэж бодсон байж болно.
Ингээд гологдсон хүүхдүүдээс Маринад өгөөд хүүхдийг солих ажлыг эмч Барышниковтой ярьж тохирчээ. Гэтэл Маринаг төрөхөд гологдсон ганц хүүхэд нь хар хүү байж таарч. Тухайн богинохон агшинд Рудинская шийдэхдээ “Ийм хүүхдийг хараад эхнэртээ итгэхээ больж, хаяна. Тэгээд минийх болох боломж бүрдэнэ. Сохорсон биш завшив гэгч боллоо” гэж тооцжээ. Энэ ажлаа Барышников болон сувилагч хоёрыг хахуульдаад шийдчихлээ.
Төлөвлөгөө нь ийнхүү бүхэлдээ төгс гэмээр бүтсэн ч эмч Барышников хийсэн хэрэгтээ сандарч, түгшээд байжээ. Хэзээ нэгэн цагт Юрьевийнхэн архиваас удамшлын судалгаагаа хийлгээд үнэнийг мэднэ, тэгээд хүүхдийг сольсныг ойлгоно гэж айсан хэрэг. Ингээд бодож бодож, эхнэрээ эмнэлгээс гаргахаар ирэхдээ уур бухимдалдаа эзлэгдэж харааж зүхээд байсан Игорийг хэрэгтэн болгохоор шийджээ. Игорийг мотоцикл унадгийг нь тооцоод, дуулга өмсөж байгаад мотоцикл унаж давхиж очоод эхнэр Маринаг нь дайрчээ. Энэ бол эхнэрээ Игорь хөнөөсөн болгоод хэргийг нэгмөсөн төгсгөл болгох гэсэн санаа байлаа.
Гэвч Марина амьд гарч чадав. Тэгмэгц Рудинская сандарч эхэлжээ. Тиймээс хэргийн ул мөрийг арилгахын тулд эмч Барышников болон сувилагч Соничева нарыг бүрмөсөн зайлуулахаар шийдэж, Шаполавт ихээхэн хэмжээний мөнгө атгуулж, аллага захиалжээ. Хамгийн сүүлд Шаполавыг хөнөөснөөр хэргээс хуурай гарахаар Рудинская тооцсон ч амжаагүй байхад нь хэргийг илрүүлчих нь тэр. Ийм л хэрэг явдал Зөвлөлтийн нэгэн хотод болоод өнгөрчээ.
Альбер Камю нэгэнтээ “Дэндүү ойлгомжтой мэт санагдаж буй зүйлд дүгнэлт хийх гэж яараагүй хүн илүү сэтгэж чаддаг” гэж хэлсэн байдаг. Өнгөц харахад, хар эртэй явалдсан эхнэрээ нөхөр нь бухимдахдаа хөнөөсөн “дэндүү ойлгомжтой” хэргийн цаана ийм адармаа нуугдаж байлаа.
Эх сурвалж: SSS19 пэйж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна