2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр бөмбөг тавьсан гэх сүрдүүлэг дахин олноор ирж, Европ даяар агаарын тээврийн хөдөлгөөнийг саатуулсан ч нисэх онгоцууд аюулгүй газардсан бөгөөд нэгжлэгээр тэсрэх төхөөрөмж илрээгүй байна.
Энэ удаагийн сүрдүүлэг Болгар, Кипр, Чех, Франц, Унгар, Итали, Португал, Румын болон Их Британи руу чиглэсэн болон эдгээр улсаас хөөрсөн дор хаяж 18 нислэгт нөлөөлжээ.
Данийн цагдаа Копенхагены нисэх буудалд чиглэсэн сүрдүүлгийг шалгасан боловч нисэх буудлын удирдлага үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө мягмар болон пүрэв гарагт ирсэн сүрдүүлгүүдийн улмаас 35 нислэгийн чиглэлийг өөрчлөх, эсвэл онгоцуудад нэгжлэг хийх шаардлагатай болсон юм. Удаа дараа гарч буй эдгээр тохиолдол нь зорчигчдын аяллыг үймүүлэх зорилготой, зохион байгуулалттай ажиллагаа эсэх нь анхаарал татаж байна.
Болгар, Ирланд, Их Британи зэрэг Европын орнуудын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр энэ долоо хоногийн сүрдүүлгүүдийг үйлдсэн хэмээн мэдэгдсэн нэг бүлэг хэд хэдэн хэвлэлд цахим шуудан илгээж, Европ даяарх тээврийн салбарын эсрэг дахин халдлага үйлдэхээ анхааруулжээ. Уг захидалд “Энэ бол зөвхөн эхлэл” гэж бичсэн хэмээн мэдээлсэн байна.
Энэ удаагийн сүрдүүлэг Прага руу болон тус хотоос үйлдсэн дор хаяж есөн нислэг, Францын агаарын орон зайгаар нисэж байсан дөрвөн нислэг, София руу чиглэсэн хоёр нислэг, мөн Лиссабоноос Ром руу нисэж байсан нэг нислэгт нөлөөлжээ. Унгар улс агаарын орон зайд нь нисэж байсан иргэний нисэх онгоцуудыг дагалдуулахын тулд сөнөөгч онгоцуудаа гурван удаа шуурхай хөөргөсөн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд цахим хуудастаа мэдэгджээ.
Эдгээр нислэгийн саатал цааш дам нөлөө үзүүлсэн боловч нийт нислэгийн маш бага хувийг эзэлсэн. Агаарын хөдөлгөөний удирдлагын Eurocontrol байгууллагын мэдээлснээр баасан гарагт Европт хийхээр төлөвлөсөн 26,709 нислэгийн ердөө 0.0674 хувь нь уг сүрдүүлэгт өртсөн байна.
Мөн баасан гарагт Ирландын хэвлэл мэдээллийн байгууллагуудад чиглэсэн өөр нэг цуврал сүрдүүлгийн улмаас нэвтрүүлгүүд тасалдаж, ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэн, цагдаа нар албан байр болон мэдээний редакцуудад нэгжлэг хийжээ.
RTÉ Radio 1 радио хөтөлбөрийн дагуу нэвтрүүлгээ дахин явуулж эхэлсний дараа Ирландын Ерөнхий сайд Михол Мартин тус радиод ярихдаа ийм сүрдүүлэгт нухацтай хандах ёстой бөгөөд эдгээр нь айдас, түгшүүр төрүүлэх оролдлого гэж хэлсэн байна.
“Саад учруулж, нийгмийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нь харьцангуй хялбар байж болдгийг энэ харуулж байна” гэж Мартин хэлээд Европын аюулгүй байдлын байгууллагууд буруутай этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага хүлээлгэхээр ажиллана гэжээ.
Их Британийн Sky телевиз мөн аюулгүй байдалд нь заналхийлсэн сүрдүүлэг хүлээн авч, энэ талаар холбогдох байгууллагуудад мэдэгдсэнээ баасан гарагт мэдээлжээ.
Энэ долоо хоногийн эхээр Европын долоон улсын супермаркетуудын хөргөлтийн систем кибер халдлагад өртсөн юм.
Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони эдгээр хуурамч сүрдүүлэг болон сүүлийн үеийн кибер халдлагууд “бүгд хоорондоо холбоотой” эсэх нь тодорхойгүй байгааг мэдэгдсэн байна. Тэрбээр “Гэхдээ энэ бүхэн нэг зүйлийг тодорхой харуулж байна. Өнөөдөр иргэний зориулалттай дэд бүтэц халдлагын бай болж байна” гэж хэлжээ.
НАТО нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж, холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллаж байгаа талаар тус эвслийн цэргийн өндөр албан тушаалтан мэдээлсэн байна.
Агаарын тээврийн компаниуд болон бусад газарт чиглэсэн эдгээр хуурамч сүрдүүлгийг дайсагнасан террорист бүлэглэл, эсвэл Орос, Иран зэрэг улс зохион байгуулсан гэх нотолгоо байхгүй ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мөрдөгчид мэдэгджээ.
Болгар, Ирланд, Их Британи болон бусад орны хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлснээр энэ долоо хоногийн сүрдүүлгүүдийн хариуцлагыг өөртөө хүлээсэн нэг бүлэг Европ даяарх тээврийн салбарын эсрэг дахин үйлдэл хийх тухай цахим шуудангаар анхааруулсан байна.
Уг захидалд “Энэ бол зөвхөн эхлэл” гэж бичсэн хэмээн мэдээлжээ. Захидал дахь мэдэгдлүүд нотлогдоогүй байна.
Пүрэв гарагт ирсэн зарим сүрдүүлэгт “Эрчүүдийн улсын тэмцэгчид” гэж гарын үсэг зурсан байжээ. Энэ нь 2016 онд байгуулагдсан, хэт барууны болон хэт үндсэрхэг үзэлтэй, эмэгтэйчүүдийг үзэн яддаг Оросын “Эрчүүдийн улс” (Male State) хөдөлгөөнийг заасан нэр юм. Тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Владислав Поздняков баасан гарагт Telegram-д нийтэлсэн мэдэгдэлдээ уг үйл явдалд оролцсон гэх мэдээллийг няцааж, тус бүлэг 2021 оноос хойш оршин тогтноогүй гэж мэдэгджээ.
Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украиныг Европ дэмжиж байгаатай эдгээр удаа дараагийн саатал холбоотой гэж зарим албан тушаалтан сэжиглэж байна.
Испанийн Гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес буруутай этгээдүүдийг тогтооход эрх бүхий байгууллагуудад илүү хугацаа хэрэгтэй ч эдгээр үйл явдалд нийтлэг хэв маяг ажиглагдаж байгааг хэлжээ.
“Европ даяар яг ижил арга барилаар ийм олон хэрэг гарч байгаа нь зүгээр нэг санамсаргүй давхцал байж таарахгүй” гэж тэрбээр ярьсан байна.
“Бид гибрид түрэмгийллийн оролдлого, сэтгэлзүйн дайны нэг хэлбэртэй тулгарч байна гэж таамаглах нь хамгийн үндэслэлтэй” гэж тэр хэлээд Европ цаашид ийм төрлийн сорилттой дахин тулгарахад бэлэн байх ёстойг нэмж онцолжээ.
Лондоны Метрополитан цагдаагийн газрын дарга Марк Роули нөхцөл байдалд тайван, бодлоготой хандахыг уриалж, цэрэгжсэн бүлэглэлтэй тэмцэж байсан өмнөх туршлагаас чухал сургамж авч болно гэжээ. Тэрбээр “10 пенсийн терроризм” гэх хэллэгийг эргэн сануулжээ. Зоосоор ажилладаг нийтийн утасны бүхээгээс бөмбөг тавьсан гэж хуурамчаар мэдээлсэн ганц дуудлага бүхэл бүтэн хотын үйл ажиллагааг саатуулж чаддаг байсан тул эрх баригчид бодит аюулыг хуурамч сүрдүүлгээс ялгах шаардлагатай болдог байв.
Аюул заналын орчин өөрчлөгдөж, дэлхийн өнцөг булан бүрийн этгээдүүд, түүний дотор дайсагнасан улсуудаас дэмжлэг авдаг этгээдүүд оролцож байгаа учраас эрх баригчид үүнд дасан зохицох шаардлагатай гэж тэр онцолжээ.
“Цахимаар хүлээн авсан зурвас бүртээ хэт хариу үйлдэл үзүүлэхгүй байхын тулд бид тэрхүү арга барилд дасан зохицох хэрэгтэй болно” гэж тэр ярьжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна