Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Хамба лам Д.НАЦАГДОРЖ:
Сүүлийн үед хүмүүс өглөө өлөн явдаг болж. Энэ бол өвдөхийн үндэс суурь юм. Бидний ихэс дээдэс, аав, ээж, өглөө өлөнгөө тайл гэдэг байсан. Тэр нь цаанаа уламжлалт анагаах ухааны маш том онол ярьж байж л дээ. Оточ маарамбууд ард түмний дунд энэхүү үгийг бий болгож, бүр нутагшуулсан байж.
Өлөн буюу өлсгөлөн үед бие, сэтгэлийн үйлийг үйлдэх нь хий өвчин үүсэх нөхцөл болно. Учир нь өглөө босох үе буюу 03:40-07:40 цагийн хооронд хий босдог. Энэ үеэр өлөн явах нь хийн хөнгөн, ширүүн зэрэг билэг чанарыг арвидуулан олон өвчин үүсэх нөхцөл болж байна. Тиймээс өглөө босоод хий өвчний ерөндөг болсон тослог бүлээн амт, чадал эрдэмтэй хоол ундыг хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр өвчингүй эрүүл байх нэг үндэс болохын зэрэгцээ чих шуугих, нүд бүрэлзэх, арьс хуурайших, яс үе мөч өвдөх, хоол шингээлт муудах, зүрх судасны өвчнүүд, бөөр бэлхүүсний өвчин зэргээс урьдчилан сэргийлнэ.
Мөн өлөн явж хийн үйл ажиллагааг буруудуулбал шарын орныг булааж цөсийг хорлодог. Олон жил өлөн яваад байх юм бол цөс, элэг, ходоод бүгд өөрчлөлтөд орно. Энэ нь хийгээр үлээгдсэн цөсний чулуу бэтэг гэдэг өвчнийг үүсгэдэг. Өрнийн анагаах ухаанд өлөн явснаар цөсний полир үүсдэг гэж үздэг. Энэ нь уламжлалт анагаах ухаанд бол цөсний бэтгийг хэлдэг. Тиймээс өглөө заавал үр хүүхдэдээ болон өөрсдөө бага ч гэсэн юм идэж ууж сурах хэрэгтэй. Үгүй ядаад буцалсан зөгийн балтай ус ч болов уулгаж өлөнг нь дарж байгаарай гэж хэлмээр байна.
Өглөө юм идмээргүй байна гэдэг хүүхэд байдаг. Ходоод, шингэлтийн эрхтэнд асуудал байгаа болохоор хоолны дуршил төрөхгүй байгаа юм. Энэ нь эргээд асар олон өвчнийг бий болгоно. Тиймээс хэрвээ тийм хүүхэд байдаг бол бидэн дээр аваад ир. Бид хэдэн эм өгөөд танай хүүхдийг ходоод, гэдэсний өвчнөөс нь салгаад өгнө. Хүүхэд чинь өөрөө нэхэж хоол ундаа иддэг болно. Өглөө өлөнгөө тайлчихаар тэр хүн нэлээд том хүч аваад биед нь хий бадганы шарын хямрал хэвийн байдалд орж эрүүл байх үндэс бий болгодог. Өлөнгөө тайл гэдэг ихэс дээдсийн сургаж байсан үг бол уламжлалт анагаах ухааны хаашаа ч хөдөлшгүй онол байж. Бид энэ онолыг дагаж амьдрахгүй бол орчин цаг гэж олон юм ярьж хашхираад хэрэггүй юм байна шүү дээ. Үр хүүхэд, гэр бүлдээ
өглөөний цай уух дадлыг бий болгоорой. Өлөнгөө тайлж сургах хэрэгтэй.
Бүтнээр нь уншихыг хүсвэл Хамба лам Д.Нацагдоржийн ярилцлагын эмхэтгэл "Гурван цагийн үйлсийг тэтгэгч" I, II боть номоос...
Эх сурвалж: Манба Дацан нэгдсэн эмнэлэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна