Улсын математикийн олимпиадын 5 удаагийн аварга-шилдэг математикч, Олонлог сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Баяржаргал багш өөрийн цахим хуудастаа өнөөгийн хүүхдүүд яагаад нэг зүйл дээр удаан төлвөрч чадахаа больсон талаар ийнхүү бичжээ.
Б.Баяржаргал "Одоо үеийн хүүхдүүдийн анхаарал яагаад ийм сул болчихов?
Би олон жил хүүхдүүдэд математик зааж байна. Сүүлийн жилүүдэд нэг зүйл их ажиглагдаж байгаа. Хүүхдүүд урьдынх шигээ нэг зүйл дээр удаан төвлөрч чадахаа больж. Бодлогоо хоёр мөр уншаад л "мэдэхгүй ээ" гэчихдэг. Арван минут суулаа гэхэд гар нь утас руу явчихна.
Би зааж чадахаа больчихов уу гэхээр үгүй ээ. Сургуулийн маань багш нар бас л адилхан зүйл хэлцгээж байна. Энэ талаар мэдээлэл сонирхоод хүүгээрээ хайлгаж үзтэл 2025 онд Cambridge International гэж байгууллага дэлхийн олон орны 3000 гаруй багшаас судалгаа авч. Тэдний 88% нь сурагчдын анхаарал буурсан, 72% нь хүүхдүүд хэцүү сэдэв дээр огт төвлөрч чадахгүй байна аа, 64% нь уртавтар даалгаваруудыг хийж чадахгүй байна гэсэн байна. Тэгэхлээр ер нь дэлхий даяар л иймэрхүү байдалтай байгаа аж.
Судалгаанд оролцсон багш нарын ихэнхи хувь нь шалтгааныг нэг зүйлтэй холбосон нь нөгөө л утас, дэлгэц. Тэр дундаа "Shorts, Reels, TikTok" гэх мэт богино бичлэгүүд.
Би ч бас хүүхдүүд яг юу үзээд байгааг сонирхож харсан юм. Ихэнх нь хэдхэн секундийн, утга агуулгагүй, хачин инээдтэй бичлэгүүд байсан. Хүүхдүүд өөрсдөө ийм бичлэгийг “brain rot” буюу "тархи ялзруулагч" гэж нэрлээд, инээгээд л үзээд байдаг юм байна. Нэр нь хүртэл юу болоод байгааг хэлж өгч байгаа юм шиг санагдсан.
Ийм утгагүй бичлэг яагаад хүүхдийг ингэж татаад байдаг юм бол? Тархинд допамин гэдэг бодис байдаг. Энгийнээр хэлбэл хүнийг "дахиад" гэж хүсэл төрүүлэх бодис. Харин богино бичлэгүүд яг үүн дээр л ажилладаг юм байна. Бичлэг бүр хэдхэн секунд. Дараагийнх нь юу байхыг мэдэхгүй учраас гүйлгэх бүр жижиг сугалаа шиг санагдана. Ердөөсөө зовж зүдрэхгүйгээр энэ бичлэгнүүдээсээ кайф авчихдаг. Өдөржин ингэж суугаад байхаар тархи хурдан, амархан таашаалд дасчихсан. Зовж зүдрээд, хийж бүтээж байж авах ёстой таашаалыг тийм аргаар мэдрэх хүсэлгүй болчихсон. Математикийн хэцүү бодлогыг яаж ийж байгаад бодох ямар сайхан гэж санана аа.
Асуудал нь гэвэл математикийн бодлогын тэр кайф гэдэг амархан ирэхгүй. Хэд хэдэн алхмыг толгойдоо барьж, тайван бодож байж л хариуд хүрэх учраас. Хурдан "шагналд" дассан тархид энэ нь тэвчишгүй удаан санагддаг. Тэгээд л хүүхэд "математик чинь хэцүү" гээд бодоод байгаа юм. Үнэндээ дутаад байгаа зүйл нь тэвчээр, саадгүй тайван цаг л байна шүүдээ.
Багш нарт ч хэцүү болсон. Бид самбар, шохойтой. Харин хүүхдийн гарт байгаа апп-ыг мянга мянган инженер хүний анхаарлыг аль болох удаан барихаар бүтээсэн. Тэнцүү өрсөлдөөн биш л дээ.
Гэхдээ сайн мэдээ гэвэл анхаарал бол булчин шиг юм байна. Сулардаг ч дахин дасгалжуулж болдог. Харин үүнд гэр бүлийн оролцоо маш чухал. Тухайлбал:
1. Хичээл хийх үед утсыг өөр өрөөнд байлгах.
2. Гэрийн даалгаврын яг өмнө богино бичлэг үзүүлэхгүй байх.
3. Эхлээд 15 минут сатааруулалгүй хийлгээд, дундаа бага зэрэг завсарлаад явах, бага багаар энэ хугацаагаа уртасгах.
4. Ном, шатар, таавар гэх мэт тэвчээр шаарддаг зүйлд дуртай болгох.
5. Хүүхэд бидний хэлснийг дагах биш, хийснийг дуурайдаг гэдгийг санах.
Технологийг хориглоод яахав. Угаасаа хөгжиж байгаа нь үнэн. Харин хүүхэд утсаа удирддаг байх ёстой болохоос утас хүүхдийг удирддаг байж болохгүй.
Эх сурвалж: Cambridge International (2025), багш нарын судалгаа" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна