С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХАМГИЙН ТОМ ЗОРИЛГО БОЛООД БАЙНА

Admin
12 цагийн өмнө

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Эзэн Чингис хаанаас эхтэй элэг, сэтгэл нэгт монголчууд аа,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд, төрийн түшээд ээ,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эх орондоо болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа нийт монголчууд, эсгий туургатан элгэн түмэндээ Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Монгол бахархлын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт улсаар бахархаж, тэдний үлдээсэн үнэт өвийг хамгаалан бэхжүүлж, ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх эрхэм үүрэг, түүхэн хариуцлагаа ухамсарлах бэлгэдэлт өдөр юм.

820 жилийн тэртээ Алтай, Хангай, Хэнтий, Саяны их нурууд, говь, талын уудам орон зайд тархсан Мөнх Тэнгэрийн үр садыг Чингис хаан нэгэн жолоонд нэгтгэн, монголчуудын төрт ёсны шинэ түүхийг өртөөлж Их Монгол Улсыг байгуулсан билээ.

Энэхүү их үйл хэргийн тэгш дүүрэн ой өнөө жил тохиож буй нь Монгол бахархлын өдрийн утга агуулга, ач холбогдлыг өндөрт өргөж буй хэрэг юм.

Модун Шаньюй тэргүүт дээдэс өвгөдийн байгуулсан Хүннү их гүрэн талын нүүдэлчин түмний төрт ёс, цэрэг захиргаа, зохион байгуулалтын их өв соёл болон уламжлагдаж, эзэн Чингис хааны Их Улсаар төгөлдөржин мандсан түүхтэй.

Нийтийн тооллоос 200 гаруй жилийн өмнөөс тоологддог Хүннү гүрний суут түүх орчин цагийн шинжлэх ухаан, археологи, антропологийн ололт нээлтүүдээр баталгаажин, улам урагш ахисаар байгааг энэ бахархалт өдөр Улсын Их Хурлын хүндэт индрээс онцлон тэмдэглэе.

Эзэн зарлигтай, Их хуралдайн тогтоолтой Их Монгол Улс Евразийн өргөн уудам нутагт өрнө дорныг холбосон эх газрын бодлогыг зангидан, нэгдсэн төр, хууль цааз, чөлөөт худалдаа, өөр хоорондоо ялгаатай өв соёл, шашин шүтлэгийг хүндэтгэх бодлогоор олон үндэстнийг манлайлан дагуулж, Эв, Энх, Эрхэмлэл хүндлэлийн гүн их ёс журмаараа дэлхийн дэг журмыг цогцлоосон билээ.

Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол Улс үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хаан голомт, төрт ёсоо хүрээлэн нягтарч, эзэнт гүрнийхээ оршин тогтнох үндсийг бат бөх тавьсан нь эдүгээ хүртэлх олон зууны түүхэнд үл давтагдах гавьяа юм.

Та бид бахархалт дээдсийнхээ эв нэгдэл, сахилга хариуцлага, төрт улсаа дээдлэх үзэл, өөрийн төдийгүй өрөөл бусдын шашин соёлыг хүндэтгэх их ухаанаас суралцаж, өвлүүлэн үргэлжлүүлэх нь хамгаас чухал юм.

2026-11-10 10.39.05.jpg

Эрхэм хүндэт төрийн түшээд ээ,

Монголчууд бид төрт ёсны эртний түүхтэйн зэрэгцээ төрийн чухал асуудлыг хамтаар хэлэлцэж, зөвлөлдөн шийдвэрлэдэг өнө эртний уламжлалтай.

Хүннү гүрний үеийн Цэцдийн зөвлөл, Их Монгол Улсын үеийн Их Хуралдай нь энэхүү уламжлалын тод илэрхийлэл юм.

Их Хуралдай бол хаанаа өргөмжилж, төрийн залгамж халаа, дайн ба энхийн асуудлыг хэлэлцэн, улс орны хувь заяаг шийдвэрлэдэг төрийн дээд чуулган байсныг түүхэн эх сурвалжууд гэрчилдэг.

Энэ бол монголчууд төрийн чухал шийдвэрийг зөвлөлдөн хэлэлцэж, хамтаар батлах соёлыг олон зууны өмнөөс төлөвшүүлж ирсний баталгаа юм.

Олон талын оролцоог хангаж, санал бодлыг хэлэлцэн зөвшилцөх нь Монгол төрийн эртний уламжлал, өнөөгийн парламентат ёсны үнэт зарчим мөн.

Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар ард түмэн төрийн эрх барих эрхээ төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх ардчилсан тогтолцоог баталгаажуулсан.

Өнөөдөр Улсын Их Хурал 126 гишүүнтэй болж, жинхэнэ утгаараа ард түмний засаглах индэр байж, олон ургалч үзэл, зөвшилцөл, парламентын ардчиллыг бэхжүүлэх, иргэндээ ээлтэй, ил тод, иргэдийн оролцоотой, тэдний хяналт бүхий НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТЫГ төлөвшүүлэх үйл хэргийг эхлүүлээд байна.

Найман зууны өмнө монголчууд Их Хуралдайдаа төрийн чухал асуудлаа хэлэлцдэг байсан бол өнөөдөр Монголын ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан улс орныхоо хувь заяа, хөгжлийн бодлогыг шийдвэрлэхэд оролцож буй нь бидний төрт ёсны түүхийн их өв сан, үе дамжин өртөөлөх үнэт зүйл мөн.

Монгол Улсын Их Хурал өвгөд дээдсийнхээ энэхүү үнэт өв уламжлалыг бахархан үргэлжлүүлж, өнөө цагийн үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан ажиллах үүрэгтэй.

Өнөөгийн парламентын мөн чанар нь ард түмний итгэл, хууль тогтоомжийн чанар, төрийн бодлогын залгамж, улс орны ирээдүйн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаар илрэх учиртай.

Төрийн түшээд бид өвөг дээдсийнхээ алсын хараа, төр засах ухааныг өвлөн залгамжилж, нийт иргэн, үндэсний эрх ашгийг эрхэмлэж, хууль дээдлэх ёс, шударга ёс, сахилга хариуцлагыг төрийн үйл хэргийн үндсэн зарчим болгох учиртай.

Тусгаар тогтнолоо бататгаж, улс орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулж, ард түмний итгэлийг үйл хэргээрээ хариулах нь бидний түүхэн үүрэг мөн бөгөөд хойч үедээ бүрэн улс, бүтээмжтэй засаглал, хүчирхэг төрийг өвлүүлэх нь бидний эрхэм хариуцлага гэдгийг онцлон тэмдэглэе.

2026-11-10 10.38.58.jpg

Эрхэм ард иргэд ээ, монгол ахан дүүс ээ,

Чингис хаан даян дэлхийн нэгэн цаг үеийн түүхийг бүтээгээд зогсоогүй, монголчуудыг нэгтгэх үзэл санаа, тусгаар тогтнолоо хамгаалах ирмүүн зориг, төр улсаа дээдлэх их бахархлыг өвлүүлсэн билээ.

Их Монгол Улсын түүх бол зөвхөн өнгөрсөн үеийн ялалт, байлдан дагуулалтын түүх биш ээ. Энэ бол улс гэрийн зохион байгуулалт, хууль цааз, төрийн бодлого, худалдаа харилцаа, соёл иргэншлийн харилцан нөлөөллийн өргөн цар хүрээтэй түүх мөн.

Түүхээ мэддэг ард түмэн үндэснийхээ үнэт зүйлийг ойлгоно. Үндэсний үнэт зүйлээ ойлгодог ард түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг илүү гүн ухамсарлана. Тэр хэмжээгээр үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бэхжиж, геополитикийн ээдрээ төвөгтэй энэ цагийн сорилт бэрхшээлийг эрсдэлгүй даван туулна.

Бид их түүхээрээ бахархахын зэрэгцээ тэрхүү түүхэндээ дүйцэхүйц хөгжил дэвшлийг энэ цагт бүтээх нь хамгийн том зорилго болоод байна.

XXI зууны Монгол Улсын хүч чадал нь зөвхөн газар нутгийн уудам, байгалийн баялгийн хэмжээгээр бус, ард иргэдийн мэдлэг боловсрол, эдийн засгийн өрсөлдөх чадвар, технологийн хөгжил, шударга хууль, төрийн байгууллагын чадавх, үндэсний эв нэгдлээр хэмжигдэх болно.

Бидний өвөг дээдэс дэлхийн түүхэнд хүчирхэг Монгол Улсын нэрийг мөнхөлсөн. Харин бидний үеийнхний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох явдал юм.

Тиймээс Монгол Улсын Их Хурал Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойг тохиолдуулан Их Монгол Улсынхаа түүхэн өвийг судлан шинжлэх, хүүхэд залуучуудад эх түүхийн мэдлэг, эх оронч үзэл, үндэсний бахархлыг зүрх сэтгэлд нь шингээн төлөвшүүлэх, Эзэн Чингис хааныхаа түүх шастир, алдар сууг монгол хүн бүр дээдлэн хүндэтгэж, эрхэмлэн дэлгэрүүлэх тухай гүн утга агуулга бүхий тогтоолыг хэлэлцэн баталлаа.

Их Монгол Улсын төрийн тогтолцооны үнэт өв, ихэс дээдсийнхээ дэлхийн түүхэнд ямар хувь нэмэр оруулсан тухай түүхийн эх сурвалж бичиг, архивын баримт, судалгааны бүтээлийг хадгалан хамгаалах, цахимжуулах, Монгол судлалыг дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ ажлын чухал хэсэг байх учиртай.

Түүх, өв соёл, уламжлал, зан заншлаа мэддэг хүн эх орныхоо үнэ цэнийг ойлгож, төрт ёс, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөгөө аминаасаа илүү дээдлэн хамгаална. Тусгаар тогтнолоо эрхэмлэдэг ард түмэн эв нэгдэлтэй, ирээдүйдээ илүү итгэлтэй байна.

2026-11-10 10.39.09.jpg

Иймд Улсын Их Хурлын шийдвэрийг түүхэн ойд зориулсан тогтоол гэхээс илүүтэй, өргөн цар хүрээнд харж, монгол хүн бүрийн үндэсний ухамсар, эх оронч үзэл, түүх соёлын өвийг эрхэмлэн дээдлэх үзэл санааг сэрээх, хойч үедээ өвлүүлэх бодит үйл хэргийн эрх зүйн үндэс гэж үзэж хэрэгжүүлбэл зохино.

Их Монгол Улсын 820 жилийн энэхүү төр ёсны эрхэм бэлгэшээл монголчууд бидний эвийг эрхэмлэж, зөвийг түүчээлсэн эх оронч үзэл санааны бамбарыг асааж, улс үндэстнийхээ хөгжил дэвшил, монгол хүний оюун санаа, саруул ухаанд дахин сэргэлтийг авчрах түүхэн эргэлтийн эхлэл цэг байж, ирээдүйн хүчирхэг монголыг бүтээх хүсэл зоригийг бадраах сайн цагийн эхлэл болно гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.

Их Монгол Улсын түүх, Эзэн Чингис хааны суу алдар, өвөг дээдсийнхээ төрт ёсны үнэт өвийг эрхэмлэн дээдэлж, эв нэгдлээ бататган бэхжүүлж, дэлхийн улсуудтай найрсаг, энх тайвнаар зэрэгцэн оршиж, тусгаар тогтносон Монгол Улсаа улам хөгжүүлэн хүчирхэгжүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хүчирхэгжин мандах болтугай!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТЕДИ РИНЕР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХӨӨ МЭДЭГДЭВ 6 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ТҮҮХЭНДЭЭ ДҮЙЦЭХҮЙЦ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙГ ЭНЭ ЦАГТ БҮТЭЭХ НЬ ХА… 12 цагийн өмнө
ИНФЛЯЦЫН ТҮВШИН 13.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 13 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 14 цагийн өмнө
С.БЯМБАЦОГТ: ТӨРИЙН ХҮЧ ЭРХ МЭДЭЛД БУС, АРД ТҮМНИЙХЭЭ ИТГЭЛД ОРШДОГ Өчигдөр
ДЭЛХИЙН МИСС ЖОХЕЙРРИ МОЛА НЬЮ-ЙОРКИЙН ЭММИ ШАГНАЛ ХҮРТЖЭЭ Өчигдөр
ЖЕНДЭРИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БИЕЛҮҮЛСЭН НОГООН НАМЫГ БУСАД НЬ ДАГАХ У… Өчигдөр
ЗӨВЛӨЛТИЙН ХОСООС ХАР ХҮҮ ТӨРСӨН АДАРМААТАЙ ХЭРЭГ Өчигдөр
ТАСРАЛТГҮЙ ХЯЛБАРЧИЛЖ, ҮР АШИГТАЙ БОЛГОХ ЧАРМАЙЛТ ДЭЛХИЙГ АЮУЛТАЙ БОЛГ… Өчигдөр
ХУУЛЬ БУСААР ХӨРӨНГӨЖСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ӨРГӨДЛ… Өчигдөр
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.11.09-11.15/ Өчигдөр
УЛААНБААТАРТ 2-4 ХЭМ ДУЛААН Өчигдөр
УЛААНБААТАРТ 0-2 ХЭМ ДУЛААН 2026/11/08
БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ЭЭЛЖИТ СҮРДҮҮЛГИЙН УЛМААС ЕВРОП ДАЯАР БАГАДАА 18 НИ… 2026/11/07
АРДЧИЛСАН НАМЫН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРОО С.БАЯРЦОГТЫГ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧ… 2026/11/07
АРВААС ДЭЭШ ЖИЛ АШИГЛАЛТАД ОРООГҮЙ 21 БАРИЛГЫН ЦААД УЧИР ШАЛТГААНЫГ ТО… 2026/11/07
УЛААНБААТАРТ 3-5 ХЭМ ХҮЙТЭН 2026/11/07
СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮ… 2026/11/06
МИАТ БАНГКОК-УЛААНБААТАР, ПУКЕТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ЗАРИМ НИСЛЭГТЭЭ … 2026/11/06
ЗУУН БУУДАЛТ ДААМНЫ ӨСВӨР, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛ УЛСЫН БА… 2026/11/06
Их Уншсан
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
НАНОТИРАННУСЫН ЧУЛУУЖСАН АРАГ ЯС ЕРДӨӨ 12 МИНУТЫН ДОТОР 47.3 САЯ АМ.ДО… 2026/10/29
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН 76.4 ХУВЬ НЬ ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ 2026/10/27
ЯСНЫ СИЙРЭГЖИЛТ ХЭМЭЭХ ЧИМЭЭГҮЙ ТАХЛААС ХҮН АМАА АВРАХ УУ, ӨӨРСДӨД НЬ … 2026/10/27
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭ… 2026/10/28
БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГААНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ… 2026/10/28
ЗАВХАНЫ ХОЙД, ХӨВСГӨЛИЙН БАРУУН ХЭСГЭЭР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2026/10/28
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ТӨЛӨ… 2026/10/28
ГААГИЙН БАГА ХУРАЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ОЛОН УЛСЫН КОНВЕНЦЫ… 2026/10/28
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… 2026/11/01