Унгарын Авлигатай тэмцэх байгууллага үндсэрхэг үзэлт, Ерөнхий сайд асан Виктор Орбаны Засгийн газарт сайдаар ажиллаж байсан хүнийг мөрдөн шалгах явцад ойд булсан болон бусад газарт нуусан нийт 19.5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө хураан авснаа мэдэгджээ.
2014–2018 онд Унгарын Үндэсний хөгжлийн сайдаар ажиллаж байсан Миклош Сестак төрийн өмчит тээврийн компанид хуучин автобусыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авах ажиллагаатай холбоотой авлигын схемд оролцож, хахууль авсан хэрэгт буруутгагдаж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон сонгуульд Петер Мадьяр (Péter Magyar) үнэмлэхүй ялалт байгуулж, Виктор Орбаны 16 жил үргэлжилсэн засаглалыг эцэс болгосон билээ. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өмнөх эрх баригчдын үед гарсан гэх авлига, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан хэргүүдийг мөрдөн шалгахаа амласан юм.
Сүүлийн хэдэн долоо хоногт авлигын хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа эрчимжиж, Сестак болон Орбаны Засгийн газарт ажиллаж байсан өөр хоёр сайд, мөн Ерөнхий сайд асны төрсөн дүүг тус тусдаа хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ.
Петер Мадьярын Засгийн газраас хэрэгжүүлж буй хариуцлага тооцох бодлогын хүрээнд байгуулагдсан, өргөн эрх мэдэл бүхий Авлигатай тэмцэх байгууллага болох Үндэсний хөрөнгө буцаан авах, хамгаалах газар (NVVH) Сестакт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд пүрэв, баасан гарагт хэд хэдэн газарт нэгжлэг хийснээ мэдэгдэв.
Тус байгууллагын мэдэгдэлд “Нэгжлэгийн явцад мөрдөн шалгагчид их хэмжээний бэлэн мөнгө илрүүлсэн. Эдгээр мөнгийг ойд газарт булж, хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламж, агуулах, орон сууцанд нуусан байснаас гадна хүнээс зайдуу байрлах газруудад өндөр үнэтэй сейфэнд хадгалж байжээ” гэж дурдсан байна.
Мөн мэдэгдэлд “Хоёр өдөр үргэлжилсэн нэгжлэгээр нийт 5 тэрбум 71 сая 632 мянган форинт, 2 сая 658 мянга 350 евро, 1 сая 257 мянга 100 ам.долларын бэлэн мөнгө илрүүлсэн” гэжээ. Ийнхүү хураан авсан мөнгөний нийт дүн 19.5 сая ам.долларт хүрсэн байна.
NVVH-ийн мэдээлснээр тус байгууллагын ажилтнууд хураан авсан мөнгийг Унгарын Төрийн сангийн дансанд байршуулжээ.
Унгарын Сангийн сайд Андраш Карман фэйсбүүк хуудсандаа "Мөнгийг хүлээн авсны дараа Төрийн сангийн 12 ажилтан таван ширхэг мөнгө тоолох машин ашиглан найман цагийн турш тоолж дуусгасан” хэмээн бичсэн байна. Ерөнхий сайд Петер Мадьяр энэхүү ажиллагааг авлигатай тэмцэх үйл явцад эргэлт авчирч болзошгүй чухал үйл явдал хэмээн үнэлэв.
Тэрбээр Орбаны тэргүүлж байсан эрх баригч эвслийг нэрлэн “Энэ мөчөөс эхлэн Фидес–Христийн ардчилсан ардын намын (Fidesz–KDNP) мафийн төгсгөл албан ёсоор ирлээ!” хэмээн мэдэгджээ.
Харин Ерөнхий сайд асан Виктор Орбан энэхүү үйл явдалтай холбогдуулан ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэрбээр өмнө нь өөрийн ойрын хүрээллийн хүмүүсийг онилсон мөрдөн шалгах ажиллагаануудыг өөрийг нь шоронд хорих зорилготой "улс төрийн хавчлага" хэмээн буруушааж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна