Жеймс Бондын дүрд Дэниел Крэйгийн дараа Роберт Паттинсон тоглохоор болсныг албан ёсоор зарлалаа. Ингэснээр тэрбээр Бондын цувралын албан ёсны кинонд тоглох долоо дахь жүжигчин болж байна.
Энэ мэдээг Жеймс Бондын албан ёсны цахим хуудсуудаар дамжуулан олон нийтэд хүргэжээ. Гринвичийн цагаар 15:00 болохын өмнөхөн 007-гийн X болон Instagram дахь хуудсуудын өмнөх бүх нийтлэлийг гэнэт устгаж, оронд нь “Identity confirmed” буюу “Хэн болох нь батлагдлаа” гэсэн үгийг давтан гаргасан байна.
Үүний дараа кино студи Роберт Паттинсоныг Бондын уламжлалт смокинг өмссөн анхны гэрэл зургийн хамт албан ёсны мэдэгдэл нийтэлжээ. Тус мэдэгдэлд Паттинсоныг энэ дүрд сонгосон нь “Кино урлагийн хамгийн алдартай дүрүүдийн нэгийн түүхэнд шинэ эрин үеийг эхлүүлнэ” хэмээн онцолсон байна.
Паттинсон “Жеймс Бонд бол кино урлагийн түүхэн дэх хамгийн домогт дүрүүдийн нэг. 007-гийн дүрийг бүтээх итгэл хүлээсэн нь миний амьдралын хамгийн том нэр төрийн хэрэг юм. Энэ дүрд тоглох нь миний мөрөөдөл биелж буй хэрэг гэж хэлэхэд ч хангалтгүй” хэмээн өгүүлжээ.
Түүнийг сонгосон тухай мэдээ удаан үргэлжилсэн жүжигчний сонгон шалгаруулалтын дараа гарсан юм. Паттинсон эцсийн шатанд үлдсэн таван нэр дэвшигчийн нэг байсан бөгөөд тэдний дунд Жош О’Коннор, Каллум Тёрнер нар багтаж байжээ.
Баасан гарагт Паттинсонд бусад өрсөлдөгчөөс нь илүү таатай гэрээний нөхцөл санал болгосон гэх мэдээлэл гарсан нь түүнийг энэ дүрд тоглох хамгийн өндөр магадлалтай жүжигчин гэсэн таамгийг улам хүчтэй болгосон байна.
Дэниел Крэйгийн Жеймс Бондын дүрд тоглосон сүүлчийн кино нь 2021 онд нээлтээ хийсэн No Time to Die буюу “Үхэх цаг болоогүй” юм. Уг кино COVID-19 цар тахлын улмаас нээлтээ хойшлуулж байв.
Цувралын 25 дахь киноны үйл явдал Жеймс Бонд амиа алдсан мэт төгссөнөөр өмнөх түүхийг нэг мөр дуусгасан сэтгэгдэл төрүүлсэн. Гэвч төгсгөлийн хэсэгт “Жеймс Бонд эргэн ирнэ” гэсэн бичиг гарч, цуврал цааш үргэлжлэхийг амласан билээ.
Крэйг 2006 онд нээлтээ хийсэн Casino Royale киногоор Бондын дүрд анх тоглож, нийт таван кинонд 007 агентыг бүтээсэн юм.
Түүний тоглосон хугацаанд Жеймс Бондын цуврал кинонууд тасалбарын борлуулалтаараа шинэ дээд амжилтууд тогтоосон. Тухайлбал, 2012 оны Skyfall кино дангаараа дэлхий даяар 1.1 тэрбум ам.долларын орлого олжээ.
Өдгөө 40 настай Роберт Паттинсон цувралын 26 дахь кинонд тоглохоор болсон бөгөөд киноны нэр одоогоор тодорхойгүй байна. Харин албан ёсны цувралд хамаардаггүй 1967 оны Casino Royale, 1983 оны Never Say Never Again гэсэн хоёр бүтээлийг нэмбэл Жеймс Бондын тухай нийт 28 кино бүтээгдсэн болно.
Энэхүү шинэ бүтээл нь 2025 онд Amazon-MGM Studios компани Жеймс Бондын цувралын эрхийг нэг тэрбум гаруй ам.доллароор худалдан авснаас хойш хийгдэх анхны кино юм.
Тус эрхийг Жеймс Бондын кинонуудыг анхлан бүтээсэн продюсер Альберт “Кабби” Брокколигийн өв залгамжлагчид болох Барбара Брокколи, Майкл Ж. Уилсон нараас худалдан авсан билээ. Тэд олон жилийн турш цуврал киноны бүтээлүүдийг удирдан ажиллаж ирсэн юм.
Harry Potter киноны продюсер Дэвид Хейман болон Spider-Man киноны продюсер Эми Паскаль нар Жеймс Бондын цувралын шинэ бүтээлүүдийг хариуцан ажиллана.
Харин Dune гурвалсан киноны найруулагч Дени Вильнёв шинэ Жеймс Бондын киног найруулж, Peaky Blinders цувралын зохиолч Стивен Найт кино зохиолыг нь бичиж байна.
Роберт Паттинсон олон төрлийн дүрд амжилттай тоглож, жүжигчний хувьд өргөн цар хүрээтэй авьяастай гэдгээ харуулсан. Тэрбээр томоохон төсөвтэй, олон нийтэд зориулсан киноны гол дүрийг бүтээх чадвартай төдийгүй өвөрмөц, санаанд оромгүй дүр сонголтоороо уран сайхны киноны хүрээнд ч нэр хүндээ хадгалсаар иржээ.
Паттинсон анх 2005 онд Harry Potter and the Goblet of Fire буюу “Харри Поттер ба Галт хундага” кинонд Седрик Диггоригийн дүрийг бүтээснээр олны анхаарлыг татсан юм.
Үүний дараа тэрбээр Twilight буюу “Бүрэнхий” цувралд Кристен Стюарттай хамт тоглож, цус сорогч Эдвард Каллены дүрээр дэлхий даяар алдаршжээ.
Тэрбээр Дэвид Кроненбергийн Cosmopolis, Maps to the Stars, Роберт Эггерсийн The Lighthouse, Линн Рэмсигийн Die My Love зэрэг кинонд тоглосон байна. Улмаар 2022 онд The Batman кинонд гол дүр бүтээснээр томоохон франчайз кинонд эргэн иржээ.
Жеймс Бондын дүрийг бүтээж ирсэн жүжигчид
Кино дэлгэцэд Жеймс Бондын дүрийг анх бүтээсэн хүн бол Шотландын Эдинбург хотод төрсөн Шон Коннери юм. Тэрбээр 1962 онд нээлтээ хийсэн Dr. No кинонд 007 агентын дүрийг анх бүтээжээ.
Уг кино асар их амжилт олсон тул Коннери дараагийн таван жилийн хугацаанд дахин дөрвөн кинонд тоглосон байна. Үүнд From Russia with Love, Goldfinger, Thunderball, You Only Live Twice зэрэг багтдаг бөгөөд эдгээрийг цувралын шилдэг бүтээлүүдийн тоонд оруулан үнэлдэг хүмүүс олон бий.
Жеймс Бондын дүрийг зохиосон зохиолч Иан Флеминг уг дүрд Английн жүжигчин Дэвид Нивенийг тоглуулахыг илүүд үздэг байжээ. Нивен 1967 онд гарсан, албан ёсны цувралд хамаардаггүй Casino Royale кинонд Бондын дүрийг бүтээсэн юм.
Харин Австралийн загвар өмсөгч Жорж Лэйзенби 1969 оны On Her Majesty’s Secret Service кинонд Бондын дүрийг ганцхан удаа бүтээжээ. Үүний дараа Шон Коннери 1971 оны Diamonds Are Forever киногоор дүрдээ эргэн ирсэн байна.
Дараагийн жүжигчин Рожер Мур 1973–1985 оны хооронд нийт долоон кинонд Бондын дүрийг бүтээж, цувралд илүү ёжтой, наргианч өнгө аяс нэмсэн юм. Түүний тоглосон бүтээлүүдэд The Spy Who Loved Me, Moonraker, Octopussy зэрэг кино багтдаг.
Үүний дараа Британийн жүжигчин Тимоти Далтон 1980-аад оны сүүлчээр хоёр кинонд Бондын дүрийг бүтээжээ.
Зургаан жилийн завсарлагааны дараа Ирландын жүжигчин Пирс Броснан 1995 оны GoldenEye киногоор 007 агентын дүрд анх тоглосон байна. Тэрбээр нийт дөрвөн кинонд тоглосны дараа уг дүрийг Дэниел Крэйг өвлөн авсан юм.
Ийнхүү Жеймс Бондын албан ёсны цувралын зургаан жүжигчин тодорч байсан бол одоо Роберт Паттинсон долоо дахь нь болж байна.
Жеймс Бондын албан ёсны кинонууд өнөөг хүртэл дэлхий даяар нийт 7.8 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд энэ үзүүлэлтээр кино урлагийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой тав дахь франчайз болжээ.
Харин Жеймс Бондын нэртэй холбоотой бараа бүтээгдэхүүний худалдаа, ивээн тэтгэгчдийн гэрээнээс олсон орлого нь киноны тасалбарын борлуулалтын орлогоос хавьгүй өндөр гэж тооцоолж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна