Уран гулгалтын од Камила Валиевагийн ОХУ-ын шигшээ багийн хяналтын үзүүлбэрт өчигдөр /2026.09.19/ оролцсон талаар хэвлэлүүд онцолж байна.
Камила оны эхээр шоу хэлбэрийн тэмцээнүүдэд оролцож байсан бол энэ улирлын эхлэлээ ОХУ-ын шигшээ багийн хяналтын үзүүлбэрээр тавилаа. Камила олон улсын тэмцээнүүдэд төвийг сахисан статустай оролцох боломжийг ISU цуцалсан шийдвэр гаргасны дараа орж буй анхны үзүүлбэрийг нь спорт сонирхогчид, хэвлэлийнхэн бүгд анхааран хүлээж авсан юм.
ОХУ-ын шигшээ багийн хяналтын үзүүлбэрийн эхний өдөр Камилагаас хэвлэлийнхэн төвийг сахисан статусын талаар асуусангүй. Валиева хяналтын үзүүлбэрт оролцож байгаа болон шинэ улирлын өмнөх сэтгэл санааны байдлынх нь талаар асуусан асуултуудад товч, Бенуа Ришогийн дэглэсэн хөтөлбөрийн талаарх асуултад арай дэлгэрэнгүй хариулсан юм. Тэр нэг их ярих хүсэлгүй нь мэдрэгдэж байсан гэж Спорт экспрессийн тоймч Дмитрий Кузнецов бичжээ.

Валиева “Бүх зүйл зүгээр. Үзэгчдийн өмнө дахин гарсандаа маш их баяртай байна. Надад хөгжим ч, Бенуагийн дэглэлт ч маш их таалагдаж байгаа. Бенуагийн дэглэсэн бүхнийг бүрэн хийж дуусгахын тулд биеийн хүчээ илүү сайн бэлдэх хэрэгтэй байна. Гэхдээ түүнтэй хамт хийсэн бүх ажилдаа би үнэхээр их талархаж байгаа. Энэ бол гайхалтай туршлага. Улирлын өмнөх сэтгэл санаа юу? Бүх зүйл хэвийн” гэж хэлсэн.
Гэхдээ үзүүлбэрийн байдлаас шалтгаалан уран гулгалтын одын сэтгэл санаа хэвийн биш байгаа гэж дүгнэх хүмүүс цөөнгүй байна.
Мөсөн дээр Камилагийн үзүүлбэр төдийлөн төгс болсонгүй. Мэдээж үзэгчид түүнийг асар их дэмжиж угтсан. Үзүүлбэрийн дараа мөсөн талбай зөөлөн тоглоомоор “хучигдаж", нэг хүү бүр мөсөн талбайн яг голд түүнд цэцгийн баглаа өгсөн юм.

Бенуа Ришогийн тавьсан богино хөтөлбөр үзэсгэлэнтэй, “Mamma La Rondinella” бол уран гулгалтад төдийлөн сонсогддоггүй, өвөрмөц хөгжмийн сонголт байв. Камила өөрөө ч маш үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Камила сэдвээ өөрөө үзүүлбэрийн өмнө тайлбарласан юм.
“Богино хөтөлбөрөөрөө би бүжиглэх хүсэлгүй болсон, уй гунигт автсан бурханлаг эмэгтэйн дүрийг харуулахыг зорьж байгаа. Харин бурхан түүнийг ийм байдалд нь үлдээхийг хүсэлгүй ивээлээ хайрладаг. Ингээд бүсгүй өөрийнхөө мөн чанар, бүжгийн мэдрэмж, амьдралын баяр баясгаландаа эргэн ирдэг” гэж Валиева үзэгчдэд ярьсан.

Үзүүлбэр алдаагүй өнгөрсөнгүй. Камила давхар аксель, гурвалсан флип, мөн төлөвлөсөн 3+3 каскадын оронд давхар лутц, давхар тулупын каскад гүйцэтгэлээ. Валиева өөрөө ч Бенуа Ришогийн тавьсан бүх элементийг бүрэн гүйцэд хийхийн тулд биеийн бэлтгэлээ илүү сайжруулах шаардлагатай байгаа талаараа хэлсэн юм. Мөн Камилад чөлөөтэй, тайван байдал дутмаг байсан талаар бичсэн хүн ч байна.
Камила Валиева өнөөдөр чөлөөт үзүүлбэрээ толилуулна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна