Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тогтоолоор тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Нямдоржийн Одонтуул томилогдлоо.
Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг тус шүүхийн шүүгч Х.Одбаяр шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад уншиж сонордууллаа.
Тогтоолыг уншиж сонордуулсны дараа тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхзориг шүүхийн тамга, тэмдгийг Ерөнхий шүүгч Н.Одонтуулд гардуулан өгч, шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын өмнөөс баяр хүргэн, хүндэтгэл үзүүлэв.
Ерөнхий шүүгч Н.Одонтуул хамт олондоо хандан хэлсэн үгэндээ итгэл хүлээлгэн Ерөнхий шүүгчээр сонгосон нийт шүүгчдэд талархал илэрхийлж, Монгол Улсад анх удаа гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдаж буй түүхэн цаг үед энэхүү хариуцлагатай албыг хүлээн авч байгаагаа онцоллоо.
Мөн шүүхийн үйл ажиллагааг хэвийн, үр дүнтэй зохион байгуулж, шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах, хууль дээдлэх зарчмыг эрхэмлэн, хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна