Илон Маск 2024 оны сонгуулийн үеэр зохион байгуулсан хонжворт сугалаатай холбоотой шүүхийн маргааныг эвлэрлээр шийдвэрлэхээр тохиролцжээ.
Тэрбумтан Илон Маск болон түүний America PAC улс төрийн үйл ажиллагааны хороо 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өрсөлдөөн ширүүн өрнөж байсан мужуудын оршин суугчдыг өдөр бүр нэг сая ам.долларын хонжворт сугалаанд оролцуулах амлалт өгч, залилан мэхэлсэн гэх үндэслэлээр гаргасан, хамтын нэхэмжлэлийн журмаар шийдвэрлүүлэхээр санал болгосон хоёр хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр тохиролцсоноо саяхан мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчид Илон Маск болон America PAC-ийн төлөөлөгчид пүрэв гарагт Техас мужийн Остин хот дахь холбооны шүүхэд эдгээр хоорондоо холбоотой хоёр хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгчид эвлэрлийн тохиролцоонд хүрснээ мэдэгджээ. Гэхдээ уг тохиролцоо нь шүүхийн зөвшөөрлөөр эцэслэн баталгаажих юм.
Шүүхэд ирүүлсэн баримт бичгүүдэд эвлэрлийн тохиролцооны нөхцөлүүдийг тодорхой тусгаагүй бөгөөд хэрэгт оролцож буй өмгөөлөгчид нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Эдгээр хоёр хэргийн нэхэмжлэгчид нь Аризона мужийн оршин суугчид юм. Тэдний үзэж буйгаар Илон Маск болон America PAC нь сонгуулийн үр дүнг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй, өрсөлдөөн ширүүн явагддаг долоон мужийн сонгогчдыг төөрөгдүүлж, АНУ-ын Үндсэн хуулийг дэмжих тухай өргөдөлд гарын үсэг зуруулахын тулд гарын үсэг зурсан хүмүүсээс санамсаргүй байдлаар сонгогдсон нэг хүнд өдөр бүр нэг сая ам.доллар олгоно хэмээн амласан ажээ. Харин хариуцагч талууд эдгээр буруутгалыг няцаасан байна.
Илон Маск 2024 оны арваннэгдүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампыг дэмжих зорилгоор America PAC улс төрийн үйл ажиллагааны хороог байгуулсан юм. Уг сонгуульд Дональд Трамп ялалт байгуулж, АНУ-ын ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсон билээ.
Өнгөрсөн зургаадугаар сард холбооны шүүхийн шүүгч Tesla болон SpaceX компанийн гүйцэтгэх захирал, мөн X нийгмийн сүлжээний эзэмшигч Илон Маскийг дээрх шүүхийн хэргүүдэд гэрчийн мэдүүлэг өгөх ёстой гэж шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна