Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлд Монголбанкны санхүүгийн хараат бус байдлыг бэхжүүлэх, инфляцтай тэмцэх бодлогын уялдааг сайжруулах, хэрэгжилтийн хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарт технологийн шинэчлэл нэвтрүүлэхээр тусгав.
1. Санхүүгийн хараат бус байдлыг бэхжүүлэх. Монголбанкны хуримтлагдсан алдагдал, өөрийн хөрөнгийн дутагдлыг нээлттэй тайлагнаж, Алдагдлыг үе шаттай нөхөхийн зэрэгцээ төсвийн шинжтэй санхүүжилтийг төв банкнаас тусгаарлана.

2. Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах. Төсвийн зарлагын хязгаарыг инфляцын зорилттой уялдуулж, холбогдох байгууллагуудын үүрэг, хариуцлагыг хуулиар тодорхойлох замаар эрэлтийн шалтгаант инфляцын дарамтыг бууруулахыг зорьж байна.

3. Бодлогын хэрэгжилтийг хэмжих. Бодлогын хэрэгжилт, үр дүнг үнэлэх 11 тулгуур үзүүлэлтийг хариуцах нэгж, суурь болон зорилтот түвшин, тайлагнах давтамжтай нь тодорхойлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих нөхцөл бүрдүүлнэ.

4. Технологийн шинэчлэл нэвтрүүлэх. Шийдвэр гаргалтыг шуурхай болгож, төлбөрийн системийн үр ашиг, хүртээмж, найдвартай байдлыг нэмэгдүүлэх их өгөгдөлд суурилсан хяналт шалгалт, нээлттэй банк, төлбөр тооцооны шинэ шийдлүүдийг үе шаттай нэвтрүүлнэ.
Эдгээр бодлогын өөрчлөлт нь үнийн тогтвортой байдлыг хангах, бодлогын үр нөлөө болон санхүүгийн салбарын найдвартай байдлыг сайжруулахад чиглэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна