Чингис хаан олон улсын нисэх буудалд 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нарита–Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын 3 иргэний тээшинд гаалийн байгууллагад мэдүүлээгүй эм, эмийн бүтээгдэхүүн илэрчээ.
Гаалийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, тусгай зөвшөөрөл шаарддаг “Монжура” нэршилтэй, 2.5 мг, 5 мг, 7.5 мг-ийн 3 төрлийн нийт 1,483 ширхэг тариа байсныг илрүүлэн хурааж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг худалдах, ханган нийлүүлэх болон арилжааны зориулалтаар импортлох нь зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх журмаас ялгаатай юм.
Эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг ердийн импортын журмаар импортлох боломжгүй бөгөөд хуульд заасан тусгай нөхцөлд холбогдох зөвшөөрөл, шаардлагыг хангасан тохиолдолд импортлох боломжтой.
Иргэд гадаад улсаас эм, эмийн бүтээгдэхүүн авч зорчихдоо тухайн бүтээгдэхүүн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, улсын хилээр нэвтрүүлэхэд тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох шаардлага тавигдах эсэхийг урьдчилан тодруулах, гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна