ТРАМПАД ХАЛДАХЫГ ЗАВДСАН АЛЛЕН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХИЙСЭН БҮХНИЙГ БОДОХООР УУР ХИЛЭН МЭДЭРДЭГ ГЭЖ БИЧЖЭЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Вашингтон хот дахь Хилтон зочид буудалд өчигдөр /2026.04.26/ сэтгүүлчидтэй оройн зоог барих үеэр халдахыг завдсан хэрэг гарч, дуулиан тарилаа.

Зоогийн үеэр 20 цаг 35 минутын орчимд гэнэтийн чанга тэсрэлт мэт дуу гарсныг эхэндээ тэнд байсан хүмүүс юу болохыг ойлгоогүй. Зарим нь буун дуу гэж ойлгож, айдаст автаж, сандарч, зочид ширээн доогуур орж нуугдаж, танхимд эмх замбараагүй байдал үүсжээ.

Трамп газар хэвтэж, хамгаалалтынхан түүнийг тойрч, Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай болон өндөр албан тушаалтнуудыг яаралтай гаргаж, аюулгүй бүс рүү шилжүүлсэн байна.

Буу, бусад зэвсгээр зэвсэглэсэн этгээд хамгаалалтын шалгалтын хэсгийг дайран орохоор оролдох үедээ баригдсан бөгөөд хамгаалалтын нэг ажилтан шархадсан ч амь насанд нь аюул учраагүй байна. 

Халдлагаас болж оройн зоог цуцлагдаж, оролцогчдыг тарааж, уг арга хэмжээг  дараа дахин товлохоор болжээ.

Энэ явдал хэдхэн минутын дотор өрнөсөн ч өндөр түвшний хамгаалалттай арга хэмжээ байсан тул буу барьсан этгээд танхимд нэвтэрч чадалгүй баригдсан нь томоохон гарз хохирлоос сэргийлсэн гэж үзэж байгаа юм.

Тус хэргийн сэжигтнийг Калифорни мужийн Торранс хотын 31 настай Коул Томас Аллен гэж тогтоогоод байна. Анхны урьдчилсан дүгнэлтээр тэрбээр Дональд Трамп болон түүний засаг захиргааны албан тушаалтнуудыг бай болгосон байж болзошгүй гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш мэдэгджээ.

Сэжигтний зочид буудлын өрөөнөөс олдсон тунхаг бичгүүдийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд тэрбээр өөрийгөө “Холбооны найрсаг алуурчин” хэмээн нэрлээд бай болох хүмүүсийн жагсаалтыг албан тушаалын эрэмбээр гаргасан бичиг тэдгээрийн дотор байсан аж.

Энэ үйл явдлын дараа Трамп “60 Minutes” нэвтрүүлэгт оролцож, болсон явдлын талаар ярьсан байна. 

Дональд Трамп сэжигтнийг христийн эсрэг үзэлтэй тунхаг бичиг бичсэн, “зүрхэндээ их үзэн ядалт тээсэн хүн” байсан гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч Fox News сувгийн ярилцлагад оролцохдоо сэжигтнийг “өвчтэй хүн” хэмээн тодорхойлсон байна. 

Хууль сахиулах байгууллагын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр халдлагаас өмнөхөн тунхаг бичгийг  Аллен гэр бүлийнхэндээ илгээжээ. 

Түүний бичсэн гэж үзэж буй тунхаг бичгийг New York Post бүрэн нийтэлсэн байна.

Associated Press-ийн мэдээлснээр буудлага болохоос 10 минутын өмнө сэжигтэн гэр бүлийнхэндээ Засгийн газрын талаар гомдол бүхий уг бичгийг илгээжээ. Түүний ах дүүгийн нэг нь энэ талаар Коннектикут мужийн New London хотын цагдаад мэдэгдсэн байна.

Уг бичигт сэжигтэн засаг захиргааны албан тушаалтнуудыг онилсон гэж бичсэн боловч Каш Пателийг хамааруулаагүй байжээ. Мөн Нууц алба, Капитолын цагдаа, Үндэсний гвардыг “боломжтой бол бай биш” гэж ангилсан бөгөөд зөвхөн өөрийг нь буудвал л онилох боломжтой гэж дурджээ. Зочид буудлын ажилчид болон зочид бай биш гэж заасан байна.

Тунхаг бичигт "Би АНУ-ын иргэн. Миний төлөөлөгчдийн хийж буй зүйл надад хамаатай. Би "педофил, хүчирхийлэгч, урвагч" нэгний гэмт хэргийг өөр дээрээ үүрэхийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Мөн “Өөр хүн дарлагдаж байхад нөгөө хацраа тавих нь Христийн зан биш. Энэ бол дарлагчийн гэмт хэрэгт хамсаатан болж буй явдал” гэж бичсэн байна.

Тунхагт Трампын нэрийг шууд дурдаагүй ч засаг захиргааны бодлого, тэр дундаа хар тамхины наймаатай холбоотой завинуудыг онилсон АНУ-ын цохилтууд зэрэг үйл явдлуудыг шүүмжилжээ. Түүнчлэн “Энэ засаг захиргаа хийсэн бүхнийг бодохоор уур хилэн мэдэрдэг” гэж бичсэн байна.

Сэжигтэн Калифорниас галт тэргээр Чикаго, дараа нь Вашингтон хүрч, буудлага болсон зочид буудалд хэд хоногийн өмнө бүртгүүлэн орсон нь тогтоогджээ.

Мөрдөн шалгагчид түүний эгчийг байцаахад сэжигтэн Калифорни дахь бууны дэлгүүрээс хууль ёсоор хэд хэдэн зэвсэг авч, эцэг эхийнхээ гэрт хадгалсан байж болзошгүй гэж мэдүүлсэн байна.

Коул Томас Аллен нь 2013-2017 онд Калифорнийн Технологийн институтэд суралцаж, механик инженерийн чиглэлээр төгссөн аж. Тэрбээр C2 Education компанид багшаар ажиллаж,   шилдэг багшаар ч шалгарч байсан удаатай гэнэ. 

Мөн “Bohrdom” нэртэй инди тоглоомыг Steam платформд худалдаанд гаргаж байсан бөгөөд тэр нь "ур чадварт суурилсан, хүчирхийлэлгүй, химийн загвараас сэдэвлэсэн тоглоом” гэж тодорхойлж байна. 

Сэжигтнийг холбооны шүүх даваа гарагт шүүхээр товложээ. Коул Томас Алленд холбооны албан хаагч руу халдсан, галт зэвсэг ашигласан, албан хаагчийг алахыг завдсан гэх ял тулгаад байгаа ч мөрдөн шалгалтаас хамаарч Ерөнхийлөгч Дональд Трампыг алахыг завдсан хэрэг нэмэгдэж магадгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 15 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 16 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 18 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 18 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23