АНУ ЦАХИЛГААН СТАНЦУУД РУУ НЬ ДОВТОЛБОЛ ИРАН ОЙРХИ ДОРНОДЫН УС, ЭРЧИМ ХҮЧНИЙ БАЙГУУЛАМЖУУДЫГ УСТГАНА ГЭВ


АНУ Дональд Трампын  “Ормузын хоолойг хоёр хоногийн дотор бүрэн нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг устгана” гэсэн заналхийллийг хэрэгжүүлбэл Ойрхи Дорнод даяарх чухал дэд бүтцийг, тэр дундаа эрчим хүч, усны чухал системүүдийг “эргэж сэргээгдэхгүйгээр устгана” гэж Иран мэдэгдээд байна.

Ираны пуужингууд шөнийн турш Израилийн өмнөд хэсгийн хоёр хотыг онож, олон арван хүнийг шархдуулсан бөгөөд Тегеран анх удаа алсын тусгалт пуужин ашиглажээ. Энэ нь дөрөв дэх долоо хоногтоо орж буй дайны нөхцөл байдал аюултайгаар хурцдаж болзошгүйг илтгэж байгаа бөгөөд хоёр тал аль аль нь олон сая хүний амьдралд амин чухал байгууламжуудыг онилохоор заналхийлж байна.

Ираны парламентын дарга Мохамед Халибаф хэрвээ Ираны дэд бүтэц рүү довтолбол бүс  нутгийн чухал дэд бүтэц, тухайлбал эрчим хүч болон давсгүйжүүлэх байгууламжуудыг албан ёсны бай болгож, эргэж сэргээгдэхгүйгээр устгана гэж ням гарагт мэдэгджээ.

Ираны зэвсэгт хүчний ажиллагааны төв болох Хатам аль -Анбияа бүс нутаг дахь АНУ болон Израилийн эрчим хүч, мэдээллийн технологи, давсгүйжүүлэх бүх дэд бүтцийг цохилтод оруулна гэсэн байна. Мөн Дональд Трампын заналхийлэл хэрэгжвэл Ормузын хоолой бүрэн хаагдаж, Ираны устгагдсан цахилгаан станцуудыг сэргээн босгох хүртэл нээгдэхгүй гэж мэдэгджээ.

Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан “Заналхийлэл, айлган сүрдүүлэлт нь Ираны эв нэгдлийг улам бэхжүүлж байна. Ираныг газрын зургаас арчина гэсэн төөрөгдөл нь түүх бүтээж буй үндэстний хүсэл зоригийн өмнөх цөхрөлийг харуулж байна.” гэжээ.

Энэ бүгд Дональд Трампын бямба гарагийн "сануулга"-аас үүдэлтэй. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт Иранд 48 цагийн хугацаа өгч, дэлхийн нефтийн урсгалд чухал ач холбогдолтой Ормузын хоолойг нээхийг шаардсан бөгөөд эс тэгвээс Ираны цахилгаан станцуудыг “хамгийн томоос нь эхлэн устгана” гэж анхааруулсан юм.

АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Майк Волц ням гарагт Ираны Исламын Хувьсгалт гварди улсын дэд бүтцийн ихэнхийг хянаж, дайны ажиллагаанд ашиглаж байна гэж мэдэгдсэн. Тэрбээр АНУ эхлээд Ираны томоохон цахилгаан станцуудын нэгийг устгана гэж хэлсэн ч яг аль станц болохыг тодорхойлоогүй. “Хийн түлштэй дулааны цахилгаан станцууд болон бусад төрлийн станцууд бий. Ерөнхийлөгч тоглоом хийж байгаа юм биш.” гэж тэр хэлсэн юм.

Иранаас Олон улсын далайн байгууллагад суугаа төлөөлөгч Али Мусави Ормузын хоолой нь  Ираны дайснуудтай холбоотойгоос бусад бүх хөлөгт нээлттэй байгаа бөгөөд Тегерантай аюулгүй байдлын зохицуулалт хийснээр нэвтрэх боломжтой гэж ням гарагт мэдэгдсэн.

Ираны халдлагууд бодитоороо дэлхийн нефть болон шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэгийг дамжуулдаг энэ нарийн хоолойг хаахад хүргэсэн бөгөөд энэ нь нефтийн 1970-аад оноос хойших хамгийн ноцтой хямралыг үүсгэж, өнгөрсөн долоо хоногт Европын хийн үнийг 35 хүртэл хувиар өсгөсөн байна.

Дайнаас өмнө тус хоолойгоор нэвтэрдэг байсантай харьцуулахад ердөө 5 орчим хувьтай тэнцэх цөөн тооны хөлөг онгоц л Ираны “найрсаг харилцаат” гэж үздэг орнууд болох Хятад, Энэтхэг, Пакистанаас нэвтрэх зөвшөөрөл авч байгаа аж.

АНУ болон Израил хоёрдугаар сарын 28-нд довтолгоогоо эхлүүлснээс хойш Иранд 2000 гаруй хүн амь үрэгдсэн байна. Үүний хариуд Тегеран Израил болон Персийн булангийн орнууд дахь байнуудыг онилжээ. Мөн Ираны дэмжлэгтэй Хезболлах Израил руу халдсанаар Ливан ч мөргөлдөөнд татагдан ороод байгаа юм.

Ням гарагийн үүрээр Израил даяар агаарын довтолгооны дохио дуугарч, Иранаас ирж буй пуужингийн аюулыг анхааруулжээ. Урьд шөнө нь өмнөд хэсгийн Арад, Димона хотуудад болсон хоёр тусдаа халдлагын улмаас олон хүн шархадсан байна.

Израилийн арми ням гарагийн өглөө Тегеран руу хариу цохилт өгнө гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Арад хотод айлчлах үеэрээ Ираны Исламын Хувьсгалт Гвардийн өндөр албан тушаалтнуудыг мөрдөн мөшгөнө гэжээ.

“Бид дэглэмийг онилж байна. Бид энэ гэмт бүлэглэл болох Ираны Исламын Хувьсгалт Гвардийг онилж байна. Тэдний удирдагчид, байгууламжууд, эдийн засгийн нөөцүүдийг нь хүртэл хувь хүнээр нь онилно” гэж тэр хэлсэн байна.

Ираны Эрүүл мэндийн яамны төлөөлөгч бямба гарагт болсон агаарын цохилтын дараа баруун өмнөд хэсгийн Андимешк хот дахь Имам Али эмнэлгээс өвчтөнүүдийг нүүлгэн шилжүүлсэн гэж мэдээлжээ.

Израилийн арми Димона болон Арад хотуудад туссан пуужингуудыг саатуулж чадаагүй гэж мэдэгдсэн. Эдгээр хотууд нь Негевийн цөл дэх Израилийн цөмийн төвд хамгийн ойр томоохон хотууд бөгөөд уг төвд Ойрхи Дорнод дахь цорын ганц цөмийн зэвсгийн нөөц байрладаг гэж олон хүн үздэг.

Израил цөмийн зэвсэгтэй гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, уг байгууламжийг судалгааны зориулалттай гэж тайлбарладаг юм. Энэ удаагийн халдлага нь Ираны пуужин Израилийн агаарын хамгаалалтын системийг энэ бүсэд нэвтэлсэн анхны тохиолдол болсон байна.

Халдлагын улмаас ойролцоогоор 200 хүн шархадсаны дотор 12 настай хүү, 5 настай охин байсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа аж. Израилийн 13 дугаар суваг телевиз тэднийг нас барсан байж болзошгүй талаар мэдээлсэн ч албан ёсоор баталгаажаагүй байна.

Иран эдгээр халдлагыг бямба гарагт өөрийн Натанс дахь гол цөмийн баяжуулах байгууламж руу хийсэн цохилтын хариу гэж мэдэгдсэн. Харин Израил үүнд оролцоогүй гэж үгүйсгэсэн бол АНУ-ын Батлан хамгаалах яам тайлбар өгөхөөс татгалзжээ.

Тель-Авив хотод ням гарагийн өглөө кластер бөмбөгтэй холбоотой хэрэг явдлын улмаас дахин 15 хүн шархадсан байна. Ираны довтолгоо нэмэгдэхийн хэрээр Израилийн агаарын хамгаалалтын системд улам их дарамт учруулж, түүнийг сорьж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дайны нөхцөл байдлыг “аюултай шатанд хүрсэн” гэж дүгнэж, талуудыг хянуур байхыг уриалжээ. Тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Цөмийн байгууламжуудыг онилсон довтолгоо нь олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчны аюулгүй байдалд улам бүр ноцтой аюул учруулж байна” гэж хэлсэн байна.

Израилийн армийн дарга Эяал Замир бямба гарагт Иран анх удаа алсын тусгалт пуужин харвасан гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр 4,000 км хүртэлх тусгалтай хоёр баллистик пуужинг Энэтхэгийн далай дахь АНУ-Британийн цэргийн бааз болох Диего Гарсия руу чиглүүлжээ.

Их Британийн сайд Стив Рийд нэг пуужин зорьсон газраа хүрээгүй, нөгөө нь саатуулагдсан гэж мэдэгдсэн. Тэрбээр Иран Европ руу довтлохоор төлөвлөж байна гэсэн нотолгоо байхгүй гэж онцолсон байна.

Израилийн Батлан хамгаалах хүчин Иранд Лондон, Парис, Берлин хүрэх чадалтай пуужин бий гэж мэдэгдсэн ч Рийд үүнийг батлах зүйл үгүй, “Европыг онилох оролдлого хийж байгаа эсэх нь бүр ч тодорхойгүй” гэжээ.

Мөн тэрбээр өөр нэг ярилцлагадаа Дональд Трамп Ираны цахилгаан станцуудыг устгана гэсэн мэдэгдлээ хувийн зүгээс хэлсэн гэж тайлбарласан байна.

Шинжээчид Дональд Трампын заналхийлэл нь эрчим хүч болон санхүүгийн зах зээл дээр “48 цагийн тодорхойгүй байдлын тэсрэх бөмбөг үүсгэсэн” гэж үзэж байгаа юм. Хэрэв энэ байр суурийг өөрчлөхгүй бол хөрөнгийн зах зээл огцом унаж, эрчим хүчний үнэ өсөх “хар даваа гараг” ойртож болзошгүй гэж анхааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 9 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23