Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭН


Энэ 2025 онд тохиож буй Монгол киноны 90 жилийн ойд зориулан Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Д.Чимэд-Осорын намтар түүх, дурсамж, гэрэл зургийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээх зорилгоор түүний хүү Ч.Болд "Дэндэвийн Чимэд-Осор" гэсэн цахим хуудсыг нээж, олон сонирхолтой мэдээлэл оруулж байгаа юм.

Тус хуудаст нийтлэгдсэн "Малчин бүсгүй" хэмээх нийтлэлийг хуулбарлан оруулав. 

“МАЛЧИН БҮСГҮЙ”

Зуны найртай өглөө
Зуслан дэнжийн зүлгэн дээр
Ус авахаар очиход минь
Уулзаж сууснаа санана уу
Эхний яриа яасан бэ
Үүрд намайгаа мартаа юу

гэсэн үгтэй хайр, гуниг нэвт шингэсэн энэ дууг мэдэхгүй хүн бараг байдаггүй болов уу. Дуу бүхэн намтартай гэдэг. Зохиолч М.Ядамсүрэн жүжигчин Д.Ичинхорлоод зориулан “Үзэсгэлэн гоо”, яруу найрагч М.Цэдэндорж телевиз радиогийн нэвтрүүлэгч С.Батсүрэнд зориулан “Миний алаг нүдэн сайн сууж байв уу?” шүлэг бичсэн нь дуу болон амьдарсан түүхтэй. Сайн хүн, сайхан хүн гэдэг яруу найрагчийн зүрхийг хөглөж, онгод хийморийг нь даллан, бүтээл туурвилын нь эх үндэс болдог ажээ.

Аав минь “Малчин бүсгүй” шүлгээ Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайд зориулан 1943 онд бичсэн гэдэг. Дууны “эзэн” болж мөнхжихийн шид хутгийг олно гэдэг хэн хүнд ховорхон тохиох аз билээ.
Хөгжмийн зохиолч Х.Доёддоржийн сайхан аялгуу энэ шүлгийг амьдруулж дуу болон түгснээс хойш хагас зуун жилийн турш дуулагдаж байна. Аав минь энэ шүлгээ батлуулах гэж оролдсон боловч тэр үед Зохиолчдын хорооны орлогч дарга байсан Д.Сэнгээ “Янаг амрагаас илүү цэрэг эх орны сэдэвтэй дуу шүлэг хэрэгтэй байна” гээд түдгэлзжээ. Тэгэхээр нь “Малчин охин” нэртэй жижиг үзэгдэл бичээд түүндээ ардын дуу хэмээн оруулж батлуулсан гэдэг. Хавтсан дээрээ “Малчин охин хэмээх үзэгдэл” гэж монгол бичгээр таталган бичсэн шар хавтастай нимгэн дэвтэр аавын хувийн архивт хадгалагдаж байдаг юм. Эхний хуудасны оройд “1943.2 сард” гэж тэмдэглээд “Малчин охин хэмээх нэгэн бүлэгт үзэгдэл. Тайзны байдал” хэмээн монгол бичгээр нямбай нь аргагүй үргэлжлүүлэн бичсэн аравхан хуудастай мөнөөх дэвтэр нь одоо надад бий. Уг нь Монголын Театрын музейд л баймаар эд дээ.

1960-аад оны эхээр манайд ирж тоглосон Румыны нэгэн дуучин, урлаг судлаач Ж.Бадраа гуайн зөвлөснөөр “Малчин бүсгүй”-г дуулснаар ардын дуу гэгдэж байсан энэ дуу сая аавын минь нэрээр нэрлэгдэх болсон түүхтэй. Энд тэнд болсон уулзалт дээр бичгээр ирсэн асуултуудыг аав нямбайлан хадгалдаг юм. Тэдгээр асуултын дунд “Та “Малчин бүсгүй” дуугаа хэнд зориулан зохиосон бэ? Түүхийг нь ярьж өгнө үү?” гэсэн асуулт олонтаа давтагдсан байдаг. Тэр бүхэнд аав минь:
-Говь-Алтай аймгийн Тонхил сумын ард сайн малчин Доржийн Цэнд гэж 66 настай хөгшин өөрийнхөө 116 толгой бог малыг 1944 оны мичин жилийн зуднаар ганц ч төлийн хорогдолгүй онд оруулсан баатарлаг үйлсэд зориулан “Малчин охин” хэмээх жижиг үзэгдэл бичсэн. Уг үзэгдэлдээ шигтгээ болгон энэ шүлгийг бичсэн нь сүүлд дуу болсон доо гэхээс өөр тоймтой юм ярихгүй тэгс ингэс гээд өнгөрөөдөг сөн. Би нэгэн удаа:
-Та Цогзолмаад зориулан зохиосон юмаа гээд хэлчихэд яадаг юм бэ? Хүмүүст сонин шүү дээ гэвэл аав жуумалзан,
-Цаг нь болохоор тодорно биз дээ гээд өнгөрсөн билээ.
Энэ дууг Ховдын дуучин С.Цэрэндолгор үнэхээр амьдруулсан гэж би боддог. Аав ч Цэрэндолгорын дуулахыг сонсох дуртай. Харин зарим дуучин үгийг нь буруу дуулах буюу дууны эмхэтгэл түүвэрт буруу зөрүү үгтэй хэвлэсэн байхыг үзээд их л ундууцдаг сан. 1982 оны “Малчны календарь”-т уг дууг хэвлэхдээ нэг бадгийг нь хаяад зогсохгүй,

Талын зэрэглээ сүүмэлзсэн
Тонхил нуурын захад
гэхийг

Талын зэрэглээ сүүмэлзсэн
Танхил нуурын захад

гэснийг үзээд “Энэ яаж болохов дээ. Говь-Алтай аймагт Тонхил гэж нуур бий. Танхил нуур гэж юу байсан юм бэ?” гээд цухалдаж суусан.

Хожим энэ дууны шүлгийг ааваар хэлүүлж авснаа машиндаад хажуу зайнд нь “Энэ дууны дөрвөн шад үг одоогоор яг үнэн. Эх бичмэл нь надад одоо байгаа. 1987 оны есдүгээр сарын 25. Дэндэвийн Чимэд-Осор” гэсэн тодорхойлолт хийлгэж гарын үсгийг нь зуруулсан эх надад хадгалагдаж байдаг юм. Уг шүлгийг сийрүүлбэл:

МАЛЧИН БҮСГҮЙ

Зуны найртай өглөө
Зуслан дэнжийн зүлгэн дээр
Ус авахаар очиход минь
Уулзаж сууснаа санана уу
Эхний яриа яасан бэ
Үүрд намайгаа мартаа юу
Талын зэрэглээ сүүмэлзсэн
Тонхил нуурын захад
Анх танилцсанаа санана уу
Амраглаж дурласнаа бодно уу
Эхний яриа яасан бэ
Үүрд намайгаа мартаа юу
Буурал Богдын оргилд
Борооны будан татах шиг
Хайрын зөөлөн нүдээрээ
Харилцаж сууснаа санана уу
Эхний яриа яасан бэ
Үүрд намайгаа мартаа юу
Ихэс нуурын ус нь
Эргээ бялхан цалгих шиг
Хөөрхий янагийн зүрх чинь
Хүний болохоор цохилно уу
Ингээд чи минь уйдаа юу
Үүрд намайгаа мартаа юу

...Аавын минь өвчин хүндрэн элэгний хорт хавдар болж эмчилгээгүй гэсэн оноштойгоор II эмнэлгээс гэртээ гарч ирсэн тэр цагаас хойш нас бартал нь манайхаар театр урлагийн болон танил дотно олон нөхөд нь өдөр бүр эргэж ирж байсан. Зарим өдөр 20 гаруй хүн ч ирнэ. Тэр үед аав минь ухаан санаа цэлмэг, ирсэн улстай ярьж хөөрч өөрийн сүүлчийн хишиг болох гурван хундага архи, чихэр, шоколад өгч захиас үгээ хэлж байсан сан.

1988 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр буюу аавыг өнгөрөхөөс 12 хоногийн өмнө Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай охин Н.Сувдын хамт эргэж ирсэн юм. Л.Цогзолмаа гуайг аавын хэвтэж байсан жижиг өрөөнд оруулсан. Удтал сууж байгаад гарч ирэхдээ Цогзолмаа гуай уйлчихсан байж билээ. Идэр залуу насандаа Монголын театрын алтан тайзнаа цог хиймороо гайхуулж явсан энэ хоёр хүний нэг нь хорвоотой салах ёс гүйцэтгэж байх тэр үед тэдний чухам юу ярилцсаныг бурхан л мэдэх байх.

1988 оны нэгдүгээр сарын 29. Идэр гурван есийн хүйтэн тачигнасан энэ өдрийн 14 цагт аав минь бурхан болсон билээ. Халз тулгарсан үхлийн өмнө барьц алдаж үүлгэртэн сандарсан би Ардын жүжигчин Б.Зангадын хамт телефоны утас татахаар хажуу байшинд ортол радиогоор аавын минь “Малчин бүсгүй” дуу хангинаж байхыг сонсоод үнэхээр сэтгэлийн тэнцвэр алдсан даа. Амьгүй болсон бие нь хөрч байхад амьддаа зохиосон дуу нь дуулагдсаар байдаг...
Амьдрал ахархан, урлаг мөнх гэдэг л энэ байх даа. 

Эх сурвалж: Дэндэвийн Чимэд-Осор пэйж 


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… 32 минутын өмнө
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА 48 минутын өмнө
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… 2 цагийн өмнө
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА 2 цагийн өмнө
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ 4 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГ… 7 цагийн өмнө
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР… 7 цагийн өмнө
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… Өчигдөр
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 Өчигдөр
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ Өчигдөр
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 2026/08/03
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01