КОП17-ЫН ТОД ӨНГӨ САЙН ДУРЫНХАН


Жаахан тээнэгэлзсэнээ гараад алхчихав. Бороонд дуртай, ер нь шүхэргүй явж сурсан хүн л дээ. КОП болж буй газарт сул асгарсан их бороон дунд шүхэргүй дажгүй ээ л гэж найдсан хэрэг. Нар шарж байснаа л агшин зуурт үүл хуралдаад бороо орчихдог эх орны минь цаг агаар бас л уур амьсгалын өөрчлөлтийг харуулж байгаа байх даа, байгаль цаг уурын талаас юу гэж тайлбарладаг юм бол. Бас ердөө энүүхэн хэсэгт шаагиад байгаа атлаа хэдхэн алхмын цаахна байгаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дусал ч бороо ороогүй байсан нь гайхам шүү. За иймэрхүү л цаг ууртай газар даа гэж зочид, төлөөлөгчид таниулах гэж асгарсан юм болов уу даа. Дэмий бодлоо хөвөрдөн инээмсэглэн алхах гэсэн ч дэндүү их устай нь нөмөртөө л зогсож байдаг байж уу гэж эргэлзэхэд хүргэлээ.

“Арай л устай байна даа, нэвт норчихлоо, яадаг шуу юм билээ. Түрүүний охины өгсөн хальсан шүхрийг авдаг ч байж уу” гэсэн бодол гэнэт зурсхийв. Шүхэргүй явдаг ээжийгээ бороо дийлдэггүй ээ гэж хүү минь жаахандаа итгэдэг байж билээ.

Цагаан поло өмссөн охин араас гүйж ирээд "Эгч ээ, би туслах уу" гээд улаан шүхрээрээ нөмөрлөв. Хэрэггүй, цаана чинь гадаад нөхөд бас учраа олохгүй зогсож байгаа юм биш үү, тэдэн дээр оч гэтэл буцаад дэгдлээ. Хальсан шүхэр барьчихсан гүйж ирээд гарт минь атгуулж байна. Баярлалаа гэж хэлэхийн зуургүй л эргээд гүйчихэв.

Хэсэг алхаад буцаад хартал өнөөх маань хоёр африк бүсгүйг шүхрээрээ нөмөрлөчихсөн алхаж явна аа. Яасан ч хурдтай юм дээ… Бүсгүйчүүд ч инээд хөөртэй, охин ч бас ажлаа гүйцэтгэж байгаадаа баяртай л харагдана. Болж дээ.

Сайн дурынхан КОП17-ын хамгийн тод өнгө байв. Сайхан сэтгэлээрээ ч, харилцаа хандлагаараа ч тэр.. Нээлттэй ч юм, тусархуу ч юм. Гадаад, дотоодын олон зочинд үйлчлэх учир хичээл орсон л гэсэн, сураа биз ээ. Гэхдээ зүгээр нэг хэлсэн үгийг ягштал дагаж байгаа биш, харин бүр цаанаасаа л эелдэг, байгаагаараа, чин сэтгэлээсээ нь илт мэдрэгдэнэ. Уг нь нэлээд гөжүүд өөрийнхөөрөө, үзэл бодлоо шууд илэрхийлдэг гэж хүмүүс дүгнээд шүүмжлээд байгаа GenZ үеийнхэн шүү дээ.

КОП17 эхлэхийн өмнөх өдөр сонссон хамгийн таатай мэдээ минь тэдний тухай байсан юм. Сайн дурын ажилтнаар ажиллаж буй 600 хүүхэд, залуусын дотор 6 хэлээр ярьдаг хүүхэд байгааг нэг танил минь маш олзуурхан дуулгасныг олонтой хуваалцав. Гэтэл нэг найзын минь охид таван хэлтэй, бас нөгөөгийнх нь охин хэлний мэдлэгээрээ шалгараад энгэрийн камертай ахлах болсон гэсэн нь бахдам.

Хүүгийн минь ангийн дарга соёлтой, зөв хандлагатай, харилцаа нь өөрийн эрхгүй сэтгэл татам "манлайлагч" хүү гадны зочид ирэхэд онгоцны буудал дээр шууд тосон авах сайн дурынхны нэгээр сонгогдсоныг ёстой зөв сонголт гэж бодсон.

КОП-ын үеэр Сайн дурынхны ихэнх нь нээлттэй, хэвлүүхэн, харилцаа хандлага нь тэгширсэн, сэтгэлтэй, зүтгэлтэй, зорилготой хүүхдүүд байгааг харахад таатай байлаа. Эх орны минь ирээдүй ямар байх нь тэднээс шалтгаалах учир л одоогийн хүүхэд залуус гэж сонжиж ч нэг хараад шүүмжилж ч нэг хэлээд, магтаж ч бас урам өгдөг биз ээ, манайхан. Сайн дурынхан нь хөөрхөн юм аа гэж ярилцсан дотоод, тэр байтугай гадаадын хүмүүс ч хаа сайгүй. Гэхдээ юм бүхэн төгс байдаггүй учир ганц нэг таагүй үг унагах хүн таарсан нь мэдээж.

Өндөр хөгжилтэй орон, ялангуяа АНУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй сурах шалгуурын нэг нь сайн дурын ажил болоод байгаа. Энэ нь ч хүүхэд, залуус сайн дурын ажил хийхэд томоохон түлхэц болж байна. Сертификаттай сайн дурын ажилд оролцоно гэх зар хаа сайгүй л харагддаг даа. КОП17-д сайн дурын ажилтнаар яаж орох вэ гэсэн зар сая тун ч олон байлаа. НҮБ-ын системээр шалгаруулаад авсныг нь мэдээгүй үлдсэн хүүхэд залуус цөөнгүй байсан биз ээ. Ямар ч байсан КОП17 сайн дурын ажлын нэр хүндийг өргөсөн ч байх, бас гадаад хэл сурах хүслийг, дээрээс нь олон улсын арга хэмжээнд оролцож, хэлний мэдлэгээ сорих эрмэлзлийг ч залууст төрүүлж чадсан байх.

Гэхдээ КОП-д зөвхөн гадаадын сургуульд материал явуулахын тулд залуус сайн дурын ажил хийсэн гэвэл хэт өрөөсгөл болно. БНСУ-д суралцдаг гэх охин эх орондоо болсон Олон улсын хуралд сайн дурын ажилтнаар оролцмоор санагдаад гэж ярьсан юм. Хэдийгээр мэргэжил нь шууд байгаль орчинтой хамааралгүй ч тэр хуваарьт  5 цагийн ажлаа дуусгамагц, бас заримдаа чөлөө заваараа сонирхсон хуралдаандаа ороод хэлэлцүүлгийг сонсчихдог гэнэ. Олон улсын хурал ямар зохион байгуулалттай болдог, юуг хэрхэн хэлэлцдэгийг өөрийн эрхгүй сонирхмоор санагдаад маш их зүйл мэдэж авсан гэнэ лээ.

Эх орныхоо бүх сайхан газраар аялмаар санагдсан гэж ярих хүүхэд ч олон байлаа.  Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчноо хамгаалахад би яаж тус хүргэж чадах билээ гэж өөрийн эрхгүй бодсон гэж тэд ярьсан. КОП залууст эх байгалиа сонирхох, хайрлах, хамгаалах сэтгэлийг төрүүлсэн нь нэгэн том ололт гэмээр. Монгол Улсын минь ирээдүйг тодорхойлох залуу үеэс цөөн ч гэсэн хүн эх байгалиа хамгаалах сэтгэлээр хөглөгдөнө өө гэдэг эргээд сайхан зүйлд дуудах нь тодорхой.  Байгаль орчин, эдийн засгийн мэргэжлээр сурч буй оюутнууд бол маш олон сэдвээр гадаад, дотоодын гайхмаар олон хүний яриаг сонсож, үнэлж баршгүй мэдээлэл авсан л гэцгээсэн. Мэдээж тэд үүнийг өөрт оногдсон ажлынхаа завыг харан байж амжуулсан. Ажлаа ч хийсэн, мэдэхийг хүссэн зүйлээ ч сонссон.   

Ажил болгонд бэрхшээл бий. Сайн дурынханд ч бас бэрхшээл таарсан нь мэдээж. Өглөө орой хэзээ ч ирэх хүмүүсийг тосох гэж нойр дутуу явах, зарим нь тасралтгүй зогссоноос ядрахаас өгсүүлээд амаргүй зүйл олон л байсан байх. Ногоон бүсэд ажиллаж байсан нэг охин “Зарим хүн гомдол саналаа илэрхийлмээр байна, хаана өгөх вэ гээд хариулж мэдэхгүй байсан чинь жаахан загнасан. Бас сүүлийн 30 жилийн нөхцөл байдлыг мэдэж байгаа юу гээд л бухимдалтай ярих хүмүүс байна.” гэсэн шүү.  

Би жаахан хаалттай зантай, хүнтэй харилцахдаа муу, хүнтэй харилц гээд ээж бүртгүүлсэн, тэгээд тэнцээд ажиллаж байна гэсэн залуу ч бий. Хэт олон хүнтэй харилцахаар үнэндээ заримдаа ч учраа олохгүй байна гэж шууд хэлсэн нэгэн ч бий. Бороо ороод байх юм, дотор ажилласан бол гоё байх байсан гэж бодсоон гээд хөөрхөн инээсэн охин ч байна. Зоригтой зорилготой цагаахан хүүхдүүд...

Амжилттай яваа нэгэн бүсгүй АНУ-д сурч байхдаа амьжиргааны зардлаа олох гээд зөөгчөөр ажиллаж байсан нь цаашид олон зүйлд хэрэг болсноо дурдсаныг санаж байна. Олон янзын зан араншинтай хүмүүстэй харилцах эв дүй сурахаас эхлээд хэд хэдэн ширээнд үйлчилдэг тэр энгийн дадал дараа нь ажлаа, цагаа хуваарилахад нь үнэхээр хэрэгтэй байсан гэсэн сэн.

Би танд туслах уу. КОП-ын талбайд энэ үгсийг сонссон гадаад, дотоодын бүх хүн эелдэг найрсаг Сайн дурынхныг таатайгаар дурсах биз ээ.

Өөрийн гэсэн үзэл бодолтой  GenZ-ийнхэн  зорьсон зүйлдээ чин сэтгэлээсээ хандан сайн ажилладаг гэдгийг Сайн дурынхан хангалттай баталлаа. Монголын минь ирээдүй гэрэлтэй байна аа.   

Г.ЭРХЭС 


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 16 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 17 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 19 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23