Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран зохион байгуулсан “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өчигдөр /2025.09.23/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд боллоо.
Ерөнхий хяналтын сонсгол 10 цаг 30 минутад гишүүдийн 55 хувийн ирцтэй эхэлж, сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалан явуулав. Тэрбээр сонсголын эхэнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан дэг, журмыг танилцуулсан юм.
Өнөөдрийн сонсгол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд ач холбогдолтойг сонсгол даргалагч онцлон тэмдэглэсэн.
Ерөнхий хяналтын сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагч, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 126 хүн ирсэн байв. Мөн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийг төлөөлж 50, Ховд аймгийн холбогдох төрийн байгууллага, иргэдийг төлөөлж 15, нийт 65 хүн тус аймгаас хүрэлцэн ирж, сонсголд оролцлоо.
Сонсголын эхний илтгэл нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаярын танилцуулсан “Газрын ховор элементийн судалгаа, эрх зүйн орчин” сэдэвтэй байлаа. Тэрбээр газрын ховор элементүүд нь нарны зайн хураагуур, салхин сэнсний хөдөлгүүр, батарей, шилэн кабель, Hybrid машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог гээд газрын ховор элемент түгээмэл тархацтай биш, төвлөрсөн тогтсон орд дээрээ ч сарнисан байдаг учраас ховор гэж нэрлэдэг хэмээн тайлбарласан.
Монгол Улс газрын ховор элементийг ашиглах талаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогодоо тусгасан бөгөөд эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна гэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ гэж тусгасан байна.
Монгол Улсын газрын ховор элементийн ордуудын нөөцийн талаарх мэдээлийг доорх хүснэгтээс харна уу.
Илтгэлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас цаашид газрын ховор элементийн талаар дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ хайгуулын ажлыг эрчимжүүлэх, ашиглаж буй ордуудын баяжмалын хаягдлыг шинжлэх, хил залгаа газрын ховор элементийн ордуудын үргэлжлэлийг Монгол Улсад судлахаар тусгасан байв. Мөн газрын ховор элементийн зургаан ордод технологийн шийдэл, хөрөнгө оруулалтыг татахад дэмжих, олон улсаас туршлага судлах, БНСУ-Монгол Улсын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах, нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгааг идэвхжүүлэх, боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дүгнэсэн байлаа.
"“Халзан бүрэгтэй” ордын талаар өнөөгийн нөхцөл байдал, тусгай зөвшөөрөл олгосон талаарх дүгнэлт"-ийг шинжээч Х.Лхагвабаатар танилцуулав. Тус танилцуулгад, ордын судлагдсан байдал, бусад ордуудтай харьцуулсан судалгаа, аж ахуйн нэгжийн мэдээлэл, олборлолт, баяжуулалтын талаар хөндсөн юм. Тухайлбал, газрын ховор элементийн ордууд нь таван аймгийн нутагт, зургаан ерөнхий орд газрыг хамарсан. Үүнээс нэг нь шороон орд, үлдсэн нь үндсэн орд гээд хүнд, хөнгөн хоёр элементийг агуулснаараа онцлогтойг шинжээч онцлов. “Халзан бүрэгтэй” ордын талаар 1987 оноос судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Хуучнаар Монгол Зөвлөлтийн эрдэм шинжилгээний экспедиц хээрийн судалгааг хийж, газрын ховор элементийн хүдэржилт байгааг тодорхойлсон бол дараа нь зураглалын ажил хийж, нэгж талбайнуудыг ялгаж өгсөн байна.
Мөн тус ордод үйл ажиллагаа явуулах гэж буй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг доорх зурагнаас авна уу.
Үргэлжлүүлэн шинжээч Т.Аззаяа “Газрын ховор элемент: Хүдэр, баяжмалыг боловсруулах химийн технологийн талаарх дүгнэлт”-ийг танилцуулсан. Тэрбээр газрын ховор элемент нь ховор гэгддэг ч дэлхийн царцдаст харьцангуй өргөн тархсан, баяжуулах, боловсруулахад нарийн технологи шаардана гэж байлаа. “Халзан бүрэгтэй” ордын үйлдвэрийн ач холбогдолтой хэмжээгээр Zr, Nb, газрын ховор элементүүд агуулсан, нийлмэл бүтэцтэй, хүнд баяжигддаг эрдсүүдээс бүрдсэн тул баяжуулах технологийн судалгааг нарийвчлан хийж, зохистой горимыг тогтоох шаардлагатай гэв. Цаашлаад зөвхөн газрын ховор элемент бус бусад үйлдвэрийн ач холбогдолтой элементүүдийг гарган авахад анхаарах, баяжмал болон хаягдал дахь U, Th-ийн тархалтыг тогтоох нь зүйтэй гэлээ.
Дараа нь “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бүс нутгийн нийгмийн нөлөөлөл”-ийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх танилцуулсан. Тэрбээр, газрын ховор элементийн ордыг ил аргаар ашиглах төслийн талаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэснийг дурдлаа. Тодруулбал, төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг тооцож, нийлбэр үнэлгээг гарган уг төслийг экологи, эдийн засгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэх, орд газрын гадаргын болон газрын доорх усны харилцан хамаарал, уст үеийн хөдөлгөөн, тархалтыг олборлох технологитой уялдуулан нарийвчлан судалж, эрх бүхий байгууллагаар усны нөөцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсэн байв.
Мөн газрын ховор элемент олборлох, төслийн бүрэлдэхүүн хэсгээс ялгарах бохирдлын хэмжээ, түүний тархалт, нөлөөллийг хүрээг тодорхойлж, зураглал гаргах, бүтээгдэхүүн тээвэрлэх авто замыг холбогдох шаардлагад нийцүүлэх асуудлыг тайланд нарийвчлан тусгах, уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөлтийг хийх, ажлын тайланг төсөл хэрэгжих багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийг тайланд хавсаргах талаар чиглэл болгосон байна.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага тайлангаа мэргэжлийн зөвлөлд хүргүүлжээ. Байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ургамлын суурь судалгаа, зураглал буруу хийсэн, усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нарийвчлан тодорхойлох, усны чанарын судалгаа хийх, мэдээлэл зөрүүтэй, мониторингийн цэг тодорхойгүй, судалгаа хангалтгүй хийгдсэн гэсэн үндэслэлээр төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланг буцаахаар шийдвэрлэснийг илтгэгч онцлон тэмдэглэсэн.
Сонсголд “Халзан бүрэгтэй” орд ашиглалтаас үүдэх байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл"-ийн талаар шинжээч Н.Наранцэцэг дүгнэлтээ танилцуулав. Тус танилцуулгад байгаль орчны чиглэлээр хийсэн ажил, төслийн явц, болзошгүй сөрөг нөлөөллийн үнэлгээ, агаар, ус, хөрс, орчны дуу чимээ, цацраг чанарын хяналт, шинжилгээний үр дүн, Ховд аймгийн Мянгад сумын хүн амын эрүүл мэндийн байдал, малын эрүүл мэндийн үнэлгээ, төслийн ерөнхий мэдээлэл, ач холбогдлын талаар хөндсөн байв. Тухайлбал, төслийн стратеги, санхүү, бусад ач холбогдлын талаар илтгэлд тодорхой дурдсан байлаа.
Сонсгол үдээс хойш оролцогчдын санал болон Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн.
Хэлэлцүүлэгт Ховд аймаг болон Мянгад сумын иргэдийг төлөөлөн 24, D-parliament.mn цахим хуудсаар дамжуулан 17, заалнаас 19, нийт 60 иргэн үг хэлж, саналаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн байгууллага болон шинжээчдийн дүгнэлт, илтгэлд дурдагдсан мэдээлэл хэт ерөнхий, тодорхой бус, бусад олон улсын байгуулага, судлаачдын хийсэн судалгааны дүгнэлттэй мэдээллэл нь зөрүүтэй байгаад анхаарах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан, дүгнэлт өнөө хэр батлагдаагүй байхад төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж буй нь хууль зөрчиж байна гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулахад чиглэнэ гэдгийг онцлоод төрөөс “Халзан бүрэгтэй” орд газрын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийн талаар тодорхой мэдээлэл өгч, мэдэх эрхийг нь хангах нь зүйтэй гэсэн санал хэлсэн.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ө.Шижир, Б.Уянга, С.Замира, Э.Болормаа, Ж.Золжаргал, З.Мэндсайхан, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн, О.Амгаланбаатар, Б.Заяабал, Дав.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлж, санал хэлсэн. Гишүүд “Халзан бүрэгтэй” ордын хувьд хайгуулын ажил эхэлсэн хэдий ч цаашид ашиглалт, олборлолт явуулбал хэчнээн тонн хүдэр гаргаад түүнийгээ баяжуулах юм, үлдэгдэл овоолгоос нь хэдий хэрийн цацраг тархаж, тэр нь хүрээлэн буй орчин, хүн, мал, ан амьтан, экологид нөлөөлөх эсэх талаар тодорхой мэдээллүүдээр иргэдээ хангах хэрэгтэй гэв. Мөн цаашид сонсголын үр дүнд төр ямар нэг байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон болохоор үүнийгээ үргэлжлүүлэх, эсвэл цуцлах талаар тодорхой шийдвэр гаргаж, нийгмийг талцуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ асуудалд шийдвэр гаргах хүртэл тууштай хамтарч ажиллана гэдгээ гишүүд мэдэгдлээ.
Түүнчлэн Монгол Улс газрын ховор элементийг ашиглахад өөрийн бодлогыг тодорхойлж, энэ салбарт гуравдагч улсуудын хөрөнгө оруулалтыг татах нь үндэсний эрх ашиг тул салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах цаг болсныг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна гэв. Хамгийн гол асуудал нь хайгуул, ашиглалтын нэг лиценз, ашиг сонирхлын зөрчил үүсгээд тэр нь Монгол Улсын газрын ховор элементийн хөгжлийг булшлах, гацаах үр дагаварт хүргэж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.
Үүгээр ерөнхий хяналтын сонсгол өндөрлөж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар сонсголыг хааж, үг хэлэв. Тэрбээр өдрийн турш сонсголд идэвхтэй оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн Ховд аймгийн Мянгад сумын иргэдийн төлөөлөлд тусгайлан талархал илэрхийлсэн юм. Мөн энэхүү ерөнхий хяналтын сонсголоос гаргасан дүгнэлтийг холбогдох Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг дуулгалаа.
Түүнчлэн газрын ховор элементийн хайгуул хийж буй аж ахуйн нэгж, иргэд хоорондын үл ойлголцолд төр тодорхой түвшинд оролцож, асуудлыг зохицуулах шаардлагыг хүлээж байгаагийн цаана төрийн бодлого тодорхойгүй байгаа нь харагдаж байна гэв.
Нөгөө талаас нь авч үзвэл өнгөрсөн хугацаанд газрын ховор элементийн хайгуул, ашиглалт, тусгай зөвшөөрөлд хэлбэр төдий хандаж байсан бол өнөөдөр газрын ховор элемент нь юу болох, хүний эрүүл мэндэд хортой, хоргүй эсэх талаар нарийвчилсан судалгаануудыг хийх эрх зүйн орчин шаардлагатай байгааг давхар харуулаад байгааг сонсгол даргалагч онцоллоо.
Мөн тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн үл ойлголцлын түвшинд байгаа асуудлыг ойлголцлын түвшинд хүргэх хэмжээнд зохицуулах үүргийг парламент хүлээн авч, анхаарч ажиллахаа илэрхийлэв. Улмаар 126 гишүүнтэй энэ парламент хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд газрын ховор элементийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгоход санаачилгатай ажиллана гэж байлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна