Хүн төрөлхтний түүхэнд аймшигт ослоос гайхалтайгаар амьд үлдсэн тохиолдлын нэг нь онгоцны ослоос ширэнгэн ойд унасан ч амьд үлдэж чадсан Юлиана Кёпкегийн түүх юм.
1971 оны Зул сарын баярын өмнөхөн онгоцны ослоос амьд үлдэж, хэн ч үгүй ширэнгэн ойд арав гаруй хоног ганцаар бэдэрч, олон осол аюулыг эсэн мэнд давсан 17 настай охины түүхийг овсгоо самбаа, мэдлэг, аз бүгд нийлсэн гайхалтай хувь заяа гэмээр.
3000 метрийн өндрөөс унасан ч амьд...
Тэнгэрээс унах мөчдөө 17 настай Юлиана Кёпке 3000 метрийн доорх газрыг хараад “Перугийн ойн модод дээрээсээ брокколи шиг харагддаг юм байна” гэж зурвасхан бодсон гэдэг. Сүйрлийн үед ч хүний толгойд янз бүрийн бодол орж ирдэг л байх нь ээ.
Юлианагийн сууж явсан онгоц аянганд цохиулсны улмаас “хагарч”, охин секундэд 45 метрийн хурдаар доош унажээ.
Халуун орны Амазоны ширэнгэн ойг харах агшиндаа энэ хачин дүр зураг амьдралдаа хамгийн сүүлд харах зүйл байх гэж бодмогц тэр ухаан алдсан байна.
Гэтэл азаар сэржээ....Брокколи шиг харсан модод нь харин одоо түүний дээр амьд ногоон тааз шиг сүглийж байлаа.
1971 оны Зул сарын баярын өмнөх орой.. Гурван километрийн өндрөөс унасан Жулиана бага зэрэг гэмтсэн ч гайхамшигтайгаар амьд үлдэж чадсан юм. Ийм уналтыг эсэн мэнд давсныг гайхамшиг гэхээс яахав. Гэхдээ амьд үлдэхийн төлөөх тэмцэл энэ мөчид дөнгөж эхэлж байгаа гэж охин яахин тааварлах билээ.
Ширэнгэн ойд өссөн охин
Юлиана 1954 онд герман гэр бүлд төрж, Перугийн ширэнгэн ойд өсжээ.
Түүний эцэг Ханс-Вильгельм Кёпке алдартай амьтан судлаач, ээж Мария нь шувуу судлаач, халуун орны шувуудад дуртай нэгэн байв.
Эцэг эх нь хамтдаа ширэнгэн ойд Пангуан судалгааны станцыг байгуулж, ойн экологийн өвөрмөц системийг дотроос нь судалжээ.
Пангуанд өссөн Юлиана чухамдаа ширэнгэн ойн хүүхэд байсан нь түүнд амьд үлдэх боломжийг олгосон ур чадварыг өгсөн юм.
Юлиана хүүхэд байхдаа ширэнгэн ой дахь амьдралын талаар их зүйлийг мэддэг байснаа, бас хамгийн гол нь бусад хүмүүс шиг түүнээс айдаггүй байснаа хожим BBC-д ярилцлага өгөхдөө хэлжээ. "Ширэнгэн ой бол дэлхийн олон хүний боддог шиг ногоон там биш" гэж тэр хэлсэн юм.
Аав нь аюулыг анхааруулсан ч ээж, охин хоёр онгоцоор нисжээ
Юлиана эцэг эхийнхээ шийдвэрийн дагуу уг нь ширэнгэн ойн дунд судалгааны газарт байх гэртээ суралцдаг байжээ. Гэвч төгсөлтийн өмнөхөн тэр Перугийн нийслэл Лимад суралцахаар явах шаардлагатай болсон байна.
Зул сарын баяр ойртож байлаа. Юлиана ээжийн хамт Зул сарын баярыг гэр бүлээрээ тэмдэглэхээр Пангуаны судалгааны бааз руу буцах болов.
Ээж Мария нь баярын бэлтгэлээ эртхэн очиж базаахын тулд урьдчилан нисэхийг хүсэж. Гэвч Юлиана охин төгсөлтийн ёслолд очихыг, бүжиглэхийг туйлын их хүсэж байлаа. Иймээс Зул сарын баярын өмнөх орой Lansa-508 дугаар нислэгээр шууд нисэхээс өөр сонголт тэдэнд үлдсэнгүй.
Энэ чиглэлээр нислэгийг “Электра-188” онгоцоор гүйцэтгэх байж. Тус загварын онгоцны аюулгүй байдал, нэр хүнд асар мууг мэдэж байсан Жулианагийн аав эхнэр, охин хоёроо галт тэргээр явж ирэхийг шаардсан байна.
Тэр үед Америкийн "шувуу" "Электра-188"-ын сүйрлийн статистик үнэхээр аймшигтай байлаа. Үйлдвэрлэсэн 170 онгоцноос 58 нь аль хэдийн жагсаалтаас гарсан бөгөөд тэдгээр нь эвдэрсэн, эсвэл агаарт ноцтой гэмтэл авсан байв.
Гэсэн хэдий ч Зул сарын баярын үеэр ээж, охин хоёрт өөр ямар ч сонголт байсангүй. Гэр бүлийн тэргүүний анхааруулгыг үл хайхран тэд “найдваргүй” онгоцны тасалбар худалдаж авчээ.
Газардахаас 15 минутын өмнө..
Нислэг эхэндээ бусадтай л адил хэвийн байлаа. Юлиана хоёрдугаар эгнээний ард цонхон тушаа, харин ээж нь дунд суудалд суулаа. Тэд хачиртай талх идэж, Зул сарын баярын төлөвлөгөөгөө ярилцан, онгоцны цонхоор үзэгдэх ширэнгэн ойг ажиглана.
Онгоц бараг л газардах дөхөж байв. Энэ хүртэл аюултай зүйл юу ч байсангүй. Газардахад ердөө 15 минут дутуу байхад гай зовлон эхэлсэн юм. Онгоц аянганд цохиулах шиг л болжээ.
«Өдөр гэнэт шөнө болон хувирч, тал талаас аянга цахилгаан цахиж эхэлсэн. Аймшигт чичиргээнээс болж хүмүүс сандарч, зарим нь тэр дороо амьсгал хураасан” гэж Юлиана тэр мөчийг хожим нь номдоо дүрслэн бичжээ.
"Дээд шүүгээнээс цүнхнүүд унаж, Зул сарын баярын гоёмсог боодолтой бэлгүүд хувцас болон бусад зүйлтэй холилдон онгоцонд ийш тийш “нисэж” эхэлжээ. Ууж дуусаагүй ундаа зорчигчдын толгой дээр шууд асгарч, сэндвичтэй тавиур агаарт нисэж байлаа. Хүмүүс сандарч хашгирч, уйлж байсан юм."
Сүйрэл
Юлиана ээжийнхээ "Бүх зүйл сайн сайхан болно гэдэгт найдаж байна" гэж амандаа бувтнахыг сонсов. Дараахан нь онгоцны далавчин дээгүүр хүчтэй гялалзах цагаан гэрэл хамрыг нь онгойлгохыг харжээ.
"Энэ бол төгсгөл" гэж ээжийнхээ гайхалтай тайван хэлэхийг охин сонссон байна. Дараа нь бүх зүйл нам гүм болов. Хөдөлгүүрийн хүрхрэх чимээ сонсогдохоо больж, зорчигчдын хашгирах чимээ ч алсарлаа.
"Дараагийн агшинд би онгоцны бүхээгт биш өөр газарт байгаагаа ухаарсан“ гэж Юлиана хожим хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. "Би задгай агаарт байсан. Би онгоцноос буугаагүй, харин онгоц намайг орхисон.”
Магадгүй эгнээнээсээ суудлын бүс зүүсэн цор ганц хүн байсан байж мэдэх Юлианна Амазоны ой руу “унаж” байлаа.
Гайхамшиг - сэргэлт
Юлиана ухаан ормогцоо хэр их бэртсэн бол гэж түгшин боджээ. Дүйнгэтэн учраа олохгүй байсан тэр эхлээд тархи нь гэмтсэн байна гэж боджээ. Булчингийн яс нь хугарч, баруун нүд нь гэмтэж, тархи нь хөдөлж, өвдөгнийх нь шөрмөс тасарч, бие нь хаа сайгүй олон зүсэгдсэний дотор нь гүнзгий нь ч олон байв.
"Би яг унасан газартаа өдөржин, шөнөжингөө хэвтсэн юм” гэж тэр хожим нь бичжээ.
Амьтдад шунан дурладаг Мария охиноо амьд гарахад тун чухал үүрэг гүйцэтгэсэн “гайхамшигт бэлгийг өгсөн” байдаг. Юлиана эргэн тойронд нь байх амьтдын дуу чимээг , өөрөөр хэлбэл мэлхий вааглах, шувууд донгодохыг ялгаж чадаж байлаа. "Би судалгааны баазад байдаг зэрлэг амьтдын дуу чимээг таньж мэдсэн бөгөөд түүнтэй яг ижил ширэнгэн ойд байгаагаа ойлгосон" гэж Юлиана дурссан байдаг.
Тийм ээ, тэр үнэхээр гэрээсээ холгүйхэн байсан ч гэлээ ширэнгэн ой санаснаас ч илүү аюултай газар билээ. Ганцхан л буруу эргэвэл та тэнд хөлөө алдах болно.
“Аав ээж минь надад ширэнгэн ойн тухай мэдэх ёстой бүх зүйлийг заасан. Харин би энэ мэдлэгээ үймэрч самуурсан оюун ухаанаасаа гаргаж авч, өөртөө хэрэгтэйгээр ашиглах шаардлагатай байлаа.”
Ширэнгэн ойд ганцаар
Эцэст нь Юлиана сандлынхаа үлдэгдлээс өөрийгөө салгаж, харсан зүг рүүгээ явж, хэсэг хугацааны дараа гол олж харжээ. Эцэг эхийнхээ заасан зүйлсийг санаад тэр голын эргийг дагаж явахаар шийдсэн байна. Гэвч олон цаг өнгөрсөн ч ямар ч хүнтэй таарсангүй, өтгөн ургамал ногоогоор хучигдсан хэвээр байлаа. Охин бээрч эхлэв.
Борооны ид улирал тул тасралтгүй цутгах усан бороо түүнд гал асааж, утаагаар байршлаа бусдад мэдэгдэх боломж олгохгүй байв. Ядаж байхад жилийн энэ үед ямар ч модны жимс ургаагүй байдаг. Өлсгөлөн байдал нь охиныг улам бүр туйлдуулж эхлэв. Түүний идэх зүйл нь онгоцны суудалд нь үлдсэн уут чихэр л байсан юм.
"Ширэнгэн ойд ургадаг зүйлсийн ихэнх нь хортой, тиймээс би мэдэхгүй зүйлээсээ хол байсан" гэж Юлиана хожим ярьжээ.
Дөрөв дэх өдрөө Юлиана таагүй бөгөөд аймшигтай дуу чимээ болох тас шувуудын хашгирахыг сонсжээ. Тас шувууд зөвхөн сэг зэм дээр л цуглардаг гэдгийг охин мэдэж байлаа.
Аймшигт ослын ул мөртэй нүүр тулсан нь
Охины таамаглал зөв болж таарав. Шувуудын дуу гарсан зүгт хүрч очоод аймшигт дүр зургийг олж харжээ. Суудалдаа бэхлээтэй хэвээр гурван зорчигчийн цогцос… Нүд хальтрам харагдаж байлаа.
Нэг нь эмэгтэй хүн байхыг харсан Юлиана айдсаа ялж, дөхөн очив. Талийгаачийн хөлийн хумсыг хараад охин тайвширчээ. "Хөлийн хумс нь будагтай байхыг хараад би сая л гүнзгий амьсгаа авсан. Ээж минь хөлийн хумсаа хэзээ ч будаж байгаагүй юм" гэж тэр ярьсан байдаг.
Юлиана ширэнгэн ойд үргэлжлүүлэн бэдэрч явахдаа доогуур шунгинан нисэх онгоцнуудын чимээг сонсжээ. Аврах байх гэж бодсон хэдий ч өтгөн ширэнгэн ой аврагчдад дохио өгөх боломж олгосонгүй.
Охин өлссөнөөсөө улам сульдаж, арав дахь өдрөө бараг л бууж өгөхөд тулаад байв. "Мөс шиг хүйтэн бороонд голдоо ортол норон даарч, мод бутаар нөмөр хийн чичрэхдээ яаж ийгээд унтахыг оролдож байсан тэр шөнүүд шиг хаягдаж гээгдсэн мэдрэмж надад хэзээ ч төрж байгаагүй” гэж Юлиана хэлсэн юм.
Сүүлчийн сорилт
Мөрөн дээрх шарханд нь шимэгч хорхой үүрлэн өвтгөхөд урцнаас олдсон бензинийг амь аврах хэрэгсэл болгон ашиглажээ. Аав нь тэжээмэл малдаа хийдэг байсан шиг тэр шархан дээрээ бензин асгасан байна. Шимэгч хорхойнууд шарханд илүү гүнзгий шигдэхийг оролдож, өвдөлт дааж давшгүй мэт санагдсан ч би тэсвэрлэж чадсан. Гуч гаруйг биенээсээ гаргаж чадсаны дараа өөрөөрөө бахархах, баярлах сэтгэл төрсөн. Тэгээд тэнд шөнийг өнгөрүүлэхээр шийдсэн гэж Жюлиана дараа нь ярьжээ.
Эрэгтэй хүний дуунаар сэрсэн Юлиана аз жаргалаар дүүрэв. Гэсэн хэдий ч тэр ширэнгэн ойн сүүлчийн сорилтыг давах ёстой байлаа.
Дуунаар нь сэрсэн перу загасчид боловсролгүйгээс гадна жигтэйхэн мухар сүсэгтэй хүмүүс байв. Ойн гүнд туранхай, заваан, цайвар үстэй охинтой таармагцаа тэд аймшигт мэдрэмжид автаж, аль болох түргэн нуугдахыг эхлээд хүсжээ.
"Тэд намайг нутгийн домогт гардаг цэнгэг усны дельфин, цайвар шаргал үст бүсгүйн холимог буюу голын савдаг гэж андуурсан юм" гэж охин хожим ярьсан байна.
Азаар Юлианагийн эцэг эх түүнд испани хэл зааж өгсөн нь түүнийг аварчээ. "Би онгоцны осолд орсон охин байна” гэж тэр загасчдад төрөлх хэлээр нь хэлсэн байна. "Намайг Юлиана гэдэг."
Ийнхүү охины арван нэгэн өдрийн хар дарсан зүүд шиг амьдрал дууссан ч гэлээ хэдэн чухал асуулт хариултгүй хэвээр үлдсэн юм.
Ослын жинхэнэ шалтгаан
Юлиана олон жилийн турш хэрхэн нислэгээс амьд үлдсэн цорын ганц хүн болж чадсанаа ойлгох гэж зүдэрчээ. Бусад бүх зорчигч, түүний дотор ээж Мария нь ч ослоор нас барсан.
Тухайн онгоцны 90 зорчигчоос 14 нь газарт унахдаа амьд байсан гэж үздэг байна. Гэвч авсан гэмтлийнхээ улмаас Юлианагаас өөр хэн нь ч ширэнгэн ойгоос эсэн мэнд гарч чадсангүй. Ослын албан ёсны шалтгаан нь цаг агаарын аюултай нөхцөл байдлыг үл харгалзан нисэхийг зөвшөөрсөн агаарын тээврийн компанийн шийдвэр байсан юм. Зул сарын баяраар гэртээ байхыг хэн нэгэн үнэхээр хүсэж байсан ч харамсалтай нь энэ нь аймшигтай эмгэнэлт үйл явдалд хөтөлжээ.
Мөрдлөгийн явцад уг онгоцыг бүхэлд нь бусад олон онгоцны сэлбэг хэрэгслээр угсран хийсэн байсан учраас шуургыг тэсэн гарч чадаагүй нь тогтоогдсон байдаг.
Амьд үлдэгсдийн клуб
Юлиана эсэн мэнд гарсныхаа дараа "амьд үлдэгчдийн жижигхэн клуб"-д элсжээ. Зорчигч тээврийн онгоц тухайн үед дөнгөж хөгжиж байсан ч онгоцноос унаж, гайхалтай тохиолдлоор амьд үлдсэн хүн цөөнгүй байсан юм.
Жишээ нь, Юлианад тохиолдсон явдлаас хойш жилийн дараа нисэх онгоцны үйлчлэгч Весна Вулович хэмээх серб бүсгүй онгоцноос шүхэргүйгээр хамгийн өндрөөс унажээ. Тэрбээр арван мянга гаруй метрийн өндрөөс цасан дунд унаж, амьд үлдсэн байна. Энэ тохиолдлыг өнөөдрийг хүртэл хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа юм.
Харин Юлиана онгоцноос унахдаа яагаад амьд гарснаа аянга цахилгаан цахих хүчтэй урсгал түүний уналтыг удаашруулж, ширэнгэн ойн маш зузаан навчис газардах замыг зөөлрүүлсэн гэж үздэг байна.
Ширэнгэн ой бол миний нэг хэсэг
Юлиана биологич болж, эцэг эхийнхээ адил амьд байгалийг судлах болсон. Түүний төсөөлөлд өндрөөс унасан онгоцны суудал нь агаарт навчны үр шиг эргэлдэх жижигхэн нисдэг тэрэг шиг санагддаг байна.
Байгалийн хүч ихэвчлэн амьд биетэд дийлдэшгүй байдаг. Гэхдээ заримдаа орчлон ертөнц жижигхэн амьтдыг авралдаа багтаах нь бий. Агаарын урсгал, өтгөн навч, цэвэр аз бүгд нэг цэгт нийлснээр охин гайхамшиг гэмээр тохиолдлоор амьд үлдэж чадсан юм. Ширэнгэн ойн талаарх мэдлэг нь ч бас түүнийг ус уух хувьтай болгосон билээ.
Гэр бүлийнхээ өв болсон шинжлэх ухааны станцыг тэргүүлэх болсон Юлиана хожим нь "Ширэнгэн ой бол миний нэг хэсэг. Яг л нөхрөө хайрлах хайр, Амазоны дагуу амьдардаг хүмүүсийн хөгжим, онгоцны ослоос үлдсэн сорви шиг миний нэг хэсэг" гэж өгүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна