​ ГЭРЛЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ ГОЙКО МИТИЧИЙН ТҮҮХ


“Хэлмэгдсэн омгийнхон” хэмээн Америк тивийн уугуул иргэд болох индианчуудын тэмцлийн тухай дөрвөн ангит кино Дэлхий дахиныг байлдан дагуулж байлаа. Энэ киноны гол дүрийг Сербийн алдарт жүжигчин Гойко Митич бүтээсэн юм.

Манай үзэгчид Гойко Митичийг “Хэлмэгдсэн омгийнхон” болон “Газарчин” киногоор нь таних билээ. “Газарчин” кинон дээр МУГЖ Н.Батцэцэгийн хамт тоглосон Гойко Митич бол тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай, мөн хамгийн олон шүтэн бишрэгчтэй жүжигчдийн нэг байлаа.

Гойко Митич 1940 онд Сербийн /хуучнаар Югослав/ нэгэн жижиг тосгонд төржээ. Багаасаа хөдөлгөөнтэй, спортод авьяастай хүү том болоод бие галбир сайхантай, бүсгүйчүүдийн харааг булаасан эр болсон байна.

“Би жижигхэн тосгоны хүү шүү дээ. Хөдөө төрсөн хүмүүс борог амьдралд илүү ойр, хэрсүү байдаг л гэлцдэг юм. Миний амьдралд эмээ минь их үүрэг гүйцэтгэсэн. Ер нь ээжүүдээс эмээ нар илүү мэргэн, ухаантай байдаг. Аргагүй дээ, олон жил амьдарч, их зүйл үзсэн болохоор мэдэхгүй юм цөөн юм чинь” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Митич зургаан настайгаас зайдан морь уначихдаг болжээ. Мөн герман хэл маш сайн сурсан байна. Хожмоо индианчуудын дүрд тоглоход түүний энэ чадвар их хэрэг болсон. “Кино зураг авалтад оролцсон эхний өдрөө мартдаггүй юм. Гол дүрийн жүжигчний орлон тоглогчоор намайг авсан. Надад нэг их том бамбай бариулаад “За, хүү минь унаж болохгүй шүү. Давхиад байгаарай” гээд морь унуулаад гаргалаа. Ингэж давхиж байгаад эргээд хартал араас бараг 200 морь элдэж явна. Тэгэхэд л би юутай тулгарснаа ойлгож билээ. Хэрвээ тэгэхэд унасан бол  намайг гишгэчхээд өнгөрөх байсан. Тэгвэл эхний зураг авалт дээрээ бүх юм дуусахгүй юу. Гэхдээ би унаагүй л дээ” хэмээн Митич нэгэн ярилцлагадаа дурсжээ.

Индианы дүрийг бүтээхэд түүнд бас нэг асуудал тулгарчээ. Митич тамхи огт татдаггүй. Гэтэл унаган индиан эр тамхи татахгүй бол огт болохгүй. “Эмээ маань намайг тамхи татаж болохгүй гээд сургачихсан юм. Би тамхи татах гэж оролдож ч үзээгүй. Хожим зураг авалт дээр л хэцүү байдаг байсан. Тамхи татдаггүй индиан эр, бүр омгийн ахлагч гэж юу байх вэ дээ? Тамхи татаж суугаа хэсэг дээр 20 удаа дубль явж билээ. Тэгээд найруулагч тэдгээрээс харж байгаад хамгийн үнэмшилтэй хэсгийг нь авч байлаа” хэмээн Митич өгүүлсэн юм.

Орлон тоглогчийн хувиар жүжигчний замналаа эхлүүлсэн сайхан залууг удалгүй Die Söhne der Großen Bärin киноны гол дүрд урилаа. Ингэхэд Митичийн герман хэлний мэдлэг их хэрэг болсон юм. Жилийн дараагаар “Хэлмэгдсэн омгийнхон” дэлгэцнээ гарч, үүнээс хойш Гойко Митичийн замнал эхэлсэн гэж хэлж болно.

“Энэ жүжигчний алдар нэр үнэхээр аймшигтай. Энэрэлгүй дайчин, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч хэр нь романтик адал явдалд гайхалтай зохицож уусаж чаддаг нь Гойко Митичийг зөвхөн үлгэрт л байдаг гэж ойлгодог хүсэмжит баатар болгож чадаж байна” хэмээн хэвлэлээр магтан бичиж байв.

Гойко Митич Сербийн нийслэл Белградын Их Сургуулийг биеийн тамирын багш, дасгалжуулагчаар төгссөн. Хөнгөн атлетик, туялзуур сэлэм, гимнастик, уулын цанын спортоор хичээллэж үзсэн. Хөлбөмбөг ч сайн тоглодог залуу байж. Мөн дээр нь уулын спортод дуртай.

“Хэлмэгдсэн омгийнхон” кино индианчуудын сэтгэлд хүрсэн тул Гойко Митичтэй тусгайлан уулзаж, омогтоо урьж, бөө удгантайгаа уулзуулж, өөрсдийн нэрээ хүртэл өгсөн гэдэг. Индиан омгийн удган түүнтэй уулзахдаа “Нүдээ ань” гэжээ. Тэгээд “Юу харж байна?” гэхэд Гойко Митичийн өмнө том чоно зогсож байгаа харагдсан гэдэг. Тиймээс түүнд Чоно гэх хоч хайрласан билээ.

Аажимдаа вестерн кино сонирхогчдын тоо буурч, Гойко Митич өөрийгөө өөр олон дүрд сорьж үзсэн байна. ЗХУ-ын олон ангит кино “Үхлийн архив”-т тагнуулчийн дүрийг бүтээснийг манай үзэгчид андахгүй биз ээ.

Одоо ч гэсэн дүрээ бүтээсээр яваа. Жил гаруйн өмнө гэхэд л цагдаагийн генералын дүрийг бүтээсэн юм.

Хувийн амьдралын хувьд тэр огт гэрлэж байгаагүй. Гэхдээ нэг охинтой. Италийн архитектор эмэгтэйгээс төрсөн охиныг нь Наталья гэдэг. Наталья аавтайгаа адилхан жүжигчин. Тэд хамтдаа нэг кинонд тоглоод амжсан юм.

1999 онд Митичийн ээж нь Белград дахь бөмбөгдөлтийн үеэр амь үрэгджээ. Тэр үед жүжигчин эх орондоо байгаагүй учир ээждээ очихоор яарсан ч өөд болсноос нь хойш хагас жилийн дараа л очиж чадсан байна.

“Ээж минь амьдралынхаа сүүлчийн саруудыг маш хэцүү өнгөрүүлсэн. Мөнхийн айдас түгшүүрт автаж, сэтгэл санаа нь маш тогтворгүй болсон гэсэн. Сүүлдээ бүр юм идэхээ ч больж, хүмүүстэй огт ярихгүй байсаар бөмбөгдөлтөд өртөж нас барсан” хэмээн Митич хэлээд үргэлжлүүлэн “Би ээжийгээ амирласнаас хойш хагас жилийн дараа л очиж чадсан. Ээжтэйгээ амжиж уулзахсан гэж их хичээсэн ч эх оронд маань дайн дэгдэж, гүүрнүүдийг нурааж, бензин ч олдохоо больчихсон үе. Ээжтэйгээ уулзаж амжаагүйдээ одоо ч өөрийгөө буруутгаж, сэтгэл минь өвдөж явдаг. Ээжийнхээ шарил дээр очоод өвдөг сөхрөн сууж, хожимдож ирсэндээ, сайн хүү байж чадаагүйдээ уучлалт гуйж, уйлсан даа” хэмээн тэрбээр ярьжээ.

Түүнээс өөрийнхөө жүжигчний замналыг хэрхэн дүгнэж буйг асуухад “Би сайн тамирчин байсан. Харин тийм сайн жүжигчин байгаагүй гэж боддог. Надаас илүү авьяаслаг жүжигчид олон байсан, одоо ч байгаа. Гэхдээ үүнийгээ хүлээн зөвшөөрнө гэдэг чинь бас нэг авьяас гэж хэлмээр байна.

Залуус жүжигчин болох гээд хэдэн жилээр сурч, шаналж байгаа харагдах юм. Гэтэл би чинь зүгээр л Биеийн тамирын ангийн оюутан байлаа шүү дээ. Тэгэхэд Югославт олон кино хийдэг байлаа. Нэг өдөр манай ангид найруулагч залуу орж ирээд “Залуус аа, бид кино хийж байгаа юм аа. Бидэнд тийм дүр төрхтэй хүн хэрэгтэй байна...” гэснээ намайг сонгоод аваад явсан юм” гэж тэр ярьж байв.

Одоо өндөр нас зооглож, 81 хүрсэн ч цовоо, чийрэг хэвээр яваа Митич “Би бүх насаараа спортоор хичээллэж байна. Спорт бол миний шашин шүтлэг. Спортгүйгээр би нэг ч өдөр тэсэж чадахгүй. Лифт байхад би шатаар өгсөж, буудаг. Гэрийн маань хажууханд жижиг гол бий. Түүндээ өдөртөө нэг орчихно. Заримдаа их хүйтэн байлгүй яах вэ. Гэсэн ч сэлж л орхидог. Сэлснийхээ дараа л өглөөний цайгаа уудаг даа. Энэ бол миний амьдралын зуршил” хэмээн тэр ярьжээ.

Үхлээс айдаг эсэх тухай нь асуухад “Үхэл бол хүн бүрийн эцсийн зогсоол. Хүн бүрийн шүү! Тэр зогсоолд хар хорын сэтгэлгүй, атаа жөтөө агуулалгүй очих хэрэгтэй. Мөн амьдралынхаа өдөр бүрээс таашаал авахыг хичээх хэрэгтэй. Зарим хүмүүс амьдрал хэцүү л гэдэг юм. Хэзээ ч үхэж амжина. Амьд байгаа хүнд арга байдаг шүү дээ. Өдөртөө нэг өөдтэй зүйл хийгээгүй бол цагийг дэмий алдлаа л гэсэн үг. Азаар надад тийм дэмий өдөр цөөхөн. Өнөөдөр л гэхэд би өөртэй чинь сайхан ярилцлаа. Уг нь уулзахгүй ч байж болох л байсан шүү дээ. Тэгээд энэ уулзалтаас хэн нэг нь ямар нэгэн сайхан зүйл ойлгож, мэдэрч байхад тэр өдөр сайхан боллоо л гэсэн үг.

Намайг хүмүүс их мэргэн цэцэн л гэдэг юм. Миний мэргэн цэцэн гэж юу байх вэ. Харин миний эмээ, тэр индианчуудыг ямар мэргэн хүмүүс гэж бодно. “Амьдрал бол тэсгэм хүйтэн өвлийн өглөөний зэрлэг үхрийн амьсгаа” гэж индианчууд ярьдаг юм. “Амьдрал гэдэг бол өвсөн дээгүүр хөвж яваад, үдэш болохоор нартай хамт арилдаг сүүдэр” гэж эмээ минь хэлдэг байлаа. Сайхан хэлсэн байгаа биз?” хэмээснээр Гойко Митич саяхны нэгэн ярилцлагаа өндөрлүүлжээ. Үүгээр мөн энэ нийтлэлээ өндөрлүүлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ГАДААД ВАЛЮТЫН УЛСЫН НӨӨЦ 8.76 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ 10 цагийн өмнө
МИАТ-ЫН ХӨХХОТ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ 26-НЫ ӨДРӨӨС ШЭНЛЭ НИСЭХ БУУДАЛ РУУ ШИ… 17 цагийн өмнө
ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ТУХАЙ ӨРГӨДӨЛД 46600 ГАРУЙ ХҮН ГАР… 18 цагийн өмнө
ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 820 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН ХУР… 20 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 4-6 ХЭМ ХҮЙТЭН 20 цагийн өмнө
ИЖИЛ ТҮВШНИЙ АЛБАН ТУШААЛТНУУД НЭГ ЗАРЧМААР ЦАЛИНЖИЖ БАЙГАА ЭСЭХИЙГ НЭ… Өчигдөр
С.НАРАНЦОГТ: ЗЭЭЛИЙН ХУГАЦАА УРТСАХЫН ХЭРЭЭР НИЙТ ТӨЛӨХ ХҮҮ НЭМЭГДЭНЭ Өчигдөр
НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ЗЭРЛЭГ АМЬТДАД ИДЭШ, ТЭЖЭЭЛ ХҮРГЭНЭ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТО… Өчигдөр
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО, 1-3 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АН-ЫН ДАРГА О.ЦОГТГЭРЭЛИЙН ТАКТИК 2026/11/03
Н.ОДОНТУУЛ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ… 2026/11/03
ЦАЛИНГИЙН, МАШИНЫ ГЭХ МЭТ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ХУГАЦААГАА 48 САРА… 2026/11/03
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 2026/11/03
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 2026/11/03
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2026/11/03
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 2026/11/03
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 2026/11/03
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 2026/11/02
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 2026/11/02
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… 2026/11/01
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХӨВСГӨЛ, ӨМНӨГОВИЙН ЗАРИМ СУМДЫН НУТГААР ЦАС ОРНО 2026/10/25
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… 2026/11/01
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 2026/10/23