ТЭРХИЙН ЦАГААН НУУР ЗОЧДОО ХҮЛЭЭН МЭЛТЭРНЭ
Хайрханы тахилгыг зорьсон аяны зам маань өглөөний 6 цаг хагаст шуудрахад Улаанбаатарын уйлагнасан тэнгэр бороо хаялсаар үдлээ. Зуны дунд сар шувтрах гэж байхад Лүнгээс эхлээд Төв аймгийн нутгуудаар дөнгөж л нялх ногооны униар татжээ. Өдийд зам дагуух айлууд гүүгээ бариад эхэлчихсэн айраг цагааны худалдаа ид л байдаг цагсан. Унагаа татсан гүүн зэл Өвөрхангай ортол бараг харагдаагүй. Газрын өнгө нь илт засарсан өврийн хангайнхан харин гүүгээ бариад эхэлжээ. Гэхдээ урьд жилүүдээ бодвол цөөхөн санагдав. Нутгаараа нэгдсэн сэтгүүлчдийн багийн унаа аажуухан даялсаар бүрий болохтой зэрэгцэн Архангайн нутгаар дайраад цаашлахад ойрын хоёр жилтэй харьцуулахад хамаагүй гандуу байв.
Тэрхийн цагаан нуур намуухнаар мэлтэрнэ. Нуурын ар, өврөөр зочдоо хүлээж авахаар жуулчны баазууд гэр, шовгор байшингуудаа тохижуулаад хөлтэй нь хөлхөж байдаг бол энэ удаа арай өөр байв. Хүн машины хөл татруухан байсны зэрэгцээ жуулчдын улирлаар сүү цагаан идээгээ боловсруулдаг “технологио” уламжлал жаягаар нь харуулж, амт чанарыг нь таниулан, морь, тэмээгээ унуулж, монгол зан заншлаа сурталчлан, хэд гурван цаас олдог малчин айлуудын түрүүч дөнгөж нүүж ирээд ханаа дугуйлж байгаа харагдав. Нуурын эрэгт засдаг усан онгоцны сал, гадна эрэг дээр нь эгнэн байдаг завинууд ч алга.

ОЛНЫ ХААЛГА СОЛОНГОТЫН ДАВАА ЗУНЫ ҮЛГЭР ХҮҮРНЭХ МЭТ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ
Хаврын адаг сараар ахиу унасан цасны шимээр дээр нь зунд ч сэрүүн голдуу хур тунадастай байдагтаа цагийн эрхэнд ч сөлөө алддаггүй Солонготын даваанаас эхлээд зуншлага хамаагүй дээр байлаа. Даваа өнгийгөөд үдшийн бүрий болсон тул аяны алжаалаа тайлж амрахаар уул, ус модтой юм юм тэгширсэн, байгалийн үзэсгэлэнтэй газар майхнаа хатгахад хангай газрын зуны шөнө намар шиг илтэд жиндүүхэн байсан ч задгай галд бүлээцэж, хээрийн цай хоолонд цохиулсандаа тэр үү нар ургатал нам унтсан байсан. Өглөө сэрээд босох үеийн байгалийн зураглалыг үгээр илэрхийлшгүй.
Уулын тагтад голдуу ургадаг, яг дэргэд тэр бүр таараад байдаггүй жамьянмядаг цэцэг хаа сайгүй. Багадаа энэ цэцгийг сүлжиж, хамгийн гоё цэцгэн эрхээр толгойн гоёлоо хийдэг байсансан. Эмийн ургамалд ордог энэ нандин, хээнцэр цэцгийг тэгж гамгүй тасаддаг байсандаа хожуу л гэмших юм даа.
Чанх хажууд урсах уулын урсгалт голын харгиа шөнөдөө хөгжим мэт таатай байсан шигээ зураг мэт сайхан юм. Жиндүүхэн байснаас ч тэр үү энд тэндээс хазаж хатгах шавьж хорхой, шумуул мэдэгдээгүй. Хэдхэн алхмын цаанах айл үхрээ аль хэдийн саагаад бэлчээрт гаргаж байв. Хоорондоо 3-4 насны зөрүүтэй болов уу гэмээр арваад насны хөл нүцгэн хоёр жаал, ойролцоо насны гэрийн шаахайтай охин гурав тугалаа тууж яваа нь бага насыг минь нүдэн дээр зурах шиг дотнохон. Зуншлага тааруу, гандуу байгаагаас Архангайгаас отор хийж яваа айл гэнэ хэмээн өглөө эртлэн нүүдэлчин ахуйн торгон агшнуудыг дурандаа буулгаж амжсан зураглаач залуу бидэнд өгүүлсэн.
Бид өглөөний цайгаа уугаад, тэндээсээ нар дээшилсэн хойно хөдөллөө. Их уулсын дундах хангай газрын үзэсгэлэн бүрдэл Их-Уул сумын зуншлага сайхан байгаа гэж. Хашир малчид байсхийгээд хүйтэрч, цас бороо холилдох болсон тэнгэрийн аашийг харзнасан уу зам дагуу байсхийгээд тааралдах ногоонд цадаж тарга тэвээргээ хэдийн авсан хонин сүрэг үс, ноосноосоо хараахан салаагүй байв.
Завхан аймаг зүглэсэн зам дагуух хоньдын ихэнх нь бараан зүсмийн ямаа голдуу байгаа нь анзаарагдсан. Тал дунд тааваараа идэшлэх адуунууд, өвсний аль сөл шимтэйг хөөн, голын тохой, тал дүүргэх сарлагууд гээд өсөж, төрсөн ахуй амьдралын минь сэтгэлд ойрхон танил “кадрууд” хөвөрнө. Өвөлдөө цас их унадаг хамгийн хүйтэн цэг, нөгөөтэйгүүр баруун тийшээ зорчих урсгалын гол уулзвар, их хөлийн газар гэдгээрээ аймгийн дайтай хөгжсөн Завхан аймгийн сумд дундаа хамгийн олон хүн амтайд тооцогддог Тосонцэнгэл, тал, хээр хосолсон Тэлмэний нутгаар дамжин өнгөрөхөд зуншлага нь Их-Уулаа гүйцэхээргүй ч тавиу цагийн өнгө нь цагийн харигт сэмрээгүйгээ илтгэх мэт хөх ногооны униартаа зүүрмэглэнхэн байв. Тэлмэн сумын төвийн урдах голын тохойд айлууд зусландаа гарсан харагдана. Сумын төвд түр үдлэх үед аяны хүнтэй мэнд мэдэлцэж зогсоо нутгийн хижээл эр “Саяхнаас газрын өнгө засаад сайхан байна” гэх дуулдав.
НУТАГ МИНЬ МИНИЙ ДИВААЖИН
Тэндээсээ төрөлх Идэр сум руугаа жийгүүллээ. Миний хувьд боломж гарвал нутаг руугаа гүйх гээд байдаг зантай. Ажил, амины шугамаар явахдаа сумынхаа төвөөр орж амжихгүй үедээ болж өгвөл өргөл өргөөд, сэвшээ салхинд нь хацраа илбүүлээд “мордохыг” бодно.

Эгзэг нь тэгж таарсан уу манай сумынхны нэрлэсэнчлэн Хүрлээгийн гуанзны харалдаа машины маань нэг эд ангийнх нь ремен тасраад ,саатахад хүрэв. Эндээс манай сумынхан аймгаас ирэх автобус тосож, хот ордог. Бас хотоос ирээд эндээ бууж, урагшаагаа салсан замаар Хундайн дөрөлжөөрөө сумын төв хүртлээ 12 км явдаг юм. Үнэндээ бол зам дагуух газруудаас зуны өнгийг хамгийн сайхнаар бүрдүүлсэн газар төрсөн нутаг минь байсан. Машин маань аянд гарахад бэлэн болоход, уул ус тэгш, хангай газрын үзэсгэлэнгээ гайхуулах , унаган нутгаараа битүүхэндээ омогшоод, сүү өргөөд хөдлөсөн дөө. Нутагт маань зуншлага ярих юмгүй сайхан байсан. Цаашлаад улсын чанартай зам дайран өнгөрдөг алдарт Загастайн даваагаар жирэлзтэл галгиулсаар, Улиастайн төвдөө даруухан нэгэн цайны газар үдийн хоолоо идэнгээ аяны чилээгээ гаргаж, “Завхан гол”, “Отгонтэнгэр”-ээ хоороороо дуулсаар Хайрханаа зорилоо.
ЭРХЭС ТЭНГЭРИЙГ СҮВЛЭХ МЭТ ЭРХЭМСЭГ АГААД СҮР ХҮЧИН ТӨГӨЛДӨР ОЧИРВААНЬ ХАЙРХАН МИНУ
Хайрханыг зүглэсэн аялагчдын хөл тасардаггүй гэсэндээ Отгон сумын дэлгүүр, үйлчилгээний газрууд сонголт сайтай, үйлчилгээ нь боломжийн санагдав.
Отгон сумын төвөөр дайраад цаашлахад гэгээ тасарч, харанхуй нөмөрсөн байсан. Сумын төвөөс Очирваань хайрхан чиглэх замыг тосгуулан пост гаргаж, машин бүрээс хураамж авч, тахилгын идээ сэлт бүхий бэлэг өгч байлаа. Цаг нэлээд орой болсон тул орчны юмс харагдахаа байснаас машин маань гол замаасаа хазайснаа мэдэлгүй нэлээд өгсүүр газраар тойрч явтал, урд явсан хэдэн машин буцаж эргэхдээ хамт төөрснөө залруулж хэлсэн. Хамгийн хөгжилтэй нь бидний машины араас арваад тэрэг шил дараад яваад байсныг яана. Хайрхан хүртэл ихэнхдээ энхэл донхол ихтэй, дэржигнүүр замаар явсан.
Зөв замаа олсон бид хайрхан зүглэх чигийг заасан тэмдэглэгээтэй самбарыг дагасаар, зорьсон газраа хүрэхэд шөнийн 2 цаг болж байв. Ачаа бараагаа зөөж, цай унд гэсээр байтал үүр тэмдгэрч, нэг нь “Хайрхан харагдаж байна” гэх дуунаар бөөнөөрөө гүйн гартал газрын холыг эвхэн эвхэн тэмүүлсэн оройн дээд Очирваань хайрхан маань яг дэргэд мэт тийм гэхийн аргагүй их энерги, таталцлаараа сүр хүчин төгөлдөр эрхэмсгээр сүндэрлэж байлаа. Үүрийн жингээр хайрхны өмнүүр хөшиглөсөн бүүдгэр цагаан манан шингэрсээр, эрхэс тэнгэрийг сүвлэх мэт илтэд тодорсон очир эрдэнийн тэргүүн нь юутай гайхам.
ОЧИРВААНИЙН ХӨЛӨГ ҮҮЛЭН БОР АЗАРГА
Бид хэрэндээ аяншсан болохоор хоёр цаг унтаж нүдний хороо гаргаад, Отгонтэнгэр хайрхны сурвалжлага, мэдээлэл бэлтгэх ажлаа амжуулахаар эртлэн бослоо. Аймгийн нутгийн зөвлөлөөс бидэнд хуваарилсан тохилог гэрт тухтайхан байснаас гадна хачин гоё амттай хайлмаг, яг л ээжийн хийдэг шиг амтат боорцог, дахин дахин оочломоор хийцлэсэн сүүтэй цай бүхий цэстэй мастер тогоочийн сэтгэл, нүнжиг шингэсэн өглөөний цайг уугаад, сэтгэл өегхөн зорьсон ажилдаа шуударсан.
Отоглосон газраасаа 8 км орчим цаг гаруй алхсаар тахилгын овоон дээр очлоо. Ихэнхдээ өгсүүр замаар алхсан тул амьсгаа үе үе давхцаж, амармаар байсан ч хамт явсан хүмүүсээс нэрэлхэхдээ нэлээд чардайж хүрсэн шүү. Замынхаа дунд ороод эргэж харахад Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилгад итгэл сэтгэл, сүшиг бишрэлээрээ Монгол орныхоо өнцөг булан бүрээс ирсэн сүсэгтэн иргэдийн цуваа хөвөрсөөр байлаа. Тахилгад оролцохоор ээж, аавдаа үүрүүлсэн, тэврүүлсэн нялх балчраас эхлээд 90 гарч яваа буурлууд хүртэл байв.
Өвөлдөө цас их унадаг, зунд ч сэрүүн талдаа өндөрлөг газрын онцдогтоо зтэр үү тахилгын овоо орчимдоо сөл шимт нарийн өвс ногооронхон байснаас гадна хялгана , алаг өвс голдуу ургасан харагдана. Очирваань хайрхны өвөр бэлд отоглосон олон эгнээ гэрүүдээс гадна машины тоо нь л гэхэд 14 мянга орчим болсон, 65 мянган хүн цугласан гэсэн албаны эх сурвалжаас энэ удаагийн тахилга хэр цар хүрээтэй болсныг тодорхойлж болно.
Тэнд төрийн томчууд, шашны томоохон зүтгэлтэн, мяндагтнууд, урлаг соёлынхон хуйгаараа ирсэн байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн далбаа, их хар сүлдний элч сүлд, Чингис хааны эш хөрөг, төрийн долоон эрдэнийг тахилгын овоонд залах ёслолд оролцож, бор азаргын хүзүүнд хадаг уян сэтэрлэж, монгол түмний хүслийг шүншиглэсэн дуут сумыг Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын Даян мэргэн Б. Ёндонгоор харвуулан, төр түвшин, түмэн олон амар амгалан, сайн сайхан байхын тухайтад төрт ёсны зан үйлийг төгс төгөлдөр гүйцэтгэсэн. Түүнчлэн Наробанчэн гэгээн, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Жавзандорж тэргүүтэй хутагт хувилгаад, лам хуврагууд Отгонтэнгэр хайрханы орой дээр Очирваань бурхныг залах бясалгал хийж, ном хурлаа.

Ерөнхийлөгчийн сэтэрлэсэн урт, өтгөн дэл сүүлтэй үүлэн өнгөт сайхан бор азарга цаанаасаа хийморь сүлд нь тодорсон ёстой л тэнгэрийн хүлэг байсан даа. Сэтэрлээд ууланд нь тавихад замд таарах хүмүүсээс цэрвээгүйгээр барахгүй заримд нь дөхөж очоод, эрхлэх янзтай харагдав. Эзэн нь их сайхан хайрлаж, зөөлөн сургасан адуу тийм байдаг болов уу. Эзэн нь гэснээс тахилгын ёслол дээр бор азаргаа хөтлөн зогсоо 30 дөнгөж шүргэж байгаа болов уу гэмээр нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой адуучин залуу бас л олны нүдийг хужирласан. Очирваань хайрхны төрт ёсны тахилгын арга хэмжээ дуусахтай зэрэгцээд бороо асгарч эхэлсэн нь бэлэгшээлтэй.

ОЧИРВААНЬ УУЛЫН ЦАГААН ҮҮЛ
ОРЧЛОНД НАМАЙГ ДАГАЖ НҮҮДЭГ
Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх ёслолыг зорих үедээ нойлын асуудлыг яаж зохицуулах бол гэж хэн хүнгүй санаа зовсон байх. Отогт хөрс бохирдуулдаггүй, ус хэрэглэдэггүй, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг орчин үеийн боловсон 40 зөөврийн нойлыг 5 газар байрлуулж, 24 цагийн турш хэвийн ажиллагаатай байлгасан нь сайн жишиг болов. Мөн эко модон нойл цөөнгүй байсан нь тэнд цугласан олны ая тухтай байдлыг хангасан онцолж дурдмаар зохион байгуулалт байлаа. Улиастайгаас Отгон сум руу чиглэснээс эхлээд нэлэнхүйдээ гандуу байснаас отогт хоёр хонох хугацаанд нүүр нүдгүй боссон шороон хуй ч олны сэтгэлийг гундаагаагүй. Отгон сумын ард иргэд болоод сүсэгтэн олон хүчит 32 бөхийн барилдаанаас гадна Ардын жүжигчин С. Батсүх тэргүүтэй Завхан аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн “Очирваанийн уран бүтээлчдийн холбоо”-ны 100 дууны цомог”-ийн болон “Хурд” тоглолтыг үзэж сонирхсон. Ийн Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрт ёсны тахилгын үдшийн цэнгүүн анх удаа зохион байгуулагдснаараа онцлог байлаа.
Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн мөнгөн дуулгат Очирваань хайрхандаа зориулан бичсэн
Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий
Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увдист хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг
Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг
Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий шүлэг санаанд орж байна.
Үеийн үед бишрэл хүндлэл төрүүлэм цавцайн харагдах Отгонтэнгэр хайрханы мөнх цаст оргилыг үүлс нэг ороон, нарны туяа нэг гялсхийлгэн туяарах нь жигтэйхэн үзэсгэлэнтэй. Хангайн нурууны ноён оргил Монгол түмний минь ариун дагшин хайрхан минь хэн хүнийг алагчлах нь үгүй дүнхийн угтах нь даанч нөмөртэй сайхан. Далайн түвшнээс дээш 4021 метрийн өндөрт орших тул тэргүүн нь мөнх цасан мөсөөр хучигдсан байх нь аргагүй ээ.


Хайрханы Төрийн их тахилгад монгол зон олон маань газрын холыг холд бодолгүй зорин тэмүүлэн ирцгээсэн. Тэр олон хүмүүсийн машин тэрэгний хөлд газар орон минь талхлагдаж л байгаадаа гэх зовнил төрж байсан хэдий ч ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж ирээ юу даа гэмээр харагдах зон олныг ажихуйд Монголын буян заяаг даасан их Отгонтэнгэр хайрхандаа сүслэн залбирч, хүндлэн мөргөж үр удам, ажил үйлсээ даатгаад санаа амирлахаар зорин ирсэн сэтгэлийг нь хүндэтгэмээр санагдсан. Хангайн тунгалаг салхи хацар нүүр, гэзэг үс, дээлийн хормойгоор дураараа наадсан ,бороо хураа хайрласан үзэмж гоо өдөр байсаан тахилгын өдөр. Тэнд аав ээжээ дагаж очсон жаахан хүүхдүүд, залууст хангай дэлхийгээ, уул усаа бишрэн дээдлэх ёс уламжлалыг өвлүүлэн үлдээхэд танин мэдэхүйн ач тустай , цараа ихтэй ажил болж байгаа нь харагдсан. Хүүхэд залууст байгаль дэлхийн харагдах гоо тансагаас эхлээд олон хүмүүсийн залбирал, лам хуврагуудын ном хурах шашины зан үйлүүд, ерөнхийлөгч болон төрийн хүндэт харуулуудын сүрлэг алхаа хийгээд дүр байдал бахархал төрүүлэм сэтгэгдэл төрүүлсэн болов уу. Ёстой л тэнгэрийн хүлэг мэт бор азаргыг ерөнхийлөгч сэтэрлэн тавихуйд дэл сүүлээ салхинд даатган эрх чөлөөтэй давхин зайдуухан очоод өвс зулгаан зогсох агшин тэнд байсан хүмүүсийн сэтгэлээс хэзээд мартагдахааргүй үлдсэн биз ээ. Тахилгын ёслолыг шимтэн харах зуураа зэргэлдээ зогсох нэгэн өсвөр насны хүүгийн яриаг санамсаргүй чагнаархсан юм. Тэр хүү "Ааваа энэ уулын нэр их гоё юмаа бас Бадархундага нуурын нэр ч гэсэн. Сонсоход нэг л сонин өөр байх юм" гэх нь дуулдав. Нээрээ л гадны хэл соёлын довтолгоонд өртөж өсч яваа залуу үеийнхний хувьд сонсоход нэр нь хүртэл эгшиглэнтэй сайхан хайрхан юм даа. Их тахилга ёслол туультай, хурал номтой, хүндлэлтэй бахархалтай, сайхан болж өндөрлөсөн. Их Отгонтэнгэр хайрхан минь монгол түмнийхээ заяа буянг, үр хойчийг мөнхөд даатган ивээх болтугай.
Б.ТУУЛ
2026.06.17
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна