ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО


Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх “Зүрх судасны үндэсний төв”-ийн шинэ барилгын шав тавих ёслол өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн талбайд боллоо. Ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон хөгжлийн түнш байгууллагуудын төлөөлөл, Улсын гуравдугаар төв эмнэлэг, 21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс эрүүл мэндийн салбарт 25 жилийн турш хамтран ажиллахдаа зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд бодит үр дүнд хүрсэн байна. Энэ хугацаанд Монгол Улсын 10,000 хүн амд ногдох зүрх судасны шалтгаант нас баралт 24.4-өөс 16.7 болж буурч, зүрх судасны өвчнөөр оношлогдсон иргэдийн нас баралт дөрөв дахин буурсан байна.Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцлохдоо: “Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бид мэдлэг, ур чадвар, технологийн сууриа тавьж чадлаа. Харин өнөөдрөөс бид дараагийн 25 жилийн хөгжлийн суурийг тавьж байна.” гэв.
Тэрээр “Бид зөвхөн барилга барихгүй. Барилгатайгаа зэрэгцүүлэн хүний нөөцөө бэлтгэж, тоног төхөөрөмжөө төлөвлөж, тусламж үйлчилгээ, сургалт, судалгааны тогтолцоогоо бүрдүүлэх ёстой” хэмээн онцолж, шинэ төв ашиглалтад орсон өдрөөсөө бүрэн хүчин чадлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Эрүүл мэндийн яам онцгой анхаарч ажиллана гэдгийг илэрхийллээ.
Монгол орны өргөн уудам газар нутаг, хүн амын сийрэг суурьшлыг харгалзан зүрх судасны тусламж, үйлчилгээнд телемедицинийг 2001 оноос нэвтрүүлсэн нь орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг ойртуулахад чухал ач холбогдолтой болсон. Үүний үр дүнд шаардлагагүй шилжүүлгийн хувь 80.3-аас 38.1 болж буурсан байна. Мөн зүрхний нээлттэй мэс заслын тоо 2008 оноос хойш 13 дахин өсөж, өнөөдөр Монголын эмч нар 15 төрлийн нээлттэй зүрхний мэс заслыг эх орондоо бие даан хийж байна. Шинээр байгуулагдах Зүрх судасны үндэсний төв нь зөвхөн эмнэлгийн шинэ барилга бус, зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, мэс засал болон сэргээн засах тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэх үндэсний хэмжээний лавлагаа төв болон хөгжих юм. Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэн нутагшуулах, сургалт, судалгаа, инновацыг хөгжүүлэх, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх үндэсний төв болох зорилттой.

Зүрх судасны үндэсний төвийг байгуулах төслийн нийт хөрөнгө оруулалт 53.3 сая евро байхаар төлөвлөгдсөн бөгөөд Люксембургийн Их Гүнт Улсын 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах 34.9 сая ам.долларын зээлийн санхүүжилт болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэгээр хэрэгжинэ. Люксембургийн Их Гүнт Улс 2001 оноос хойш Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 60 гаруй сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж, зүрх судас, эх, нярайн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Шинэ төвийн бүтээн байгуулалт нь Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын 25 жилийн хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон мэдлэг, хүний нөөц, технологийн чадавхыг дараагийн шатанд ахиулахын зэрэгцээ Монголын зүрх судасны тусламж, үйлчилгээний урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Эрүүл мэндийн яам бүтээн байгуулалтыг хүний нөөц, тоног төхөөрөмж, тусламж, үйлчилгээний зохион байгуулалттай нягт уялдуулан хэрэгжүүлж, барилгын ажлын эхний үе шатнаас чанар, хяналт, хариуцлагыг ханган ажиллана. Энэхүү бүтээн байгуулалтын эцсийн зорилго нь Монгол хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран зүрх судасны өвчнөө эрт илрүүлж, чанартай оношилгоо, эмчилгээ, шаардлагатай мэс заслыг эх орондоо цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэхэд оршино.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 1 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 17 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… 20 цагийн өмнө
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ БИЗНЕСТ ОНЦГОЙ ТААТА… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН ШАРГУУ АЖИЛЛАЖ, ҮР ШИ… 2026/11/01
БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, ЗАВХАНЫ ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА … 2026/11/01
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨСӨВ, САНХҮҮ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН АСУ… 2026/10/31
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22