Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны аравдугаар сарын 29-ны нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 74 гишүүн хүрэлцэн ирснээр 58.7 хувийн ирцтэйгээр 10.00 цагт эхэлж, таван асуудал хэлэлцэхээр танилцууллаа. Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу холбогдох мэдээллийг танилцуулав.

Засгийн газраас энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүний энэ сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүний энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нарын энэ сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд тус тус хуваарилжээ.
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа
Энэ өдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулахаар товлосон юм. Энэ дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нэр дэвшигчийн талаар танилцууллаа.
Нэр дэвшигч Зоригтбаатарын Ганзориг нь 1985 онд Булган аймгийн Булган суманд төржээ. Өдгөө 41 настай, ам бүл 4 болохыг танилцуулсан юм. Нэр дэвшигч 1993-2003 онд Булган аймгийн I сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. 2003-2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, бакалаврын зэрэг эзэмшсэн бол 2016-2018 онд мөн сургуульдаа хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. 2007-2008 онд Булган аймгийн шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар, 2009-2010 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн Тамгын хэлтэст шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2010 онд “Юнител” ХХК-ийн Захиргаа удирдлагын газарт гэрээний мэргэжилтэн, 2010-2014 онд “Хаан банк” ХХК-ийн Хуулийн хэлтэст хуулийн зөвлөх, 2014-2023 онд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2023 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч З.Ганзориг нь төрийн албанд 14 жил, шүүгчээр 11 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 3 жил ажилласан болохыг П.Золзаяа дарга танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хяналтын шатны шүүхийн шүүгчид тавигдах хууль зүйн дээд боловсролтой байх; 35 нас хүрсэн байх; эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх; шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй байх; шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадалгаатай байх; хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх; шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх; мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх; сүүлийн 6 жил улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх; Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь шүүгч байх болзол шаардлагуудыг нэр дэвшигч З.Ганзориг нь хангаж байгаа гэдгийг нэгбүрчлэн танилцуулав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар шүүгчид нэр дэвшигчээс авсан шалгалтад нэр дэвшигч З.Ганзориг нь бичгийн шалгалтад 50.41 оноо; мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 25.41 оноо; нийт 75.82 оноо авч I эрэмбэлэгдсэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 10 сарын 05-ны өдрийн 233 дугаар тогтоолоор баталсан байна. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 10 сарын 07-ны өдрийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад I эрэмбэлэгдсэн нэр дэвшигч З.Ганзоригийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Улсын Их Хуралд танилцуулж байгаа аж.

Хууль зүйн байнгын хорооны Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сарын 08-ны өдөр “Нэр дэвшигч Зоригтбаатарын Ганзоригийг танилцуулах тухай” албан бичиг ирүүлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан журмын дагуу 26-ны өдрийн хуралдаанаараа танилцжээ.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, С.Эрдэнэболд, Ө.Шижир, Д.Пүрэвдаваа, О.Алтангэрэл, Ц.Даваасүрэн, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, С.Ганбаатар, С.Эрдэнэбат нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлсэн юм.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын материал, бодлого, загвар хариултыг нээлттэй болгох нь энэ төрлийн маргаан шүүхийн шатанд хүрч буй тохиолдлуудыг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээгээд сонгон шалгаруулалтын ил тод байдыг хангах чиглэлээр судалж, шийдвэрлэх саналыг П.Сайнзориг гишүүн дэвшүүлсэн. Шүүгчийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн боловсруулж, зарим шатны шалгалтын хэлбэрт өөрчлөлт оруулсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа мэдээллээд, шалгалтын агуулга, гарын авлагыг нээлттэй болгох чиглэлээр ажиллаж байгаагаа дуулгасан. Шүүхийн төрөлжилтийн талаарх байр суурийг нь тодруулсан гишүүний асуултад нэр дэвшигч З.Ганзориг хариулахдаа дэмждэг хэмээсэн. Арилжааны болон бусад мэргэшсэн шүүхийг хөгжүүлэх нь шүүхийн чанар, мэргэшлийг дээшлүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.


Шүүхийн хараат бус байдал, иргэдийн шүүхэд итгэх итгэл, хууль дээдлэх ёсны үзүүлэлтийн талаар С.Эрдэнэболд гишүүн хөндөж, Монгол Улс хууль дээдлэх ёсны олон улсын үнэлгээгээр 143 орноос 68 дугаарт эрэмбэлэгдсэн хэдий ч иргэдийн шүүхэд итгэх итгэл хангалтгүй байгааг дурдсан. Зарим төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэж буй байдал нь шүүхийн хараат бус байдалд эргэлзэх хандлага төрүүлж байгаа хэмээгээд шүүхийн хараат бусаар зарчмыг хангах талаар нэр дэвшигчээс байр суурийг нь тодруулсан. Нэр дэвшигч З.Ганзориг хариулахдаа, шүүхийн хараат бус байдлыг Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон олон улсын зарчмуудаар баталгаажуулсан байдгийг дурдаад, шүүгч хууль бус нөлөөлөлд өртсөн тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, улс төрийн албан тушаалтнууд шүүгчтэй уулзсан тохиолдолд бүртгэл хөтлөх зэрэг хамгаалалтын механизмууд байдгийг хэлж байв. Тэрбээр шүүгчийн үйл ажиллагаа нь зөвхөн хуульд захирагдаж, иргэний шударга шүүхээр хамгаалуулах эрхийг хангах зарчимд тулгуурлах ёстой хэмээн үзэж буйгаа хэлсэн. Ө.Шижир гишүүн шүүхийн шийдвэрийн 44.7 хувь нь давж заалдах болон хяналтын шатанд өөрчлөгдөж байгааг дурдаж, шүүхийн шийдвэрийн чанартай холбоотой асуудлыг хөндсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, шийдвэр хүчингүй болох шалтгааны ихэнх нь хэргийн оролцогчийн эрхийг хангагдаагүй, нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй зэрэг процессын зөрчилтэй холбоотой байдгийг тайлбарлаж байсан юм. Газрын маргаан, төрийн алба, тендерийн маргаан зэрэг зарим төрлийн хэрэг маргаан шийдвэрлэлт хэт сунжирч байгааг Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа хөндөж, иргэдийн эрх ашгийг хангах, хамгаалахд анхаарах шаардлагатайг санууллаа. Нэр дэвшигч З.Ганзориг, шүүхийн ачаалал, хүний нөөц, зохион байгуулалтын асуудал нь хэрэг шийдвэрлэх хугацаанд нөлөөлж байгааг тайлбарлаж байсан. О.Алтангэрэл гишүүн Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг онцлоход нэр дэвшигч З.Ганзориг иргэдийн оролцоог хангах, шийдвэрийг мэдээлэх үйл явцын хариуцлагыг нэмэгдүүлэх, маргаан шийдвэрлэх хугацааг богиносгох чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн гишүүд шүүхийн хараат бус байдал, улс төрийн нөлөө, эрүүгийн хэрэг буцаах практик, парламентын халдашгүй эрхийн асуудлыг мөн хөндөн ярьж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх шаардлагатайг онцолж байсан.



Ийнхүү Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан журмын дагуу ийнхүү Улсын Их Хуралд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцууллаа.
Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
Дараа нь Засгийн газраас 2026 оны 7 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцууллаа.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална”, “Төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ”, “Улс төрийн амлалтаар өрх, иргэнд халамжийн нийтлэг мөнгөн шилжүүлэг олгохгүй байхаар нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг өөрчилнө” гэж тус тус заасан байдгийг сайд танилцуулгын эхэнд дурдав.
Засгийн газраас энэ хүрээнд халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, өрх, иргэний амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрах чадавхыг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах 22 хуулийн төслийн боловсруулан өргөн мэдүүлсэн аж.

Өнөөдрийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн 6 хуулийн хүрээнд эх, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өрх толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд Нийгмийн халамжийн сангаас 12 төрлийн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна.
Нийгмийн халамжийн сангаас 2025 онд нийт 2.4 их наяд төгрөг зарцуулсан байна. Нийт зардлын 27.8 хувь нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэг зэрэг нийгмийн халамжийн зорилтот өрх, иргэнд олгогдсон болохыг сайд дурдав. Харин 1 их наяд 745.8 тэрбум төгрөг буюу нийт зардлын 70 гаруй хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, одонтой эх, насны хишиг, жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг хөтөлбөрт зарцуулжээ.
Нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 2025 онд 2.7 байжээ. Хөгжиж буй орнуудын тухайд 1.6 хувийг эзэлдэг гэлээ. Монгол Улсын хувьд нийгмийн халамжийн зардал эдийн засгийн хувьд ойролцоо улсуудтай харьцуулахад өндөр байгааг төслийн танилцуулгад дурдсан.
Монгол Улсын ядуурлын түвшин Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 онд 27.1 хувьтай байгаа юм байна. Судалгаанаас харахад нийгмийн халамжийн нийт зардлын 55 орчим хувь нь хүн амын хамгийн бага амьжиргаатай 40 хувьд, харин 26 хувь нь хүн амын хамгийн амьжиргаа сайтай 40 хувьд зарцуулагдсан гэв. Энэ нь дийлэнх зардал нийтлэг мөнгөн тэтгэмжид зарцуулагдаж байгаатай холбоотой гэлээ. Иймээс эх, хүүхдийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрийг халамжаас зааглан, гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийн төсөлд тусгасан хэмээлээ.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлж, халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэх, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, салбар хоорондын уялдааг сайжруулахад анхаарсан гэв.

Ядуурлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэдийг зөв тодорхойлох шаардлагатай байгаа учир өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлалыг боловсронгуй болгох, төрийн мэдээллийн систем, их өгөгдөлд суурилах, мэдээллийг ядуурлыг бууруулах салбар дундын бодлого, хөтөлбөрт ашиглах асуудлыг төсөлд тусгажээ.
2025 оны тайлангаас харахад нийгмийн халамжийн зорилтот өрх, иргэнд зарцуулж байгаа 673.6 тэрбум төгрөгөөс 510.0 тэрбум төгрөг буюу зардлын 76 орчим хувийг зөвхөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын тодорхойлолтод үндэслэн олгосон байдаг байна. Иймд асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээг хийх Мэргэжлийн хамтарсан зөвлөлийг аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн байгууллагын дэргэд одоогийн бүтцийн хүрээнд ажиллуулахаар тогтолцооны шинэчлэлийг төсөлд тусгасан болохыг Т.Аубакир сайд танилцууллаа.
Одоогийн халамжийн арга хэмжээнд бэлэн мөнгөний хөтөлбөрүүд халамжийн сангийн нийт зардлын 90.0 гаруй хувийг эзэлж байгаа аж. Улс орнуудын нийгмийн халамжийн тогтолцоонд бэлэн мөнгө олгохоос гадна чадавхжуулах, хөгжүүлэх, дэмжин туслах үйлчилгээ давамгайлдаг болохыг тэрбээр дурдаад “Харин манай улсад хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж байгаа үйлчилгээнд халамжийн зардлын нэг хүрэхгүй хувийг зарцуулж байна. Иймд хуулийн төсөлд хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх шинэ төрлийн үйлчилгээнүүдийг тусгасан” гэлээ.

Нийгмийн халамжийн зарим тэтгэмж, дэмжлэгийг амьжиргааны түвшинтэй уялдуулах, хэмжээг эмзэг байдлаас шалтгаалан ялгаатай тогтоох, зарим дэмжлэгийг тодорхой хугацаанд олгон зогсоох, нөхцөл, шалгууртай болгох зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд мөн нарийвчлан тусгажээ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд нийгмийн халамжийн олон төрлийн хөтөлбөр хэрэгжиж, хамрах хүрээ өргөн байгаа боловч өрх, иргэний амьжиргааны түвшинтэй, орлогын байдалтай уялдуулсан үйлчилгээ шаардлагатай байгааг танилцуулаад, амьжиргаа багатай өрх, хүүхдүүд, хөдөлмөрийн чадваргүй гишүүн, орон гэргүй өрх иргэн зэрэг нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хэсэгт чиглэсэн халамжийн үйлчилгээг сайжруулах заалтуудыг тусгасан гэлээ.
Асрамжийн газраас гарсан хүүхэд, залуус, гэр оронгүй, архинд донтсон, хорихоос суллагдсан зэрэг нийгмийн зүгээс дэмжлэг шаардлагатай иргэдийг бие даан амьдрахад дэмжих үйлчилгээг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах зохицуулалтыг тусгажээ.
Уур амьсгалын өөрчлөлт, зуд зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэж малчид амьжиргааны эх үүсвэрээ алддаг. Иймд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрсдэлийн сөрөг нөлөөг бууруулах үйлчилгээг олон нийтийн оролцоонд түшиглэн үзүүлэх, энэ чиглэлд халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулах зохицуулалтыг мөн тусгасан байна.
Нийгмийн халамжийн салбарт мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллуулах, нийгмийн ажилтны мэргэжлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, зорилтот өрх иргэн, олон нийттэй хамтарсан багаар ажиллах, халамжийн үйлчилгээний сонголтын хязгаарлагдмал байдлыг өөрчлөн уян хатан болгож, зорилтот иргэнийг тодорхойлоход гарах хамруулалтын болон орхигдуулалтын алдааг багасгаж, үйлчилгээнд хамрагдах иргэний үйлчилгээ авах шат дамжлагаас чөлөөлөх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх эрх зүйн өөрчлөлтүүдийг тус тус тусгасан хэмээн Т.Аубакир сайд танилцууллаа.

Төслүүд батлагдсанаар нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хамрах хүрээ нь оновчтой, зорилтот бүлэгт чиглэсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвх сонголтод тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй болно хэмээн төсөл санаачлагч үзжээ. Нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийх зарчим баримтлах тул хуулийн төсөл батлагдсанаар төсөвт ачаалал үүсгэхгүй, халамжийн зардлын үр ашиг сайжрах аж. “Энэ шинэчлэл бол халамжийг танах тухай биш, харин халамжийг зайлшгүй хэрэгцээ шаардлагатай хүнд, зөв хэлбэрээр, хэрэгтэй үед нь хүргэдэг болгох тухай юм” хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгынхаа төгсгөлд тодотгосон.
Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн танилцуулав. Байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн байна. Хуулийн теслийг d.parliament.mn цахим хуудаст байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдлаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болохыг Ш.Бямбасүрэн гишүүн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Уг асуудалтай холбогдуулан хуваарилагдсан хугацаанд багтаан асуулт асуухаар нэрсээ өмнөх өдрийн буюу Лхагва гарагийн 16.00 цагаас өмнө хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэний дагуу гишүүд асуулт асууж, сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариул, мэдээлэл авав.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа илэрхийлээд, халамжийг зорилтот бүлэгт хүргэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр, төсөл батлагдсан тохиолдолд халамжид хамруулах хүрээг багасгаж буйтай холбоотой хасагдах иргэдийн амьжиргааны түвшний судалгаа, мөн хууль санаачлагчид халамжийн шинжтэй хууль өргөн мэдүүлэхийг хязгаарласан зохицуулалтын үндэслэлийг тодруулав. 2025 оны тайлангаар зорилтот бүлэгт чиглэсэн халамжид 670 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг ажлын хэсгээс хариулаад “Эдгээр санхүүжилтийг яг давхцалгүй буюу регистрийн дугаар давхцаагүй тоогоор авч үзэхэд 370.4 мянган иргэн хамрагдаж байгаа юм. Үүнээс ахмад настан 132 мянга, хөгжлийн бэрхшээлтэй 64 мянга иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон тэжээгч нь нас барсан 0-18 насны хүүхэд 35 мянга орчим, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн асарч байгаа 80 мянга иргэн байгаа юм. Төслүүд батлагдсан тохиолдолд тэтгэвэр тэтгэмж авч байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөхгүй, зорилтот бүлгийн иргэд хасагдахгүй” хэмээсэн. Халамж шаардлагатай иргэдийг тогтоохдоо цагдаагийн байгууллагатай хамтрах нь оновчтой шийдэл эсэхийг Д.Энхтүвшин гишүүн лавлахад өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлоход цагдаагийн байгууллага оролцохгүй, харин үйлчилгээний багийн бүрэлдэхүүнд орж ажиллана гэдэг хариултыг Т.Аубакир сайд өгсөн.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа Б.Мөнхсоёл гишүүн илэрхийлээд, нийгмийн халамжийн бодлого нь эмзэг бүлгийн иргэдийг ядуурал, эрсдэлээс хамгаалж, бие даан амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой хэмээсэн. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого нь халамжийг шууд зогсоох бус, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж, орлого нь тогтворжихын хэрээр дэмжлэгийг үе шаттайгаар бууруулах зарчимд тулгуурлах нь зөв гэж үзэж байгаагаа тэрбээр хэлэв. Иймд нийгмийн халамжийг зайлшгүй хэрэгцээтэй зорилтот бүлэгт хүргэж, хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийг тогтвортой орлоготой болгох чиглэлийг нь дэмжиж байгаа гэлээ. Хуулийг шинэчлэх гол зорилго нь халамжийг хэрэгцээтэй өрхөд хүргэхийн зэрэгцээ өрх бүрийн онцлог, бодит нөхцөлд тулгуурлан ажил эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг цогцоор нь хүргэхэд чиглэж буйг сайд тайлбарлав. Тэрбээр нийгмийн ажилтан, боловсрол, эрүүл мэнд болон бусад байгууллагын төлөөлөл оролцсон хамтарсан баг өрхийн түвшинд ажиллаж, хөдөлмөрийн насны иргэдийг сургалт, ажил эрхлэлтийн үйлчилгээнд холбох тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ. Мөн 2026 онд 5000 өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гээд халамжийн тогтолцоог бэлэн мөнгө олгохоос илүү ядуурлыг бууруулж, иргэдийг хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх хэлбэрт шилжүүлэх чухал хэмээн үзэж буйгаа онцолсон юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга халамжийн тогтолцоо зорилтот бүлэгтээ хүрэхгүй, ядуурлыг бууруулах үр нөлөө сул байгааг онцолж, халамж шаардлагатай иргэдийг хэрхэн илүү оновчтой тодорхойлох талаар тодруулав. Өрхийн амьжиргааны түвшин, бодит хэрэгцээ, нөхцөлд тулгуурлан зорилтот бүлгийг тодорхойлж, халамжийг илүү үр дүнтэй хүргэхээр төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгаснаа ажлын хэсгээс тайлбарлав. Г.Ганбаатар гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд, халамжийн тогтолцооны төсөв, сангийн удирдлага, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах талаар тодрууллаа. Халамжийн бодлогыг хөдөлмөр эрхлэлт, орлого нэмэгдүүлэх бодлого руу шилжүүлэхийг зорьж буйгаа сайд хэлээд халамжийн одоогийн зардлын 72 орчим хувь нь хүүхэд, эх, ахмадын мөнгөн дэмжлэг зэрэг хүний хөгжлийн бодлогын шинжтэй зардал байгаа тул эдгээрийг халамжаас салгаж, ангилан зохицуулахаар тусгасныг тайлбарлав. Үүний зэрэгцээ зорилтот өрхүүдийг илүү нарийвчлалтай тодорхойлж, орон нутгийн хамтарсан багуудаар дамжуулан хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн цогц үйлчилгээг хүргэхээр төлөвлөж байгаа хэмээн хариулсан.


Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар өрхийн мэдээллийн санг ашиглах, ахмад настанд чиглэсэн халамжийн үйлчилгээг өргөжүүлэх, мөнгөн тэтгэмжээс илүү үйлчилгээ төвтэй тогтолцоог бий болгох талаар асууж, хариулт авсан бол Ч.Лодойсамбуу гишүүн халамжийг хөдөлмөртэй бодитоор холбох, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, ажлын байр бий болгох бодлоготой уялдуулах шаардлагыг онцолж байсан. Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, Ч.Ундрам нар нийгмийн халамжийн чиглэлээрх зарцуулалтын үр ашиг, ядуурал буурахгүй байгаа шалтгаан, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын үр нөлөө, салбар хоорондын уялдаа хангагдаж буй эсэхийг тодруулж, сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийн талаарх Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн байр сууриа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, С.Зулпхар, Б.Хэрлэн нар индрээс үг хэллээ. Төсөл дэх зохицуулалт болон нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын талаарх байр сууриа Х.Тэмүүжин гишүүн илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцсэн.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулав.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, цахим орчинд хүүхдийн хувийн мэдээлэл болон дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, хүүхдийг зохисгүй харилцаанд татан оролцуулах зэрэг эрсдэл нэмэгдсээр байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсныг дурдсан юм. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахдаа зөвхөн хориг, хязгаарлалт тогтоох бус тэдний эрх, эцэг эхийн үүрэг, нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага, төрийн үүргийг тодорхой болгосон цогц зохицуулалт шаардлагатай гэж үзсэн байна.

Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Мөн эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, хориотой болон хүүхдэд хортой агуулгаас сэргийлэх технологийн хамгаалалт зэрэг агуулгыг оруулсан байна.
Монгол Улсад оршин суугаа хүүхэд харьяаллаас үл хамааран хамрагдаж, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч этгээд, төрийн байгууллага, эцэг эх асран хамгаалагч, боловсролын байгууллагууд зэрэг хүүхдийн оролцоотой ихэнх байгууллагууд хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг хууль санаачлагч дурдав.
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан байна. /Дэлгэрэнгүйг эндээс/

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь, хамт өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн теслийг 61.9 хувийн саналаар тус тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.
Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Эрдэнэболд, С.Зулпхар, О.Батнайрамдал, Д.Ганмаа, Ц.Баатархүү, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, Г.Лувсанжамц нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хуулийн төслийн зохицуулалтад хүүхдүүдийн гэр бүл, сургуулийн орчинд нийгмийн сүлжээг хэрэглэх, зохистой ашиглах орчинг бүрдүүлэх асуудлыг тодорхой болгох, эцэг эхийн үүргийг хариуцлагажуулахад чиглэсэн зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар илүүтэй лавлаж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр хариултдаа, "Хуулийн төсөлд 13 нас хүртэл нь хүүхдийг нийгмийн сүлжээнд орохыг бүрэн хориглосон. Ялангуяа эцэг, эх хүүхдүүдээ гар утсаар ямар контент үзэж байгааг мэддэг, цахим халдлагын талаар мэдэх шаардлага үүсээд байна. Иймд хүүхдийнхээ ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, сургалт, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас авах гэх зэргээр эцэг, эхийн эрх үүргийн талаар төслийн 8 дугаар зүйлд тодорхой тусгасан. Харин хүүхэд сургуулийн орчинд нийгмийн сүлжээг зохистой хэрэглэх хүрээнд сургалтын үйл ажиллагаа, даалгавар, үнэлгээ, суралцагчтай холбоотой мэдээлэл, солилцоход хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээг ашиглахыг хориглох зэргээр төслийн 9 дүгээр зүйлд боловсролын сургалтын байгууллагын чиг үүргийг тодорхой тусгасан" гэж байлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, "Эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгээд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хянаж чадахгүй. Иймд технологийн шийдлийг хамгийн бие даасан, найдвартай шийдэл гэж үзсэн. Үүрэн телефоны компаниуд тусгай зөвшөөрөл аваад үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ хүрээнд хүлээсэн үүрэгт нь утасны дугаар олгохдоо иргэний бүртгэл болон насны бүртгэл хийлгэхээр тусгасан. Ингэснээр хууль хэрэгжих боломж бүрдэнэ" гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.
Түүнчлэн гишүүд хуулийн төсөлд 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулна гэж тусгахдаа тодорхой судалгаанд үндэслэсэн эсэх, ялангуяа Монгол Улсын нийгмийн сүлжээгээр явуулж буй хортой, хориотой контенттой холбоотой гомдол хүсэлтийг яаралтай шийдвэрлэх, арга хэмжээ авах эсэхийг тодруулсан.

Улсын Их Хурлы гишүүн П.Наранбаяр "Төсөлд хүүхдийн насны хязгаарлалтыг тусгахдаа АНУ-ын сэтгэл зүйн холбооноос гаргасан шинжлэх ухааны судалгаа, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан зөвлөмж, Олон улсын цахилгаан холбооноос гаргасан хүүхдийг цахим орчинд хамгаалах бодлого боловсруулагчдад зориулсан удирдамж, улс орнуудын харьцуулсан судалгаа зэргийг үндэслэсэн" хэмээв.
"Харилцаа холбооны зохицуулах хороо эрх мэдлийнхээ хүрээнд цахим сүлжээ эрхлэгч болоод харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нартай харилцаж, хүүхдэд хориотой агуулгатай контентыг найман цагийн дотор арилгах үүрэг хүлээж байна. Мөн хортой агуулга явуулсан тохиолдолд 72 цагийн дотор мэдэгдлээ өгөөд шийдвэрлэнэ гэсэн агуулгыг төсөлд тусгасан. Үүнийг арилгаагүй нөхцөлд Монгол Улсаас үе шаттайгаар тухайн сүлжээрүү хандах хандалтгүй болгох арга хэмжээ авах зохицуулалтыг төсөлд тусгаад байна" хэмээн төсөл санаачлагч гишүүн хариулж байлаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, С.Зулпхар, О.Алтангэрэл, М.Нарантуяа-Нара, М.Мандхай, С.Эрдэнэболд нар хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлэв. Гишүүд дэлхийн олон улс орнууд өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих асуудалд анхаарч байгаа энэ цаг үед хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ анхаарах асуудалд санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, хүүхдийн хувийн мэдээлэл, байршил, бүртгэлийн нууцлалыг анхдагч тохиргоогоор хамгаалах нь зөв. Хүүхэд, эцэг, эх бүр технологийн мэргэжилтэн биш тул хамгаалалтыг өөрсдөө олж тохируулахыг хүлээлгүй үйлчилгээ нь анхнаасаа аюулгүй байх ёстойг тодотгов. Мөн танихгүй хүнээс явуулсан шууд зурвасыг хязгаарлах, хүүхдэд хортой агуулгыг санал болгох алгоритмд шаардлага тавихыг дэмжиж байна гээд хүүхдийг хамгаалахад нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид бодитоор оролцох хэрэгтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, анхдагч хуулийн төсөл тул олон талын туршлагыг харгалзах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалт, хүний нөөц, хөрөнгө, санхүүгийн нөөц зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, энэ асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хүүхдийг цахим халдлагаас хамгаалах агуулгад чиглүүлж батлуулах, харин үүнийг цахим орчны цензурын шинэ хэрэгсэл болгох, ямарваа нэг эрх мэдэлтэнд үйлчлэх гарц боломжийг нээж болохгүй гэдгийг онцгой анхааруулж байлаа.

Ингээд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэв.
Дараа нь Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцуулсан.
Энэхүү анхдагч хуулийн төслийг дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа өгөгдлийн зах зээл, эдийн засгийн өгөөжийг харгалзан, халдашгүй байдлыг хангах, хөгжлийн баримт бичгүүдэд нийцүүлж, хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгох бодлогыг чухалчилсан гэв.

Хууль санаачлагч илтгэлдээ, өгөгдөл нь зөвхөн архивт хадгалагдах мэдээлэл төдий бус бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн болон стратегийн чухал нөөц гэдгийг онцоллоо. Олон улсын эрх зүйн чиг хандлага, жишгийн дагуу манай улс дата өгөгдлийн хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгохоор төслийг боловсруулсан хэмээв. Нэн тэргүүнд халдашгүй байдлыг хамгаалах, өгөгдлийн чанар, ангилал, уялдааг томьёолох, дотоодын дата төв, үүлэн дэд бүтцийг тэлэх, Монгол Улсыг гадны технологи хэрэглэгч бус, өгөгдөл боловсруулдаг, хиймэл оюуны тооцооллын хүчин чадал экспортолдог орон болгох зорилт тавьсан гэсэн юм. Тиймээс эрчим хүч, сүлжээ, эрх зүйн бие даасан байдлыг нэгэн зэрэг хангах «Sovereign by Design» бодлогыг хуулийн төсөлд тусгаад байгаа гэлээ.
Өгөгдлийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 25 зүйлтэй, өгөгдлийг үүсгэхээс эхлээд устгах хүртэл 11 үе шат бүрийг эрх зүйн хүрээнд иж бүрэн зохицуулахаар төлөвлөсөн байна. Төрийн анхдагч мэдээллийн санг давхардуулахгүйгээр нэгдсэн каталог, мета өгөгдөл, систем хоорондын холболтод суурилсан төрийн их өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлж, өгөгдөлд хандсан үйлдэл бүрийг бүртгэх зохицуулалтыг тусгажээ. Төрийн их өгөгдлийг “нээлттэй”, “хязгаарлалттай”, “хаалттай”, “нөхцөлт хандалттай” гэж ангилан хандалтын эрх олгох бол өгөгдлийг “нээлттэй”, “судалгааны”, “хязгаарлагдмал”, “арилжааны”, “нийтийн ашиг сонирхлын” хэмээн ангилж, лицензээр ашиглуулах ажээ.

Өгөгдлийн эзэн өөрт хамаарах, өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн өгөгдлөө үнэ төлбөргүй авах, хүсэлтээрээ техникийн боломжтой үед өөр үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх эрхийг тусгасан. Харин гадаадын этгээдийн дата төвийн дэд бүтцийн хүсэлтийг нэг цонхоор зохион байгуулж, үр ашгаас хуваалцах гэрээ байгуулна. Ногоон дата төвийн сүлжээний холболт, илүүдэл эрчим хүчний худалдан авалт, зээлийн дэмжлэгийг холбогдох хуулиудтай уялдуулна. Өгөгдлийн ашиглалт, чанарын нэгдсэн тайланг жил бүр Улсын Их Хуралд танилцуулж байхаар төсөлд тусгасан тухайгаа сайд Ч.Номин илтгэлээ.
Энэхүү төсөл нь өгөгдөлд суурилсан бизнес, монгол хэлний хиймэл оюуныг хөгжүүлэх, үндэсний тооцооллын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтойгэж төсөл санаачлагчид үзжээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн байна. /дэлгэрэнгүйг эндээс/

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү танилцуулав. Хууль санаачлагч өгөгдөл нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн стратегийн нөөц болж байгааг харгалзан өгөгдлийг үүсгэх, хадгалах, боловсруулах, солилцох, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Төр, хувийн хэвшилд хуримтлагдсан өгөгдлийн чанар, ангилал, уялдаа холбоо, дахин ашиглалт хангалтгүй, дотоодын дата төв болон үүлэн тооцооллын дэд бүтэц хязгаарлагдмал байгааг үндэслэн өгөгдлийн засаглал, мэдээллийн болон кибер аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалт, дата төвийн үйл ажиллагааны харилцааг цогцоор зохицуулах, төрийн бодлого, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, хиймэл оюуны хөгжлийг дэмжих, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдав.


Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “... Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна …” гэж заасны дагуу санал хураалт явуулахад Өгөгдлийн тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 83.3 хувиар, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар тус тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцлов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Д.Ганмаа, С.Ганбаатар, Мандхай нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.1-т хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна гэж заасныг дурдаад, үзэл баримтлалдаа тусгасан атлаа хуулийн төсөлд тусгаагүй үлдсэн асуудлыг хэрхэн зохицуулах, улмаар дата төвийн халдашгүй байдлын тусгай дэглэмийг хэрхэн зөвөөр ойлгох талаар лавлаж байлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, хуулийн төслийн үзэл баримтлал нь төрөөс хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, журам дүрмийг тодорхой болгож өгснөөр Монгол Улсад дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн дата төвүүд, өгөгдөл боловсруулдаг төвүүдийг бий болгох зохицуулалтай болгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн зохион байгуулалт, хөрөнгө оруулалтаа хийхэд зохицуулалт шаардлагатай. Хэрэв үүнтэй холбоотойгоор Засгийн газраас баталгаа гаргах шаардлагатай тохиолдолд л хуулийнхаа дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ хэмээв.
Харин ажлын хэсгээс Хууль тогтоомжийн тухай хуулиар төслийн үзэл баримтлал нь зорилго, зохицуулалтын хүрээг тогтоож, хуулийн төсөл нь түүнийг хэрэгжүүлэх журам, чиг үүргийг нарийвчлан зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр баримт бичиг агуулгын хувьд хоорондоо нийцэж байх ёстой гэдэг саналыг хүлээн зөвшөөрч байна гэлээ. Мөн энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг 2026 оны зургадугаар сард боловсруулаад, 6, 7 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж, төсөл өргөн мэдүүлэх зөвшөөрөл авахаар хоёр удаа хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд Засгийн газраас тодорхой чиглэл өгсөн тул тэдгээр саналуудыг нэмж тусгасан байдлаар өргөн мэдүүлсэн хэмээн тайлбарласан.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбол хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, үндэсний бүтээмэл оюуны тогтолцоог бий болгоход хэрхэн чиглэж буйг лавласан.
Дэлхий дахинд эдийн засгийн бүтээмжийг дүгнэж байгаа гол салбар нь хиймэл оюун ухаан болж, өрсөлдөөн үүнд төвлөрч буйг Ч.Номин сайд тодотгоод, бид өөрсдийнхөө үндэсний үнэт зүйл, мөн чанараа хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухааны салбарт ямар стратеги барьж, ямар тогтолцоотой явах вэ гэдгээ боловсруулж гаргах нь чухал гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Засгийн газраар хиймэл оюуны талаар баримтлах стратегийг хэлэлцүүлсэн. Үүнийг салбарын яам дангаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд хэлэлцэх асуудал. Энэ асуудлыг хэлэлцүүлж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн буюу Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулсан.

Хуралдааны төгсгөлд Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо уг асуудлыг 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. /дэлгэрэнгүйг эндээс/
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулсан. Тайланг хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Усын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зуйлийн 120.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан төрөөс олгосон дэмжлэг, урамшууллын талаарх мэдээллийг нийтэд ил тод болгох, дэмжлэг, урамшуулал олгох үндэслэл, шалгуур, буртгэл, мэдээллийн ил тод байдлыг хангах, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох, буруутай албан тушаалтанд хариулага тооцох, шаардлагатай бол хууль, тогтоомжийн төсөл боловсруулан Усын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг асуудлаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэнийг М.Мандхай гишүүн онцолж байлаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд 349 тэрбум төгрөг олгосон зээлийн дүнгийнх үү, эсвэл зээлийн хүүгийн татаасын зөрүү юу гэдгийг тодруулав.
"Ирүүлсэн материалын хувьд нийт дүнгээр 630 тэрбум төгрөг байгаа. Салбарын яамны танилцуулгад нийт урамшууллын дүн нь 979,9 тэрбум төгрөг гэж дурдсан. Үүнийг задалбал, улаан буудайн урамшуулалд 21 тэрбум, арьс ширний урамшуулалд 17 тэрбум, түүхий сүүний урамшуулалд 8,4 тэрбум, хүнсний ногооны урамшуулалд 0,2, тэмээ, хонь, тэмээн ноосны урамшуулалд 249,2 тэрбум, махны урамшуулалд 53,6 тэрбумын зөрүүтэй байсан. Ноолуурын урамшуулал дээр зөрүү байгаагүй. Ингээд нийтдээ 349 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн" гэдгийг ерөнхий хяналтын сонсголын шинжээч тайлбарласан.

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2008-2025 он хүртэлх хөдөө аж ахуйн салбараас татаас, урамшуулал, зээл олгосон бүх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээлэл яаманд байгааг дурдаад, шинжээчид олон тэрбум төгрөгийн зөрүүний асуудлаа сайн нягталж, нухацтай хандах ёстойг анхааруулж байлаа.

Ингээд энэ талаарх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна