ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН АНХНЫ СОНСГОЛЫГ МАЛЧНЫ ТУХАЙ ХУУЛИАР ХИЙЛЭЭ

Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.24/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд хоёр дахь өдрөө үргэлжилсэн.

Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, Д.Батбаяр, П.Батчимэг, Б.Бейсен, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Д.Жаргалсайхан, С.Лүндэг, М.Мандхай, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Р.Сэддорж, Ц.Туваан, Б.Уянга, Ж.Чинбүрэн нар ирснээр 51.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 12 минутад эхлэв.


Улсын Их Хурлын дэд дарга, сонсгол даргалагч Ж.Бат-Эрдэнэ гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах, сонсголд оролцох, ажиглах боломжийг хангах зорилгоор сонсголыг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээр дохионы хэлмэрчтэй шууд дамжуулж байгааг онцлон тэмдэглэлээ.

Энэ өдрийн сонсголд Улсын Их Хурлын гишүүд болон төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 17, иргэдийн төлөөлөл 38, нийт 72 хүн оролцсон.


Сонсголын эхэнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Малчдын санхүүгийн үйлчилгээний хүртээмж, зээл санхүүжилтийн нөхцөл байдал, Малчны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой үр дүн” сэдвээр мэдээлэл хийлээ.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур хөдөө аж ахуйн салбарын үндэс  болсон малчин, мал аж ахуйн хөдөлмөрийг бодит баялаг болгон хувиргаж тэдгээрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн дэмжлэг үзүүлэх нь банк санхүүгийн салбарын чухал зорилтын нэг гэж Төв банк үзэж байгааг Монголбанкны дэд ерөнхийлөгч дурдаад энэ хүрээнд арилжааны 10 банктай хамтран малчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна гэв.

2025 оны байдлаар бол нийтдээ 122838 удаагийн зээл олгосон бөгөөд 2026 оны эхний 4 дүгээр сард 412.6 тэрбум төгрөгийн зээл олгож, нийт үлдэгдэл 1.17 их наяд төгрөгт хүрсэн байна.

Зээлийн ерөнхий үзүүлэлтийг доорх зурагнаас харна уу.


Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 4 дүгээр сарын 24-нд “Шинэ хоршоо хөдөлгөөн өрнүүлэх тухай” 166 дугаар тогтоолыг баталж, энэ хүрээнд Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Төрийн сан, Сангийн зээлийн батлан даалтын сан болон арилжааны банкууд хамтран хоршооны гишүүн малчдыг дэмжих зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулснаар зээл олгож байна гэлээ.

Хоршооны гишүүн малчинд олгосон зээлийн зориулалтын талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.


Дээрх мэдээлэлтэй холбогдуулан сонсголд оролцогчид асуулт асууж, санал хэлсэн. Иргэд зээл авсан нийт малчдын хэдэн хувь нь эмэгтэй малчин байгааг, зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх, мөн алслагдсан бүсэд байгаа нэн ядуу малчин өрх заавал хоршоонд элсэж зээл авах боломжтой юу эсвэл 200-гаас доош малтай өрхүүдийг дэмжихэд чиглэсэн зээлийн үйлчилгээ байж болох уу гэдгийг хөндөж тодруулж байлаа. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, Ц.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Г.Ганбаатар, О.Алтангэрэл, Х.Баасанжаргал, Ц.Туваан нар асуулт асууж, хариулт авсан.


Гишүүд малчид бизнес эрхлэгчдээс ч өндөр буюу жилийн 24-25 хувийн хүүтэй зээл авч буйг дурдаад малчин хүний хөдөлмөр, хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр хэзээ үнэлдэг болохыг илүүтэй лавлав. Ялангуяа Монголбанк малчны зээлийн асуудалд холбогдох журмыг баталж, зээлийг бодит ханшаар тогтоох, үнэлгээний аргачлалыг нь гаргах, хөдөө аж ахуйн мэргэшсэн хөрөнгийн үнэлгээчдийг бэлтгэх арга хэмжээ авахыг анхааруулж байлаа.


Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван малчдын авсан нийт зээлийн чанаргүй зээлийн эзлэх хэмжээ 1.8 хувийг эзэлж байгаа нь эргэн төлөлт сайн, хариуцлагатай байгааг харуулж байна гэв. Харин малчны зээлийн хүү өндөр байгаа нь арилжааны банкнуудын орон нутагт явуулж буй үйл ажиллагааны зардал, байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөлийн болзошгүй эрсдэлийг тооцож буйтай холбоотой. Учир нь малчид зээлээ цахимаар биш биеэр очиж үйлчилгээ авдаг тул үүнээс үүдэлтэй зардалд өртөгт нь шингэж байна гэж байлаа. Түүнчлэн малын индексжүүлсэн даатгалын хамрагдалт 18-22 хувьтай байна. Малчин өрхүүд малын индексжүүлсэн даатгалд бүгд хамрагдвал тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнууд зээлийн хүүдээ хөнгөлөлт үзүүлээд явах бол боломжтой гэсэн хариултыг өгсөн. Мөн Монголбанкны хувьд малчдын зээлийн хүүг үе шаттай бууруулах боломжтой төдийгүй үүнд бодлогын зохицуулалт хийх нь зүйтэй гэдэгт гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн.


Дараа нь Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Уур амьсгалын өөрчлөлт, эрсдэлийн нөлөөллийг бууруулах, гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас учирсан хохирол, түүнийг даван туулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын хэмжээнд 2016-2025 онд нийт 45313 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны 76.7 хувийг объектын гал түймэр, 4.4 хувийг ой, хээрийн түймэр, 2.8 хувийг ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 11.8 хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 1.9 хувийг газар хөдлөлт, 3.4 хувийг биологийн гаралтай аюулт үзэгдэл тус тус эзэлж байна.

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.


Ус, цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 110 хүн амь насаа алдаж, 11.4 сая толгой мал хорогдож (2023-2024 оны зудын улмаас 8.1 сая толгой мал хорогдсон), нийгэм эдийн засагт 1 их наяд 457.5 тэрбум төгрөгийн (2023-2024 оны зудын улмаас 1 их наяд 357 тэрбум төгрөгийн хохирол учирсан) хохирол учирсан байна. Сүүлийн таван жилийн байдлаар нийт 91 малчин (16 хүүхэд), 68 эрэгтэй, 23 эмэгтэй амь насаа алдсанаас обьектын түймэрт 19, тарваган тахал 1, аянгад 5, үерт 2, цасан нурангид 1, зам тээврийн осолд 3, усны осолд 19, төөрч сураггүй болсон 37 бусад ахуйн осолд 4 хүн өртсөн байна.


Мөн илтгэлд 2026-2030 онд гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд уур амьсгал, ус цаг уурын гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нийт 11 арга хэмжээг тусган хэрэгжилтийг хангаж ажиллаж байгааг дурдсан байлаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх гамшгийн эрсдэлийн талаар танилцуулсан. 

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Малчны тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хүргэсэн.

Уг мэдээлэлд хуулийн үзэл баримтлал, хэрэгжилт, малчин өрхийн хөгжлийг цогцоор үнэлэх, малчдын мэдлэгийг дээшлүүлэх чадавхжуулах сургалт, Улсын аварга малчин шалгаруулах журам, малчдыг орон сууцны ипотекийн зээлд хамруулах, “Нарлаг Монголын малчин өрх” зэрэг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, гарц шийдлийг хөндөж, дэлгэрэнгүй танилцуулсан. Тухайлбал, байгаль цаг уурын өөрчлөлт эрс, тэс уур амьсгал, ган, зуд, отор нүүдэл, бэлчээрийн хомсдол, доройтол, малын халдварт өвчин, малын чанар, ашиг, шим буурах, түүхий эдийн үнэгүйдэл, малчны нийгмийн асуудал, салбарын хүний нөөцийн хангамж эл салбарын тулгамдсан асуудал болоод байна гэлээ. Үүнд зөв шийдэл гаргавал малчдын орлого нэмэгдэх, өндөр хүүтэй зээлийн хүү буурах, орон сууцны ипотекийн зээл зэрэг асуудлууд шийдэгдэнэ гэдгийг Ц.Идэрбат сайд онцолсон юм.


Цаашид салбарын яамнаас хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх асуудлыг судлан нэг мөр шийдвэрлэх, Малчны хөгжлийн сангийн удирдлага, зохион байгуулалтын жишиг дүрэм, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, малчны хөгжлийн индекс батлуулж, хэрэгжилтийг хангуулах, хуулийн хүрээнд тодорхойгүй, хариуцах эзэнгүй зарим эрх үүргийг эзэнжүүлэх, холбогдох өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгааг мэдээлэлд дурдсан байлаа.


Дээрх мэдээлэлтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, санал хэлсэн. Малчид зудыг хохирол багатай давах гарц нь сум, орон нутагт байгаа агуулахад өвс, тэжээлийг бэлтгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал гэхийн зэрэгцээ дахин давтагдашгүй гамшгийн улмаас малаа алдсан иргэдийн хохирлыг албан ёсоор тогтоогоод эрх бүхий хүмүүс тогтоосон хэдий ч нөхөн төлбөрийг шийдэлгүй 5-10 жил болж буйд арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн Монгол Улсад хэчнээн мал, малчин байх талаар судалгаа хийн холбогдох хууль тогтоомжид уялдуулж тусгахгүй бол мал өсөхийн хэрээр малчин нэмэгдэж, үүнээс болоод бэлчээрийн төлөө хоорондоо муудалцдаг байдал үргэлжилсээр байгаад анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.


Мөн гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тодруулбал, хуульд малчны хүүхдийг тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр үнэ төлбөргүй сургахаар тусгасан зохицуулалтын хүрээг өргөжүүлж малын эмч, зоотехникч зэрэг бусад мэргэжлээр сургах боломжтой эсэх, гамшгийн улмаас амь нас нь хохирсон малчны ар гэрт нөхөн олговор олгох тэтгэмжийг хуулиас давсан журмаар шийдэхээр зохицуулж, 2024 оноос хойш амь насаа алдсан малчдаа хамруулахгүй байгаа шалтгааныг лавласан.

Хөдөө аж ахуйн их сургуулийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Уранбилэг Боловсролын сайдаас баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийн индекс байдаг. Энэ индексээр Малчны тухай хуульд ч, Боловсролын яамнаас батлагдсан журамд ч мал аж ахуйд тэжээл, бэлчээр чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрүүдэд төлбөрийг нь даана  гэж тусгагдсан гэж хариулав. Тэрбээр батлагдсан 11 хөтөлбөрийн тав нь мал аж ахуйн чиглэлийнх бөгөөд тэжээл, бэлчээр судлал гэсэн нэг хөтөлбөр нь тусгагдсан тул энэ хүрээнд тэтгэлэг олгох бүрэн боломжтой гэв. Мал эмнэлэг болон бусад чиглэл ороогүй тул холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулбал асуудал шийдэгдэнэ гэж байлаа.

Гамшигт үзэгдлээс болж амиа алдсан малчидтай холбоотой гаргасан журмыг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам  боловсруулж батлуулсан. Засгийн газрын журам 2026 оны 3 дугаар сард батлагдсан тул үүнээс өмнөх ямар нэгэн хохирол, малчдын ар гарт нөхөн олговор олгох боломжгүй болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хариулав. 


Сонсгол Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил “Малчны хамтын санаачилга, хоршил-Шинэ хоршооны явц, үр дүнгийн талаарх” танилцуулгаар үргэлжилсэн.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, түүний сөрөг нөлөөлөл, эрсдэлийг бууруулах, малчин өрхийн амьжиргааг дэмжих орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ аван, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгааг дурдав. Улсын хэмжээнд 10578 хоршоо байгуулагдан 103340 малчин гишүүнээр элссэн бөгөөд үүнээс 7707 хоршооны 26437 гишүүн малчин 894.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар  дамжуулан авсан байна.

Зээл олголтын мэдээг аймаг тус бүрээр харьцуулан үзвэл хамгийн өндөр дүнтэй зээлд хамрагдсан аймгуудад Булган 84.5, Ховд 76, Архангай 73.7, Говь-Алтай 64.2, Баянхонгор 64.2 тэрбум төгрөг байсан бол хамгийн бага дүнтэй зээл авсан аймгуудад Дархан-Уул 5.1, Орхон аймаг 6.7 тэрбум төгрөг байсан гэж мэдээлэлд дурджээ. Мөн зээлийн эргэн төлөлт 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 136.4 тэрбум төгрөг байгаа бөгөөд хоршооны гишүүд 14 зориулалтаар хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэж байлаа.

Энэ талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Сонсгол Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргалын “Малчны хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал” мэдээллээр үргэлжилсэн. 

Монгол Улсад нийт 247.9 малтай өрх байгаагийн 61.7 хувь нь 200 хүртэлх малтай өрх эзэлдэг бөгөөд нийт ажиллах хүчний 23 хувийг бүрдүүлж байгаа аж. Малчны нийгмийн хамгааллын талаарх онцлог зохицуулалтын тухайд 2024 оноос малчин, туслах малчин нийгмийн даатгалд даатгуулбал сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг таван жилийн хугацаанд улсын төсвөөс сар бүр хариуцан төлж байна. Энэ дүн 2024 онд 24.4 тэрбум, 2025 онд 26.4 тэрбум, 2026 онд 33.2 тэрбум төгрөг болсон байна. Мөн 2017 оноос малчин эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа бөгөөд үүнд эрэгтэй 20-иос доошгүй жил, үүнээс 15 жил малчнаар, эмэгтэй 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж шимтгэл төлсөн байхаар тусгасан. 2025 оны байдлаар малчны нөхцөлөөр 34.5 мянган иргэн өндөр насны тэтгэвэр авч байна, тэтгэвэрт нь 287.8 тэрбум төгрөгийг зарцуулсан хэмээн мэдээлэлд дурдсан байлаа. 

“Малчны тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбоотой хэрэгжилтийн мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мэдээлэлтэй холбогдуулан оролцогчид санал хэлсэн. Тухайлбал, сонсголд оролцсон малчид нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, ипотекийн зээлд хамруулах, малчдын тэтгэврийн шимтгэлийг нэг удаа нөхөн олгох асуудлыг малчид хүссэндээ бус хуульд заасан тул хэрэгжилтийг нь нэхэж буйг онцлон тэмдэглэж байлаа. Мөн Малчны тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх асуудалд салбарын яамдууд харилцан адилгүй тайлбар өгч буй байдлыг цэгцэлж, Засгийн газар нэгдсэн байр суурьтай байхыг хүслээ.

Үргэлжлүүлэн гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа сонсгол даргалагч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу оролцогчдоос бичгээр ирүүлсэн саналуудыг нэг бүрчлэн уншиж танилцуулсан.


Мөн тэрбээр сонсголыг хааж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, хоёр өдрийн сонсголд иргэд, төрийн бус байгууллага, төрийн байгууллагаас давхардсан тоогоор 163 хүн оролцсон гэдгийг дурдаад сонсголын үеэр нийт 40 гаруй иргэн биечлэн санал хэлж, малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөнгөлөлттэй зээл, бэлчээр ашиглалт, уул уурхайн нөлөөлөл, гамшгийн эрсдэл, малчны залгамж халаа, хууль хоорондын уялдаа холбоо зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлснийг дурдав. Тухайлбал, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна, батлагдах ёстой журмууд бүрэн гараагүй, малчдын тэтгэврийн даатгалын нөхөн төлөлт шийдэгдээгүй, уул уурхай, газрын харилцаа, бэлчээрийн асуудал хамгийн ихээр хөндөгдлөө. Мөн малчдын хөдөлмөрийн үнэлэмж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний стандартыг батлах шаардлагатай талаар дурдсаныг Улсын Их Хурлын дэд дарга энэ үеэр онцолсон.


Хоёр өдрийн сонсголын мэдээлэл, Малчны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, төрийн байгууллагуудын тайлбар мэдээлэл, малчид болон иргэдийн санал, Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хэлэлцүүлэгт үндэслэн нэгдсэн дүгнэлт хийснийг танилцуулав. Уг дүгнэлтэд Малчны тухай хууль батлагдсанаас хойш жил гаруй өнгөрсөн боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, хуульд заасан зарим чухал арга хэмжээ, журам, хөтөлбөр бүрэн хэрэгжээгүй, салбар хоорондын уялдаа холбоо сул, хэрэгжилтийг зохион байгуулах болон хяналт тавих тогтолцоо хангалтгүй байна. Малчдын нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залгамж халааг бэлтгэх чиглэлээр хуульд тусгасан зорилтууд бодит үр дүнд хүрээгүй байна. Ялангуяа малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх зохицуулалт, малчны хөгжлийг дэмжих зарим арга хэмжээ хэрэгжилтгүй байгааг сонсгол даргалагч онцлон тэмдэглэлээ.


Мөн малчдын өмнө тулгамдсан хамгийн том асуудал нь бэлчээр, газрын харилцаа, уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөл хэвээр байна. Малчдын бэлчээр ашиглах эрх, өвөлжөө хаваржааны хамгаалалт, усны нөөцийн ашиглалттай холбоотой зохицуулалтыг бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай. Мал аж ахуйн салбарын эдийн засгийн үнэлэмж, малчдын санхүүгийн үйлчилгээний хүртээмж хангалтгүй байна. Малчид хамгийн сахилга баттай зээлдэгчдийн нэг атлаа өндөр хүүтэй зээл авч байгаа, хөнгөлөлттэй санхүүжилт, ипотекийн зээл, даатгалын тогтолцооны хүртээмж хангалтгүй байгааг мөн онцгойлон анхааруулав.

Түүнчлэн Малчны тухай хууль нь зөвхөн нэг салбарын хууль бус Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, үндэсний уламжлалт мал аж ахуй, хөдөөгийн хөгжлийн суурь асуудлыг зохицуулсан бодлогын ач холбогдолтой хууль болохыг сонсгол дахин нотоллоо гэж байлаа.


Иймд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтийг хангуулах талаар Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох байгууллагууд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Улсын Их Хурлын дэд дарга мэдэгдлээ.

Сонсголын үеэр гарсан санал, хүсэлт, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, Ерөнхий хяналтын сонсголын тайлан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болно гэдгийг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД… 1 цагийн өмнө
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН АНХНЫ СОНСГОЛЫГ МАЛЧНЫ Т… 2 цагийн өмнө
ДОЛДУГААР САРЫН 16,17-НЫ ПҮРЭВ, БААСАН ГАРАГИЙГ АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОСНО… 2 цагийн өмнө
БУРХАН ХАЛДУН ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГА БОЛЛОО 10 цагийн өмнө
SENZU BC.GAME-Н БАЙНГЫН ТОГЛОГЧ БОЛЛОО 11 цагийн өмнө
РОНАЛДО ЗУРГААН ДАШТ ДАРААЛАН ГООЛ ОРУУЛЖ, МӨНХИЙН ГЭЖ ХЭЛЖ БОЛОХ ДЭЭД… 11 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО… 12 цагийн өмнө
МАЛЧНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЭХЛЭВ Өчигдөр
МИАТ:БОЙНГ 787-9 ӨРГӨН БИЕТЭЙ ОНГОЦЫГ АНХ УДАА ХҮНД ХЭЛБЭРИЙН ЗАСВАР Ү… Өчигдөр
АСРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ Өчигдөр
МЕССИ ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДСЫГ НЭЭЛЭЭ Өчигдөр
БАРУУН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ХЭСГЭЭР БОРО… Өчигдөр
ШИНЭ НАМ ЗЭРЭГ НАЙМАН НАМЫГ ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛГҮЙД ТООЦОХООР ТОГТЖЭЭ 2026/06/22
МӨРДӨГЧДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ 2026/06/22
МОНГОЛБАНК ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ Б… 2026/06/22
БНСУ-Д 1396 МОНГОЛ ИРГЭН ХЭРЭГТ ХОЛБОГДСОНЫ 70 ГАРУЙ ХУВЬ НЬ 4 ТӨРЛИЙН… 2026/06/22
Э.ЛХАГВА-ОЧИРЫН САНААЧИЛГААР 200 УРАН НУГАРААЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ ЧУУЛЖЭЭ 2026/06/22
ТАМГЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГЭРЭЭ УНАГАСАН ДЭЭД ШҮҮХ Д.БАЯНДҮҮРЭНГ СЕХ-НЫ ГИ… 2026/06/22
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 12-14 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/06/22
УЛААНБААТАРТ БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО, 7-9 ХЭМ ДУЛААН 2026/06/21
Их Уншсан
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2026/06/12
ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ГЭЖ ХЭН БЭ? 2026/06/15
Т.ӨСӨХБАЯР, Д.ГАНЗОРИГ НАР ДЭЭД ШҮҮХИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМД АЖИЛЛ… 2026/06/13
FACEBOOK, INTAGRAM, MESSENGER ТАСАЛДСАН НЬ ТЕХНИКИЙН СААТАЛ УУ? 2026/06/12
ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-Д БҮРТГЭГДЛЭЭ 2026/06/12
АРВАН НАЙМ ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД СКҮҮТЕР, МОПЕР, СУРРОН УНАВАЛ ЭЦЭГ ЭХЭД НЬ … 2026/06/13
Ц.ЦОГТ: ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ БОЛ ШУДАРГА ЁС, ХУУЛИЙГ САХИУЛАХАД ЗОРЬСОН АРД … 2026/06/18
МОНГОЛ ЛАМ НАРЫН ЧУУЛГАНД 622 ХУВРАГ ОРОЛЦОЖ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ БОЛОН БУСА… 2026/06/13
БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙ… 2026/06/13
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН 2026/06/15
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОР… 2026/06/13
ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.6 ХУВИАР БУУРЧЭЭ 2026/06/13
БОГДХАН УУЛАНД ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙХ ТУЛ 14 ХОНОГ АЛХАХГҮЙ БАЙХЫГ З… 2026/06/10
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ӨМНӨХӨӨС 2 ДАХИН ИХ БОХИР УС ЦЭВЭРЛЭХ ХҮЧИН Ч… 2026/06/16
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХЛАА 2026/06/14