Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ХҮССЭН ПАРЛАМЕНТ БҮРДЭЭД ТҮҮНИЙГ ШҮҮМЖИЛЖ БАЙНА


Шинэ парламент сая төсөв дээр алдаа хийчихлээ, зарим нь таръя ч гэцгээгээд сүр дуулиантай байв. Төсвийн мөнгөөр сонгууль хийчихээд дөрөвхөн сарын дотор тараад явчихдаг дураараа юм ч гэж юу байх вэ. Сайжраад шинэчлэгдээд илүү чамбай болох нь УИХ-ын үүрэг юм. Мөн энэ ондоо багтаадагсан уу, ирэх оны эхний улиралдаа хийдэгсэн үү төсвийн зарим хэрэгцээгүй зардлаа танах нь ч бас тэдний үүрэг болж байна. Энэ хэрүүл уруул, шуугиан маргаан сайнтай муутай ч манай улсад парламентын шинэчлэл хийгдсэнийг илүү тод харуулж байна. Маргаан, мэтгэлцээн, олон ургальч үзэл, зөрчил л угтаа хөгжилд хөтөлдөг учраас шинэ парламентыг илүү сайжрах байх аа гэж харсан хэвээр байна.

Тэрний хүн, энэний хүн гэж нэгнээ цоллохгүйгээр нэг ч гэсэн гишүүн тэр үргүй зардлыг ил болгож, эсэргүүцэж байх нь дээр гэсэн зарчим дээрээ төвлөрөх үү. Бие биенээ магтсан, эелдэг харилцаа бидэнд хэрэгтэй юу, эсвэл тэд зөв рүүгээ чиглэх нь эх оронд минь хэрэгтэй юу. Угтаа тэд нам харгалзахгүй нэгдээд улс эх орны ашиг тусын төлөө дуугарч байгаа нь, тэнд ч бизнес эрхлэгчдийг, энд ч багш нарын дуу хоолой болж буй нь таалагдаж байна.

Ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? гэсэн асуултуудыг 30 жилийн заагт иргэд асууж байна. Эдгээр асуултын хариулт болсон суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж чадахгүй бол ард түмэн ардчилсан парламентын засаглалд итгэл алдрах эрсдэл байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барихдаа хэлж байсан.

Дан тойргоос сонгогдсон 76 гишүүнтэйгээ бодвол сайнаар хэлвэл хайрцаглагдаагүй, муугаар хэлвэл эмх замбараагүй байж болох ч шинэ парламент иргэдийг илүү төлөөлж, зарим гишүүд нь хувийн хэвшлийн талд ч үзэл бодлоо тод илэрхийлж байна. Гэхдээ сайхан ярих биш, шийдвэрүүд чухамдаа хэрхэн гарах нь л эцсийн үнэлгээ болно гэдгийг гишүүдэд сануулах юун.

Л.Оюун-Эрдэнэ дээрх үгээрээ шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийг энэ үеэрээ тунхаглаж, парламент ч, түүнийг дагаад улс эх орон ч өөрчлөгдөх ёстой гэж тод хэлсэн билээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үндэслэл, гадаад дотоод нөхцөл байдлын талаар тэр гурван зүйлийг онцлон дурдсан нь  Геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхий, Нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах, Эдийн засгийн их үсрэлт байсан юм.

Дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, ардчилсан парламентын засаглалтай манай улс бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн УИХ-ын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно гэж үзэж буйгаа тэр мэдэгдсэн. 1992 онд Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүний тоо 75-200 хүртэл олон хувилбар яригдаж байсныг ч дурдсан. Тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан бол 2023 оны байдлаар нэг гишүүний төлөөлөх иргэний тоо 45000-д хүрчээ. Төсвийг тойрогтоо нийцүүлэн батлуулах, нутгархах  зэргийг ч  Л.Оюун-Эрдэнэ шүүмжлэлийнхээ гадна орхиогүй бөгөөд  нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгаснаа онцолсон.

Гучин жилд эхлүүлсэн төсөл олон ч дуусгаж чадсан нь цөөн, тойрог бүрт гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, тойрог тойргийн эрх ашиг улсын хөгжилд сөргөөр нөлөөлж ирснээс хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хичнээн хэмжээний боломж алдсаныг, ямар хэмжээний сорилттой тулгарч ирснийг тоочоод баршгүйг тэр мөн хэлсэн.

Улс орнуудын эрчимтэй хөгжлийн гараа нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.долларт хүрснээр эхэлдэг талаар дурдаад энэ өөрчлөлт эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараа байх боломжтой гэсэн юм. Иймээс ч тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал гэдгийг онцолсон билээ.

Л.Оюун-Эрдэнийн жил гаруйн өмнө хэлсэн эдгээр үгс тухайн үедээ шинэ парламентын талаарх ерөнхий төсөөллийг бий болгосон бол өнөөдөр бидний өмнө биежээд шүүмжлэл, магтаалд өртөөд байж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр батлагдсанаар 126 гишүүнтэй болох, бүсчилсэн хөгжлийг дэмжих, холимог системээр сонгууль явуулах нөхцөл бүрдсэн юм.  

Л. Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сараас намынхаа жагсаалтын талаар дуугарч эхлэв. Намд үе солигдох, УИХ-д нийгмийн төлөөлөл бүрийг багтаана гэсэн түүний үг тухайн үедээ чадах юм уу даа гэсэн эргэлзээтэй байнга тулж байсан билээ. Өдгөө чихэнд дасал болоод буй 14 мега төсөл гэх яриа ч мөн үеэс л эхтэй. Шинэ сэргэлтийн бодлогынхоо нэгэн гол амин чухал асуудлаар тэр мега төслийг ярьсаар байгаа нь одоо иргэдийн анхаарлыг ихэд татаж, хөгжихсөн дэвшихсэн гэж хүсдэг олонд таалагдахын сацуу Мянгуужингийн үлгэр биш байгаа даа гэж эргэлзэж буй нь ч нууц биш. Гэтэл эхний хоёр төслийн эхлэл тавигдаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын энэ оны хөрөнгө оруулалт саяхан шийдэгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийн төслийн хэлэлцээр ч байгуулагдчихлаа. Мега төсөл ажил хэрэг болж эхэллээ, одоо гүйцээх л үлдсэн.  

Сонгуулийн тухай хуульд 2023 оны 6 дугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулснаар Л.Оюун-Эрдэнийн яриад байсан нийгмийн төлөөлөл бүрийг УИХ-д оруулах үүд хаалга нээгдсэнийг одоо бараг хүмүүс мартаж эхэлж байх шиг.

МАН-ын улстөрчид жагсаалт, тойргийн алийг сонгохоо энэ үеэс ил, далд тооцож эхэлсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эрх баригч намын жагсаалтыг тэргүүлэх нь гэж яригдаж эхэлсэн ч тэрбээр тойргийг сонгож, жагсаалтын гишүүдээ олонх иргэд танихгүй шахам, улс төрөөс хол, сайд даргын сэтэр зүүгээгүй инженер, эрдэмтэд, бизнесийнхэн, нийгмийн төлөөллөөс бүрдүүлснээ зарласан. Энэ жагсаалт нь ард түмэнд их таалагдсантай хэн ч маргахгүй биз ээ. Шинэчлэгдээсэй, өөрчлөгдөөсэй гэсэн ард түмний хүлээлттэй жагсаалт нийцсэн учир МАН олон санал авсан нь ч үнэн.  

Л.Оюун-Эрдэнэ 2023 оны наймдугаар сарын сүүлээс 21 аймгийг тойрч иргэдтэй уулзаж эхэлсэн. Жагсаалтын эхний 5-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана, жагсаалтын 5 хүн тутмын нэг нь эмэгтэй хүн байна гэж хэлээд зогсохгүй бусад намуудыг ч энэ бодлогыг нь дэмжихийг уриалсан билээ. Ингэснээр өнөөгийн УИХ түүхэнд байгаагүй олон эмэгтэй гишүүдтэй болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ч дуу хоолой нь болж парламентад сууж байна.

УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдыг тод шүүмжилж харагдана. Л.Оюун-Эрдэнэ ийм олон ургальч үзэлтэй, цоо шинэ парламентын суурийг тавихыг хүссэн. Тэр хүсэл нь биелээд санаачилж зүтгүүлсэн хуулийнх нь дагуу сонгогдсон гишүүд түүнийг нээлттэй шүүмжилж байна. Л.Оюун-Эрдэнийн хүссэн зүйл нь олон өнгийн санаа бодолтой, салбар бүрийн мэргэжилтнүүдтэй, тал засалгүй үзэл бодлоо илэрхийлдэг, шүүмжилдэг, дээр нь худалгүй, хулгайгүй парламентыг бүрдүүлэх байсан. Л.Оюун-Эрдэнийн хүссэн тэр парламент нь бүрджээ.

                                                                                                                          Г.БАРХАСБАДЬ

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОГДХАН УУЛАНД ЭКОЛОГИЙН ГАРЦ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ 1 цагийн өмнө
МИАТ-ААР ЗОРЧООД PARADISE CITY HOTEL & RESORT -Д ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭ… 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: БАЯЛГИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ НЬ ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГ… 2 цагийн өмнө
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛ… 3 цагийн өмнө
ЗАВХАН, ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХӨВСГӨЛ, АРХАНГАЙН ЗАРИМ ГА… 5 цагийн өмнө
МИАТ: БАНГКОК РУУ 11 ДҮГЭЭР САРЫН 4-НӨӨС, ПУКЕТ, СИНГАПУР РУУ 12 ДУГАА… 21 цагийн өмнө
МОНГОЛ, СОЛОНГОС ИРГЭД ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЖОЛООНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛ… Өчигдөр
ХОЁР ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙНААР АЖИЛЛАЖ БАЙСАН Б.НАСАНТОГТОХ 5 ЖИЛ ХОРИГДО… Өчигдөр
УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ДУЛААН Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ЗАГАСНЫ ОРДЫНХНЫ ХАЙР ДУРЛАЛЫН Т… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ИРЭЭДҮЙТЭЙ, ТАЙ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН ЗӨВ СЭДЭЛ АМЖИЛТЫН ҮН… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН УЯН ХАТАН АЖИЛЛАХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХЭН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТӨ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН ЗАРИМ АСУУДЛЫГ ШИ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫХОНД НӨХЦӨЛ БАЙДАЛ АШИГТАЙГ… Өчигдөр
ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ… Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫГ АЗ ИВЭЭХ ҮЕ Өчигдөр
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН АЛИВААГ ӨӨР ӨНЦГӨӨС … 2026/11/01
2026 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХЭН АВЬЯАС ЧАДВАРАА АШИГЛА… 2026/11/01
Их Уншсан
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2026/10/24
ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛ ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨР 2026/10/29
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
ХОТ ХООРОНДЫН НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНИЙГ 11 ДҮГЭЭР САРЫН 5-НААС НЭ… 2026/10/26
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.26-11.01/ 2026/10/26
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… 2026/10/22
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2026/10/24
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 2026/10/23
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 2026/10/23
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР 16 МЯНГАН АЙЛЫГ 6 ХУВИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН … 2026/10/21
ФРАНЦАД 800 МЯНГАН ХҮН ЖАГСАЖ, 1000 ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ 2026/10/25
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… 2026/10/23
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… 2026/10/22
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… 2026/10/22