Саяхан даа нэгэн танил минь facebook хаягаа алдчихав. Болсон явдал их энгийн. Өглөө таньдаг ахынх нь цахим хаягаас мэнд мэдсэн байж.
Сайхан өвөлжиж байна уу гэсэн эелдэг үгээр эхэлсэн зурвасаар найрсаг харилцаж овоо ч хэдэн үг сольж. Харилцан яриан дунд би чамаас нэг юм асууя гэж бодсон юм гэж л дээ.
Юу асуух гэсэн юм бол гээд ахтай утсаар ярьж, ойр зуурын зүйл ярилцаад дуусаж. Гэхдээ та над руу чатаар бичиж байсан гэж хэлсэнгүй. Бичсэн л юм байх гэж бодоод асуусан ч үгүй.
Хэсэг хугацааны дараа чатаар би чамаас юм асууна гэснээ мартчиж, цөөн хүний хүрээнд нэг юм зохион байгуулах гэж байгаа. Нэг чат үүсгэж байгаа, утсанд чинь код очно хэлээрэй гэсэн юм байх. Ажил ихтэй байсан учир ирсэн кодыг зүгээр л чатаар явуулчихаж. Удалгүй хажууд нь байсан ажлын бүсгүй нь та над руу бичээд байна гэжээ.
Сайхан өвөлжиж байна уу, тухлаг уу гэх мэт эерүү үгс... Тэгснээ л яаралтай хэрэг боллоо, маргааш өгье гээд саяас дээш төгрөг хүсэж эхэлсэн байна.
Гайхаж, faceboок-ээсээ гараад буцаад орох гэтэл болсонгүй. Аль эрт өөр хүний эзэмшилд орсон нь тэр. Ердөө удалгүй хэдэн минутын дараа нэг найз нь хэдэн зуун мянган төгрөг шилжүүлчихлээ гэсэн юм байх.
Хүмүүс яагаад чатаар мөнгө гуйхад зөвшөөрдөг вэ. Та мөнгө асуусан уу гэж асуудаггүй вэ. Эвгүй байдаг юм болов уу гэж бодогдоно.
Саяхан надаас ч бас чатаар нэг хүн сайн уу, утас чинь хэд билээ гэснээ мөнгө зээлэхийг хүссэн юм. Зүс л мэдэх төдий ч гэлээ хүндлэх ёстой ах хүн тул уучлаарай, надад мөнгө алга аа гээд өнгөрсөн. Сүүлийн үед пост оруулаагүйг нь хараад хаягаа алдсан юм биш байгаа гэж бодсон ч тийм сайн танихгүй учир хэлсэнгүй, хэлье гэвч утсыг нь ч мэдэхгүй учир тэгсгээд орхисон юм. Нөгөө талаас үнэхээр мөнгө зээлье ч гэсэн юм бил үү, тэгвэл хэрхэх билээ гэж бодоод асууж төвдөөгүй хэрэг.
Энэ явдлын дараа саяхан нөгөө над руу бичсэн чатыг хартал дахиад өөр нэг танихгүй ахын зурагтай болсон тууж явна лээ.
Ер нь тийм найдвартай ч санагдаж мэдэх хүний зургийг тавиад л чатаар мөнгө гуйдаг арга ч гарсан бололтой.
Миний танилын хаягаас маш олон хүн рүү чат бичиж мөнгө гуйсан байсан гэсээн. Гол нь хакерууд таны алдсан хаягийг дараа нь ч ашиглаж болдог байна.
Цахимжилт мэдээж хэрэгтэй ч техникт бүх талаас итгэх хэцүү. Нүүр ном бидний амьдралын нэг хэсэг болсон ч нүүр тулж ярихаас өөр. Мөнгө шилжүүлэх болоод данс асуухаар эхлээд тухайн хүний нэртэй гэж данс өгөөд энэ болохгүй байна, яах уу гэнгүүт хүнээр дамжуулаад авчихъя гэдэг аж. Үнэхээр л данс нь болохгүй байгаа юм болов уу, эсвэл ах андуураад байгаа юм байх даа гэж бодоод л шилжүүлсэн гэж танилын минь хуурай дүү хэлсэн байна. Яагаад бид утсаар ч ярихгүйгээр цахимын цаанаас тэр энэ байгаа, яаралтай хэрэг гарж дээ гэж итгээд өөр хүний нэртэй данс руу мөнгө шилжүүлээд байна вэ. Соёлтой хакерын содон мэндчилгээ бүр танилын минь охины ангийн хүүхдийн ээж рүү хүртэл хандсан гэж байгаа.
Залуу бүсгүйд бол тэр “Сайхан өвөлжиж байна уу, тухлаг уу?” гэсэн мэндчилгээ, дээр нь төдий л өдөр бүр таардаггүй хүнээс мөнгө гуйсан зэрэг нь сэжигтэй санагдаад дор нь асуусан юм билээ.
Эелдэг үгсээр эхэлсэн мэндчилгээнд хууртсан хэд хэдэн хүн мөнгө шилжүүлж, одоо танил минь хэдэн саяын “өрөнд” орчихоод байгаа. Хаягаа алдсанаа зарлахгүй бол таны өмнөөс өөр хүнээс мөнгө авчихаар гэмтэй мэт санагдах ч хүнд. Хэдийгээр цагдаад хандан бүртгүүлж, гэмт этгээд баригдсан ч одоог хүртэл тэр мөнгөө буцааж авч чадаагүй. Хакер гэх залуу хэд хэдэн хүнээс нэлээд их мөнгө авчихсан нь тогтоогдож, түүнийг цагдан хорьсон ч шүүх яагаад ч юм сулласан. Магадгүй тэр дахиад л гэмт үйлдлээ үргэлжлүүлсээр яваа ч байж мэднэ.
Сайхан хандлага бол хүний сэтгэлийг хөдөлгөдөг нэгэн зүйл. Эрхэм хэрэглэгч та гэж ирсэн утасны мессежид “уярсан” долоо, наймтай хүүхэд мөнгө хожих гэж баахан асуултад хариулаад нэгжээ өдөртөө л дуусгаад байсан тохиолдол ч байдаг.
Эелдэг хандлагын цаана залилан байх вий. Эргэлзэхэд илүүдэхгүй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна