Төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан төсвийг хэмнэлттэй хуваарилж, зарцуулах, төсвийн сахилга батыг чангатгах, төрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Албан даалгавар гаргаж, Төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өгчээ. Үүнд:
Хурал, семинар, сургалтыг цахимаар зохион байгуулж дотоод, гадаад томилолт, тээвэр шатахуун, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэх, байгууллагын дотоод журмаар олгодог нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг түр зогсоох, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, бичиг хэргийн зүйлс худалдан авахгүй байх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх мэргэжлийн үйлчилгээний гэрээ шинээр гэрээ байгуулахгүй байх, төрийн байгууллагын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлын санхүүжилтийг дараагийн төсвийн жилд шилжүүлэхийг үүрэг болголоо.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна