ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2025 оны ээлжит гуравдугаар хурал өнөөдөр /2025.12.09/ болов.
Хурлыг Эрүүл мэндийн сайд, ШУТЗ-ийн дарга, АУ-ны доктор Ж.Чинбүрэн удирдан явуулав. Өнөөдрийн хурлаар 2019-2025 онд хэрэгжүүлж гүйцэтгэсэн эрүүл мэндийн чиглэлийн шинжлэх ухаан, технологийн дараах төслүүдийн үр дүнг хэлэлцлээ. Үүнд:
- Анагаах ухааны хүрээлэнгийн АУ-ны доктор, дэд профессор Б.Батболдын удирдан хэрэгжүүлсэн “Монгол улс дахь бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн судалгаа, микрофлорын өөрчлөлт” сэдэвт (ШуУз_2022/294 дугаартай) улсын төсвийн санхүүжилттэй, ЭМЯ-ны захиалгат төсөл,
- Улсын гуравдугаар төв эмнэлгийн АУ-ны доктор, дэд профессор С.Наранцэцэгийн удирдан хэрэгжүүлсэн “Зүрхний дутагдал өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтын цогц менежментийг хэрэгжүүлэх” сэдэвт (ШуУз_2018/14 дугаартай) улсын төсвийн санхүүжилттэй, ЭМЯ-ны захиалгат төсөл,
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Энхтөрийн удирдан хэрэгжүүлсэн “Хүүхдийн бөөрний мэс заслын тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх нь” сэдэвт (ШуУз_2019/30 дугаартай) улсын төсвийн санхүүжилттэй, ЭМЯ-ны захиалгат төсөл,
- АУ-ны доктор, клиникийн профессор Д.Энхмаагийн удирдан хэрэгжүүлсэн “Үр хөврөлийн удам зүйн оношилгоо ба эр бэлгийн бөөрөнхий эсийг үр тогтоох эмчилгээнд ашиглах технологийг нэвтрүүлэх нь” сэдэвт (ШуУз_2019/29 дугаартай) улсын төсвийн санхүүжилттэй, ЭМЯ-ны захиалгат төслүүдийн тайлан, үр дүнг хэлэлцэн үнэлж, дэмжиж хүлээн авахаар шийдвэрлэв. Шийдвэрийн тогтоолыг албажуулан Үндэсний шинжлэх ухаан, технологийн санд хүргүүлэхийг ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Ганзоригт даалгалаа.



.jpg)
Түүнчлэн өнөөдрийн хурлаар салбарын эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай саналын төсөл болон Эрүүл мэндийн яам, Шинжлэх ухааны академийн хамтран ажиллах санамж бичгийн төсөл зэргийг танилцуулж, гишүүдийн саналыг оруулахаар болов.



ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь 20 гишүүнтэй бөгөөд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн үндэсний болон салбарын судалгаа хөгжүүлэлтийн төслийн санал боловсруулах, үр дүн тайланг үнэлэх, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын чадавхыг бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна