Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо болж буй НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 7 дугаар чуулган 2025 оны 12 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд Байнгын төлөөлөгч нарын нээлттэй хурлаар эхэлж, 8-12-ны өдрүүдэд Засгийн газар хоорондын хэлэлцээ хийх үндсэн шатны чуулганаар үргэлжилж байна.
Энэ удаагийн UNEA-7 чуулганд Монгол Улсаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, дэлхий дахинд тулгараад буй “гурвалсан хямрал” болох уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын бууралт, доройтол болон бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, стратеги, улс төрийн манлайллыг бэхжүүлэх хэлэлцүүлэгт идэвхтэй байр суурь илэрхийлэн ажиллаж байна. Төлөөлөгчид мөн Монгол Улсын туршлага, бодлогын хандлага, хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, хамтын шийдэл гаргахад хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсын оролцоо нь уур амьсгал, био олон янз байдал, бохирдлын эсрэг үйл ажиллагааг салбар хоорондын уялдаатай бодлогын хүрээнд хөгжүүлэхийн зэрэгцээ 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсад танилцуулж, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна