Таавчигтай ээжийн дуулиан гарснаас хойш дөрвөн жил гаруй өнгөрчээ. Энэ дуулианы дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайн дураар огцорч, гүйцэтгэх засаглалын дараагийн тэргүүнээр Л.Оюун-Эрдэнэ тодорсон юм. Тухайн үед Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд хийж чадахгүй, хараахан болоогүй гэсэн шүүмжлэл хаа сайгүй байсан нь нууц биш.
Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд оролцсон нийт 66 гишүүний 58 буюу 87.9 хувийн саналаар 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрч байна. Манай Засгийн газруудын нас төдийлөн урт биш, ойролцоогоор 1.5 жил орчим байсан бол хоёр ч парламентын үeд тэр энэ албан тушаал дээр байж чадлаа. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойших Ерөнхий сайд нараас ганцхан Н.Энхбаяр л 4 жил 25 хоног ажилласан бөгөөд бусад нь бүгд дөрвөн жил хүрээгүй байдаг.
Л.Оюун-Эрдэнийг арай жулдана гэж үзэж байсан хүмүүст тэр шинэ сюрприз үзүүлж, Ерөнхий сайд болонгуутаа энд тэндгүй өөрөө очиж, уулзаж эхэлсэн нь өрөөнөөсөө л шахуу ажлаа удирддаг өмнөхүүдтэй нь харьцуулахад хөнгөн ч юм шиг харагдаж байсан. Харин одоо энэ нь төрийн албаны дарга нарын жишиг болж, бүгд ил гарч, хаа сайгүй уулзалт хийдэг болжээ. Цаашид эдгээр дарга нараас илүү ихийг шалгааж, бас шүүмжлэлтэй хандаж бодол санаагаа илэрхийлэх боломж байгаа л гэсэн үг юм.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш юу хийв?
Хамгийн эхний ажил нь Монгол Улсын хөгжлийн бодлогыг анх удаа уртаар төлөвлөсөн юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050”-ыг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, 2020 оны тавдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан. Салбар бүрийн 1500 гаруй эрдэмтэн оролцсон нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд 2050 онд бүс нутгийн тэргүүлэгч орон болгох зорилт бүхий төлөвлөгөөгөө тэр өнөөдрийг хүртэл өмнөө барьж яваа.
Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа 2021 оны 12 дугаар сард “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх нэр томъёог гаргаж ирж, энэ бодлогоо батлуулсан юм.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болохдоо бусдаас ч илүү анхааралд өртөж байсны учир нь ковидын цар тахалтай холбоотой. Бүгдээрээ л айдастай байсан үе шүү дээ, үнэндээ. Ковидоос болж, зөвхөн эрүүл мэндээ анхаарахаас гадна хил хаалттай, хувийн хэвшлүүдийн “хаалгыг барьснаас” хүмүүсийн амьдрал ахуйд томоохон асуудал тулгараад байв.
Харин тэр зарим хязгаарлалтыг цуцалж эхэлсэн юм. Хүний амь нас, амьдралаас чухал юм байхгүй учир энэ нь мөн л маш их шүүмжлэл, эргэлзээ дагуулсан. Ард иргэд вакцинд эргэлзэж байхад өөрөө эхэлж гүйж очоод вакцин тариулсан. Ер нь ямар ч юмны дунд өөрөө гүйгээд байдаг Ерөнхий сайд ч гэж нэг талаас хэлж болно. Магадгүй хүмүүсийг зоригжуулахад энэ зан нь хамгийн хэрэгтэй ч байсан байж мэднэ. Ямар ч байсан цар тахлыг хамгийн хохирол багатай даван туулсан орны нэг нь манай улс байж чадсан.
Цар тахлын үед эдийн засгийг сэргээхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд агшаад байсан эдийн засаг тэлж, бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2023 онд цар тахлын өмнөх түвшинд хүрч, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн. Иргэдэд үзүүлсэн олон дэмжлэгээс ажлын байрыг хадгалж, 3 хувь хүүтэй зээл олгосон, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан, цахилгаан, дулаан, ус, сайжруулсан түлш, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт зэргийг онцолж болох юм.
2021-2024 онд боомтын сэргэлтийн хүрээнд экспортын төмөр замын 5 шинэ гарцтай болсноор 2024 онд нийт 83.7 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд түвшнийг тогтоолоо.
Бөөн хэл ам дагуулсан, цаашид ч яригдсаар байх томоохон реформын нэг нь эрчим хүчтэй холбоотой байлаа. Өөрийнхөө өртгийг ч нөхдөггүй байсан эрчим хүчний үнийг ядаж өртөгт нь хүргэж чадсан юм. Үүний цаана эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөх, тэр байтугай эрчим хүч экспортлогч орон болохыг зорьж байна.
Хөдөөгийн сэргэлтийн бодлого гэх зүйл яригдаж, орон нутгийг зорих залуус олширч буй нь сайн. Хөдөө шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн тодорхой хувийг батлан дааж, орон нутгийн нэмэгдлийг төрийн албан хаагчдад олгож эхэлсэн нь үүнд нөлөөлсөн. Өмнө нь төрийн төв байгууллага нь их цалинтай, нийслэлийнх нь тэрнээс бага, хөдөөнийх нь бүр бага байсан нь тийш хүн очдоггүй нэг шалтгаан байлаа.
Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia системийг санаачлан эхлүүлсэн нь 2024 оны жилийн эцсийн байдлаар 1.95 сая хэрэглэгчтэй болжээ. Гол нь төрийн байгууллагын хаалга сахиж, хүнд суртлыг даван байж авдаг лавлагаа, тодорхойлолтыг иргэн “Хурдан” киоск машинаас хаанаас ч авах боломж бүрдсэн юм. Манай улсын дэлхийд нэн ахиж буй үзүүлэлтийн нэг нь цахим засаглалын хөгжлийн индекс бөгөөд үүгээр тасралгүй урагшилж яваа. Сүүлийн мэдээгээр НҮБ-аас гаргасан индексээр 2024 оны 9 дүгээр сард 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшилсан юм.
Ард иргэдийн байнга хүсэж буй нэг зүйл нь шударга ёс. Манай ард түмэн уужуу тайван ч мөн чанартаа шударга байдлыг хамгийн их эрхэмлэдэг.
Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх, шударга ёсны төлөө тэмцэл хийсээр ирсэн. Попорч байна, яг үнэхээр тэмцэж байна уу, том акулуудаа орхиод жижиг жараахайнуудаа золионд гаргаж байна гэх мэт шүүмжлэл бий. Цаашид ч энэ шүүмжлэл тасрахгүй л байх. Гэхдээ тэр ямар ч байсан 5Ш ажиллагаа хэрэгжүүлж, Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Хөгжлийн банк, Нүүрсний гэх мэт хэрэг дээр “тод” дуугарч, гаргаж ирсэн. Гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд 2.7 их наяд төгрөг төвлөрүүлж, гадаадаас эх орондоо 12 сая ам.доллар буцаан авчирчээ. Илчилнэ л гэдэг өөрөө сайн хэрэг юм. Нээлттэй сонсголууд том асуудал бүр дээр хийгддэг болсон нь ч мөн л түүнтэй холбогдоно. Ард түмний мэдэх эрхийг хангах чиглэлд хичээж буй нь сайн бөгөөд энэ ажлаа улам бүр хүрээг нь өргөтгөх хэрэгтэй. Иргэдийн итгэл авч сонгогдсон төр ард түмнээсээ далд нууцгүй байх нь зөв юм. Цаашид эх орноосоо идэж уусан хүмүүсээр хохирол бүрийг төлүүлэхийг, авлигатай тэмцэх тэмцлээ илүү бодит үр дүнд хүргэхийг иргэд хүсэж байна.
Эрдэнэс Тавантолгой компани ашигтай ажиллаж, иргэдэд бага ч болов ногдол ашиг тасралтгүй тарааж, Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөж, бондуудын өрийг бүрэн төлж, Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс салж чадав.
Тусгай сангуудыг нээлттэй болгосон, нийслэлийн хэмжээнд сүүлийн 20 жилд олгосон газрын мэдээллийг мөн ил болголоо. Одоо иргэд илүү олон зүйлийг нээлттэй болохыг шаардах, тэр ил болсон мэдээлэл дээр ажиллаж, шударга ёс нэхэх цаг нь ирсэн байна.
Оюутолгойтой холбоотой Дубайн гэрээг цуцалснаар манай талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 3 жил дараалан 1,000 ам.доллараар нэмэгдсэн, нүүрсний экспорт, гадаад валютын улсын нөөц түүхэн хэмжээнд хүрсэн, бондуудын өр төлбөрийг төлж, дефолтын эрсдэлээс гарсан, цалин тэтгэврийг нэмсэн зэргийг энд дурдах нь зүй.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлуулж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжиж эхэллээ. Одоо цаашдаа илүү их хуримтлалыг ард иргэд нэхэх боломж бүрдэж байна.
Бяцханууд маань цэцэрлэгт “ёндоогоор ордог” байсан үе ямар ч байсан ард хоцорсон нь сайн хэрэг.
Л.Оюун-Эрдэнийн гавьяа гайг дэнслэхэд зайлшгүй дурдагдах ёстой зүйл бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй томсгосон парламент байгуулсан нь юм. Салбар бүрийн төлөөллийг оролцуулсан, жендэрийн тэгш байдлыг хангасан шинэ парламент олон үзэл бодлыг нэгтгэж, жалга довоосоо холдож, хөгжил, бүтээн байгуулалтад анхаардаг, бас ч гэж маргаан мэтгэлцээнтэй болсон нь тод харагдаж байгаа. Стандарт бус буюу намуудын төлөөллөөс бүрдсэн Засгийн газар байгуулсан гэж шүүмжлүүлсэн ч үүний л хүчээр хүн бүрийн амнаас сайшаал, шүүмжлэлтэй хамт гарах гарах болсон мега төслүүдээ эхлүүлж чадлаа. 14 мега төслөөс одоогоор Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр зам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Монгол, Францын хамтарсан ураны төслүүд гараанаас гарчээ.
Бүсчилсэн хөгжлийн реформ, 20 минутын хот, гурван шилжилт хийнэ гэх мэтээр зорьж, ярьж байна. Л.Оюун-Эрдэнийн гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллах дөрвөн жилдээ хийсэн ажлыг товчхон зураглавал иймэрхүү.
Засгийн газарт алдаа ч, оноо ч бий. Ерөнхий сайдын алба амар биш ээ, өөрөө ч галтай зүйл олныг барьж авах юм. Засгийн газрын ажил жагсаал дунд өрнөж л байна. Хэрхэн ажилласныг цаг хугацаа, түүх өөрөө дүгнэнэ биз ээ.
Г.БАРХАСБАДЬ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна