ЭРЧИМ ХҮЧНИЙ МЕГА ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭКСПОРТЛОГЧ БОЛЪЁ


Мега төсөл хэмээх үг чихэнд хоногштол сонсогдох болов. Тамын тогооны үлгэрт “баригдаж”, түгжрэл,  утаандаа дарагдсан, эрчим хүч, шатахуун бүх л зүйлээр хараат байгаа манай улсад томоохон бүтээн байгуулалт л ус, агаар  шиг хэрэгтэй байна.

Бусад улс орны дайтай хөгжихөд бидэнд юу дутуу вэ? Зориг, бодлого, шийдэл л дутуу. Байгалийн баялаг, сэргээгдэх эрчим хүчний нөөц аль аль нь бий ч бид өдгөөг хүртэл хойд хөрш минь цахилгаан тасалчих вий гэж айж, урд хөрш минь бараа бүтээгдэхүүнээ өгөхөө больчихвол амьдрах аргагүйдэх хэмжээнд байгаа нь үнэн. Айл гэрээр бол өөрсдөө юу ч бүтээж ч чадахгүй учир байгаа хэрэгцээт үнэ цэнэтэй зүйлээ хямдаар өгч амь зогоох төдий. Үйлдвэрлэгч улс болохгүй бол бид мөнхөд энэ хэвээрээ үлдэнэ.

Л.Оюун-Эрдэнийг анх Ерөнхий сайдаар томилогдоход “арай л болоогүй” гэж шүүмжилж  байсан хүмүүс  сая болж өнгөрсөн  сонгуулиар МАН-д ташраараа санал өгсний гол шалтгаан нь хийж бүтээх болов уу гэсэн итгэл, горьдлого л байсан юм. Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 жил 4000 ам.доллар гэсэн тоон дээр гацсан нь саяхан. Харин одоо 6000 ам.доллар хол давах үзүүлэлтэд хүрчээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган  ам.долларт хүргэнэ гэх чихэнд чимэгтэй үгийг саяхан тэр унагасан. Гэхдээ 14 мега төслөө хөдөлгөж чадвал ийм үр дүнд хүрнэ гэсэн юм.

Араа авч, өврөө нөхөж, өнөө маргаашаа аргацаах биш, үндсээрээ өөрчлөгдөх, өөдөлж дэвжих шинэчлэлийг нийгэм даяараа хүсэж байна. Томсгосон парламент улс эх орны асуудлыг шийдэж бүтээн байгуулалт хийх болов уу, бид бахь байдгаараа нэгэн зууны өмнө ч ярьж л байсан  сэдвээ нуршихаа болих болов уу гэсэн горьдлого олон нийтэд байсаар.  Тиймээс ч энэ  Засгийн газар зоригтой өөрчлөлтийг хийх ёстой гэж олон нийт харж байна.

14 мега төслийн хамгийн галтай буюу эрчим хүчний асуудлыг Засгийн газар нэн түрүүнд барьж авлаа. Энэ сараас эхлээд чих нь халууцах сонголтыг тэд хийсэн. Нэг кВт/цаг цахилгааныг 280 төгрөгөөр үйлдвэрлээд дунджаар 216 төгрөгөөр хэрэглэгчдэд өгч байсан бол одоо үндсэн өртөгт нь нийцүүлэхээр ярьж буй нь эхнээсээ эсэргүүцэлтэй тулаад байна. Эрчим хүчний үнийг ядаж бодит өртөгт нь хүргэхгүй бол реформ хийх боломжгүй, бахь байдагтаа тасалдал улам нэмэгдэж, магадгүй маргааш нийслэлээрээ гэрэлгүй, дулаангүй ч болж мэднэ. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудад ч иргэд нь цахилгаан, дулаанаа хэмнэдэг, ихээр хэрэглэвэл өндөр өртөг гардаг нь тогтсон зүйл. Эрчим хүчний реформыг бид гадаадын хөрөнгө оруулалтаар хийхээс өөр арга зам үгүй, үндсэн өртгөөсөө хямд үнээр өгөхөө болихгүй бол тэд бидэнд гар сунгахгүй.

Гуч гаруй жилийн туршид барьснаас элгээрээ хэвтсэн эрчим хүчний реформыг хийхээр Засгийн газар зориглож байна. Зориглосноор гадна талдаа дэмжлэг ч хүлээж байгаа. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд эрчим хүчний реформыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. Өдрийн сонины саяхны дугаарт Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните ярилцлага өгчээ. Нийгмийн олон асуудлыг хамарсан уг ярилцлагын үеэр эрчим хүчний талаар сэтгүүлч бас асуугаатахаж. Элчин сайд хатагтай “Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний маш өндөр нөөцтэйг бид мэднэ” гээд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. 

Засгийн газрын эрчим хүчний салбарт онцлоод байгаа дөрвөн төслийн нэг нь Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр төсөл юм. Манай улс  2,600 ГигаВатт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь судалгаагаар  тогтоогдсон. Дэлхийн 200 улсаас газар доорх нөөцөөрөө эхний тавд, газар дээрх нөөцөөрөө хоёрт байгаа шүү дээ, бидний эх орон Монгол Улс маань. Гэтэл урд хөршөөс эхлээд Зүүн хойд Азийн бүх л улсууд эрчим хүчний хомсдолтой байгаа учир найдвартай, хямд эрчим хүчний эрэлд гараад байна. Эрчим хүчний салбарыг байгальд ээлтэй болгох асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байхад манайд нар салхины эх үүсвэртэй сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байгаа нь зөвхөн улс орноо хангаад зогсохгүй, дэд бүтцийг нь оновчтой шийдвэл Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний эрэлтийг хангах ч боломжтой юм. Ийм нөөцтэй, түүнийг ашиглахад бүхий л талаар дэмжихээ гадаадын улс орнууд илэрхийлээд байхад арагш суух эрх бидэнд байхгүй. Үүнийг л таатай нөхцөл, тохироо гэж үзэж, өнөө маргаашгүй ажил хэрэг болгох шаардлагатай юм. Энэ бол зөвхөн дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөөд зогсохгүй эдийн засгийг төрөлжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрс хүчлийн хийн арилжаанд оролцож, эрчим хүч экспортлогч улс болж, орлого олох боломж билээ.  

Эрчим хүчтэй холбоотой бас нэг мега төсөл нь Эгийн голын усан цахилгаан станцын төсөл. Энэ төсөл бүр өнгөрсөн зууны ерээд оны үеэс яригдаад гуч орчим жил өнгөрчээ.

Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр 25 сая ам.долларын импортын төлбөрийг хэмнэх, түүхий нүүрсний хэрэглээг жил бүр  439 мянган тонноор, хүлэмжийн хийн ялгаруулалтыг 709 мянган тонноор бууруулах ач холбогдолтой. Төсөл хөдөлж эхэлсэн ч Байгаль далайд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээнээс болж саатаад байгаа юм. Энэ төсөл удааширсан тохиолдолд гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийг зайлгүй хийх шаардлагатай. Эс бол амь тарианд байгаа эрчим хүчний систем зогсох хэмжээнд хэдийнэ хүрсэн.

Манай улсын баруун бүсийнхэн цахилгаанаа ОХУ-аас импортоор авдаг. Энэ асуудлыг шийдэх Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц эрчим хүчний нэг гол мега төсөл болж байна. Жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангах энэ төслийн бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа. Тус цахилгаан станцыг 2028 оны наадам гэхэд ашиглалтад орно гэж Засгийн газар мэдэгдээд байна. 

Мега төслийн дөрөв дэх нь Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станцын асуудал. Мөн л олон жилийн турш яригдаж байгаа. Уул уурхайн гол цөм болж буй өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ тэр хэмжээгээр их бөгөөд урд хөршөөс эрчим хүчний асуудлаа шийдэж байна. Дээрх дулааны цахилгаан станц баригдсанаар жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.

Засгийн газрын хэрэгжүүлэх гэж байгаа эрчим хүчний дөрвөн төслийн талаар товч дурдахад ийм. Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгааны станцын төсөл ч мөн 14 мега төслийн дотор багтаж буй. Эрчим хүчний мега төслүүдийг хөдөлгөхийн тулд гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого Засгийн газраас баримталж, бас ч гэж ахицтай яваа харагдана. 

2027 он гэхэд эрчим хүчний дутагдлаас бүрэн гарна гэж Эрчим хүчний сайд мэдэгдсэн. Харин 2028 оноос экспортлогч улс болно гэв. Гэнэт цахилгаан тасардагт дасаж, хөршөөсөө эрчим хүчний асуудлаар хараат гэдгээ даанч тодоор бүгд мэдэрдэг бидэнд экспортлогч улс болно гэдэг дэндүү хол сонсогдож байж мэднэ. Гэхдээ нөөц нь байхад зориглоод хийж, бүтээж, хэрэгжүүлээд үзье. Мега төслүүдээ хэрэгжүүлж, экспортлогч улс болж, Зүүн хойд Азийг эрчим хүчээр хангая. 

Гучин жилд ерөөсөө урагшлаагүй бахь байрандаа үлдсэн эрчим хүчний салбараа бүхий л талаас нь шинэчилж, реформ хийхээс өөр гарц бидэнд байхгүй. Нэг цагт  хийхээс хойш маргааш гэж хойшлуулаад яахав, өнөөдөр л эхэлье.

                                                                                                          Г.БАРХАСБАДЬ 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 4 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 10 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 11 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 12 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 15 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… Өчигдөр
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
БОХИРЫН ХООЛОЙНУУДАД ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ШҮҮР СУУРИЛУУЛЖ БАЙНА 2025/04/24
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: E-MONGOLIA ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО 2 САЯД ХҮРЧ, 1.4 ИХ НАЯДЫН … 2025/04/24
Их Уншсан
ЗҮС Ч ҮЗЭЭГҮЙ ГЕРМАН ЭРД ЗҮРХЭЭ ӨГСӨН МОНГОЛ БҮСГҮЙ 2025/04/12
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 11 цагийн өмнө
Б.БАЯРЦЭЦЭГ: ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ ШОУНААСАА АВСАН БҮХ САЙХАН МЭДРЭМЖ, ДУРС… 2025/04/12
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20