ЭКСПОРТ ӨСӨЖ, МЕГА ТӨСӨЛ ГАРААНААС ГАРЧЭЭ. ХАРИН УТАА...


Өнгөрч буй долоо хоногийн хамгийн анхаарал татсан үйл явдал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл байв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байгаа учир Ерөнхий сайд тайлангаа тавьж байгаа нь энэ аж.

Утаа, түгжрэлдээ бухимдсан иргэдэд Засгийн газрын тайлан наалдацгүй ч байсан байж мэднэ. Өдөртөө данс руу орсон Тавантолгойн ногдол ашиг ч бас цахим ертөнцөөр сөрөг пост болчихсон л нисэж явна. Гэхдээ иргэдийн  бүгдийнх нь санаа бодол уу, эсвэл тодорхой хэсгийнх нь үү гэдгийг мэдэх аргагүй юм. Манай улс газрын дорх эрдэс баялгийнхаа зарим хэсгийг захиран зарцуулж, бүх иргэддээ хувьцаа болгон өгөөд ногдол ашиг тараагаад бас ч гэж хэдэн жил болсон. Сүүлийн жилүүдэд тогтмол ногдол ашиг олгож байна. Энэ бол бидний хувьцааны мөнгө, өөрөөр хэлбэл иргэн бүрийн өмч болох баялгийн ашгаас өгч байгаа ногдол. Цаашдаа улам ч их ногдол ашиг ирэх ёстой гэж харж байна. Түүнээс хэн нэг нь бусдыгаа, тухайлбал бяцхан үрсийг, хөгшдийг ч юм уу төлөөлөөд би мөнгө авахгүй гээд байх нь тийм ч зохистой бус. Харин ч бид хувьцааг нь эзэмшиж байгаа ордын орлого хэд байсан бэ гэдэгт эзэн шиг нь хандаж, жил ирэх тусам энэ нь өсөж, иргэдийн амьдралд илүү бодит орлого болох ёстой.

Утаа, түгжрэлийг арилгах бол Засгийн газрын үүрэг. Гэхдээ шидэт дохиуртай л биш бол яг өнөөдөр утааг арилгах боломжгүйг мэдэхгүй хүн үгүй. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ солигдонгуут утаа арилчихдаг юм бол ёстой энэ Засгийн газрыг хуугаар нь сольё. Харамсалтай нь хэн нь ч байгаад ялгаагүй гэдгийг дээр доргүй бүгд мэдэж байгаа. Зургаахан сарын өмнө ард иргэдийн Л.Оюун-Эрдэнэд өгсөн итгэл одоогоор хариагүй, олонх нь найдсаар байгаа нь үнэн.

Тэгвэл одоо яах вэ. Утааны асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой гэчихлээ, Ерөнхий сайд.

Агаар, хөрсний бохирдол, эрчим хүчний асуудал гэх мэт нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулна гээд нийт иргэн, аж ахуйн нэгжийг энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ гэх үг нь ковидын үе шиг гэнэт бүх зүйлийг хорих нь уу гэсэн эргэлзээг бас зарим хүнд төрүүлээд амжив. Уг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч журам дүрэм гаргах, хариуцлагыг өндөржүүлэх тухай яригдсанаас биш, ямар нэгэн хорио цээрийн тухай энд яригдаагүй.

Ерөнхий сайдын үгэн дотор чихэнд чимэгтэй зүйлс ч бас сонсдов. Мөрөөдөл мэт яригддаг мега төслүүд урагшилжээ. Тамын тогоондоо бие биенээ татаж унагасаар үлдэх үү, ирээдүйд зорьж үйлдвэрлэгч орон болох уу.

Өдөр бүр гэрэл тасарч байхад юун ирээдүй гэж бодох нэгэн байж мэднэ. Зориглож эхлэхгүй аргацаасаар байсны үр дүн нь утаатай, тоггүй, түгжрэлтэй өнөөдрийн бидний хот. Гэхдээ эрчим хүчний эхний төсөл гараанаасаа гарсан, галт тэрэг хэдийнэ хөдөлсөн.  

Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэнийг Ерөнхий сайд үгэндээ онцоллоо. 2008 онд л анхны ТЭЗҮ-г нь гадаад дотоодын компаниуд боловсруулж, 2015 онд төслийн нэгж ч байгуулж байсан ч өдгөөг хүртэл гацсаар ирсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 2028 оны наадам гэхэд ашиглалтад орно гээд байгаа. Баруун бүсийг эрчим хүчээр хангаад зогсохгүй ид ачааллын үед төвийн эрчим хүчний системийг ч дэмжих энэ төсөл гуч гаруй жил яригдсан, харин одоо хэрэгжих нь тодорхой болжээ.   

Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа булангийн орнууд, баялгийн сангууд илэрхийлээд байна. Манай улс 2600 ГигаВатт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон. Өнөөдөр цахилгааны асуудал иргэдийнх нь толгойны өвчин болчихоод буй эх орон маань уг нь дэлхийн 200 улсаас газар доорх нөөцөөрөө эхний тавд, газарт дээрх нөөцөөрөө хоёрт ордог. Ийм баялаг нөөцтэй, хамтарч ажиллахад бэлнээ олон улс, сангууд илэрхийлээд байхад өнөөдөр үлгэр мэт санагдаж болох ч маргааш үнэн болж хувирах нь тодорхой экспортлогч орон болохоор зорих зайлшгүй шаардлага байна. Эс тэгвэл эрчим хүчний асуудал улам бүр доройтох нөхцөлд хүрч болзошгүй байгааг ойрын өдрүүдэд айдастайгаар бүгдээрээ мэдрээд сууж байна шүү дээ.  

Арван дөрвөн мега төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Багануурын уурхайг түшиглэн кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ирэх оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр болсноо мөн мэдэгдэв.

Мега төслийн нэг болох олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг энэ лхагва гаригт Их Хуралд өргөн барина гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Бас том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс үймдэг.  Энэ асуудлуудыг удахгүй Улсын Их Хуралд нээлттэй ярилцах цаг дөхөж байна гэв.

Мега төслүүдийн ард эрх ашиг байна гэж том жижиггүй л ярьж, бичиж байна. Төрийн өндөрлөгүүд түшээд бүгд ард түмний сонголт, тэдний төлөөлөл. Тийм учраас ард иргэдээсээ нуух юм байх ёсгүй. Дээгүүрээ мэдээд доогуураа ажих ч үгүй байгаа үнэнийг сонсъё. Иргэд тийм эрхтэй.

Экспорт 15.7 тэрбум ам.долларт, үүн дотор нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрсэн гэнэ. Болж л байна. Эдийн засгийн үзүүлэлтүүдээ арванхоёрдугаар сарын 20-нд хэлэлцсэн нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдаж хэрэгжээд анхны мөнгөжсөн үр дүнг харах хамгийн наад талын боломжит хугацаа байсан гээд Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн гэлээ. Манайхан чинь элдэв санг жаахан хийсвэр гэж бодоод байдаг хүмүүс л дээ. Нийгмийн даатгалын сан нь ч хоосроод л, бусад сан нь ч асуудал дагуулаад байдаг болохоор арга ч үгүй л биз.

Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу иргэн бүрийн нэрийн хадгаламжид 135 мянган төгрөг оржээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой гэнэ. Бага л сонсогдож байна, мөнгөн дүн нь үнэндээ. Гэхдээ Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Ямар ч байлаа гэсэн бусад улсад байдаг баялгийн сан гэгч зохицуулалт орж ирсэн нь том ололт юм.

Олон нийт маш хэрсүү байх хэрэгтэй гэж Ерөнхий сайд мэдэгдэв. Тийм ээ, утаа, түгжрэл, эрчим хүчний хомсдол, эмнэлгээр дүүрэн өвчтэй хүүхдүүд энэ бүхэн бүгдийг хэрсүү болгож байна. Өөрчлөгдөөсэй эх орон минь гэж хүсэхээс ч өөр арга алга.

Засгийн газар хийж харуул, Ерөнхий сайд аа. Утааны асуудалдаа цогцоор нь ханд, хариуцах эзнээ тодорхой болго. Мега төслүүд хэний эрх ашгийг хөндөөд байгааг нээлттэй зарла. Ирээдүйд эх орныг минь гэрэлтэй гэгээтэй, экспортлогч улс болгох төслүүдээ зогсолгүй урагшлуул. Ард түмэн энэ бүхнийг хийхийг чинь харж хүлээж байна. Зуу хонохдоо экспортоо өсгөж, мега төслөө эхлүүлж чаджээ. Хоёр зуу хоноход хүрэх үр дүн чинь агаарын бохирдлыг бага ч болов бууруулсан байвал сайн байна, Ерөнхий сайд аа.   

                                                                                                             Г.БАРХАСБАДЬ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 52 минутын өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 4 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23