МЕГА ТӨСЛҮҮД МӨРӨӨДЛӨӨС ХАЛЬЖ, АЖИЛ ХЭРЭГ БОЛЛОО


Энэ долоо хоногийн хамгийн чихэнд чимэгтэй сайхан мэдээ бол мега төсөл мөрөөдлийнх байхаа больж, ажил хэрэг болж эхэлсэн тухай байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Яг сарын өмнө УИХ-ын чуулганд үг хэлэхдээ онцолсон 14 мега төслийн хоёрынх нь хувь заяаг шийдсэн хэлэлцээрүүд энд багтав.   

Жаран жилийн өмнө хойд хөршийн эрчим хүчний  "Электросеть" хүрээлэнгээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын урьдчилсан судалгааг хийсэн байдаг. Хүмүүний амьдралд уйлж ирээд тэтгэвэрт гарах хүртэлх хугацаа буюу бүтэн жаран өнгөрсний дараа сая бид нэг юм энэ судалгааны үр дүнг үзэхээр төслөө жинхэнэ ёсоор урагшлуулж чадлаа.

2008 онд MCS, Kyushu Electric Power, West Japan Engineering Consultants, Industrial Design компаниуд тус усан цахилгаан станцын анхны  ТЭЗҮ-г боловсруулсан, 2015 онд төслийн нэгж байгуулагдсан гээд дурдаад байвал олон түүх бий. Гацсан гацаасан зөндөө л үйл явдлын эцэст төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг Ерөнхий гүйцэтгэгч Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду түншлэл өөрийн хөрөнгөөр 2023 онд эхлүүлсэн юм.

Хятадын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсний нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих төсөл билээ. Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байна.   

Манай баруун бүсийнхэн эрчим хүчээ Оросоос авдаг. Баруун бүсийг тэр чигт нь дотоодын эрчим хүчээр хангах том зорилтыг шийдэх Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Тус цахилгаан станцыг 2028 оны наадам гэхэд ашиглалтад оруулна гэж Засгийн газар мэдэгдсэн. Гуч гаруй жил яригдсан эд шүү дээ, бүтэх үү гэж зарим нэг үл итгэгчид асууж байна. Бүтнэ ээ, хөрөнгөө босгочихлоо, гол асуудал шийдэгдсэн учир ард нь гарах юухан байх вэ.  

Төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаад зогсохгүй их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжинэ. Эрчим хүч тасарчих вий гэж айдаг байдал үгүй болно гэж ойлгоход ер нь болчихно доо. Эрчим хүчний реформ хийе гэсэн ч үнийг өөрийн өртөгт нь хүргэхээс эхлээд эсэргүүцэлтэй тулгараад байна. Нэг кВт/цаг цахилгааныг 280 төгрөгөөр үйлдвэрлээд дунджаар 216 төгрөгөөр хэрэглэгчдэд өгдөг байдлаа өөрчилье гэхээр олон нийтийн тодорхой хэсгийн эсэргүүцэлтэй тулсан Засгийн газар хөдөлж чадахгүй байх шиг.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулснаар эрчим хүчний үнийн асуудалд ч нөлөөлөх төдийгүй улс орны тусгаар тогтнол, томоохон үйлдвэр, төслүүд хэрэгжүүлэхэд ч амин чухал хэрэгтэй.  Байгаль орчны талаас харвал хүлэмжийн хий болон жилд ойролцоогоор 329 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаралтыг бууруулна гэж тооцож байгаа юм. Орчны агаарын чийгшил нэмэгдэж, орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлж, их хэмжээний цэвэр усны нөөц ч бүрдэнэ.

Бүтээн байгуулалт дагаад хөгжил гэдэг дээ. Баруун бүсийн олон иргэнийг ажлын байраар хангаж, бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж ч хамаагүй дээрдэнэ. Усан цахилгаан станцын барилгын ажлын үеэр  800-1000 хүн түр, ашиглалтад орсны дараа 60-80 хүн байнгын ажлын байраар хангагдана гэсэн тооцоо бий.

Мөрөөдөл шиг яригддаг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бидний эрчим хүчний  тулгамдсан асуудал, байнгын тасалдлыг шийдэх мөч дөрөв хүрэхгүй жилийн дараа ирнэ гэхээр сайхан л санагдаж байна.

Улс эх орныхоо эрх ашгийг нэгт эрэмбэлнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж, том төслүүдийг зориглон барьж авч, урагшуулж байгаа нь сайн байна. Одоо харин УИХ дээр хэлсэнчлэн 2025 онд 14 мега төслийнхөө 5-аас доошгүйг эхлүүлж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүнийг 95 их наяд төгрөгт хүргэнэ гэдэг амлалтыг нэхнэ. Чадвал гэж хэлэхгүй ээ, Ерөнхий сайд аа. Улсын Ерөнхий сайд байж та чадахгүй бол хэн чадах вэ. Хийх хэрэгтэй, чадах шаардлагатай.

Сая үзэглэсэн бас нэг баримт бичиг нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” юм. Энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд гарын үсэг зурсан уг хэлэлцээрийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр энэхүү хэлэлцээр 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх хоёр улсын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдав.

Арав гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын хоёр хилийг төмөр замаар холбосон хоёр дахь гарц Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг эхлүүлэх чухал алхам ийнхүү хийгдлээ. Уг мега төсөл хэрэгжиж, бүтээн байгуулалт хийгдсэнээр бид жилд 30-50 сая.тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай болох юм. Эдийн засгийн болон манай улсын гадаад худалдааны эргэлт ч нэмэгдэж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд стратегийн өндөр ач холбогдолтой.

Урд хөршөө зорьсон Ерөнхий сайд ийнхүү гацаад байсан хоёр том төслийн ажил урагшлахын үндэс болсон хэлэлцээрийг байгуулсан олз омогтой буцан ирлээ.  

Манай улсад асар их нөөц бий. Хэдий хүртэл нөөцөө ашиглахгүй, дандаа хүний царай харах билээ. Эх орны хөгжлийн амин чухал асуудал болсон эрчим хүчээ үйлдвэрлэх усан цахилгаан станцын хөрөнгө шийдэгдэж, дэд бүтцийн нэг гол төсөл  хил дамнасан төмөр замын барилгын ажил ч урагшлах нь ээ.

Төсөв дагасан маргаан УИХ-д их, Ерөнхий сайдад ч энд тэндээс бишгүй шаардлага ирж харагдана. Төрийн байгууллага, яамдын тавилга, эд хогшил, төрийн түшмэдийн гадаад дотоод томилолт гэх мэт хэрэггүй зардлыг тэвчье гэсэнтэй санал нэг байна. Улс эх орноо урагшлуулах мега төсөлдөө л харин бат зогсоорой, Ерөнхий сайд аа. Өөрчлөгдөж, шинэчлэгдмээр байна, хөгжиж, дэвшиж, эдийн засгаа тэлмээр байна. 

                                                                                                          Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦЕГ: СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБ… 20 минутын өмнө
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА 48 минутын өмнө
THE MONGOlZ ДЭД БАЙРТ ШАЛГАРАВ 1 цагийн өмнө
АРХАНГАЙ, БУЛГАН, ХӨВСГӨЛ, ӨВӨРХАНГАЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА Н… 1 цагийн өмнө
Б.БАЯРБААТАР: АХАЛЖ БУЙ АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХОЛБОГДОХ АСУУДЛААР ИРГЭДИЙН … 18 цагийн өмнө
ОЙ ТОГТООЛТЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 18 АЛТ, 20 МӨНГӨ, 17 ХҮРЭЛ МЕДАЛЬ … 21 цагийн өмнө
ХҮҮГИЙН ГЭРЭЭС АЛГА БОЛСОН ГЭХ ГАЗАР ХҮРТЭЛ ЭРЭЛЧ НОХОЙН БҮЛЭГ ЭРЭН ХА… 22 цагийн өмнө
ЕСДҮГЭЭР САРЫН 22-НД НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР, 23-НД ЗҮҮН ХАГАСТ БОРОО, УУЛ… 23 цагийн өмнө
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 23 цагийн өмнө
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ТАВ ДАХЬ ӨДРӨӨ ЭРЭН ХАЙЖ БАЙНА Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙMГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРНО Өчигдөр
THE MONGOLZ АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Өчигдөр
АРВАН МЯНГАН ЗАЛУУС WORLD CLEANUP DAY-Д НЭГДЛЭЭ Өчигдөр
ХӨВСГӨЛД АЛГА БОЛСОН 2 НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ӨДРӨӨ ҮРГ… Өчигдөр
ХҮНИЙ БОДЛЫГ ЯРИАНД ХӨРВҮҮЛЭХ ТЕХНОЛОГИЙГ АРАВДУГААР САРААС ТУРШИЖ ЭХЭ… 2025/09/20
УЛААНБААТАРТ 18-20 ХЭМ ДУЛААН 2025/09/20
THE MONGOLZ ШӨВГИЙН ДӨРӨВТ ШАЛГАРЛАА 2025/09/19
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ: ХҮҮХЭД ОЛДООГҮЙ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХГҮ… 2025/09/19
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙНХЭН ХҮҮХДИЙН ГЭМТЭЛ СОГОГИЙН ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГИЙН ЭМ… 2025/09/19
ЛХАМ НОРЖҮНМА БУРХАНЫГ АКАДЕМИЧ Ц.ДАМДИНСҮРЭНГИЙН ОХИН ЧИНГИС ХААН ҮНД… 2025/09/19
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 23 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2025/09/18
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/09/09
БАГА ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ ИЛҮҮ НЭМЭГДҮҮЛЖ БОЛОХ ТАЛААР СА… 2025/09/15
ЕСДҮГЭЭР САРЫН 13, 14-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР СЭРҮҮСЭЖ, 15-НААС ИХЭНХ … 2025/09/09
А.БАТТУЛГА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ОРОЛЦОЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮ… 2025/09/14
ЧАРЛИ КИРКИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН СЭЖИГТНИЙГ БАРИВЧИЛСАН ГЭЖ ТРАМП МЭДЭГДЛЭ… 2025/09/12
Б.БАТЦЭЦЭГЛЭН: ЯМАР УЧРААС НУТАГТАА ДУУЛАХ ЭРХГҮЙ БОЛСНОО БОДООД ОЛОХГ… 2025/09/18
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГААС ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ Э… 2025/09/13
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2025/09/09
ТҮВШИНЖАРГАЛЫН ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/09/18
НИЙТИЙН ТЭЭВРИЙН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ ҮЕ ШАТТАЙ ЧӨЛӨӨЛЖ, НЭМЭГДҮҮЛНЭ 2025/09/11
ХӨВСГӨЛИЙН ТАРИАЛАНД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭРЭН ХАЙЖ Б… 2025/09/18
​ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙН АЛСЫН ДУУДЛАГЫН БАГ ХӨВСГӨЛ, БАЯН-ӨЛГИЙД ОСОЛДСОН … 2025/09/09
Л.АЛТАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ТУЛАЛДАХААР БОЛОВ 2025/09/12