​ХЭЛ СУРАХГҮЙ БОЛ БИД ХОЁР ЯДАЖ ХЭРЭЛДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ!


Өчигдөр “Арсенал”-ыг талбайд нь “Астон Вилла” 0:2-оор хожиж, аварга болох хүсэлд нь айхавтар том дэгээ тавьчихлаа. Мөн үүнийхээ зэрэгцээ өөрсдийнхөө Аваргуудын лигт оролцох зорилго руу улам ойртох том алхам хийлээ.

Энэ тоглолтыг Дуглас Луис шийтгэлийн улмаас өнжсөн тул багаа хожоосой л гэж залбирч суув. Бразилын шигшээдээ хэд хэдэн удаа дуудагдаад үзчихсэн энэ залуу одоо 25 настай. Мөдхөн том баг руу явна гэсэн яриа гараад амжсан.  Гэхдээ энэ удаад ирээдүйнх нь талаар бус харин өнгөрсөн, одоогийнх нь тухай өгүүлье.

Дуглас Луис бол Бразилын “Васко Да Гама”-гийн бүтээгдэхүүн мөн ядуусын хороололд төрж өссөн нэгэн.

“Нэг удаа аав намайг “Васко Да Гама”-гийн бэлтгэлд хүргэж өгөх гэж байтал манай тэнд нэг хүнийг буудчихсан юм. Тэгтэл аав намайг машинаас буулгаад тэр хүнийг эмнэлэгт хүргэж өгөхөөр яаран давхисан. Тэр явдлыг эргэн бодохдоо “Тэндээс чи амьд гарсандаа баярлаж яв даа” гэж өөртөө хэлдэг юм” хэмээн Дуглас Луис өгүүлнэ.

Дугласынх Рио Де Жанейрогийн Нова Холанд гэх ядуусын хороололд хоёр өрөөтэй байшинтай. Тэр хороололд ойролцоогоор 130 мянган хүн амьдардаг. Харин нийт Бразил даяар бол ойролцоогоор 14 сая хүн ядуусын хороололд өдөр шөнийг аргацаан өнгөрүүлдэг гэсэн тооцоо байдаг юм билээ.

“Багын найз нараас маань буруу замаар явсан нь олон. Гэхдээ би найз нараа тэглээ ингэлээ гэж буруутгахгүй ээ. Яагаад гэвэл тэдэнд маань өөрөөр амьдрах боломжгүй байхгүйг мэднэ. Хүн ядаж юм идэх ёстой биз дээ. Гэр бүлээ тэжээх ёстой. Хүүхдээ өлсгөхгүйн тулд ямар нэгэн юм заавал хийх ёстой. Гэтэл ядуусын хорооллынх гэвэл супермаркет ч ажилчнаар авдаггүй байхгүй юу.

Миний нүдний өмнө хүн буудуулж, бас хутгалуулж байлаа. Муу юм их үзсэн. Гэхдээ ядуусын хорооллын мартагдсан тэр хүмүүст туслах хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байгаа нь олзуурхууштай” гэв. Өнгөрсөн даваа гаригт “Фулхэм”-ийн Виллиан, Андреас Перейра нарын хамтаар Лондоны Savoy ресторанд болсон сайн үйлсийн ажилд оролцож, мөнгө хандивласан байна.

“Тэндэхийн амьдралаа үзэн яддаг байлаа. Гэхдээ би тэнд л хөлбөмбөг тоглож сурсан. “Васко”-гийн бэлтгэлээсээ хурдхан тарж очоод гудамжиндаа тоглодогсон. Тэндэх байшин маань ч хэвээрээ.

Европ тивд ирээд цалингаа анх авмагцаа би ээждээ “Та байр худалдаж аваад, сайхан амьдар” гэж баярлан хэлсэн. Ээж минь надад бүхнийг өгсөн хүн. Бас жаргах, амар амгалан байх ёстой биз дээ. Гэхдээ шинэ байранд орно гэдэг хуучнаа мартана гэсэн үг биш шүү. Бид хаанаас ирсэн бэ гэдгээ хэзээ ч мартахгүй” гээд Дуглас Луис хөлбөмбөгийн яриа руу шилжлээ.

Дасгалжуулагч Унаи Эмери энэ улирлын эхэнд тэдэнд “Европын цомын тэмцээнд, Аваргуудын лигт оролцохыг би хүсч байна. Гэхдээ дээгүүр бичигдэж буй багууд маш хүчирхэг шүү” гэж хэлсэн. Тэгээд юу гэсэн гээч? Энэ улиралд бидний гол өрсөлдөгч “Тоттенхэм” байх болно гэсэн. Тэр үгээ “Арсенал”-тай тоглохын өмнө бидэнд эргэн сануулж хэллээ. “Би та нарт юу гэж хэллээ? “Тоттенхэм” бидний өрсөлдөгч байх болно гэсэн биз?” гэж сануулсан. Лут байгаа биз. Багийнхаа чадвар, түвшинг ийм сайн мэдэж байж шүү дээ” хэмээгээд бразил залуу толгойгоо үл ялиг сэгсрэв.

2022 оны аравдугаар сард Стивен Жеррардыг халж, Унаи Эмери ирсэнээс хойш “Астон Вилла” үргэлж өсч, сайжирч, дээшилж, дэвжиж яваа. Одоо л гэхэд дөрөвдүгээр байрт явна.

Багийнхаа өнгөрсөн улирлын шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдсэн Дуглас Луис “Эмери ирээд л бүхнийг өөрчилсөн. Түүнийг ирэхээс өмнө бид хол хол дамжуулаад л, их энгийн шулуухан хөлбөмбөг тоглож байлаа. Харин одоо биднийг бөмбөгөө аль болох “барьж”, яарахгүй байхыг зөвлөдөг юм. Хэрвээ өрсөлдөгч баг хэт дарамтлаад, давамгайлаад байхгүй бол сөрөг довтолгоо маш хурдан хийх гэж улайрах хэрэггүй гэдэг. Мөн бөмбөг эзэмшилтээсээ таашаал ав гэдэг. Өмнө нь үнэндээ хэцүү байсан. Би бөмбөг эзэмших дуртай тоглогч. Одоо дуртай зүйлээ хийх боломжтой болсондоо баяртай явдаг. Эмериг энд ирэхээс өмнө би дандаа 6 дээр буюу хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглож байлаа. Харин Эмери ирмэгцээ надад “Одоо чи 6 биш! Одоо чи 8! Чи их сайн тоглогч. Талбайн нэг захаас нөгөө зах хүртэл хүссэнээрээ гүйж, шилжиж тоглож болно. Яв, довтол гэж хэлсэн. Тэрний дараах эхний тоглолтоосоо асар их таашаал мэдэрч, талбайгаас нүүр дүүрэн инээмсэглэлтэй гарсан даа” хэмээн Дуглас Луис ярилаа.

Хэд хэдэн сайн дасгалжуулагчтай хамтран ажиллаж үзсэний нэг нь Пеп Гвардиола. 18 настайдаа “Васко Да Гама”-гаасаа Европ тивд ирээд “Манчестер Сити”-д тоглох ёстой байсан ч гэлээ ажлын зөвшөөрлийн асуудлаас болоод чадаагүй. Тиймээс “Сити”-тэй нэгэн удирдлагатай Испанийн “Жирона” руу шилжүүлжээ.

“Би Европ тивд ирээд эхний бэлтгэлээ “Сити”-д хийсэн. Мөн ч их зүйлийг сурсан даа” гээд тэр инээлээ. “Магадгүй миний хөлбөмбөгийн ертөнцөд үзэж өнгөрүүлсэн хамгийн сайхан гурван сар тэр байх. Пеп надад их заавар зөвлөгөө өгнө. Дуглас, чи ойрын таван метрийг л харж тоглоод байна. Чамайг би 30 метрийг харж тоглоосой гэж хүсч байна гэж Пеп хэлж билээ.

Би зөрүүлээд хөлбөмбөгийн тухай өөрийн мэдрэмж, ойлголтоо хэлээд л... Ер нь тэгэхэд би их өөр тоглогч болчихсон шиг санагдсан. “Жирона”-д нэг жилийг өнгөрүүлчихээд эргээд “Сити”-д очмоор байсан ч баримт бичгийн асуудал гээд чадаагүй. Тэгэхэд надад хэцүү байсан. Гэлээ ч хэцүү байлаа гээд бууж өгөлгүй, улам бүр хүчтэй болсон. “Жирона”-д өнгөрүүлсэн хоёр улиралд сэтгэлзүйн хувьд хүчтэй болж чадсан. Тэгээд эцсийн эцэст энд, Вилладаа ирээд аз жаргалаа мэдэрч байна аа” гэж Дуглас Луис ярина.

Дугласын найз бүсгүйг Дэлхийн даяараа танина даа. Яагаав нөгөө Алиша Леманн. Швейцарийн шигшээ болон “Астон Вилла”-д тоглодог гоё өгзөгтэй бүсгүй. Инстаграмдаа 17 сая дагагчтай. “Хүмүүс бид хоёрыг алдартай хос гэдэг юм. Гэвч бид хоёр их энгийн хүмүүс шүү дээ” гэж хэлэхдээ Дуглас Луис ичээд ч байгаа юм шиг царай гаргав. “Бид хоёр хамтдаа оройн хоол энд тэнд идчихнэ. Боулинг хамт яваад тоглочихно. Дэлгүүр орсон ч асуудалгүй. Бусдын адил л амьдардаг. Англид ер нь их амар тайван байж болдог юм. Харин Бразилд бол тийм юм байхгүй л дээ. Хэрвээ Бразилд очоод дэлгүүрт орвол аймшигтай юм болно.

Бид хоёр гэртээ хөлбөмбөг огт ярьдаггүй. Надаас Алиша ур чадвараараа бараг илүү дээ. Бас нэг юм хэлэхэд, тэрнийхээ ачаар л англи хэлээ гайгүй сурсан юм. Би англи хэл сурахгүй бол бид хоёр ядаж хэрэлдэж чадахгүй байгаа юм чинь. Эхний хоёр жил би англи хэл бараг сураагүйтэй адил. Харин дараа нь түүнтэйгээ уулзаж эхэлснээс хойш яалт ч үгүй сурахад хүрсэн. Одоо бол хэрүүл хийгээд асуудлаа шийдчихэж чадахаар болсон. Өмнө нь үгээ португалаас англи руу гар утсаараа дамжуулан хөрвүүлж ярилцдаг байлаа шүү дээ. Анх уулзахдаа би юу ч ярьж чадаагүй. Тэгээд ярьж суръя гэж бодсон л доо. Алиша маань олон хэл мэднэ. Франц, англи, португал, швед, герман хэлтэй. Харин би португал, англи, испани хэлтэй. Сургууль төгсөөгүй гэхэд муугүй биз” хэмээн бразил хагас хамгаалагч яриад мөн л инээмсэглэв.

Дуглас Луис олон шивээстэй залуу. Нэг хуруун дээр нь аавынх нь сахлын шивээс байдаг юм билээ. Гоол оруулчихаад тэр хуруугаараа тэнгэр рүү зааж, аавтайгаа мэндчилдэг. Ингэж дотроо уудлан ярьчихаад босоход нь сэтгүүлч хүзүүн дээрх нэгэн шивээсийг анзаарчээ. Тэнд “Би ядуусын хорооллынх. Гэхдээ л өдий зэрэгт хүрч чадсан” гэж шивсэн байлаа.


Р.Гэгээ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 45 минутын өмнө
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ 17 цагийн өмнө
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 18 цагийн өмнө
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… 18 цагийн өмнө
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ 21 цагийн өмнө
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… 22 цагийн өмнө
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ 23 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… Өчигдөр
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… Өчигдөр
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… Өчигдөр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… Өчигдөр
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… Өчигдөр
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… 2026/03/20
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГ… 2026/03/20
ХХҮЕГ: АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨ… 2026/03/19
ХАЯЖ, ҮРЭГДҮҮЛСЭН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ДАХИН АВАХ ШАТ ДАМ… 2026/03/19
Их Уншсан
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 18 цагийн өмнө
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТ ГАР… 2026/03/10
Б.БАТБААТАР: ИЗНН-ЫН 26 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХЭН НЭГНИЙ УЛС ТӨРИЙН СОНИРХЛОО… 2026/03/10
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИ… 2026/03/14