Монголбанк Санхүүгийн салбарын тогтолцоог ногооруулах төв банк, хянан зохицуулах байгууллагуудын холбоо (The Network of Central Banks and Supervisors for Greening the Financial System – NGFS)-нд 2026 оны 8 дугаар сарын 11-нд элсжээ.
NGFS нь уур амьсгалын өөрчлөлтөөс санхүүгийн салбарт үүсэх эрсдэлийг удирдах, ногоон, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилгоор 2017 онд төв банк, санхүүгийн хянан зохицуулах байгууллагуудын санаачилгаар байгуулагдсан олон улсын сүлжээ юм. Одоогоор тус холбоо 90 гаруй орны 151 гишүүн, 24 ажиглагч байгууллагыг нэгтгээд байна.
Монголбанк 2019 оноос хойш тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн чиглэлээр бодлого, зохицуулалт, аргачлалыг үе шаттай нэвтрүүлж, судалгаа, төсөл хөтөлбөр болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж ирсэн. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс банк, санхүүгийн салбарт үүсэх эрсдэлийг үнэлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд нь NGFS-д нэгдэх суурь боллоо.
Монгол Улсын төв банк NGFS-ийн гишүүн болсноор уур амьсгалын санхүүгийн эрсдэлийг үнэлэх олон улсын аргачлал, сайн туршлагыг дотоодын санхүүгийн системд нэвтрүүлэх, тогтвортой санхүүжилтийн бодлого, зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Мөн дэлхийн төв банкууд, хянан зохицуулах байгууллагуудтай мэдлэг, туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой, ногоон шилжилтийг дэмжихэд түлхэц өгөх ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна