Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан болжээ.
Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, холбогдох мэдээллүүдийг сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн байна.
Наймдугаар сарын 14-өөс хойш шатахууны хангамж нэмэгдэж, Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж байна. Гэвч нэр бүхий ШТС-ууд 24 цагийн турш үйл ажиллагаа явуулахгүй байх, ганцхан хошуугаар шатахуун олгох, иргэдэд бус гэрээт байгууллагуудад болон зөвхөн талоноор үйлчилнэ гэх зэргээр дур мэдэн хязгаарлалт хийж, шуурхай штабын шийдвэрүүдийг зөрчсөн тохиолдлууд гарсаар байна.
Иймд шатахууны хомсдол үүссэн онцгой нөхцөлд иргэдэд хүндрэл чирэгдэл учруулж, шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлээгүй шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авах үүргийг Г.Дамдинням сайд өгчээ.
Энэ хүрээнд бүх ШТС-уудыг 24 цагаар үйл ажиллагаа явуулах, боломжит бүх хошуугаараа шатахууныг олгох, гэрээт байгууллага, талоноор олгоно гэсэн хязгаарлалтууд хийхгүй байхыг санууллаа. Хэрвээ энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж чадахгүй бол тухайн нефть импортлогч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг хатуу сануулав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна