БИ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙСАН ЭРЭГТЭЙ


Таны найз, эсвэл хамт ажилладаг хүн, зөрөөд өнгөрөх нэгэн, магадгүй дарга удирдлага чинь ч юуг туулж, яаж явааг бид мэдэхгүй. Юм бүхэн харагдаж байгаа шигээ байдаггүй. Томоо биетэй баавгай шиг амьтан турьхан бүсгүйн  хүчирхийллийн хохирогч гэвэл итгэх үү.  Өөрийн амьдралын түүхээ та бүхэнтэй хуваалцахаар үүнийг бичиж сууна.

Ухаангүй дурлаж, түүнтэйгээ хамт байвал аз жаргалаар дүүрэн байна гэж итгэж арван таван жилийн өмнө гэрлэх санал тавьж билээ. Дүрлэгэр алаг нүдтэй, сайхан инээмсэглэдэг,  дуу хоолой нь жаахан хүүхдийнх шиг, өндөр нуруутай, ер нь л гадаад төрх нь өөлөх юмгүй. Гадаадад хоёр ч сургууль төгссөн. Айлын бага охин.  Бид дундаасаа нэг хүүтэй болсон. Аз жаргалтай эхний үе маань нэг л мэдэхэд хар дарсан зүүд мэт болсон. Бид аль хэдийн хоёр тийш болоод хэдэн жил өнгөрсөн. Хар бага наснаас нь үерхэж явсан найзууд нь ч түүнийг хөөрхөн ааштай, үзэсгэлэнтэй гэж ярина. Аль алиных нь ар гэр бололцооны, Монголын гайгүй сэхээтнүүдийн хүүхдүүд. Гэвч нэг л мэдэхэд гэртээ байж суухын аргагүй болсон. Хэзээ эхэлснийг нь санадаггүй юм. Магадгүй эхний үед аз жаргал, хайр дурлалдаа сохорсон би түүнийхээ тэр ааш авирыг анзаарах ч сөхөөгүй, эсвэл засарчихна гэж бодоод айхтар ач холбогдол өгөөгүй байх. Эхнэр маань айлын бага болоод ч тэр үү гэрийн ажил огт хийдэггүй байлаа. Эсрэгээрээ би айлын том, ачаа үүрч сурсан учир хоол унд, гэр орны ажлыг түүртэлгүй хийчихдэг байсан. Бидэнд дутаад байх юм үгүй. Гэвч эхнэрт минь юу дутаад, юу нь болохгүй байгааг хэлж мэдэхгүй ч тэр минь байнга л уур уцаартай байдаг. Гадаадад сурч байхад хүү маань нас бага учраас хоёул оюутан болохоор аль болох л бүхнийг зохицуулж ирэв. Угаас үг дуу цөөнтэй болохоор эхнэрийн үглэж янших, толгой руу юмаар цохиод авах зэргийг бол нэг их юманд бодохгүй, тэгэсгээд өнгөрнө.

Нэг өдөр хүү халуурлаа. Гэвч тэр маань бүх бурууг надад тохов. Хэн хүүхдээ өвтгөхийг хүсэхэв. Мөн ямар нэг шалтгаанаар би хүүхдээ өвтгөх нөхцөл бүрдүүлээгүй. Зүгээр л хүүхэд халуурсны буруутан нь би. Элдвээр хэлж, харааж зүхсээр л. Эмчид үзүүлж, хүүдээ халуун буулгах эмэнд гүйж, шөнө нойргүй сахив. Тэр уурлахаа зогсоогоогүй. Энэ үед түүний багын найз бидний амьдарч байсан газар Монголоос ирлээ.  Түүний янших нь олон жил уулзаагүй найз нь зочлон ирэхэд ч зогссонгүй. Тэд эхэндээ инээлдэж, багын дурсамжаа яриад л. Би ч бас эхнэрийн багын найзыг эртнээс танина. Учир нь эхнэрийн найзын аав, ээж нь миний аав, ээжтэй  амьдрал туршдаа найзалж, нөхөрлөсөн хүмүүс.  Тиймээс хэн хэн нь биесээ хар багаасаа мэдэлцэх хүмүүс. Хүүгийн халуун ч буурч, гайгүй эдгэж байсан үе. Мэдээж зочноо дайлж, би гал тогоо хавьд эргэлдэн хоол цай бэлдэв. Тэр хооронд эхнэр яншихаа зогсоосонгүй. Нэг л мэдэхэд намайг дорд үзсэн доромж үг хэлж, хүүгийн халуурсанд намайг буруутгаж байна. Ирсэн зочинд маань тийм ч таатай биш байгаа бололтой. Намайг сонсохгүй байгаа гэж бодсон уу, дуугаа намсган ярьж байгаа ч би бүгдийг сонслоо. Найз нь эхнэрээс” Танай хүн хүүгээ дааруулаад халууруулчихаа юу гэхэд эхнэр” Үгүй ээ” гэж байна. “Тэгээд яагаад хүүхэд халуурсанд нөхрөө буруутгаад байгаа юм. Хүүхэд бага байх үед халуурах, ханиад хүрэх ч байдаг л зүйл. Чи жаахан тайвшир даа. Их бухимдуу байх чинь. Чамайг ингэж уурлахыг бараг л хараагүй. Танай хүн даруу, хөдөлмөрч залуу байсан. Та хоёрт болохгүй юм юу байна” гэж ирээд л асууж байна. Эхнэр тоймтой буруутгал хэлэхгүй ч намайг муулсаар л. Би ч дотроо ичиж байлаа. Гэхдээ бас найзад нь баярлав. Нэг удаа ирэхэд нь харагдсан үйл явдал. Ямар ч байсан намайг шууд буруутгахгүй байгаад нь өмгөөлүүлсэн мэт таатай санагдсан хэрэг л дээ. Манай гэрт иймэрхүү хэрүүл байнга шахуу болж, эхнэр намайг ямар нэг зүйлд буруутай мэт үглэх нь өдөр тутмын л үйлдэл.

Хичээлээсээ ирэхэд нь амжуулаад хоолоо хийж, хэрэндээ гэр орноо цэмцийлгэчих гээд шалаа угааж байтал шалны түмпэнг өшиглөж, “Яг орж ирэхэд зориуд ингэж байна уу, хөлд тээг болгоод…” гэж ирээд л яншиж эхэлнэ. Би хааяахан хариу хэлэх ч угаас үг яриа цөөн, дээр нь яаж ч тайлбарлаад хэрүүл улам өрдөгдөнө үү гэхээс зогсохгүйг мэдэх хойно чимээгүй байх нь дээр санагддаг байлаа. Манайхны зарим эрчүүдийн хэлдгээр гэр орны ажил эмэгтэй хүн л хийх ёстой гэдгийг би хувьдаа дэмждэггүй. Түрүүлж ирсэн нь хоол унд, гэр орны ажлаа амжуулчих нь нэг их сүртэй зүйл биш. Гэвч хичээл зүтгэл минь талаар болсон.  Ингэж ойлголцохгүй явсаар бид салсан. Ярилцъя гэсэн  ч ярилцаж эхлээд л намайг буруутгаж, нэг л мэдэхэд яриа биш, хэрүүл болчихно. Эхнэр, хүүдээ хичнээн хайртай байлаа. Гэвч өдөр бүрийн энэ дарамт, доромжлол, эрээгүй толгой руу тонших зэрэг нь  эцэс сүүлдээ над руу шилтэй жимс шидэж, толгойдоо хэдэн оёдол тавиулснаар дуусгавар болсон юм. Олон хүнд “Би хохирогч” гэж хэлээгүй ээ. Хэн итгэх билээ дээ. Би бас ичсэн.

Гэр бүлийн хүчирхийллээс гадна, эргэн тойрны таних танихгүй хүмүүсийн үг сумаар шүршүүлмээргүй байсан юм. Хэрэв тийм юм болвол амьдрах аргагүй болох биз. Ганц нэг найз нөхөд, манай гэрийнхэн л мэддэг байсан. Бусад хүмүүс бол салалтын бурууг надад тохсоор ирсэн. Гэхдээ би одоо дахин гэрлэсэн. Сайн ханьтай, аз жаргалтай амьдарч байна. Үүнийг бичих болсон минь юмс харагдаж байгаа шигээ байдаггүй. Айл бүрийн хаалганы цаана амьдрал үргэлжилдэг. Тэдний амьдрал янз бүр. Томоо биетэй нэгэн залуу эхнэртээ сэтгэл зүйн хувьд байнга хүчирхийлүүлж, биеийн зодуураас илүүтэй, үгийн зодуураар нүдүүлж байдаг гэж хэн ч итгэхгүй.  Эр хүнд ч гэсэн өвдөх зүрх сэтгэл бий. Түүнтэй байсан он жилүүдийг бодохоор хар дарсан зүүд шиг. Яаж тэвчиж байсан юм бол гэж заримдаа бодогддог юм. Надад итгэл, зорилго гэж үгүй болж, эхнэрийн янших, доромжлохыг сонсохгүй өдөр л сайхан санагддаг болчихсон байж билээ. Хэдий түүнээс  салсан ч хүүтэйгээ бол байнгын холбоотой, хүү маань гэрт минь хааяа зочилж, одоогийн гэр бүлийнхэнтэй минь найрсаг байдаг. Том болсон болоод ч тэр үү, “Аав аа, таныг би буруутгахгүй ээ, ээжийн аашийг тэвчихэд амаргүй” гэж хэлсэн нь ухаан суусных нь юм болов уу. Хаа очиж ээж нь хүүгээ дарамтлах нь бага. Миний хувьд хүүгээ аваад салах хүсэл байсан ч шүүх надад өгөх нь юу л бол. Мөн ээж нь үүнийг зөвшөөрөхгүй, дуусашгүй хэрүүл үргэлжлэх байсан биз. Хүүгээ бодоод тэр амьдралыг тэвчсэн бол би нэг бол архичин, нэг бол амиа хорлох байсан болов уу.

Тэвчээр гэдэг чухал чанар ч, хүчирхийллийг тэвчиж амьдрах замыг бүү сонгоорой. Өөрийгөө алдаж, өөртөө итгэлгүй болж, ер нь л юунд ч найдахаа больдог юм билээ. Хаяад явахад босгосон амьдрал хайран санагдаж, бүлтийсэн жаахан үрээ бас өрөвдөнө. Үр хүүхдээ орхиод явсан гэж буруутгах хүмүүс байдаг. Магадгүй хүчирхийлэлтэй, хэрүүл шуугиан тасардаггүй айлд өсөж том болсноос салалт нь илүү ч байж болох юм.

Намайг турьхан эхнэрийнхээ хүчирхийллийн золиос болоод байна гээд нийтэд яривал бүгдээрээ инээдээ нууж чадахгүй байсан биз. Хэзээ ч билээ, эр хүн том биетэй байх тусмаа хүчирхийллийн хохирогч болж байгаагаа нуудаг тухай судалгааны талаар уншиж байсан юм. Би тэр талаар уншаад шууд л санал нийлсэн. Үүнийг уншиж байгаа, надтай адилхан тохиолдолтой учирсан хүн бол маш сайн ойлгож байгаа. Яг үнэндээ шаналаад байсан тэр үедээ “би хохирогч” гэж бодож байгаагүй. Харин одоо бол би хүчирхийллийн хохирогч байснаа нуулгүй хэлмээр байна. Хаана ч юм, хэн нэгэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа мэдээ ч үгүй, амьдрал ийм байдаг болов уу гэж эргэлзэн гайхаж, итгэлээ хөсөр хаяж, буруу замын ирмэг дээр зогсож байж мэдэх юм. Ганц хүн ч болтугай олж уншвал миний зорилго биелж байгаа хэрэг. Хүчирхийллийг бүү тэвч. Зогсоож чадах ганц хүн нь та өөрөө юм шүү.

Эх сурвалж: Family Center

БИ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙСАН ЭРЭГТЭЙ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ 15 цагийн өмнө
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 16 цагийн өмнө
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… 17 цагийн өмнө
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ 19 цагийн өмнө
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… 21 цагийн өмнө
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ 22 цагийн өмнө
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 23 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… Өчигдөр
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… Өчигдөр
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… Өчигдөр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… Өчигдөр
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… Өчигдөр
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРЖ, ЗӨӨЛӨН ЦАСАН ШУУРГ… 2026/03/20
ХХҮЕГ: АЖЛЫН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН АЛБАН ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨ… 2026/03/19
ХАЯЖ, ҮРЭГДҮҮЛСЭН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ДАХИН АВАХ ШАТ ДАМ… 2026/03/19
АВТО ЗАСВАРЫН ГАЗРУУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА 2026/03/19
Их Уншсан
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… 16 цагийн өмнө
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТ ГАР… 2026/03/10
Б.БАТБААТАР: ИЗНН-ЫН 26 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ ХЭН НЭГНИЙ УЛС ТӨРИЙН СОНИРХЛОО… 2026/03/10
ӨМНӨГОВЬ АЙМАГ ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТААР УЛСЫН ХЭМЖЭЭНД ХАМГИ… 2026/03/14