ТӨРИЙН ГУРВЫН ҮГ БА ТҮМНИЙ ХҮЛЭЭСЭН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ

Admin
Өчигдөр

Шинэ он эхлэхийн өмнөхөн бүгд Төрийн тэргүүнийхээ үгийг сонсоод оргилуун дарсаа "буудуулдаг" нь монголчууд бидний хувьд тогтсон ёс.

Бүх зүйлийн хувьд шинийг бэлгэдэж байгаа учраас эрч хүчтэй үг л хүлээдэг дээ, ихэнх нь. Тийм ч учраас тэр үү энэ жил Ерөнхийлөгчийн үг жаахан сулхан санагдсаныг нуумгүй байна. Ердийн л байдаг зүйлс. Гэхдээ нөгөө талаасаа бид ч бас “цэргийн” хүний чин шулуун үгс, ямар нэгэн “амлалт” ч юм уу хүлээгээд байсан байж болох юм даа.

Ерөнхийлөгч бол эв нэгдлийн бэлгэдэл гэдэг талаас нь харвал мэдээж давгүй. Томсгосон парламент, эмэгтэй гишүүдийн төлөөллөөр Азидаа тэргүүлсэн, эдийн засаг өссөн, инфляц нэг оронтой тоонд хадгалагдаж, экспорт түүхэн хэмжээнд хүрч, улсын төсөв ашигтай гарсан гээд сайхан мэдээллүүдийг дурдсан. Гэхдээ энэ мэдээлэл аль эрт өөр хүмүүсийн амнаас мянгантаа давтагдсан учир тэр үү тийм ч шинэ биш.

Төрийн тэргүүн учраас хэлэлгүй ч яахав дээ гэж бодоод цааш нь бас л нэг юм хүлээгээстэй. Анх удаа алдагдалгүй төсөв баталсан, стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн... Ер нь л тоочсон шинжтэй үгнүүд хөвөрнө. Гадаад харилцаа улам өргөжин бэхжиж, түүх,  өв соёлоо дэлхийн дахинд сурталчлан таниулсан гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа. Аль нэг айлчлалыг онцолно гэхээр гадаад бодлого талдаа алдаатай харагддаг  байж мэдэх ч байдаг л нэг хуурай үгс үргэлжилсээр...

Шат шатандаа ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эрч хүчтэй, эмх цэгцтэй, эх оронч, эв нэгдэлтэй ажиллах нь монголчууд бидний ирж буй шинэ оны эрхэм зорилго байх учиртай. Энэ хэсэг нь арай нэг ирээдүйг харсан шинжтэй таатай сонсогдов.

Ерөөлийн үгс нь сайхан ч гэлээ байдаг л нэг албаны үгс нийлүүлсэн мэндчилгээ. Манай Ерөнхийлөгч уг нь цогтой сон. Цог нь хэлэх үгэндээ туссан байх даа, тэрнээс нь сонсож омогших сон гэсэн хүсэл байсан болоод ч тэр үү нэг л жаахан сэтгэл дундуур үлдэв. Ямар албатай ч биш дээ, эв нэгдлийн л бэлгэдэл шүү дээ гэж зөвтгөн бодоод л шинэ оны оргилуун дарсаа буудуулсан даа.  

УИХ-ын даргын үгийг дараа нь бас сонирхож үзлээ. Монголчууд төрөө дээдэлдэг ард түмэн гэдэг нь үнэн шүү. Нэг л за ингэнэ ээ гэсэн тас түсхийсэн юм л хайгаад байгаа юм. Спикер бол хурал удирдагч, УИХ бол хууль тогтоодог байгууллага гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ УИХ бол манай төрийн эрх барих дээд байгууллага учир бас л часхийсэн ирээдүйгээ харсан юу байна гэж хайлаа.

Томсгосон 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэнд шинэ хуудас нээсэн, улс төрийн таван нам, хүчнээс бүрдсэн, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь ололт, амжилт юм гэх мэтээр онцолжээ. Тэгэлгүй яахав, энэ бол УИХ-ын даргын хэлэх ёстой үг мөн. Гэхдээ Ерөнхийлөгчийнхтэй тун адилхан бичигдсэн ч юм шиг…

Улсын Их Хурал ирэх дөрвөн жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа. 

Томсгосон парламент иргэний эрхийг их ярьж байгаа нь таатай. Бас хууль эрх зүйн орчноо үүнд чиглүүлнэ ч гээд байгаа. Гэхдээ яагаад ч юм үг нь нэг л жаахан мөлгөр, за нөгөө ярьдаг юмаа л ярьж байна даа гэж бодохоор.

Албаны хэдэн хуурай үгс, яг тодорхой зүйл үгүй. Мэдээж хуулиа батлаад хийгээд харуулах байх л даа. Гэхдээ л шинэ он эхэлж байхад шижигнэсэн үг хэлэхэд яасан юм бол гэсэншүү бодол төрөөд өнгөрөв.  

Ерөнхий сайдын үгийг бас сонслоо. Хийж хэрэгжүүлэх ёстой гүйцэтгэх засаглалын тэргүүн учир бас ч гэж тоо баримттай, зорьсон зүйлтэй, сэтгэлд шууд буучих үгтэй юм аа. Мөн л томсгосон парламентын сайн тал, эмэгтэй гишүүдээр Азидаа тэргүүллээ гэдгийг онцолжээ.

Засгийн газар 100 хоногтоо багтаж, 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн  хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орж чадлаа гэх мэтээр хийсэн ажлуудаа тоочжээ. Ерөнхийлөгч, УИХ-ын даргын үгийг бодвол арай “амьтай” санагдав. Та бид хамтдаа гэдэг үгийг олон дурдсан болохоор ч тэр үү өнгөрсөн онд үнэхээр л бид хамтдаа хийчихсэн ч юм шиг.

Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно. Хувийн хэвшлийнхний хамгийн гол асуудлыг шийдвэрлүүлэх гээд байгаа нь иргэдэд таатай санагдах нь мэдээж. Татвар, нийгмийн даатгалын дарамтаас бага ч болов ангижрах нь дээ гэдэг  бодол олон хүнд төрсөн байх. Гэхдээ хийснийх нь дараа л харахаас, ярьж л байдаг гэсэн хүмүүсийн сэтгэгдэл хөвөрсөн л харагдана лээ.  

Цаашид Сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Газрын тосны үйлдвэрийн 4-р багц ажил, Хийн хоолойн төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийг шийдвэрлэх болно. Мега төслүүд гэдэг үг иргэдийн дунд хүчтэй тархаж, бас нэг хөгжих нь үү гэсэн горьдлого байгаа.

Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх жил болгон зарласан. Энэ боломжийг ашиглаж, нийслэлчүүд та бүхнийг газар чөлөөлөлтөөс эхлээд хүнд шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье. Хамгийн хүнд асуудал бол энэ. Ерөнхий сайд маань энд тэгсхийгээд илээд өнгөрчихөв үү гэсэн бодол төрлөө. Тийм ч амар шийдэгдчихгүй асуудал учир хийхээр нь л харахаас өөр яах билээ. Гэхдээ л бид ийм үр дүнд хүрнэ ээ гэчихсэн бол тун таатай санагдах байлаа.

Үндэсний баялгийн сангийн тухай бол зөндөө сонссон учир чих хальт шүргээд л өнгөрөв. Харин  14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ гэдэг бол сонсголонтой л байв. Ер нь тоо баримт тодорхой зорилго л үгийг амьтай болгодог ажээ.

Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол сүүлийн гурван жилийн Та бидний хамтын тэмцлийн үр дүн бөгөөд баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх цэг юм. Үнэндээ за юу л бол гэж бодогдов. Гэхдээ баялгийн ерөөл гэсэн үг бэлгэшээлтэй санагдаж, шууд буугаад ирж байна.

Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай. Сүржин ч үг юм шиг, нэг талаас.. Эд эс бүхэн нэгдэж, тархи бүхэн улайстал ажиллах гээд л.. Гэхдээ яах вэ, хүлээсэн гал цог минь Ерөнхий сайдын үгэнд илүү их байгаа харагдав. Бас тоо баримт, зорилго зорилт нь ч тод. Нийслэлийн утаа, түгжрэл, тулгамдсан асуудал дээр л харин дутуу..

Төрийн гурван өндөрлөгийн шинэ оноо угтаж хэлсэн үг нэг иймэрхүү. Ингэхэд ард түмэн нь та бүхний хэлэх үгийг хүлээдгийг, ирэх онд ийм юм болох нь гэсэн итгэл найдварын оч сэтгэлдээ гялалзуулахыг хүсдэгийг мэддэг л баймаар. Бас ард түмний сонголт учраас хийх үүрэгтэй ч гэж хардаг. Цаашдаа юу хийхээ хэрхэхээ албаны хуурай үгээр биш тоо баримттай тодорхой хэлж байвал зүгээр мэт санагдана. Бид чинь төрийн гурваасаа л ирэх оны улс эх орны минь хөгжил, дэвшлийн зорилго, чиглэл ямар байхыг мэднэ шүү дээ. Ирэх шинэ жилээр илүү сайхан үг хэлээрэй, дарга нар аа.

                                                                                                            Г.БАРХАСБАДЬ                                                                                               


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 9 цагийн өмнө
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 10 цагийн өмнө
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 10 цагийн өмнө
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 10 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 11 цагийн өмнө
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… Өчигдөр
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО Өчигдөр
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ CONTEMPORARY УРЛАГААР ИЛЭРХИЙЛСЭН ҮЗЭСГЭЛЭНГ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01