Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, “шатахууны асуудал удахгүй хэвийн болно” гэлээ.
Түүний хэлснээр арванхоёрдугаар сард манай улс ОХУ-аас 83 мянган тонн шатахуун импортлох юм байна. Мөн БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахуун худалдан авах гэнэ. Иймд энэ сард багтаан захиалсан тоо хэмжээгээр шатахуун импортлох тул нийлүүлэлт хэвийн байна гэв.
Шатахууны доголдол үүссэн асуудлын талаар тэр "Арванхоёрдугаар сарын эхний хоногуудад үйлдвэрээс ачилт хийдэг. Үүн дээр дотоодын хангалт дээр асуудал гарсан юм уу, нийлүүлэх ёстой хувь хэмжээнээс бага зэрэг буурсан. ОХУ-аас ачсан бүтээгдэхүүн Монгол Улсад долоо хонож ирдэг. Энэ хооронд зарим шатахуун түгээх станцад бүтээгдэхүүн байхгүй, оочир дараалал үүсээд байна. Орон нутагт Өмнөговь аймаг, Эрдэнэт хотод нэлээн оочир дараалалтай байна. Миний харж байгаагаар аж ахуйн нэгжүүд санаатайгаар зохиомол хомсдол үүсгээгүй. Зарим шатахуун түгээх станцын түгээгч нар хуваарилалт хийдэг юм байна. Тиймээс шатахуун түгээх станцууд ачаалалтай үед хуваарилалт хийхгүйгээр ажиллах шаардлага тавьж байна. Бид арванхоёрдугаар сарын эхээр нөөц үүсгэхүйц илүү их хэмжээгээр ачиж чадаагүй. Гэхдээ захиалгатай уялдуулан харвал сүүлийн 15 хоногт үлдсэн бүтээгдэхүүнээ шахаж илүү их хэмжээгээр нийлүүлэх ёстой" гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна