ЗАСГИЙН ГАЗАР БА MCS & ШУДАРГА ЁС


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ухаа худагийн ордын асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулж,  Засгийн газрын БЭТ Ж.Батзандан мэдээлэл хийж, MCS-ын охин компани болох “M-Armor”-ын захирал, хурандаа З.Төрмандахыг төрийн нууцад хамаарах мэдээ баримт цуглуулсан, гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явуулсан гэж үзэж, яллагдагчаар татаж цагдан хорьсон гэх мэдээллүүд өнгөрсөн 7 хоногт ар араасаа хөврөн шуугиан дэгдээлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж 2025 оны хоёрдугаар сарын 17-нд гаргажээ.

Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл стратегийн орд газарт хамаарч байсан Тавантолгойн бүлэг ордын нэг толгой нь болох Ухаа худагийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Энержи ресурс”-т өгөхдөө хууль зөрчсөн үү, хэн хэн шийдвэр гаргаж оролцов гэдэг асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргаж, танилцуулна. Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байна. Ухаа худагтай холбогдуулан олон асуудал шалгаж байна гэж мэдэгдсэн юм.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ MCS-ийн охин компани болох “M-Armor” ХХК-ийн захирал, хурандаа З.Төрмандахыг гүйцэтгэх үйл ажиллагаа хууль бусаар явуулсан, төрийн нууцад халдсан гэх үндэслэлээр шалгаж, саатуулсан гэдгийг ч хүлээн зөвшөөрсөн билээ. Саатуулагдан шалгагдаж байгаа гэх хурандаа З.Төрмандах гучаад жилийн өмнө С.Зоригийг хөнөөсөн хэргээс эхлээд бүх л онц ноцтой хэргийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан цагдаагийн шилдэг мөрдөгчдийн нэг. Үйл явдал улам их дуулиан тарихад энэ нь бас л түлхэц үзүүллээ. Энэ бүхний дараа шүүх З.Төрмандахыг цагдан хорьсон гэсэн мэдээлэл гаргасан юм. Чадварлаг мөрдөгч үнэхээр ийм хэрэгт оролцсон эсэх, цаана нь ямар эрх ашиг, сонирхол байсан, эсвэл гэм буруугүй болохыг цаг хугацааны явцад шүүх, хуулийн байгууллага тогтооно биз ээ.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдтэй хэлэлцээ хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Батзанданг саяхан томилсон. Ж.Батзандан хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар ард түмэн Хуримтлалын, Ирээдүй өв сан, Хөгжлийн сантай болсон. Эдгээр сангийн хөрөнгө нь ашигт малтмалын ордуудын АМНАТ болон стратегийн ордуудын 50 хүртэлх хувиас бүрдэнэ. Хувийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоосон стратегийн ордын 34, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн бол 50 хүртэлх хувийг төр эзэмшихээр заасан. Өнөөдрийн байдлаар стратегийн 16 орд, цаашдаа үүнд оруулах 50 гаруй орд байгаа. Засгийн газар, холбогдох яам, байгууллагууд эдгээр ордын талаар гаргасан шийдвэрүүдээ Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч рүү өгнө. Бүх орд дээр санхүүгийн аудит, шинжээчдийн баг оруулна гэж мэдэгдэв.

MCS бол манай хамгийн том компани, улс төр, бизнесийн орчин, бүхий л талбарт нөлөөтэй. Тиймээс Засгийн газар MCS-тэй дайтаж эхэллээ, хувийн хэвшлийг нухчин дарж байна, бүлэглэлүүдийн зөрчилдөөн гэх мэт шуугиан дэгдсэнд гайхах юмгүй.

Ж.Батзанданг “ногоон малгайтан” гэж үзэж ядаж, О.Алтангэрэлийг ардчиллын үнэт зүйлээс урвалаа гэж зарим нь шүүмжлэв. Нэг ч төгрөгийн баялаг бүтээгээгүй төрөөс төрсөн тэрбумтнууд баялаг бүтээгчдээ шалгах нь гэсэн эгдүүцэл ч энд тэнд харагдлаа.

Гэхдээ үүнийг олон нийтийн реакц гэж дүгнэвэл өрөөсгөл юм. Мэдээллээс алс, өөрийн амьдралаа яая гэж байгаа энгийн иргэд энэ бүхэнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, өмнөхөө л хийж яваа.

Тэгш бус байдлын "золиос" болж буй жирийн иргэд шударга ёсыг л хүсэж байгаа. Уруугаа харчихсан энэ тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ. Эргэж харалгүй зөвхөн урагш тэмүүлэн амьдрах боломж бий юу. Энэ асуултад хариулахад эргэлзээтэй.

Гучин жилийн алдаа завхралыг таг мартаад өнөөдрөөс шинээр эхэлье гэвэл эрх ашгийн сонирхлоор нэгдсэн бүлэглэл идэж уухаа зогсоож, энд тэнд тавьсан эрх мэдэлтнүүд нь өөрчлөгдөөд бас зөв амьдарч чадах болов уу.

Өмч хувьчлалаас л бүх зүйл эхэлсэн гэж тухайн үеийн талаар мэдэх бүх хүн хэлдэг. Мэдээлэлд ойр нь хөрөнгөжсөн. Нэг нийгмийн тогтолцооноос нөгөө рүү дөнгөж орж байсан хүнд цаг үед картын бараагаар “хооллож”, ганзагын наймаанд шогшиж явсан олонх нь цэнхэр, ягаан тасалбараа ойлгоо ч үгүй, “хулхидуулаад” өнгөрсөн. Эргээд хартал зарим нь баяжиж, бусад нь амьдрах аргаа олох гэж зүдэрсэн.

Тэгш бус гараанаас эхэлсэн учир хөлжсөн хэсэг нь бүх л баялагт эзэн сууж, эрх мэдэлд хүрсэн зарим нь шуналын тулам болж хувирсан юм. Гучин жилийн турш энэ байдал үндсэндээ арилсангүй. Магадгүй ойрын хэдэн жилдээ өөрчлөгдөх ч үгүй байх. Өглөөнөөс орой хүртэл цалингийн төлөө ажилдаа шогшиж буй энгийн иргэн тэр хэлхээ холбоо, сүлбээний эсрэг зогсох тэнхэл ч үгүй, цаг хугацаа ч байхгүй.

MCS улс төрд ч нөлөөтэй, өөрийн гэсэн хүмүүсээ энд тэнд байршуулдаг талаар яригддаг. Зах зээлд одоо л нэг хөлөө олж яваа манайхны хувьд төрийнхөн нь ч баян компани дагаж гүйх, хэлхэлдэж сүлбэлдэх дуртай. Бизнесийн орчин нь эрүүл бус, ерөөсөө тогтолцоо нь тэр чигээрээ буруу байсан тул компани үйл ажиллагаагаа явуулахын тулд төрийнхөнтэй ойртох хэрэг ч байсан биз.  

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд стратегийн ордын 50 хувийг дээр дурдсан сангуудад оруулна гэж заасан. Одоогоор Хуримтлалын санд нэг иргэн ердөө 130 гаруйхан  мянган төгрөгтэй байгаа. Өөрт оногдох мөнгө нь байгаа сан арвижна гэхэд ямар ч хүн дургүйцэхгүй. Тиймээс асар их нөөцтэй Ухаа худагийн орд MCS зэрэг манай бүх том компанийн нэгдэл болох Энержи ресурст яагаад очив оо гэдгийг шалгалаа гэхэд Бат, Дорж, Дулмаа дуртай л байна уу гэхээс эсэргүүцэхгүй нь тодорхой.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн заалтыг 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуульд оруулсан. Эцэг хуульд орсон энэ заалтыг баримтлах, асар их байгалийн баялаг нөөцөө зөв ашиглаж, гурван сая гаруй хүн амаа сайхан амьдруулах нь төрийн үүрэг.

Өнгөрсөн цаг үе рүүгээ эргэхгүй байхыг хичээх нь зөв ч өнөөдрийн гажуудал тэндээс эхтэй учир хэрхэх билээ. Газрын хэвлийн баялгаа хууль бусаар өгсөн байж мэдэх сэжүүр гарч ирж байгаа бол шалгаж мухарлах нь аль ч талдаа зөв.

Засгийн газар ба MSC, бүлэглэлийн зодоон л гэх... Мэдээлэлд ойр хүмүүс л алдаа завхралыг дэлгэхгүй бол энгийн иргэн яаж мэдэх билээ. Илүү олон зүйл ил болж байвал бид ядаж үнэнийг мэдэж байх юм даа.

Нээлттэй мэдээлээд яваарай, Ерөнхий сайд аа. Иргэд шударга ёсыг хүсэж байна. 

                                                                                                     Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.166.66
2025/02/25
0
0
Батзанданг хамгаалах
Хариулах
Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 46 минутын өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 4 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23