Норвегийн Нобелийн хороо энх тайван болон олон улсын эрх зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2026 оны Нобелийн Энх тайвны шагналыг Наванетем “Нави” Пиллайд олгохоор шийдвэрлэсэн.
2026 оны Нобелийн Энх тайвны шагналыг онцгой эр зориг, зарчимч шударга байдлаараа дэлхий дахинд илүү өргөн хүрээтэй, цогц олон улсын эрх зүйн дэг журмыг төлөвшүүлэх үйл хэрэгт манлайлан зүтгэсэн эрхэмд олгож байна. Нави Пиллай нь дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, геноцид буюу хүн амын бүлгийг устгах гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бэхжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Нави Пиллай мэргэжлийн урт удаан замналынхаа туршид нийтлэг хүчинтэй эрх зүйн зарчмуудад үнэнч байх тууштай байр суурь, ёс суртахууны баттай итгэл үнэмшлээ ямагт хадгалсаар ирсэн юм.
Өмнөд Африкийн Дурбан хотод апартеид буюу арьс өнгөөр ялгаварлан тусгаарлах дэглэмийн үед Энэтхэгийн тамил гаралтай гэр бүлд төрсөн Пиллай хуульч болж, эрх зүйн салбарт шинэ зам мөр гаргасан анхдагчдын нэг болсон билээ. Тэрээр нийгэмд гүнзгий үндэслэсэн ялгаварлан гадуурхалт, тусгаарлалт, нийгмийн амьдралаас шахан гадуурхах тогтолцооны эсрэг тэмцэж иржээ.

Түүний мэргэжлийн үйл ажиллагааны эхэн үед Нельсон Мандела болон апартеидын эсрэг тэмцэгч бусад хүмүүсийг өмгөөлж байсан үйл хэрэг нь хожим олон улсын хэмжээнд түүхэн ач холбогдолтой шүүх хэргүүдийг шүүн шийдвэрлэхэд шүүгчээр ажилласан замналтай нь нэгэн нийтлэг үнэт зүйлээр холбогддог.
Энэ жилийн Нобелийн шагналтан олон улсын эрх зүйн хамрах хүрээ, бодит нөлөөг үлэмж өргөжүүлсэн юм.
Тэрээр Өмнөд Африкийн Дээд шүүх, Руандагийн асуудлаарх Олон улсын эрүүгийн шүүх трибунал болон Олон улсын эрүүгийн шүүхэд шүүгчээр ажиллаж байв. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын албыг хашиж, саяхныг хүртэл Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийн асуудлаарх НҮБ-ын Хараат бус олон улсын мөрдөн шалгах комиссыг тэргүүлж байжээ.
Өдгөө Нави Пиллай нь Мьянмар улсыг геноцид үйлдсэн хэмээн буруутгаж буй хэргийн хүрээнд Олон улсын шүүхэд шүүгчээр ажиллаж байна.
Түүхэн ач холбогдолтой олон улсын шүүхийн хэргүүдэд оролцохдоо тэрээр эрх зүйн арга хэрэгсэл нь дайн, хүчирхийллийн үйлдлээс урьдчилан сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулж чаддагийг харуулсан юм.
Нави Пиллай мөн олон улсын эрх зүйн байгууллагуудыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Түүний хараат бус байдал, мэргэжлийн өндөр ур чадвар, зарчимдаа тууштай үнэнч зан чанар нь олон улсад хамгийн их хүндлэгддэг хуульч, эрх зүйчдийн нэг болгосон билээ.
Энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналыг олгохдоо Норвегийн Нобелийн хороо дэлхий нийтэд нэгэн чухал үнэнийг дахин сануулахыг зорьсон. Тэр нь үндэсний болон олон улсын түвшинд хууль дээдлэх ёс нь энх тайвныг сахин хамгаалах, зөрчил мөргөлдөөнийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэхээр хүн төрөлхтний байгуулсан тогтолцооны үндэс суурь болдог гэсэн зарчим юм.
Энх тайван тогтоход шударга ёс зайлшгүй хэрэгтэй. Хууль дээдлэх ёс үйлчилдэггүй дэлхий ертөнц шударга бус, ухаалаг бус, хүнлэг бус байдгийг түүх харуулсан. Тиймээс эмх журам ба эмх замбараагүй байдлыг зааглах тэрхүү нарийн улаан шугамыг хамгаалан зогсдог шүүгчид гүн хүндэтгэлийг хүлээх бүрэн эрхтэй. Гэвч өнөөдөр эдгээр шүүгчдийн эсрэг хориг арга хэмжээ авч, тэдний ажилладаг байгууллагууд халдлагад өртөж буй энэ цаг үед эр зориг, алсын хараа, шийдэмгий тууштай байдалтай хүмүүс улам бүр хэрэгтэй болж байна. Нави Пиллай шүүгчийн үйл ажиллагаагаараа эдгээр чанарыг тод томруун харуулж чадсан юм.
Нави Пиллай улс орнууд болон үндэсний удирдагчдад хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхийн төлөө ажиллаж, хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хохирогчдод итгэл найдвар төрүүлж иржээ. Тэрээр ажиллаж байсан бүх албан тушаалдаа хувь хүн болон улс орнууд хууль дээдлэх ёсыг сахин биелүүлэх үүрэгтэйг тууштай онцолж байв. Түүнчлэн холбогдох эрх зүйн хэм хэмжээ, зарчмуудыг тодорхойлон төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Руандагийн асуудлаарх Олон улсын эрүүгийн шүүх трибунал хүчиндэх болон бэлгийн хүчирхийллийн үйлдлийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг төдийгүй геноцидын гэмт хэрэгт тооцож болохыг тогтоох үед Нави Пиллайн оролцоо, нөлөө онцгой ач холбогдолтой байв. Мөн уг хэрэгт тэрээр олон улсын эрүүгийн эрх зүйн салбарт өөр нэгэн түүхэн ахиц гарахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Тодруулбал, зөвхөн суртал ухуулга түгээх замаар геноцид үйлдэхэд өдөөн турхирсан үндэслэлээр шүүгдэгчид анх удаа ял тулгасан явдал байлаа.
Нави Пиллай бол өнөө цагийн олон улсын эрх зүйн зарчмуудыг хамгаалагч хамгийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн нэг юм. Түүний мэргэжлийн гайхамшигтай замнал нь дэлхий дахинд хууль дээдлэх ёсыг дэмжих, бэхжүүлэх, хамрах хүрээг нь өргөжүүлэх шаардлагатайг сануулж байна. Нави Пиллайн шударга ёс, хүний нэр төр, эрхэм чанарыг хамгаалахын төлөөх тууштай зүтгэл нь илүү энх тайван дэлхий ертөнцийг цогцлоохыг эрмэлзэж буй хүн бүрд итгэл найдвар, урам зоригийн эх сурвалж болж байгаа юм.
Дональд Трамп 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олон улсын улс төрийн тавцанд гаргасан амжилтуудаараа бахархаж буйгаа илэрхийлээд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан хуульч Нави Пиллайд баасан гарагт олгосон Нобелийн энх тайвны шагналыг өөрт нь ч, АНУ-д ч өгөөгүй явдлыг “итгэмээргүй” хэмээн тодорхойлжээ.
Трамп өөрийн Truth Social нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ "“Би найман дайныг зогсоосон. Одоо өөр хоёр дайныг дуусгах, эсвэл шийдвэрлэхэд тун ойрхон байна. Израилийн бүх барьцааны хүнийг, тэр дундаа амьд болон амь үрэгдсэн сүүлийн 28 хүнийг буцаан авчирсан. Мөн дэлхийн олон орны хэдэн зуун барьцаалагдсан хүнийг суллуулж, гэр оронд нь буцаахад хүргэсэн” хэмээн бичжээ.
Тэрээр мөн “Би Венесуэлд болсон дайнд ялалт байгуулж, тус улсыг туйлын харгис хэрцгийгээр захирч байсан дарангуйлагчийг баривчилсан. Мөн терроризмыг ивээн тэтгэгч гол улс болох Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлсэн. Үүнээс ч олон зүйлийг хийсэн. Гэтэл энэ бүхний дараа надад ч, Америкийн Нэгдсэн Улсад ч Нобелийн энх тайвны шагнал олгосонгүй. Итгэмээргүй хэрэг.” гэж мэдэгджээ.
2026 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Нави Пиллай Нобелийн энх тайвны шагнал хүртсэнийг зарласнаас хэдхэн цагийн дараа Трамп Нью-Йорк мужийн Сиракьюс хотод болсон олон нийтийн цуглаан дээр үг хэлэхдээ уг шагналыг “урьд өмнө нь огт сонсож байгаагүй хүнд олгосон" гэсэн юм.
2026 оны аравдугаар сарын 9-нд Дональд Трампын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг санхүүгийн болон технологийн өргөн хүрээтэй хориг тогтоосон байна.
Энэ удаагийн шийдвэрийн хамгийн чухал онцлог нь шүүхийн шүүгч, прокурор зэрэг хувь хүмүүсээр хязгаарлагдахгүй, Олон улсын эрүүгийн шүүх байгууллагыг өөрийг нь АНУ-ын хоригийн жагсаалтад оруулсан явдал юм. АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба (OFAC) үүнийг албан ёсоор баталгаажуулжээ.
Эдгээр арга хэмжээний зорилго нь шүүхийн санхүүгийн эх үүсвэр, үйл ажиллагааны чадавхыг хязгаарлахад чиглэж байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдсэн.
Олон улсын эрүүгийн шүүх Афганистан зэрэг улс оронд АНУ-ын цэргийн алба хаагчдын гүйцэтгэсэн үүрэг, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж эхэлсэн байдаг. Түүнчлэн тус шүүх Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарыг Газын зурваст дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчлах захирамж гаргасан юм.
АНУ нь Олон улсын эрүүгийн шүүхийг байгуулсан Ромын дүрмийг соёрхон батлаагүй тул тус шүүх Америкийн иргэдийг шүүн таслах эрх мэдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Трампын засаг захиргаа мөн Израил улс Ромын дүрэмд нэгдэн ороогүй учраас Израил болон тус улсын иргэдэд Олон улсын эрүүгийн шүүхийн харьяалал үйлчлэх ёсгүй гэсэн байр суурь баримталж байна.
2026 оны аравдугаар сарын 9-нд хоригийн жагсаалтад оруулсан боловч өмнө нь Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран ажиллаж байсан АНУ-ын компаниудад зургаан сарын шилжилтийн хугацаа олгожээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна