КОП17: ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ГАНГИЙН ТЭСВЭРЖИЛТ БОЛОН ХЭРЭГЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦУУДЫГ АХИУЛЛАА

Admin
2 цагийн өмнө

  • 23 улсыг хамарсан, газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтэд зориулсан 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдсэн бөгөөд үүний төвд бэлчээрийн асуудал оршиж, 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын багц багтаж байна.
  • Газрын доройтлыг саармагжуулах (LDN) зорилтыг хэрэгжүүлэхэд ахиц гарч, Бразил болон Төв Ази тус тусын 2030 оны LDN зорилтынхоо талд хүрээд байна.
  • COP16-ын үеэр Саудын Арабын санаачлан эхлүүлсэн Риядын дэлхийн гангийн тэсвэржилтийн түншлэл Улаанбаатар хотод хэрэгжилтэд ойртож, эмзэг нөхцөлд буй 70 орчим улсыг дэмжих зорилготой нэгдсэн сан байгуулах саналын хүрээнд ажлаа урагшлууллаа.
  • UNCCD болон Люксембург улс Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ нь гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд зориулан төрийн болон хувийн хэвшлийн 400 сая ам.доллар хүртэлх хөрөнгийг дайчлах зорилготой юм.

Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн турш хэлэлцээ хийсний эцэст Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр (2026.08.28) өндөрлөлөө.

Хэлэлцээний болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжилтийн гол бүрэлдэхүүн хэсгүүд болох улс төрийн чиглэл, шинжлэх ухаан, санхүүжилт, хөрөнгө оруулалтад бэлэн төслүүд, түншлэл, мөн дэлхийн газрын нөөцийг удирдан ашиглаж буй хүмүүсийн оролцоог бэхжүүлэх асуудлыг нэгтгэв.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын 197 Талын хоёр жил тутмын уулзалтаар дэлхийн хуурай газрын гадаргын 54 хувийг эзэлдэг, ойролцоогоор хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг бөгөөд 500 сая орчим малчдын хариуцан ашиглаж буй дэлхийн бэлчээр нутгийг газрын асуудлаарх дэлхийн хэлэлцэх асуудлын төвд авч үзлээ.

“Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо эхлүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэгтгэж байгаа бөгөөд энэ нь Конвенцын түүхэн дэх бэлчээрийн салбарт чиглэсэн хамгийн томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Хэлэлцээний зэрэгцээ COP17 нь газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтийн чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн цуврал санаачилга, санхүүгийн амлалтуудыг танилцууллаа.

Засгийн газрууд, хөгжлийн банкууд, сангууд болон компаниуд таван тивийн 23 улсыг хамарсан, хөгжлийн өөр өөр үе шатанд байгаа 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг зарлалаа. Үүнд шинэ санхүүжилтээр тодорхойлогдсон 644.5 сая ам.доллар багтаж байгаа бөгөөд үүнээс 216.4 сая ам.долларын санхүүжилт аль хэдийн баталгаажиж, хэрэгжилтийн шат руу шилжиж байна.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад:

“Бид Улаанбаатарт COP17 нь заавал хэрэгжилтийн COP байх ёстой гэсэн зорилготой ирсэн. Харин бид эндээс үүнийг *хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог илүү боловсронгуй болгосон байдлаар буцаж байна. Үүнд - улс төрийн шийдвэрүүд, шинжлэх ухааны илүү хүчирхэг үндэслэл, шинэлэг санхүүжилтийн механизм, хөрөнгө оруулалтын төслийн багц болон шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх түншлэлүүд багтаж байна.

Гэхдээ Улаанбаатарыг зөвхөн энэ хурлын хүрээнд зарласан зүйлээр нь дүгнэхгүй. Түүний үлдээх өв нь цаашид юу болохоор хэмжигдэнэ: улс орнууд гангийн эрсдэлд илүү сайн бэлтгэгдсэн эсэх, доройтсон газар болон бэлчээр нутгийг нөхөн сэргээж чадсан эсэх, санхүүжилт хэрэгжих боломжтой төслүүдэд хүрч чадсан эсэх, мөн газрыг хариуцан ашиглаж буй хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гарсан эсэхээр хэмжигдэнэ.”

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ерөнхийлөгч  Батмөнхийн Батцэцэг :

"НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулагч орон бөгөөд Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улс хэлэлцүүлгийг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, зөвшилцөлд тулгуурласан уур амьсгалд явуулах, бодит үр дүнд хүрэхийн тулд Талуудын байр суурийг харилцан ойртуулахыг зорин ажиллалаа.

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид болон бэлчээр нутгийн олон улсын жилийн хүрээнд Монгол Улс бэлчээр нутаг нь хүнс, байгаль орчин, эдийн засаг, биологийн олон янз байдал болон малчдын амьжиргааг холбосон стратегийн чухал экосистем болохыг дэлхий нийтэд харууллаа.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улс “амлалтаас хэрэгжилт рүү, хэлэлцүүлгээс бодит ажил руу” гэсэн зарчмыг баримталсан юм.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга  Ц.Сандаг-Очир: 

"Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (UNCCD COP17) амжилттай зохион байгуулж, дэлхийн улс орнуудыг цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх бодит шийдлүүдийг ахиулахад нэгтгэлээ. COP17-ын Монгол Улсын хувьд хамгийн чухал үр дүнгийн нэг нь Талууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгмээс COP17-ын бодлогын гол өв болох “Тал нутгийн төлөвлөгөө”-г дэмжих дэмжлэгийг авч чадсан явдал байлаа.

“Тал нутгийн төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол Улсын Засгийн газар олон улсын гурван санаачилгыг албан ёсоор эхлүүлсэн. Үүнд Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус–Газрын уялдаа холбооны санаачилга, Тогтвортой дэд бүтцийн төлөө байгальд түшиглэсэн шийдлийн санаачилга багтана. Эдгээр санаачилга нь тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд төсөл боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах шинэ боломжуудыг бий болголоо.

Хэдийгээр COP17 өнөөдөр өндөрлөж байгаа ч бидний ажил үүгээр дуусахгүй. Бидний дараагийн тэргүүлэх зорилт бол хурлаар баталсан шийдвэрүүд, байгуулсан түншлэлүүд болон баталгаажсан хөрөнгө оруулалтын амлалтуудыг бодит үйл ажиллагаанд шилжүүлж, Монголын тал нутгаас эхлүүлсэн санаачилгууд бодитой, хэмжигдэхүйц үр дүн авчрахыг хангах явдал юм."

Амлалтаас хэрэгжилт рүү

Энэхүү бага хурал дэлхийн нөхцөл байдал ноцтой байгаа энэ үед болж өнгөрлөө. Дэлхийн нийт хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд орсон бөгөөд улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум гаруй га газрыг нөхөн сэргээх үүрэг амлалт авсан. Өнөөдөр 70 гаруй улс үндэсний хэмжээний гангийн төлөвлөгөөтэй болсон нь 2013 онд ердөө гуравхан улс байсантай харьцуулахад ихээхэн өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч санхүүжилт болон хэрэгжилт нь энэхүү сорилтын цар хүрээ, хурдаас хоцорсоор байна. Энэ нөхцөл байдлын хүрээнд Талууд санхүүгийн нөөцийг илүү ихээр дайчлах, чадавхыг бэхжүүлэх, техникийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалж, ялангуяа Африкийн орнуудад, мөн бусад өртсөн хөгжиж буй орнуудыг орхигдуулахгүйгээр гангийн эрсдэлийг урьдчилан сэргийлэх замаар үр дүнтэй удирдах чадавхыг бэхжүүлэхийг онцоллоо.

Улаанбаатар хотноо танилцуулсан шинэ судалгаа, нотолгооны томоохон багц нь арга хэмжээ авахгүй байхын өртөг болон эрүүл газарт хөрөнгө оруулалт хийхийн үр өгөөжийг тодорхой харууллаа. Шинэ тайлангуудад дэлхийн бэлчээрийг нөхөн сэргээхийн эдийн засгийн үр өгөөж, гангийн улмаас өсөн нэмэгдэж буй хүн амын болон эдийн засгийн хохирол, Жижиг арлын хөгжиж буй улсууд болон Төв Азийн орнуудад тулгарч буй онцгой сорилтууд, мөн хөрсний эрүүл мэндэд хөрөнгө оруулахын ач холбогдлыг судалжээ.

Судалгааны үр дүнд Жижиг арлын хөгжиж буй орнуудад (SIDS) 18.8 сая га газар доройтсон бол Төв Азид 80 гаруй сая га газар буюу бүс нутгийн нийт газар нутгийн дөрөвний нэгээс илүү хувь нь аль хэдийн доройтолд орсон бөгөөд энэ нь 24 сая хүнд нөлөөлж байгааг тогтоожээ. Үүний зэрэгцээ Төв Азийн бүх таван улс Газрын доройтлыг тэглэх (LDN) зорилтыг сайн дурын үндсэн дээр баталсан бөгөөд эдгээр зорилтын тал хувь нь аль хэдийн биелсэн байна.

Эдгээр тайлангууд нь газрын доройтол болон ган нь өөр өөр бүс нутгуудад хүнс, усны аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг харуулахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх, газрыг тогтвортой ашиглах менежмент болон нөхөн сэргээлтэд хөрөнгө оруулах нь эдийн засгийн хувьд чухал болохыг харууллаа.

Энэхүү шинэ нотолгоотой зэрэгцэн Бразил улс 2030 он хүртэлх Газрын доройтлыг тэглэх (LDN) сайн дурын зорилтоо танилцуулж, үндэсний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрүүдтэй уялдсан 17 дэд зорилтыг тусгасан томоохон үндэсний амлалтаа зарлалаа.

Энэхүү зорилт нь уугуул ургамлын нөхөн сэргээлт болон агро-ойн аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх зэрэг арга замаар 163,000 км²-аас илүү талбайг нөхөн сэргээх буюу сэргээн засварлах зорилтыг багтааж байна. Үүний зэрэгцээ 3.51 сая км² талбайг хамгаалал болон газрын тогтвортой менежментээр дамжуулан доройтлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулна. Нийтдээ эдгээр 17 дэд зорилт нь ойролцоогоор 3.67 сая км² талбайг хамарч байна.

Энэхүү амлалт нь газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах болон буцаан сэргээх замаар Тогтвортой хөгжлийн зорилт 15.3-ыг хэрэгжүүлэх Бразил улсын хүчин чармайлтыг дэмжиж, үүний зэрэгцээ хүнс, усны аюулгүй байдал, биологийн олон янз байдал болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Гангийн тэсвэржилтийг бэхжүүлэх дэлхийн шинэ тогтолцоо

Удаан үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд Талууд COP16 болон COP17-ын үеэр гарсан ахиц дэвшилд тулгуурлан COP18-аар хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, гангийн эрсдэлийг бүх түвшинд урьдчилан сэргийлэх замаар үр дүнтэй удирдах тухай шийдвэр батлах зорилт тавилаа. Мөн гангийн асуудлыг COP18 болон түүнээс хойших ээлжит хуралдаан бүрийн тусдаа хэлэлцэх асуудал хэвээр үлдээхээр шийдвэрлэв. COP16-аар байгуулагдсан “Риядын Гангийн Тэсвэржилтийн Дэлхийн Түншлэл” Улаанбаатар хотноо хэрэгжилтийн шат руу ахилаа. Түншүүдийн анхдугаар Ассамблейн үеэр 70 орчим бага болон дунд орлоготой улс оронд чадавх бэхжүүлэх, хөрөнгө оруулалтад бэлэн хөтөлбөрүүд болон гангийн тэсвэржилтийг хангах санхүүжилтээр дэмжлэг үзүүлэх зорилготой хамтарсан сан байгуулах ажлыг урагшлууллаа.

COP17-ын үеэр мөн Гангийн Тэсвэржилтийн Хөрөнгө Оруулалтын Механизм (DRIF)-ыг эхлүүлсэн нь гангийн тэсвэржилтэд зориулсан дэлхийн анхны катализатор санхүүжилтийн платформ юм. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) болон Люксембург улс Олон улсын Гангийн Тэсвэржилтийн Холбооны дэмжлэгтэйгээр хамтран боловсруулсан уг механизм нь усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, байгальд суурилсан шийдэл болон газрын нөхөн сэргээлтэд чиглэсэн хөрөнгө оруулалтад зориулан 400 сая ам.доллар хүртэлх төрийн болон хувийн хөрөнгийг дайчлах зорилготой. Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-тай байгуулсан анхны стратегийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн болон буяны санхүүжилтийг татах боломжуудыг судална.

Олон улсын Гангийн Тэсвэржилтийн Ажиглалтын Систем-ийн II үе шат мөн дэлхийн анхны Гангийн Тэсвэржилтийн Индекс-ийг нэвтрүүлсэн. Энэ нь улс орнуудад гангийн эрсдэлийг урьдчилан таамаглах, бэлтгэх, түүнд дасан зохицох чадавхаа үнэлэх, мөн бодлого болон хөрөнгө оруулалтаа илүү оновчтой чиглүүлэх шинэ хэрэгслээр хангаж байна.

Газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийг хэлэлцэх асуудлын тэргүүлэх чиглэлд гаргав

COP17 нь газрын талаарх дэлхийн хэмжээний амлалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт болон одоо бэлэн байгаа санхүүжилтийн хоорондын зөрүүг багасгахад мөн анхаарлаа хандууллаа.

Дэлхийн хэмжээнд газрын нөхөн сэргээлтийн талаарх амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд 2030 он хүртэл жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа бол одоогоор жилд 77 тэрбум ам.доллар орчим хөрөнгө оруулж байна. Ингэснээр жил бүр 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүү үүсэж байна. Газрын нөхөн сэргээлтэд хийгдэж буй дэлхийн нийт хөрөнгө оруулалтын ердөө зургаан орчим хувийг хувийн хэвшлийн санхүүжилт эзэлж байна.

Засгийн газрууд, хөгжлийн банкууд, сангууд болон компаниуд таван тивийн 23 улсад газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтийг дэмжих, хөгжлийн өөр өөр үе шатанд байгаа нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг зарлалаа. Үүнээс 644.5 сая ам.долларыг шинэ санхүүжилт гэж тодорхойлсон бөгөөд үүний 216.4 сая ам.доллар нь аль хэдийн баталгаажиж, хэрэгжүүлэлт рүү шилжиж байна. Энэхүү санхүүжилтийн багц нь бэлчээр болон ландшафтын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт, орон нутагт түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг хамарч байна.

Улаанбаатар хотноо болсон хэлэлцүүлгүүдээр газрын салбарын хөрөнгө оруулалт бага хэвээр байхад нөлөөлж буй саад бэрхшээлүүдийг арилгах асуудалд мөн анхаарлаа хандууллаа. Үүнд одоо байгаа байгаль орчны санхүүжилтийн ангиллуудын хүрээнд газар, хөрсний эрүүл мэнд болон гангийн тэсвэржилтийг хэрхэн илүү тодорхой тусгаж, хэмжиж, хянах боломжтой болгох асуудал багтсан. Оролцогчид мөн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хөрөнгө оруулалтад бэлэн төсөл болгон хувиргахын тулд баталгаа, анхны алдагдлыг хариуцах хөрөнгө, даатгал болон төсөл боловсруулахад зориулсан санхүүжилтийн механизмыг илүү өргөн ашиглах боломжийг судаллаа.

Зохион байгуулагч улс Монгол Улс тогтвортой санхүүжилтийн зарчим, үндэсний ногоон таксономи болон 2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг 10 хувьд хүргэх зорилтын хамт үндэсний хэмжээний анхны Business 4 Land (B4L) Hub-ийг байгууллаа. Үүний дараа ОХУ өөрийн үндэсний хабыг байгуулсан бол Люксембург B4L Foundation-ийг байгуулахаар ажиллаж, Герман улс B4L Finance Expert Group-ийг дэмжихээр боллоо.

Бэлчээр: анхаарал татдаггүй экосистемээс эдийн засгийн хөрөнгө рүү

НҮБ-ын Бэлчээр болон малчдын олон улсын жилийн хүрээнд Монгол Улс зохион байгуулагч орноор ажилласан COP17 нь бэлчээрийн газар нутаг болон түүнийг хамгаалж, зохистой ашиглаж буй хүмүүст онцгой анхаарал хандууллаа. Талууд малчдыг бэлчээрийн экосистемийн зайлшгүй чухал хамгаалагчид хэмээн хүлээн зөвшөөрч, хил дамнасан нүүдлийн ач холбогдол болон малчдын уламжлалт мэдлэг, туршлагын үнэ цэнийг онцоллоо. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой хэдий ч бэлчээр нь бодлого болон хөрөнгө оруулалтын хувьд ихэвчлэн орхигдсон хэвээр байна. Дэлхийн биологийн олон янз байдлын гол бүсүүдийн ойролцоогоор гуравны нэг нь бэлчээрт оршдог боловч үндэсний уур амьсгалын төлөвлөгөөндөө бэлчээрийг тусгасан улс ердөө 24 байгаа нь ойг тусгасан 181 улстай харьцуулахад маш бага үзүүлэлт юм.

Улаанбаатар хотноо танилцуулсан эдийн засгийн шинэ судалгаагаар бэлчээр нь хүнсний үйлдвэрлэл, ус, нүүрстөрөгчийн хуримтлал, биологийн олон янз байдал зэрэг үр өгөөжөөр дамжуулан жил бүр 21–47 их наяд ам.долларын экосистемийн үйлчилгээ бий болгодог бөгөөд энэ нь дэлхийн ДНБ-ий бараг тал хувьтай тэнцэх хэмжээ юм. Бэлчээрийг нөхөн сэргээхэд оруулсан нэг долларын хөрөнгө оруулалт тутамд ихэвчлэн 4–6 ам.долларын өгөөж хүртдэг бөгөөд усан хангамж зэрэг олон нийтэд үзүүлэх өргөн хүрээний үр өгөөжийг тооцвол энэ нь 36 ам.доллар хүртэл өсөх боломжтой.

COP17-ын үеэр зарласан “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь энэхүү эдийн засгийн үндэслэлийг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахыг зорьж, бэлчээрийг тогтвортой ашиглах менежмент, нөхөн сэргээлт болон малчдын амьжиргааг дэмжих төслүүдийг нэгтгэж байна.

Дэлхийн Байгаль Орчны Сан нь UNCCD COP17-ын Өв сангийн төсөлд 3.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, энэхүү санаачилгын уялдаа холбоог дэмжиж байна. Мөн тус сан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бэлчээр болон малчдын бүлгүүдэд үр өгөөжтэй 50 гаруй төсөлд нийт 300 сая ам.доллараас дээш санхүүжилт батлаад байна.

Уугуул иргэд болон орон нутгийн иргэд COP17-ын үеэр шинэ зөвлөлдөх бүлгүүдийг байгууллаа

Энэхүү бага хурлаар UNCCD-ийн Уугуул иргэдийн зөвлөлдөх бүлэг болон Орон нутгийн иргэдийн зөвлөлдөх бүлгийн анхны албан ёсны уулзалтууд боллоо. Эдгээр хоёр бүлгийг байгуулах, мөн Конвенцийн хүрээнд тэдний үзэл бодол, тэргүүлэх чиглэлээ илэрхийлэх тусгай орон зай бүрдүүлэх шийдвэрийг Талууд COP16-ын үеэр Эр-Рияд хотноо гаргасан юм.

Мөн тус бага хурал нь UNCCD-ийн Талуудын бага хурлын түүхэн дэх уугуул иргэдийн хамгийн өргөн төлөөллийг нэг дор цуглууллаа. “Газар ба хүн” өдрийн хүрээнд зохион байгуулсан өндөр түвшний тусгай арга хэмжээгээр уугуул иргэдийг эрх эзэмшигч, мэдлэг эзэмшигч болон хэрэгжилтийн түншүүд хэмээн онцолж, уугуул иргэдийн мэдлэгийн тогтолцоо, уламжлалт засаглал, тогтвортой мал аж ахуй, газрын хамгаалалт, мөн уугуул иргэдийн санаачилсан үйл ажиллагаанд шууд санхүүжилт авах боломж зэрэг асуудлыг хэлэлцлээ.

COP17-ын турш уугуул иргэд, малчид болон орон нутгийн иргэд газрын болон нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрхийг бэхжүүлэх, санхүүжилтэд шууд хүрэх боломжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтад бодитой оролцох, газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтийг хангах үйл ажиллагаанд уугуул болон уламжлалт мэдлэгийг хүлээн зөвшөөрөхийг уриаллаа.

Хэлэлцүүлгүүдээр мөн эмэгтэйчүүд болон залуучуудын манлайлал-ыг онцолж, залуучуудад газрын нөхөн сэргээлтийн манлайлагчид болох боломжид хөрөнгө оруулах, газар болон гангийн асуудлаарх үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа.

Монголоос Египет рүү

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын дараагийн хуралдаан болох COP18 нь 2028 онд Египет Улсад зохион байгуулагдах төлөвтэй бөгөөд Улаанбаатар хотод бий болсон эрчийг цааш үргэлжлүүлэх юм.

Цаашид Египет Улс газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, хүнс, усны аюулгүй байдал болон тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх нэгдсэн арга барилыг дэмжихийн чухлыг онцолж байна.

COP18 нь улс орнуудын газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтийн чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг үнэлж, Улаанбаатар хотод хүрсэн үр дүнг цааш хөгжүүлэх дараагийн томоохон үе шат болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КОП17: ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ГАНГИЙН ТЭСВЭРЖИЛТ БОЛОН ХЭРЭГЖИЛТИЙН ШИ… 2 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: COP17 ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН 8 ДУГААР САРД 141 МЯНГА … 10 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ АНХНЫ ГАДААД АЙЛЧЛАЛАА ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ … 11 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 12 цагийн өмнө
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА Өчигдөр
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ДЭЛХИЙ СУДЛАЛЫН 19 ДҮГЭЭР ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ… Өчигдөр
МОНГОЛ УЛСЫН ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 566.6 САЯ АМ… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРД ХӨРСӨН ДЭЭР ЦОЧИР ХҮЙТРЭХ ҮЗЭГДЭЛ ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС Э… Өчигдөр
ЗОРИУЛАЛТЫН САВАНД ШАТАХУУН ОЛГОХ, АЙМГУУДЫН ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, Н… Өчигдөр
КОП17: 120 САЯ ФЕРМЕРИЙГ ДЭМЖИЖ, 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААС ДЭЭШ ХӨРӨНГӨ О… Өчигдөр
Ц.РАДНАА ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 2 ДАХЬ АЛТАН МЕДАЛИА ХҮ… Өчигдөр
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ГҮНТ УЛС, БЕЛЬГИЙН ХААНТ УЛС… Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХҮРЭЭНД … Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН Өчигдөр
С.АМАРСАЙХАН: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХЫН ТУЛД ТОГТВОРТОЙ БОДЛОГОТОЙ, ТОД… 2026/08/26
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛ… 2026/08/26
ДОРНОД, СҮХБААТАР АЙМГИЙН ГУРВАН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЛОО 2026/08/26
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ МОНГОЛ УЛСАД НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУЛАХ САНААЧИЛГЫ… 2026/08/26
КОП17: ГАЗАР БА ХҮН ТӨВТ ӨДӨР 2026/08/26
Их Уншсан
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
ЯВУУЛЫН ОФФИС БАРС ЗАХАД 22-НД, ЗУСЛАНГИЙН УУЛЗВАРТ 23-нд АЖИЛЛАНА 2026/08/21
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА Өчигдөр
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20
СУРГУУЛИУД ФЭЙСБҮҮК, БУСАД ЦАХИМ ПЛАТФОРМЫГ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД … 2026/08/14
ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛОН ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ 2026/08/20
УЛААНБААТАРТ БОРОО ОРНО, 19-21 ХЭМ ДУЛААН 2026/08/14
ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН ХИЙЖ, 3111 ИРГЭНД 107.1 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН… 2026/08/20